Гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрс бэлэн болно

Иргэний шинэчилсэн бүртгэлээр нийт хүн амын 98 хувь буюу 1 сая 937 мянган хүн бүртгүүлжээ. Хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрснөөс зарим дүүрэгт шинээр хороо байгуулсан. Ингэснээр оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа айл өрх нэмэгдэж байна. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дүүргийн Засаг дарга нар анхаарлаа хандуулахаар болов.
Дүүргийн сонгуулийн хороог хоёрдугаар сарын 15-нд байгуулж, гуравдугаар сарын 15 гэхэд сонгогчдын нэрсийг гаргасан байхаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар удирдуулсан өнөөдрийн хурлаар тогтлоо.  Мөн www.burtgel.mn веб сайтаар сонгогчдын нэрсийг ил зарлах бөгөөд   ингэснээр бүртгэлд хамрагдаагүй , буруу хаягаар бүртгэгдсэн иргэд хороон дээрээ очиж засуулах бололцоотой болж байгаа юм.
Сонгууль ойртож байгаатай холбогдуулан Улсын Бүртгэлий ерөнхий газрын ажил  эрт эхэлж байна. Хуралд УБЕГ , дүүргийн засаг дарга нар болон холбогдох албан байгууллагын төлөөлөгч нар оролцож  УИХ-аас шинээр батлагдсан сонгуулийн хуулийг хэрхэн дагаж мөрдөх, цаашид үйл ажиллагаагаа явуулахад анхаарах зүйлийг  танилцуулсан юм. Үүнд:
1. Хоёр буюу түүнээс дээш хэсэг байгуулахгүй байх
2. Байр гудамжийг хуваах, хэсэг байгуулахгүй байх,
3. Хэсгийг байгуулсны дараа сонгуулийн өдөр хүртэл тухайн хэсэгт харьяалагдах хороолол, хотхон, байр гудамжын хаягжилтанд өөрчлөлт оруулахгүй байх
4. ИТХ нь хэсгийг байгуулахдаа бүртгэлийн ажилтныг байлцуулан саналыг харгалзан үзэх
5. Хэсгийг байгуулсаны дараа тухайн хэсэгт харьяалагдах хороолол хотхон байр гудамжны хаягжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг УБЕГ-т  албажуулан ирүүлэх
6. УБЕГ-аас хүргүүлсэн иргэдийн оршин суугаа газрын мэдээллийн санд оруулсан, буруу тодорхойлсон хаягийг УБЕГ-т албан бичгээр мэдэгдэх
7.Сум хорооны бүртгэлийн ажилтны хэсгийг хороонд ажиллуулахгүй байх гэсэн долоон асуудлын хүрээнд ярилцлаа.
Энэ  жилийн сонгууль өмнөх жилүүдээс технологи ашиглахаараа онцлог гэж үзэж байгаа. Тиймээс сонгуулийн хороодын зарим байр шилэн кабель нэвтрүүлэх, цахим хэлбэрээр саналын хуудас тоолох зэргийг нэвтрүүлэхэд чанарын шаарлага хангахгүй байгааг эртхэн шийдэхийг үүрэг болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих