МХЕГ: “Жүр үр” ХХК-ийн 118 ширхэг бялууг устгуулсан
МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /бялуу, хиам/ 85 үйлдвэр цехүүд нийт 557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад улсын хэмжээнд нийт 2106 зөрчил дутагдал илрүүлж 1241 буюу 60%-ийг газар дээр нь арилгуулж үлдсэн зөрчилд улсын байцаагчийн 215 заалт бүхий 32 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, бүтээгдэхүүн устгалын 38 акт, 14 дүгнэлт гаргаж 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт хийж ажилласан.
Шалгалтын явцад 77 хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор 188 нэр төрлийн 323 түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ, НМХГ-ын Төв болон аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхэд 48 дээж холбогдох техникийн ерөнхий шаардлага стандартад заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, 3 дээжийн сорилтын дүн стандартын шаардлага хангаагүй, 272 дээжийн хариу гараагүй байна.
Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 177 нэр төрлийн 7910,3 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт болон прокурорын зөвшөөрлөөр хураан авч, орон нутгийн Засаг даргын дэргэдэх устгалын комисст шилжүүлж, шошгын зөрчилтэй 58 нэр төрлийн 792,5 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцааж, 19 нэрийн 1.487.000 төгрөгийн хүнсийг татан авахуулсан байна. Хяналт шалгалтад хамрагдсан 2174 аж ахуйн нэгж, иргэдэд шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, 30 удаагийн сургалтыг 1392 хүнийг хамруулан зохион байгуулж ажиллалаа.
Шалгалтын явцад түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй 29, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 49, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 72 худалдаа, үйлчилгээний газар байснаас гадна 38 нэр төрлийн бүтээгдэхүүн гарал үүсэл тодорхойгүй, 43 нэрийн бүтээгдэхүүн баталгаажилтгүй байсан зөрчил илэрлээ.
Стандартын шаардлага хангахгүй 0,035 мм-ээс доош зузаантай нийлэг хальсан уутыг 56 худалдаа, үйлчилгээний газар хэрэглэж байсныг зогсоож 335.0 мянган төгрөгийн уутыг хэрэглээнээс хасуулж, 446 аж ахуйн нэгж, хүнд зөвлөмж өгөв.
Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, дотоод хяналт тогтмолжоогүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг хянаж бүртгэдэггүй, ул мөрийн бүртгэл хөтөлдөггүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хэрэглэх хугацаа тодорхойгүй, баталгаажилтгүй хүнс худалдаалсан, үйлчилсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518.0 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан,
Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр трейд ХХК-иудын худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг 1.256.0 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж зөрчлийг арилгасан,
Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан.
Шинжилгээтэй хяналтын талаар:
Хяналт шалгалтын үеэр 127 нэр төрлийн бүтээгдэхүүний 244 дээжийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Итгэмжлэгдсэн төв лабораторийн 20-47 тоот сорилтын дүнгээр Төв аймгийн Морьтхангай ХХК-ний үйлдвэрлэсэн “Морьтон” нэрийн /2019.11.21 өдөр үйлдвэрлэсэн/ 0.5 л, 0.75 литрийн савлагаатай архины альдегид, сувсны тос гарсан нь Согтууруулах ундаа Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2016 стандартын хэмжээнээс их гарсан учир Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу татан авалтыг хийлгүүлж байна.
Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Түүнчлэн МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Төвлөрлийг сааруулах зорилгоор амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл бичиж, олгох асуудлыг орон нутгийн МХГ, ХМХА-дад шилжүүллээ. Дамжуулан тээвэрлэх мэдэгдлийн хугацааг 10 хоног болгож, олон улсын боомтоор гэрчилгээ, мэдэгдэл бичих аймаг, нийслэлийн тоог нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлт орууллаа.
МХЕГ нь Гурилын холбоо, Цагаан будаа импортлогчдын холбоо, Жимс, ногоо импортлогчдын холбоо, Арьс, шир, ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын махны холбоо, Өлөн гэдэс экспортлогчийн холбоо, Зөгийн бал,сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч, гоо сайхны бүтээгдэхүүн импортлогч нартай 11 удаа уулзалт хэлэлцүүлгийг хийж, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ажилласан байна.
URL: