Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэсэн нэр зүүж өнгөрөөж байна. Ардчилсан хувьсгалыг тэргүүлэн хийсэн хүмүүсийн С.Зоригоос бусад нь амьд байна. Ардчилсан хувьсгалыг уухайлан дэмжсэн ард түмний үй олон гэрч эсэн мэнд байна. Ийм атал ардчилсан хувьсгалын түүх нүдэн дээр илт гуйвж байгаа нь сэтгэл эмзэглүүүлж энэхүү нийтлэлийг бичлээ.
Энэ намрын өдрүүдийн суртал ухуулгуудаас харж байхад ардчилсан хувьсгал ид бужигнаж байх үед амьдарч байсан боловч тэр үед хувиа бодож, довоо шарлуулж явсан бэртэгчин хүмүүсийн хорон санаа нэвт шингэсэн, тэдний илт явуулга гэлтэйгээр түүхийг гуйвуулж эхлэв. Тухайн үеийн МАХН буюу өнөөдрийн МАН ардчилсан хувьсгалыг хийсэн болж хувирлаа. Аливааг гуйвуулж, өөрийн болгож сурсан байж болно, та нар. Ардчилсан хувьсгалыг арай ч ингэж Ардын нам хийсэн болтлоо түүх гуйвж болохгүй. Бүгд шал худлаа. Ардчилсан хувьсгалыг Ардчилсан холбоо, анхдагч 13 хүн, бусад хөдөлгөөн, холбоод, оюун санааны удирдагчид хийсэн юмаа.
ЦАГ ХУГАЦААБА АНХДАГЧИД
Бүх цаг үед нийгмийн хувьсгалыг нэг удирдагч юм уу, нэг хэсэг удирдагчид хийсэн байдаг. Түүнээс нийгмээрээ нэг зэрэг хөдөлж хувьсгалыг хийсэн түүх байхгүй. Тийм боломж ч байхгүй. Заавал оройлж, манлайлж, өөрийгөө золиослон удирдсан хүмүүс байдаг, хийдэг ёстой юм. Монголын ардчилсан хувьсгалын нүүрний эгнээнд Д.Нямсүрэн, лам Баасан, Д.Нинж, Ц.Элбэгдорж, С.Зориг, Б.Билэгт, Д.Сосорбарам, Ц.Энхтүвшин, Д.Сүхбаатар, Д.Энхбаатар, С.Амарсанаа, Б.Энхтүвшин, Э.Бат-Үүл нарын Монголын Ардчилсан холбоо (МоАХ)-ны Зохицуулах зөвлөлийн анхны 13 гишvvн, Баабар, Гончигдорж, Хатанбаатар гээд ардчилсан социалист үзэлтнүүд, оюун санааны багшаар Нэргүй доктор, тухайн үеийн Үнэ стандартын улсын хорооны ажилтан асан Дугар… нарын олон хүмүүс байсан. Энд олон хүний нэрийг багтаах боломж алга, нэр нь дурдагдаагүй ардчилсан хувьсгалын баатрууд минь уучлаарай. Үнэндээ эд нар л ардчилсан хувьсгалыг хийсэн. Тэрнээс МАХН хийгээгүй. Хийгээгүйг бүгдээрээ уг нь мэднэ. Ж.Батмөнх гуайн аядуу зөөлөн байдал ардчилсан хувьсгалд сөргөөр нөлөөлөөгүйг бүгд хүлээн зөвшөөрдөг. Харин эдгээр залуус айхавтар шахалт дарамт үзүүлээгүй бол МАХН хөдлөх ч үгүй байсан. Ардчиллын залуус пикетийг бол мундаг хийсэн. Өдөр шөнөгүй жагсаал цуглаан, ухуулга хуудас нааж, энд тэнд очиж уйгагүй ухуулга хийж, өлсгөлөн зарлаж… хувьсгал хийхийн тулд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж болдог дэлхийн практикийг хэрэглэсний хүчинд МАХН-ыг сууринаас нь ганхуулж, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн юм аа. Гэтэл өнөөдөр ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор ярьж байгаа бүхэн аль болохоор ерэн оны хувьсгалыг удирдсан эдгээр хүмүүсээс бүгдийг тойруулан ярьж байгаа нь түүхийг бүдүүлгээр гуйвуулсан хэлбэр боллоо. Жишээ нь, Ц.Элбэгдорж анх жагсаал хийхийг санаачлаагүй бол энэ хувьсгал эхлэх ч байсан юм уу, үгүй юм уу хэн мэдлээ. Ховдод, Эрдэнэтэд жагсаал болсон л гэдэг. Монголын нийгэмд нөлөөлөх, эрх баригчдад нөлөөлөх жагсаалууд мөн байсан уу.
Одоо бүр ардчилсан хувьсгалыг орчин үежүүлээд “эдгээр хүмүүс” нь дарга болохын тулд, төрөөс хулгай хийхийн тулд жагсаж цуглаж эхэлсэн үү гэж асуудаг боллоо. Бодвол өнөөдрийн Иргэний хөдөлгөөнийхөнтэй адил санадаг бололтой. Жагсаж цуглаж элдэвлэж байгаад Их хурлын гишүүн болчихдог, хөрөнгө чинээтэй болчихдог хөдөлгөөний нөхдүүдтэй адил. Тэнгэр газар хоёр шиг ялгаатай цаг үеүд шүү дээ. Цэргийн сонины жижигхэн дэслэгч залуугийн толгойд үүдэнд нь жагсаж байгаад Төв хорооны гишүүн болчихъё гэсэн бодол тэр үед төрөх үү. Харин тэдгээр залуусын толгойд бол Монголыг колониос гаргая, бие даасан улс шиг улс болгоё, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье, хэвлэлийн эрх чөлөө чухал юм байна гэсэн үнэт зүйлсүүд байсан учраас зүтгэсэн юм. Эдгээр залуусын эр зориг, иргэний ухамсар дээр л ардчилсан хувьсгал эхэлсэн. Эдгээр хүмүүс удах тусам түүхэнд гялалзах болно. Байгуулсан гавьяаг нь баллуурдах гэсэн бодолтой байгаа бол үнэндээ үлгэр.
Ер нь бол цаг хугацааны хувьд ардчиллын залуус яг цагаа олсон юм /1989-1990/. Цаг үеэ айхавтар мэдэрч хөдөлсөн. Зүүн Европын соц орнууд дэглэмээ сольсон нь тэдэнд сэдэл өгсөн. Польш, Унгар, Зүүн Герман, Чехословак , Румын зэрэг улсад шил шилээ даран ардчилсан хувьсгал тэмцэл өрнөж амжилтад хүрсэн. Хамгийн гол нь манай хоёр хөршийн хувьд Монголыг манатай болсон таатай зурвасхан үе тохиосон юм. Хятад улсын дарга Дэн Сяо Пэн өөрийнхөө хүндэрсэн эдийн засагтай ноцолдоод манайхтай манатай байлаа. Бодлого нь ч их радикал байсан. Элгээрээ хэвтсэн эх орноо босгохын тулд юу манайхыг анхаарах. “Муур хар цагаан байх нь хамаагүй хулгана л барьж байвал болоо” гэдэг бодлого бол Дэн даргын улс төрийн концепци байлаа. Энэ мэтээс харвал Монгол Улс тусгаар болно уу, байна уу хамаагүй Өмнөд Монголыг л үймүүлчихгүй байвал бол оо.
Харин Оросын хувьд ЗХУ задарч өнөөгийн Орос орон хөлөө олох гэж байсан цаг. Ельциний ид архидалтын үе. Дагасан болгоноо хажиглаж байсан цаг. Яг ийм л үед манайд Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Оюутны холбоо гэсэн дөрвөн байгууллагын залуус зохион байгуулалттайгаар хүчтэй хөдөллөө. Ингэж хүчтэй хөдлөөгүй бол ардчилсан хувьсгал дахин хийгдэхгүй байсан. 1992 онд ардчилсан хувьсгал хийх гэсэн бол үнэндээ хойдуулд няхуулах байсан. Яагаад гэвэл оросууд нэг хоёрхон жилийн дотор эргээд юмаа хараад эхэлсэн. Тийм болохоор үүлэн чөлөөний нар мэт тийм богинохон зайд залуус хөдөлж чаджээ. Хоёр жилийн дараа буюу сая хэлдэг 1992 онд хувьсгал хийлээ гэхэд яаж ч үзээд өнөөдрийнх шиг ийм дэндүү их эрх чөлөөт Монголыг бий болгож чадахгүй байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад сайндаа нэг станы орны хувилбар. Бүр тодорхойлбол өнөөдрийн Тажикистан шиг тамаа цайсан улс байх байлаа. Энэ бүгдийг цээжний бангаар хэлээд байгаа ч юм биш. Зүгээр л амьдралд байгаа жишээ татъя. Эгийн голын станцыг ерэн оноос өмнө барина гэсэн бол барьчих байлаа. Тэгвэл 1992 оноос хойш хөөцөлдөөд өнөөдөр ч бараагүй л байна. Энэ нь бидний арчаагүйнх биш юм. Хойд хөршийн хатуу гар гялс ороод ирснийх. Ардчилсан хувьсгалд яг адил ийм хатуу гар үйлчлэх байлаа. Энэ цаг мөчлөгийн талаар өнөөдөр хэн ч бодож үздэггүй байх аа.
ЭСЭРГҮҮЦЭХ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙГААГҮЙ, ГАНЦЧ ХҮНИЙ ХАМРААС ЦУС ГАРААГҮЙ ХИЙСЭН ХУВЬСГАЛ
Сая Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Ардчилсан хувьсгалыг эсэргүүцэх улс төрийн хүчин байгаагүй” гэлээ. Тэгвэл байсаан, маш их байсан. Хуучин МАХН буюу өнөөдрийн МАН бүх шатандаа улайран эсэргүүцсэн. Тэр үеийн МАХН-ын бүтэц үнэндээ тагнуулын бүтэц байсан. Баянхонгор аймгийн нэг сумын ардчиллын төлөө ганц тэмцэгчийг шөнө унтаж байхад нь эсгий гэрийнх нь гаднаас нэвт хутгалж байсныг олон хүн мэднэ шүү дээ. Өнөөдөр ч үр хүүхдүүд нь байна. Гайгүй газраа гайгүй л байсан биз, гайтай газраа бол коммунистууд ардчиллыг дэмжсэн хүмүүсийг яаж махыг нь зулгааж байсан түүхийг бодитойгоор бичмээр байгаа юм. Ард түмэн нийтээрээ ардчиллыг уухайлаад дэмжсэн ч юм бас байхгүй шүү. Улаан коммунистуудтай газар нь улайран тэмцэлдэж авгай хүүхдүүдийг нь хүртэл ална тална хэмээн гэрт нь хорьж байсан үйлдлүүд олон бий. Үнэндээ тэр үед Ардчилсан холбоо, МСДН… зэрэг улс төрийн байгууллагуудын гишүүдийг МАХН дайснаа хэмээн үзэж байсан юм. Үнэндээ одоо ч хэвээрээ шүү дээ. Одоо нийгэмд болохгүй үйл гарч ирвэл АН-ыг ардын дайснаар тодруулдаг нь хэвээрээ. Соц нийгэм гэдгийг кинон дээрээс ч хараагүй бацаанууд өнөөдөр соц нийгмийн үед сайхан байсан гэж ярьдаг боллоо. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. Эргээд үзэл суртлаар ард түмний тархийг угааж бүх муухайг хийдэг коммунистуудын хуучин арга одоо өнгөө арай хувиргаж, орчин үежүүлж, технологижуулан Монголын ардчилал руу дайрч байна. Зорилго нь ч тодорхой. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө. Яривал их юм бий. Энэ бүх аймшиг, ад үзэл, өшөө хорсол дундуур Монгол Улс урагшилж байна.
Оготны хамраас ч цус урсаагүй гэдэг бас худлаа. Урссан. Маш их урссан юм. Та хар, ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон 1955 оноос хойших иргэд үнэндээ амь насаа зольсон юм. Түүнийг яагаад олж хардаггүй юм. Маш олон хүн ажлаасаа халагдсан, архинд орсон, ад үзэгдсэн, сэтгэл санааны гүн гутралд амьдарсан. Тийм байдалд орсон ардчиллыг дэмжигч үй олон иргэдээс хэд нь тэсч гараад өнөөдөр 30 жилийн ойгоо үзэж байгаа юм. Багцаа тоо байгаа юм уу. Байхгүй байж битгий донгос. Тэд бол ардчилсан хувьсгалын үйл хэргийн хамгийн идэвхтэй тэмцэгчид, партизанууд байсан юм. Тэдний халуун амь, бүлээн цус биш юм уу. Тэд ардчилсан хувьсгалд оролцоогүй юм уу. Гол харлаж байна шүү. Хамт тэмцэж явсан мянга мянган нөхдөө энэ өдрүүдэд дурсан зогсоо партизанууд уйлж байна. Яагаад гэвэл тэд хэлмэгдсэн гэж хэлж болох үеийнхэн. Хувьсгалд оролцсоныхоо төлөө. Анзаараад байхад 2008 оноос хойш ардчиллын партизан гэх өвгөн хүнгүй боллоо. Хатуу хэлье, Монголын ардчилал бол үнс нурам, үхэл хагацал дундуур явж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрч байна. Өөдөөс нь харин Ардчилсан хувсгалын буянаар Англи, Америк… гээд барууны орнуудад очиж боловсрол эзэмшсэн багачууд дунд хуруугаа гозойлгон МАН мандтугай, АН сөнөтүгэй хэмээн орилж байна.
Сая ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөөгүй мөртөө Ж.Батмөнхийн хөшөөнд хуйгаараа цэцэг өргөлөө. Энэ байгаагаараа бол удахгүй Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирах тийм л түүх бичигдэх бололтой. Битгий горьд. Ардчилсан Монгол Улс арай ч ингэж дампуурахдаа хүрээгүй байна.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн энэ даруухан тэмдэглэлт өдрүүдэд ардчилсан хувьсгалыг амиа золин удирдаж оролцсон бүх хүмүүст гүнээ мэхийн ёсолъё. Та нарын тэртээх 30 жилийн өмнө хийсэн гайхамшигт үйл хэрэг тань та бүгдийг цаг хугацаа өнгөрөх тусам улам тод гэрэлтүүлж, суу алдрыг тань мандуулсаар байх болно. Та нар бол эх орныхоо төлөө өөрөөс шалтгаалах сайн бүхнийг хийж чадсан баатрууд шүү. Ардчилсан хувьсгалыг удирдсан баатруудын алдар гавьяа бадартугай.
Өдрийн сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хэн бэ