АН-ын ахмадууд улс төрөөс татгалзаж байна, МАН-ынхан…
АН-ын ахмад гишүүд, ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг асан Э.Бат-Үүл нар сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулж “Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуулинд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Улсын баатар Э.Бат-Үүл “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “Та сонгуульд өрсөлдөх үү” гэсэн асуултад “Одоо залуучууд явах цаг болсон. Би залуучуудыг дэмжинэ” хэмээн хэлнэ билээ. Яг ч шууд “Би сонгуульд өрсөлдөхгүй” гэж Ц.Элбэгдорж шиг хэлсэнгүй. Гэхдээ залуучуудыг дэмжинэ, тэд явах цаг болсон гэдгийг өрсөлдөхгүй гэдэг үгтэй дүйцүүлж ойлголоо. Хавраас бодол нь өөрчлөгдөөд, АН-аас юм уу, эсвэл нөгөө гэр хороололтой нэртэй намаас нэр дэвших гээд давхиж явахгүй бол.
Сая сонгуулийн хуулийг өөрчлөхдөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхийг нь хаалаа. Үндсэн хуулийн Цэцэд хандаж, нэр дэвших эрхээ олж авахын тулд боломжтой бүхнийг л хийх байх. Ямар ч байсан одоохондоо тэр нэр дэвших эрхгүй болчихоод байна. Энэ мэтээр Монголын улстөрд 20,30 жил “буг болсон” ахмадууд нэр дэвшихгүй болж байгаа нь сайн мэдээ.
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтнүүдийг бүр алга ташиж дэмжиж, ухаантай шийдвэрийнх нь төлөө үхэн хатан магтмаар байна. Тэдний араас нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэх өөр зоригтон, 60 дөхсөн, давсан настай ахмадууд, өвөө нар байвал мэдэгдлээ эртхэн мэдэгдчихээрэй.
Мөн МАН-ын хэдэн ахмадууд, албан тушаал болгоныг авч, насаараа сайд хийж, ийш тийшээ урваж шарваж, хамаг л хуйвалдаанд оролцож явдаг 60 гарсан хэдэн ахмадууд АН-ынхны сайн жишгийг дагаад, залуучуудад зайгаа тавьж өгөөч ээ. Монголын төр та нарт өргүй. Монголын ард түмэн ч гэсэн. АН, МАН-ынхан нийлж энэ улсыг 30 жил удирдлаа. Ардчилсан хувьсгал ялж, анхны сонгууль болсноос хойш ийм хугацаа өнгөрч. Монгол Улсын эдийн засаг өссөн л байх. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, иргэдийн амьдрал дээшилсэн нь үнэн. Картын барааны үед иргэд талх, сүүндээ дугаарлаж, хоосон хонож байсантай харьцуулбал.
Байшин барилга нь шавалдаж, машин нь чихэлдэж байгааг харахад ч тэр 1990-2000 онтой харьцуулшгүй. Гэхдээ иргэдийн бодит орлого нь үнийхээ өсөлтийг давж байгаа бил үү. Монголд нэг олигтойхон том үйлдвэр байгуулсан уу. Бид юу ч үйлдвэрлэж чадахгүй, бусдын хийснийг зөөж авчирч идэж ууж, өмсөж зүүсэн хэвээрээ л байна. Хоёр том намын хэдэн хөгшин Монгол Улсыг 30 жил удирдахдаа өөрсдөө л олигархи болтлоо баяжлаа. 500-хан сая гэж яриад сууж байна. Нийтийн тээвэр нь хөгжөөгүй. Хөдөө орон нутаг нь орхигдсон. Нэг л газраа шавсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй. Яриад байвал энэ улсад болж байгаа юм байгаа бил үү.
Төрийн ордондоо хэдэн улстөрчид нь хэн нь яаж хулгай хийж, хүчин хийж, бусдын хөрөнгийг дээрэмдэж, сан хоосолсон тухай л ам уралдан ярьж сууна. Хэн нь ч хариуцлага хүлээдэггүй. Ийм тогтолцоог хэн бий болгов, энэ хэдэн өвөө нар. Та нарт улс орныг үүнээс илүү хөгжүүлэх хангалттай хугацаа, эрх мэдэл, албан тушаал байлаа. Гэвч юу ч хийсэнгүй. Өөрсдөө л сайд, дарга болж, баяжсанаас өөрийг хийсэнгүй. Тиймээс АН-ын ахмадуудын гаргаж байгаа сайн жишээг дагаад Монголын төрөөс зайгаа аваад, тэтгэвэртээ гарцгаа. Энэ улсыг олигтойхон удирдаад аваад явчих залуучууд, эрдэмтэд олон байгаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ÿþ<
Regards. Plenty of knowledge.
ÿþ<
ÿþ<