Хүний хөгжлийн үзүүлэлтийг 92 дугаар байраас буулгаж чадах уу
Манай улсад хүний хөгжил ямар байна вэ гэдгийг албан хэллэгээр бус, амьдралаасаа жишээ татаад хараад үзье. Улстөржлөө гэхгүй байх. Хүн амын 51 хувь нь эмэгтэй атал тэдний дуу хоолойг УИХ-д төлөөлөх эмэгтэй гишүүдийн тоо одоогоор 13 буюу ердөө 17 хувьтай байгаа. Сонгуулийн хуулиар намуудад эмэгтэйчүүдийг парламентад нэр дэвшүүлэх эрхийг 20 хувиар тогтоож өгсөн нь нэг талаас дэвшил, нөгөө талаас доройтол гэлтэй. Эрчүүдийг л дээш нь гаргах дуртай намуудад төрийн зүгээс шахалт үзүүлж, оргүйгээс ортой нь дээр гэх лүгээ адил энэ хэрийн боломж олгосныг дэвшил гэхээс өөр аргагүй. Харин хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байхад парламентад нэр дэвших эрхийг тэр харьцаагаар бус, дөнгөж 20-иор тогтоосон байдаг нь хууль тогтоогчдын арга ядсан үйлдэл бөгөөд хүйсийн тэгш бус байдлын давамгайлал манай улсад аль хэр амь бөхтэй байдгийг харуулна.
…Хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдолтой тэмцэхийн тулд сайжруулсан түлш хэрэглэж, цахилгаан станцуудын технологийг сайжруулан, автомашины утааг бууруулахын төлөө зүтгэх нь зүйн хэрэг ч, агаар бохирдуулаад байгаа гол шалтгааныг онож ажиллагаа явуулах нь чухал байна гэдгийг НҮБ-аас манай улсад зөвлөмж болгож буй юм билээ. Товчхондоо, улсын хүн амын тал нь нийслэлдээ амьдрахыг хүсэх нөхцөл байдлыг өөрчил гэж буй аж…
Сонгогчид ч болж өгвөл эрэгтэй нэр дэвшигчид санал өгөх гээд байдаг нь эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхөөр тааруу сэтгэл зүй ноёлсон хэвээр байдгийг нотолно. Гэтэл хөгжингүй орнуудын парламентын гишүүдийн 50 орчим хувь нь эрэгтэй, мөн 50 орчим хувь нь эмэгтэй байдаг болсоор хэдэн арван жил болжээ. Ийм бүтэцтэй парламент нийгэм, эдийн засгийн асуудлыг Дорнын үзлээр бол арга, билгийн ухаанаар хандаж шийддэг болохоор төр, засгийн шийдвэр оновчтой, хүндээ хүрсэн байдаг бөгөөд нийт, нийгмээрээ бухимдал багатай, ядуурал үгүй, аз жаргалтай амьдардаг байна.
Харин манай улсад дээр дурдсанчлан шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь бүс нутгийн дунджаас ч доогуур үзүүлэлт ажээ. Яагаад ийм жишээ авав гэхээр энэ сарын 12-ноос түгээж эхэлсэн Монгол Улсын “Хүний хөгжлийн илтгэл 2019”-д анхаарал татсан, хөгжлөөс хойш чангааж буй үзүүлэлт нь тэгш бус байдал байгаа болохоор ийнхүү тайлбарлахад хүрлээ.
Тэгш бус байдлын шалтгаан олон янз бөгөөд энэ байдал нэмэгдэх тусам хүний хөгжилд сөрөг нөлөөтэй аж. Манай улсын хувьд тэгш бус байдал дундаж наслалтыг 13.1, боловсролыг 11.9, орлогыг 15.7 хувиар бууруулдаг юм байна.
Тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байдаг хүчин зүйлийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт. Энэ нь нийгмийн бүлгүүдэд харилцан адилгүй нөлөөлдөг. Байгалийн гамшиг тухайлбал, зуд, гангийн давтамж нэмэгдэхэд орон нутаг, малчид илүү өртөж, зүдэрнэ. Манай улсад сүүлийн 75 жилийн турш уур амьсгалын өөрчлөлт аажим явагдсаар дундаж температур 2.24 градусаар нэмэгджээ.
Олон улс, бүс нутгийн хэмжээнд тэгш бус байдлыг нэмэгдүүлж буй өөр нэг хүчин зүйл нь жендерийн тэгш бус байдал ажээ. Өмнөд Азид эмэгтэйчүүдийн 31 хувь нь хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн байдаг бол энэ тоо манай улсад яг адил байх юм. Энэ нь эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тухай албан ёсны мэдээлэлд тулгуурлан гаргасан тоон үзүүлэлт. Монгол гэр бүлүүдийн онцлог бий. Тохой хугаравч ханцуй дотроо гэгчээр гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр бүр цагдаад мэдээлээд байдаггүй, дараад, нуугаад өнгөрдөг. Гэр бүлийн, хүчирхийлэгчийн нэр төрийг бодсондоо тэвчиж өнгөрсөөр даамжруулж, өөгшүүлэн, улмаар тэвчихийн аргагүй байдалд орсон, хохирсон хойноо мэдээлдэг жишээ олон. Тэгэхээр манай улсад дээрх үзүүлэлт Өмнөд Азийнхаас ч тааруу байх магадлал бий мэт.
Эмэгтэйчүүдэд тэгш бус тусдаг бас нэгэн асуудал байгаа нь цалин хөлс. Эрэгтэй, эмэгтэй сурагч, оюутнуудын тоо тэнцүү атал хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийн цалин, хөлс яагаад бага байдаг вэ. Эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлаж, тэгш бус хандаж байгаагийн илрэл юм.
Уг тайланд тусгаснаар тэгш бус байдал жин дарснаар манай улс хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтахаа байсан уу гэвэл үгүй. Ухраа ч үгүй, урагшлаа ч үгүй, өнгөрсөн жилүүдийнхтэй адил 92 дугаар байрандаа буй аж. Үүнд юу нөлөөлсөн бэ гэхээр, Монгол Улс өнгөрсөн 10 жилд дундаж наслалт, сургуульд суралцах хугацаа, нэг хүнд ногдох ДНБ зэрэг хүний хөгжлийн гол үзүүлэлт дээр ахиц гаргажээ. Ингэснээр 0.735 оноогоор хүний хөгжлийн өндөр индекстэй орны тоонд багтсан байна.
Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эрхлэн бэлтгэдэг. Энэ жилийн илтгэлийг “Орлогоор хязгаарлахгүй, дунджаар баримжаалахгүй, өнөөдрөөс чанагш: тэгш бус байдал XXI зуунд” нэртэйгээр хэвлэжээ. Уг илтгэл өдгөө англи хэлээр байгаа бөгөөд удахгүй монголоор түгээх аж.
Дээрх илтгэлд улс орнуудын ахиц дэвшлийг дан ганц эдийн засгийн хэмжүүрээр харахаа байсан тухай мэдээлжээ. Өдгөө дэлхий даяар хэчнээн хүн эдийн засаг, эрх мэдэл, соёлын тэгш бус байдалд өртөж байгааг, мөн тэгш бус байдлыг цаашид дордуулах ямар хүчин зүйлс байж болох талаар уг илтгэлд дурджээ.
Хүний хөгжил гэдэг нь тогтмол тоон дүн бус аж. Харин улс орны хөгжил дэвшил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байдгийг илтгэх ойлголт. “Монгол Улсын алсын хараа 2030” баримт бичигт 2030 он гэхэд өдгөө 92 дугаар байрт буй хүний хөгжлийн үзүүлэлтийг 70 дотор болгон урагшлуулах зорилго дэвшүүлсэн байна. Төр, засаг уг зорилгыг биелүүлэхийн төлөө хичээх ёстой бөгөөд НҮБ-ын өмнө амласандаа хүрч байж, тус байгууллагын гишүүн орон гэдгээ нэр төртэйгөөр баталж, нотлох шаардлага тулгарч байна.
Хүний хөгжлийн үзүүлэлт дээшлэхгүй байгаад нөлөөлж буй шалтгаануудын нэг тэгш бус байдлыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгээс төр, засаг ажлаа эхлэх ёстой нь харагдаж байна. “Хүний хөгжлийн илтгэл-2019”-д онцолсноор хүүхэд наснаас нь эхлэн эрх тэгш байдлыг хангах бодлого, арга хэмжээ, үйл ажиллагаа хэрэгтэй аж. Мөн хүнд чиглэсэн, зориулсан хөрөнгө оруулалт буцаад нийгмийн болон хөдөлмөрийн тэгш боломж эдлэх хөрс суурь болдог тухай тусгажээ.
“Хүний хөгжлийн илтгэл 2019”-ийн нээлтийн үеэр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Xүн бүрийн саналыг тусгаж чадаагүй шийдвэр олшрох аваас бидэнд тулгамдаж буй жинхэнэ, бодит асуудал шийдэгдэлгүй үлдэнэ. 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн тулд тэгш байдлыг хангах нь нэн чухал. Тиймээс Монгол Улс цаашид тэгш бус байдлыг бууруулж, хүн бүрт хүртээмжтэй өсөлтийг хангахыг чухалчилна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Суурин зохицуулагчийн хэлсэн үгэнд буй “Хүн бүрийн саналыг тусгаж чадаагүй шийдвэр” гэдгийг аваад үзье. Төрийн эрх барьж, хууль тогтоох дээд байгууллага УИХ, түүнийг бүрдүүлэгч УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэрхэн хандсаныг бүгд мэдэж буй. Юун хүн бүрийн саналыг тусгах. Иргэд Үндсэн хуулийн юуг нь, хэрхэн өөрчлөх гэж байгаа тухай хангалттай мэдээгүй. Шашны ном мэдэхгүй байх тусмаа үнэмшилтэй гэдэг шиг л юм болоод өнгөрсөн. Парламентад суудалгүй намууд нэгдэж нэмэлт, өөрчлөлтийг нүдэн балай, чихэн дүлий хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж тэмцээд ч нэмэр болоогүй. Эрх баригчид олонхоороо түрээд дайраад гарсан. Харин шийдвэрлэснийхээ дараа Үндсэн хуульд чухам юу өөрчилсөн талаар өдөр тутмын хэдэн сонинд нэг, нэг нүүр жагсаалт гаргасан байлаа. Монголын төр, парламент, сонгогчдын итгэлийг өвөртөлж УИХ-д суугаа гишүүд улс орны, ард иргэдийнхээ үндсэн эрх ашигт ийм маягаар хайнга хандаж байгаа. Тэдэн дунд “Монгол Улсын алсын хараа 2030” баримт бичигт 2030 он гэхэд өдгөө 92 дугаар байрт буй хүний хөгжлийн үзүүлэлтийг 70 дотор болгон урагшлуулах зорилго дэвшүүлснийг санаж байгаа, үүний төлөө санаа тавьж буй хүн бий болов уу.
НҮБ-ын гишүүн орон бүр түүний өмнө амласнаа биелүүлж, цаашид бүх талаар нягт хамтарч ажиллах замаа нээдэг. Улс оронд маань газар аваад буй тэгш бус байдлыг халах, дундаж наслалтыг нэмэх, боловсролын чанарыг ахиулах, орлого нэмэгдүүлэх талд ахиц дэвшил гаргахын үндсийн үндэс нь Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх, тэдгээрт хүрэх юм билээ. Хамгийн анхны алхам нь өдгөө 31 хувьтай байгаа ядуурлыг бууруулах. Өнөөдөр энэ талд хийж, хэрэгжүүлж байгаа ямар ажил, хаана байна вэ, хэн хариуцдаг вэ гэхээр хариулах, үүргийг өөр дээрээ авах хүн, байгууллага, яам, тамгын газар олддоггүй. Төрийн байгууллагуудын ажлын ухаалаг уялдаа холбоо анзаарагддаггүй. Ийм байж 10 жилийн дараа хүний хөгжлийн үзүүлэлтийг 70 дотор болгон урагшлуулна гэсэн зорилгод хүрэх найдвар байна уу.
Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тухайлбал, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах гэсэн том малгай асуудал дунд тус бүртээ онцлог олон ажлыг нугалах шаардлага байгаа юм. Хамгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдолтой тэмцэхийн тулд сайжруулсан түлш хэрэглэж, цахилгаан станцуудын технологийг сайжруулан, автомашины утааг бууруулахын төлөө зүтгэх нь зүйн хэрэг ч, агаар бохирдуулаад байгаа гол шалтгааныг онож шийдвэрлэх нь чухал гэдгийг НҮБ-аас манай улсад зөвлөмж болгож буй юм билээ. Товчхондоо, улсын хүн амын тал нь нийслэлдээ амьдрахыг хүсэх нөхцөл байдлыг өөрчил гэж буй аж. Үүний тулд бүс нутгийн хөгжлийг дэмжиж, орон нутагт ажлын байр бий болгож, аймаг, сумын уугуул иргэд нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлбэл нийслэл агаарын бохирдлоос ангижирч, орон нутагт амьдрал цэцэглэнэ. Үүний тулд шат дараалсан, уялдаа холбоо сайтай алхмуудыг хийх хэрэгтэй гэдгийг дэлхийн хамгийн том хамтын нөхөрлөлийн байгууллагаас зөвлөсөөр. Манай төр, засаг зөвлөмжийг хэрхэн хүлээж авсан, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч буй нь төдийлөн тодорхой харагдахгүй байна.
unuudur.mn
URL: