Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоогоор явуулахыг олонх дэмжсэн
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 15 цаг 36 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын 6 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2019 ны 12 дугаар сарын 06-ны өдрийн 244 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар орж ажилласан байна.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан гурван удаа хуралдаж, хуулийн төслийн талаарх саналын томьёоллыг бэлтгэснийг Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ төслүүдийн талаарх саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон юм.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгож, сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдах, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх, сонгуулийн сурталчилгаанд сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим орчин ашиглахдаа төлөх төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, сонгуулийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг дэмжсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.
Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариултдаа, 2012 оноос иргэд хурууны хээгээр бүртгүүлж саналаа өгдөг, саналыг сонгуулийн автоматжуулсан систем буюу хар машинаар тоолдог болсон учраас сонгогч давхардуулан санал өгөх боломжгүй, энэ талын эргэлзээг арилгасан гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх учиртай тул улс орныхоо цаашдын ирээдүй, Үндсэн хуулийн хүрээн дэх гарцыг хараад энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоогоор явуулахыг дэмжсэн гэдгийг хэллээ. Харин асуулт асууж тодруулсан эмэгтэй гишүүд Улсын Их Хурлын сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхэд улс төрийн намууд ихээхэн анхаарч, хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэснийг “30-аас доошгүй” гэж өөрчлөн эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг нэмэгдүүлэхийг гишүүддээ уриалж байв.
Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авч, 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбарыг дэвшүүлээд байв. Харин хэлэлцүүлгийн явцад МАН-ын Удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь нэг талаас Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байна гэсэн үндэслэлээр төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй гэж үзээд 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг дэмжээд байгаа юм.
Энэ зарчмын үндсэн дээр ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж, төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэж тус тус өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 36 нь буюу 69.2 хувь нь дэмжлээ. Төслийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг “Нам, эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ” гэж, төслийн 32 дугаар зүйлийн 32.1 хэсгийг “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэр дэвшиж болно” гэж, төслийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг “Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө” гэж, төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
URL: