Хүйтрэхээр хүн авдаггүй такситай . хүлээгээд ч ирдэггүй автобустай нийслэл манайх
Идэр есийн хүйтэн эхлээд Улаанбаатарт такси байтугай автобус нь ч олдохгүй гамшиг нүүрлэлээ. Дэлхийн хүйтэн нийслэлүүдийн тоонд ордог Улаанбаатарт өвөл хэдэн цаг хүлээгээд такси олдохгүй, арга ядаад автобусанд сууя гэхээр автобус нь олдохгүй. Ямар нийслэл гэхээрээ ийм байдаг байнаа.
Хүүхдээ гэрийн хажууд цэцэрлэгт өгье гэхээр цэцэрлэг байхгүй. Хаа хол газар өгнө. Хөхөө өвлийн хүйтэнд яаж ч хичээгээд такси олдохгүй. Ганц зогссон машин нь монгол хэлтэй солонгос хүн байж таарч билээ. Хүүхэдтэй намайг өрөвдөөд зам нийлэх бол авъяа гээд зогсчээ. Даан ч зам нийлсэнгүй.
Аз болж автобусанд суувал явдаг хөргөгч гэсэн үг. Гадаа хүйтэн, автобус нь хүйтэн. Хувцас хунар муутай хүмүүс бол осгохын наагуур юм болно.
Гэр хороололд амьдардаг хүмүүсийг бол өдөржин эзгүй байсан хөлдүүс гэр угтана. Тэгээд үнс нурамтай ноцолдож галаа асаана. Орчин цагийн шинэ зууны Улаанбаатар ийм гунигтай төрхтэй байж болох уу. Арай ч дээ.
Амьдрал ийм байхад монголчууд гадны улс руу гарч амьдаряа гэхийг буруутгахын аргагүй болчихлоо.
Дулаан гаражаас албаны машинд суугаад зуны шахам лакан гуталтай, нимгэн пальтоны хормой дэрвүүлэн
гарах дарга ийм зовлонг даанч мэдэхгүй л дээ.
Автобус хүлээн буудал дээр осгож үхтлээ зогсох эсвэл автобусанд суух гэж хүч чадлаа үзэх байдал аль 1990-2000 оны үед улирч хоцорсон гэж бодож байсан үгүй юмаа.
Нийслэл хотын нийтийн тээвэр ийм л баргар дүр зурагтай идэр есийг эхлүүллээ.
Б.Туяа
Bataar.mn
URL: