“Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авсан Т.Ганболдын 300 сая ам доллар бохир мөнгө байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа олон улсын байгууллага цагдаад ханджээ

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн төрсөн эгчийнх нь хүү болох Т.Ганболд  гурван төрлийн хэрэгт шалгагдаж байгаад  өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт баривчлагдан саатуулагдсан байна. Т.Ганболд өнгөрсөн онд  С.В.Паушок гэх орос бизнес эрхлэгчээс “Алтан дорнод монгол”, “ Востокнефтегаз”, ”Бумбат алт” гэсэн гурван компанийг нийтэд нь  300 гаруй сая ам.доллараар худалдаж авснаа албан ёсоор мэдэгдэж байсан. Харин энэхүү 300 сая ам.доллар нь хаанаас эх үүсвэртэй мөнгө болох нь шалгагдаж байгаад ийнхүү баривчлагдсан гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

Т.Ганболд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Английн Виржинийн аралд бүртгэлтэй өөрийнх нь мэдлийн компани гадаадын банкнаас энэхүү 300 сая ам.долларыг зээлсэн гэж мэдээлж байсан. Харин олон улсын санхүүгийн нэгэн байгууллагаас энэ мөнгөний эх үүсвэрийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирсэний дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаад ийнхүү хорьсон байх магадлалтай байна. Өмнө нь  Т.Ганболдыг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан цааш дамлан худалдаалсан, авилга авсан гэх хэргээр АТГ шалгаж байсан. Мөн түүнийг Монгол банкны зарим мэргэжилтнүүдтэй нийлж ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан , Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг зарахдаа авилгал өгсөн зэрэг гурван үндэслэлээр шалгаж байгаад ийнхүү баривчлан саатуулаад байна. Танхимын дарга С.Дэмбэрэл энэ дүүгээ  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга болоход нь багагүй оролцож тусласан гэдэг бөгөөд “Корпорэйт” хэмээх  Монголд ховор, тансаг зочид буудлыг хамт байгуулсан гэж бизнесменүүд ярьдаг юм билээ.
Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяртай үй зайгүй найзын хэлхээ холбоотой энэ эр  Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл ахынхаа ачаар энэ суудалд гурван жил хэртэй суухдаа Монголын тэрбумтнуудын ангид ямар ч шалгалтгүй орж ирсэн гэнэ. Бас түүний танил тал найз нөхдийн хэлхээ холбоо тун урт. Т.Ганболдыг Авлигатай тэмцэх газар шалгаад албан тушаалаа урвуулан ашигласныг нь тогтоосон ч хэргийг нь Прокурор хэрэгсэхгүй болгож байсан удаатай.
Түүнийг  төрийн өмчит үйлдвэрийн газрыг удирдахдаа 25 орчим тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр цагдаа шалгаад амжсан. Бас падааны гэх бизнесээр бусдаас 2.8 тэрбумыг залилсан гэдэг мэдээллийн мөрөөр цагдаа шалгаж байсан ч бас л энэ хэрэг замхарч алга болсон байх юм.  Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт “Аж трейд”, “Халиун од” гээд хаягдал төмөр гэрээгээр нийлүүлдэг компани цөөн биш. Тэд хэдий гэрээтэй ч төмрөө авчирч өгөөд мөнгөө олж авахаас эхлээд үйлдвэрийнхний гар харж өдрийг барах нь энүүхэнд. Захиралтай аятайхан харилцахгүй бол бүр ч бүтэхгүй асуудал. Гэрээт компанийн удирдлагуудыг аргандаа оруулах амархан. Мөнгийг нь өгөхгүй жаахан дарамтлахад л тэд дуугарсан бүгдийг нь биелүүлэхээс аргагүйд хүрдэг гэсэн. Тийм нэг аргаараа “Агар хорол” нэртэй  компанитай болоод авчээ. Эзэн нь нас барсан энэ компанийн татвар, тайлан баланс гээд санхүүгийн асуудлыг нь бүгдийг толгойгоороо хариуцахаар болсон юм байх. Үеэл дүү Алтантуяадаа хариуцуулсан “Агар хорол” нь түүнд хууль бус бизнес явуулж, мөнгө олоход л хэрэгтэй байжээ. Хэргээ ч хангалттай гаргаж, Ганболд захиралд 25 тэрбумыг олж өгсөн гэдэг юм. Төмөрлөгийн үйлдвэрт  хаягдал төмөр тушаахдаа ажлын хөлсийг нь нэмж төлөөд бэлэн арматур болгуулаад авах боломж бий. Нэг тн төмрийг 150 мянган төгрөгөөр өгнө. Харин арматур болгуулах гэж буй бол 443 мянган төгрөг тн бүрт нь тооцож төлөх журам тэр үед үйлчилж байж. Ямартай ч үйлдвэрт тушаасан 13 мянган тн төмрийн эзэнд мөнгийг нь Ганболд захирал хотод өөрийн биеэр авчирч өгсөн гэдэг юм. Үйлчилгээ эзэндээ ойртож улс хөгжсөний жишээ биш. Хувьдаа ашиглаж, зүсийг нь хувиргах гэсэн арга тэр байсан юм билээ. Нэгэнт мөнгийг нь төлчихсөн хойноо арматурын төмөр хэмээгээд “Агар хорол”-ынхоо нэр дээр үйлдвэртэй тооцоо хийхээр бүх асуудлыг зохицуулчихдаг байжээ.
Тоо бодъё. 13 мянган тн төмрийн үнэнд Ганболд захирал 1.9 тэрбум төгрөг төлжээ. Харин үйлдвэрт арматур болгуулах ажлын хөлс гэж 5.8 тэрбумыг өгч. Нийтдээ түүнээс 7.7 тэрбум төгрөг гарсан гэсэн үг. Харин бэлэн болсон арматурыг хотод авчраад нэг тн-ыг нь 1.2 сая төгрөгөөр худалдаж 15.6 тэрбумыг олсон гээд бодвол хэр ашигтай наймаа нь ойлгогдох биз ээ. Уг нь энэ их мөнгө Ганболд гэж ганц хүний хэтэвч рүү биш улсын төсөвт орох ёстой юм. Тэгээд ч энэ бол ердөө нэг удаагийнх нь үйлдэл. Үүн дээр 30 мянган тн төмрийн асуудлыг бас шалгаж байсан гээд нэмэхээр юу болох вэ.
Ганболд захирлыг хамтрагчид нь хаялгагүй гээд ам муутай юм билээ. Үйлдвэрт зайлшгүй шаардлагатай сэлбэг болон бусад материал нийлүүлэх гэрээг тендер нэртэй ч тогтсон хэдхэн компанитай хийдэг. Зах зээлийнхээс хамаагүй өндөр үнээр үзэглэсэн гэрээний ашиг мөн л эрхэм захирлын хэтэвчийг зузаалахад нэмэр болно. Зузаан хэтэвчнээс гарсан бага биш мөнгө эрх мэдэлтнүүдийн өвөрт шилжихдээ эргээд эзнээ ноцохгүй хатуу барьцаа болон хувирдаг аж. Түүний ачаар л тэр ийнхүү мөнгө тарьдаг шидтэний дүрд хэдэн жил тансаглав бололтой. Ийн тансаглуулагчдынх нь нэг УМБГ-ын дарга асан М.Энх-Амгаланг гэдэг юм. Түүний дүү М.Батцэцэг хаягдал төмөр, арматурын бизнест хүч үзээд авсан нь Ганболд захирлын нөлөө гэнэ билээ.
Энэ мэтээр төрийн мөнгийг хувийнх болгон хувиргах ажилд гаршсан  Ганболдыг Төмөрлөгийн үйлдвэрээс ямартай ч холдуулж. Харин идэж уусан гэх тэр их мөнгийг төр буцааж авч чадах уу гэдэг тун ойлгомжгүй. Аалзны шүлс шиг авлигын торонд  хэрэгдэж орхисон албан тушаалтнуудын ачаар тэр үйлдвэрийн захирал биш ч тэрбумтан хэвээрээ үлдээд байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих