Тамирчнаараа наадсан Холбоог хэрхэх вэ

93df62b18110801dc2ba10a1e2eb5183a294f191Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны Азийн наадмын үеэр сэргээшний дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон манай бөх П.Орхоны барилдах эрхийг хасаж шийтгэсэн. П.Орхон тус холбооны шийтгэлийг давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцэн баталсан ч тусыг эс олж түүний шинжилгээнээс хориотой бодис болох станозолол илэрсэн байдаг. Тиймээс түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 22-ныг хүртэл түдгэлзүүлсэн.

Тэрбээр “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, гадны нөлөөтэй надад нотлох баримт бий” гэсэн ч тус болоогүй. Эх сурвалжийн хэлснээр түүний хоолонд өрсөлдөгч нь юм хийсэн гэх. Харин спортынхон “ тооцоолол алдсан” гэх тайлбарыг өгдөг юм билээ.

Тэгвэл Спортын баг тамирчдын идэх унтах, хооллох, амрах, сексийнх нь давтамжийг хүртэл тооцоолж гаргах ёстой эмч нар байдаггүй юм уу гэх асуулт зүй ёсоор урган гарна.

Спортын шинжлэх ухааныхан энэ тал дээр түлхүү ажиллахгүй бол Монголын тамирчид энэ мэтээр дэлхийд дуурсагдаад байвал тамирчдын амжилтад ч нөлөөлөх нь мэдээж.

Нэгэн зүйлийг эргэн сануулахад Монголын хамгийн хурдан гүйдэг гавьяат тамирчин Б.Сэр-Од нэгэн цагт “Намайг эхнэр маань дасгалжуулдаг. Миний эхнэр миний дасгалжуулагч, бэлтгэл хангагч, эмч мэргэжилтэй” гэж хэлж байсан. Түүнийг ингэж хэлэхэд учир мэдэх ахмад тамирчид спортын шинжлэх ухаан манайд хоцрогдож байгааг хэлж байв.

Өнөөдөр энэ асуудал дээр анхаарах цаг нь болж. Шигшээ багийнхан хаанаас Ч хамаагүй барьдаг илдэг, уламжлалтын гээд эмч нарыг өөрсдөө дур мэдэн авчихсан тохиолдол ч байдаг. Тухайлбал жүдогийн шигшээ багийг О.Балжинням аварга тэргүүлж байхад эмчээр нэг сайн бариач ажиллаж байв. Түүний тухай тамирчид янз бүрээр л ярьдаг байсан… гээд цааш хөврүүлж болно.

Гэхдээ Монголын тамирчдын шинжилгээнээс  сэргээш илрээд байгаа нь зөвхөн тамирчдын, спортынхны асуудал биш. Үүнийг төр засгийн зүгээс, БСШУСЯ-наас маш нарийн зохицуулж өгөх хэрэгтэй болсныг эл асуудал харуулж буй юм. Тухайлбал, Монгол Улс ядуу, төсөв мөнгө муу гээд  шигшээ багийг 1-2 эмчид даатгадаг. Тэгвэл гадаад улс орнууд жин жинд 1 эмч, шилдэг тамирчид тусдаа эмч, хоол зүйч, сэтгэл судлаачтай байх жишээтэй.

Аль юмнаас хоцорч бор зүрхээрээ яваа хэдэн муусайн тамирчдынхаа нэр сүрийг гутаахав дээ.  П.Орхоны асуудалд  Монголын Чөлөөт бөхийн холбоо ч буруутай. Дотроо эв түнжин муутай байгаа нь ийнхүү түүний өөрөө ч үл мэдэх сэргээш хоолонд орчихсон явж байна. Үүнийг тамирчдын асуудал гээд орхиж болохгүй. Өнөөдөр сэргээшийн төрлийн бэлдмэл хийж хорлож байна. Маргааш хор хийгээд үхүүлэхийг үгүйсгэх арга алга. Тиймээс холбогдох байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй байх.

http://erennews.mn/article/28098


URL:

Сэтгэгдэл бичих