“Boeing” компани гүйцэтгэх захирлаа ажлаас нь чөлөөлжээ
Өнгөрсөн даваа гаригт “Boeing” компани гүйцэтгэх захирал Деннис Миленбургийг ажлаас нь халжээ. Деннис Миленбургийн санаачлалаар бүтээсэн “737 Max” онгоц нь хоёр удаа осолдож 346 хүний аминд хүрсэн гэдэг үндэслэлээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Дээрх 2 ослын улмаас тус компанийн нэр хүн унасан төдийгүй нислэгийн компаниуд захиалгаа цуцалж эхэлсэн байна. Үүний үр дүнд “Boeing” олон тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Деннис Миленбург хэдийгээр нөхцөл байдлыг өөрчлөх гэсэн оролдлого гаргасан боловч тэдгээр нь төдийлөн үр дүнд хүрээгүй юм.
Миленбург хямралын үеэр хууль тогтоогчид, агаарын тээврийн компаниуд, хохирогчийн ар гэрийнхэнтэй буруу харьцсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа. Тэрбээр “737 Max”-д хэт итгэлтэй байсан учраас гарсан үр дагаварт хэт уцаартай хандсан болохыг ажиглагчид онцолсон юм.
Ерөнхийлөгч Трамп саяхан Миленбургт хандан “Boeing” нь Америкийн эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг онцолж удирдлагын хувьд өөрийн байгууллагынхаа дотоод зохион байгуулалтыг шинэчлэх шаардлагатай болохыг анхааруулсан билээ. Өнгөрсөн долоо хоногт тус компани “737 Max”-ын үйлдвэрлэлийг түр зогсооно гэж мэдэгдсэн юм. Үүний хүрээнд “Boeing” нийт 500 сая ам.долларын буцаалт хийж 3000 гаруй ажилтандаа цалингүй амралт олгохоор болсон аж.
URL: