Хонконгийн авиа компаниудад дампуурах эрсдэл нүүрлэлээ
Агаарын тээврийн салбар дэлхий даяар хүнд байгаа энэ үед Бээжингийн эсрэг хөдөлгөөн Хонконгийн аялал жуулчлалд цохилт боллоо. Үүний улмаас Хонконгийн нисэхийн компаниуд ажлын байраа цомхотгох, тэр ч байтугай дампуурах аюултай тулгарав.
Хонконгод зургаа дахь сардаа үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, үймээн агаарын тээврийн компаниудын ашиг муудах, нислэг хойшлогдох, зардлаа танах нөхцөл боллоо. Зорчигчдын урсгал дөрвөн сарын турш буурсныг тус хотын агаарын тээврийн зах зээлд тэргүүлэгч Cathay Pacific Airways Ltd мэ дээлж, төлбөрөө төлөөгүйнх нь төлөө Hong Kong Airlines-ын долоон онгоцыг Хонконгийн нисэх буудлын захиргаа энэ долоо хоногт хурааж саатуулсан байна. Нисэх онгоц хурааж авах нь ихэвчлэн үйл ажиллагаа нь зогсож дампуурахын эхлэл болдог гэж DBS Group Holdings Ltd-ийн шинжээч Пол Ён тайлбарлав. Хонконгийн эсэргүүцлийн жагсаал тус хотыг зорьдог жуулчдын урсгалыг татрааснаас Cathay Pacific 1000 орчим ажлын байр цомхотгож болзошгүйг агаарын тээврийн консалтингийн Endau Analytics анхааруулж байна. Ази дахь олон улсын агаарын нислэгийн чухал зангилааны нэг болох Хонконгод үүссэн байдал эдийн засгийн удаашрал, худалдааны дайны улмаас орлого нь эрс унасан дэлхийн агаарын тээврийн салбарт давхар цохилт боллоо. Cathay Pacific болон түүний салбар Cathay Dragon, Hong Kong Express компани зорчигчдын урсгалд нийцүүлэн нислэгээ хэдийн цөөлсөн ч үймээн самуун цааш үргэлжилсээр байвал бүр эрс арга хэмжээ авахад хүрнэ. Эх газрын Хятадаас Хонконг руу аялдаг аялагчдын тоо эрс цөөрсөн нь Cathay Pacific-ын орлогод ноцтой хохирол учрууллаа. Учир нь тус компани орлогынхоо бараг 50 хувийг эх газрын Хятад, Хонконгийн хоорондох нислэгээс олдог. Эх газрын Хятадын агаарын тээврийн компаниудаас АНУ, Европын чиглэлд үйлддэг шууд нислэг олширсон нь жуулчдын дамжин өнгөрөх цэг болох Хонконгийн үүрэг, ач холбогдлыг багасгаж байна. Үймээн самуун агаарын тээврийн салбарт нөлөөлөөд зогссонгүй. Хонконгод ирдэг жуулчдын тоо аравдугаар сард 44 хувиар буурсан нь сүүлийн 15 жилд тохиолдоогүй зүйл болов. Жуулчид багассан нь зочид буудлуудад цохилт болсон төдийгүй Хонконгийн Диснейлэндийн орлогыг 275 сая ам.доллараар унагав.
ЗГМ
URL: