Номингийн “но”-той үйлдлүүд хэрэглэгчдийг бухимдуулсаар

“Номин холдинг” группыг иргэд Улсын их дэлгүүрээр нь сайн мэднэ. Одоо Монголдоо хамгийн том, хүчирхэг

хүнсний сүлжээ болон өргөн хэрэглээний барааны сүлжээ дэлгүүрүүд, барилга байгууламж, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө, даатгал гээд тоочоод байвал асар их баялгийг бий болгож чадсан.

Түүнээс гадна олон хүнийг ажлын байртай болгосон гээд “Номин”-той өрсөлдөх хүн гарахгүй л байна. Тэдний ажилсаг, мэдрэмжтэй гээд л бизнесийн салбарт одтой явааг нь магтах аль хэдийнэ улиг болжээ.

Анх дүрс бичлэгийн камернаас бизнесийн салбартаа гялалзсан амжилт дагуулсан акул болтлоо томорсон “Номин”-гийн үйлчилгээ, сугалаат худалдаа зэргийн талаар зарим нэг таагүй зүйл сонсдох боллоо. Өдөрт тэр олон салбарын эргэлтийн орлого хэдэн зуун саяар тоологддогийг бодоход л толгой эргэмээр мөнгө байх нь ойлгомжтой.

Тэгвэл юм олохынхоо хэрээр хүнлэг, нийгэм рүүгээ чиглэсэн сайн зүйл хийвэл Монголын толгой баячуудын хойч үр хүүхдүүдэд ч ээлтэй л байх. Мал мянга хүрэхээрээ төхөөрөх амьтан олддоггүй гэдгийн үлгэрээр хорголоо тоолсон сонин, сонин зан Номингийнхноос цухуйдаг болжээ. Учир юу гэвэл дэлгүүрийн борлуулалт, худалдаан дээр олон залуусыг шалгаруулан ажиллуулдаг ч тэднийг элдвээр хардаж сэрдэн, сэтгэл санаагаар нь дарамтлан юм л бол “Гар, зайл, оронд чинь ажиллах хүмүүс дугаарлаад хүлээж байна. Битгий дургүй хүргээд байгаарай” гэх мэтээр зүй бусаар авирладаг жижиг албан тушаалтан “Номин”-гоор нэг дүүрсэн гэнэ.

Бүр сүүлдээ хардалт сэрдэлт нь даамжраад худалдагч охидууддаа тун сонин тушаал буулгасан байна. Тэднийг бүгдийг цуглуулж байгаад өмссөн хувцасныхаа бүх халаасыг битүүлж оё гэсэн шаардлагыг тавьдаг болоод удаж байгаа аж. Түүнээс гадна үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцсан олон тохиолдол бий.

Бүр зарим нэг ухамсар дорой ажилчид нь Номингоор үйлчлүүлсэн эмэгтэйд гар хүрээд авсан тухай ч яригддаг. Тус компанийн үйлчилгээний ажилтнуудынх нь “арчаагүй”, бүдүүлэг харилцаа болон маркетингийн албаных нь худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлдэг “залилан”-гийн шинжтэй сурталчилгаа нь хэрэглэгчдийн уур бухимдлыг багагүй хүргэж буй гэнэ.

Тухайлбал, “Номин” дэлгүүр барааныхаа үнийг 5999, 9999 гэх мэтчилэнгээр үнэлсэн байдаг ч хэзээ ч хариулт нэг төгрөгийг нь егдөггүй. Ганцаас газар дүүрнэ гэж үг бий. Худалдан авагчид 1-10 төгрөгийн хариултыг тэр бүр нэхээд байхгүй, үүнийг далимдуулж газар дүүргэдэг нь “Номин”-гийнхны ганц гаршсан луйвар гэдгийг олон үйлчлүүлэгчид нь хэлдэг.

Гуйлгалгүйгээр хариултыг нь өгч байх ёстой баймаар. “Номин”-гийн дэлгүүрүүд дэх худалдагч нар худалдан авагчдад барааг нь тайлбарлаж өгөх нь бүү хэл хариуцсан тасагтаа эзгүй байх нь ердийн үзэгдэл.

“Номин” сүлжээ дэлгүүр ихээхэн өргөжиж, олон салбартай болж байна. “Номин” сүлжээ дэлгүүрүүд бол Улаанбаатартаа хамгийн үнэтэй, бас үйлчилгээний соёлоороо хамгийн “нойл” нь. Хахаж цацсан сурталчилгаа явуулж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлзүйгээр тоглож сурсан гэдгийг хүмүүс бухимдан ярьдаг. Улаанбаатарын дүүрэг бүрт салбараа нээсэн “Номин”-гоор үйлчлүүлсэн захын хэн ч бол тэдний үйлчилгээний удаан, зохион байгуулалт муу, барааны код, үнэ нь алиных гэдэг нь мэдэгддэггүй, олон кассын машин зоосон байдаг ч ажилладаг нь ганц хоёроос хэтэрдэггүйн улмаас байнгын дараалал үүсч хүмүүсийг бухимдуулдаг.

Заалны зохион байгуулагч нь ажлынхаа байранд байдаггүй, зарим бараан дээрээ код наагаагүйгээс кассан дээр очоод бичүүлэхэд бөөн асуудал үүсдэг. Барааны талаар тайлбарлан өгчих ажилтан олддоггүйн дээр үйлчилгээний ажилчдын харьцаа, биеэ авч яваа байдал болон хувцаслалт, ариун цэврийн соёл маш доогуур гээд тэдний үйлчилгээний бүдүүлэг, сул талыг тоочвол барагдахгүй. Их дэлгүүрийн гэх “Номин” арай дөнгүүр нь боловч тэдний электрон барааны тасагтай холбоотой гомдол байнга гардаг юм билээ.

Тухайлбал, лангуун дээрээ хямдрал зарлаад нэг үнэ тавина. Худалдаж авах гээд мөнгөө тушаахаар кассанд очихоор илүү мөнгө нэхнэ. Учир нь, дагалдах хэрэгслүүд, жишээ нь, залгуур нь тусдаа үнэтэй гэх мэтээр бодит бус үнэ бараан дээрээ тавьж хэрэглэгчдийг төөрөгдүүлэн “луйварддаг”. XI хорооллын “Хапермаркет”-ын үйлчилгээ гэж авах юм байхгүй.

Энэ бол нэлээд шигүү суурьшилтай хороолол. Энэ салбарынх нь хамгийн том асуудал бол кассан дээрх урт дараалал. Дөрвөөс таван кассын машинтай гэвч аль аль нь ажилладаггүй. Бухимдсан худалдан авагчид бүх кассаа ажиллуулаач гэж байнга шаарддаг ч шаардлагыг хүлээн авдаггүй. XI хорооллын “Номин”-гоор гурав дөрвөн удаа үйлчлүүлэхэд л та уураа барсан хүмүүсийн “ажилчдынхаа цалин, орон тоог хэмнэдэг юм уу, хаашаа юм бэ, кассаа нэмээч” гэх шаардлагыг сонсох болно.

Өнгөрсөн евөл гэхэд л Цагаан сарын үеэр тус салбарын дээвэр нь энд тэндээс нурж том том хавтангууд хүмүүсийн дээрээс унаж, бөөн тоос шороон дунд үйлчилгээ явуулж байсанд үйлчлүүлэгчид чамгүй бухимдлаа илэрхийлсэн. Уг нь үйлчлүүлэгч хаан байдаг юм гэнэ лээ. Тэгтэл “Номин”-гоор үйлчлүүлэгчид эсрэгээрээ, инээж орж ирээд уурлаад гардаг тийм л дэлгүүр.

Тэдний үйлчилгээний бас нэгэн “луйвар” гэвэл бонус. Баярын өдрүүдэд бүх бараа бонустай гэж зарлаад кассанд дугаарласан ачааллаас болоод машин уншихгүй байгаа тул баярын дараа талоноо авчраад бонусаа хийлгээрэй гэж хүмүүсийн амыг тагладаг. Мөн “Номин”-гийн хямдрал гэгч луйвар залилангийн талаар үйлчлүүлэгчдийн гомдлыг тоочиж барахгүй.

Нэгэн үйлчлүүлэгч 14 хоногийн өмнө 869.990 тегрөгийн цахилгаан зуух 819.990 төгрөг болж хямдарсан байсныг авахаар очтол нөгөөх нь 1.049.990 төгрөгөөс хямдраад 999.990 төгрөг болчихсон байхыг нь хараад нүдэндээ ч итгээгүйгээ ярьж байсан. Худалдагч нь үүнийг ам.долларын ханш өссөн хэмээн хэнэг ч үгүй тайлбарласан гэж байгаа.

Заал зохион байгуулагчаас нь энэ талаар гомдол мэдүүлэхэд маш бүдүүлгээр харилцаж доромжлоод утсаа салгасан гэнэ лээ.

Б.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих