Худалдааны дайн түр зогссоноор Трамп ялсан уу эсвэл бууж өгсөн үү?

5df9d392dad86Дэлхийн эдийн засагт олон зуун тэрбум долларын хохирол учруулсан худалдааны дайнаа түр зогсоож, эвлэрэл тогтоохоор АНУ, Хятад хоёр шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын энэхүү мини хэлцлийг ялалт гэж нэрлэж байгаа бол өрсөлдөгчид нь түүнийг “бууж өгсөн” гэж дүгнэлээ.

 Харин хятадууд нууцгайхан дуугүй л байна.

Хэлэлцээр байгуулна гэдгийг нэгэнт зарласан, гэхдээ 1 дүгээр сард түүнд гарын үсэг зурна гэж талууд найдаж байна. Трамп ба Хятадын хооронд хийж байсан иймэрхүү хэлэлцээнүүд сүүлчийн мөчид нэг бус удаа бүтэлгүйтэн тасалдаж байсан билээ.

Эвлэрэл тогтоох тодорхой нөхцлүүдийн талаар бид зөвхөн америкчуудын амнаас л сонсож байна. Тэдний батлан ярьж байгаагаар, Хятадын тал ойрын 2 жилийн хугацаанд Америкаас худалдан авах бараа, үйлчилгээний хэмжээгээ 200 тэрбум доллароор нэмэгдүүлэх /дайн эхэлсэн 2017 онтой харьцуулахад/ амлалт өгчээ. Үүний хариуд Америкийн тал Хятадаас импортолж буй бараанд ногдуулсан зарим татвараа бууруулж, 12 дугаар сарын 15-наас хойш шинээр татвар оноохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэхүү мини-хэлцэл нь Хятадтай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээж буй асар их алдагдлыг бууруулж, сөргөлдөөн дэгдэх болсон шалтгаан, уур амьсгалыг зөөлрүүлэх явдал юм. Гэхдээ маргаантай гол асуудлууд шийдэгдэлгүй хэвээр үлдлээ.

Хятадын тал оюуны өмчийг хамгаалах, валютын ханшаар манипуляц хийхээс татгалзах, санхүүгийн үйлчилгээний зах зээлийг либералчлах тал дээр тодорхойгүй бүрхэг үүрэг амлалтууд авчээ. Харин гол асуудлууд болох Америкийн технологийг хулгайлж буй явдал, Хятадын тал дотооддын компаниуддаа татаас олгож байгаа тухай асуудлууд анхаарлын гадна үлджээ.

Энэ бол худалдааны дайн үргэлжлэх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Импичментэй зэрэгцээд худалдааны дайны тухай сэдэв нь 2020 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчөөр хоёрдахь удаагаа сонгогдохыг хүсч буй Трампын сонгуулийн кампанит ажлын нэгэн чухал “фон” байх болно.

Эвлэрэл тогтоох нөхцлүүд

Трамп засгийн эрхэнд гарсныхаа дараа АНУ-ын гол түншүүд болох Хойд Америк дахь хөршүүд, Европын Холбоо болон Хятадын эсрэг худалдааны дайн өдөөсөн билээ. Эдгээр дайны уршгаар дэлхий дахинд 700 тэрбум долларын хохирол учирсан гэх тооцоог Олон улсын валютын сан хийсэн байна.

“Хэлцлийн эхний томоохон үе шатны талаар бид Хятадтай тохиролцож чадлаа. Хоёрдахь шатны хэлэлцээг 2020 оны сонгуулийг хүлээлгүйгээр нэн даруй эхлүүлнэ. Энэ бол бүгдийнх нь хувьд маш гайхамшигтай тохиролцоо. Баярлалаа!” гэж Трамп бичсэн байна.

Бээжингийн хийсэн буултын хариуд Трамп Хятадын 160 тэрбум долларын бараанд ногдуулах татварыг 12 дугаар сарын 15-наас эхлэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байснаасаа татгалзлаа. Түүнээс гадна, Хятадын 120 тэрбум долларын бараанд ногдуулсан 15 хувийн татвараа хоёр дахин бууруулна гэж амлажээ. Харин 250 тэрбумын бараанд ногдуулсан 25 хувийн татвар хүчинтэй хэвээр байх юм.

Трампын хэлснээр бол, дээр дурдсан 200 тэрбум доллароос Хятад улс талыг нь /жилд 50 тэрбум/ Америкийн фермерүүдийн үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах аж. Фермерүүд бол сонгуулийн үеэр Трампын төлөө бүгдээрээ нэгэн дуугаар саналаа өгцгөөдөг хүмүүс билээ. Тэд Хятадын хариу татварын улмаас хамгийн ихээр хохирч байгаа юм. Фермерүүдийн хүлээж буй алдагдлыг төсвийн татаасаар нөхөн өгч байгаа боловч олон жилийн хугацаа зарцуулан байж олж авсан борлуулалтын зах зээлээ алдсандаа тэд гомдоллосоор л байгаа юм.

Америкаас худалдан авч буй улаан буудай, цагаан будаа, эрдэнэшишийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ хятадууд мэдэгдсэн боловч зөвхөн хэрэгцээтэй үед, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнээр л худалдан авна, илүү мөнгө төлж чадахгүй, хэрвээ илүү хямдханыг олох юм бол биднийг бүү буруутгаарай гэсэн санаагаа илэрхийлжээ. Хятадуудын хувьд, тэд хэлцэлтэй холбоотой ямар ч хатуу үүрэг хүлээсэнгүй, мөн Хятадын албан тушаалтнууд ямар нэгэн тоо баримт дурдахаас цааргалсаар байна.

50 тэрбум гэдэг тоог Трамп 10 дугаар сард фермерүүдэд хэлж байсан юм. Тэр үед хэлэлцээр байгуулахаар дөнгөж бэлтгэж байлаа. Одоо нэгэнт тохиролцоонд хүрсэн учраас Трамп өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа бололтой. Гэвч түүний удирдлагад ажилладаг хүмүүс “ерөнхийлөгч хэтэрхий өөдрөг байгааг” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Худалдааны дайн эхлэхээс өмнө Хятад улс жилд 24 тэрбум долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг АНУ-аас худалдан авч байв. Одоо яригдаж буй худалдааны хэлцлийн эхний үе шатанд хятадууд худалдан авалтаа 16 тэрбумаар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухай АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер ярьсан байна. Тэгэхээр нийт үнийн дүн нь жилд 40 тэрбум болно.

Трампын мини-хэлцэл нь Америкийн эрдэнэшиш Хятадын зах зээлд дахин гарах боломжийг олгоно 

Худалдааны хатуу бодлого явуулахыг дэмжигчдийн нэг болох Лайтхайзер цааш нь хэлэхдээ “Хятадын тал дахин 5 тэрбумыг жил бүр зарцуулахыг хичээнэ гэдгээ амласан. Тэгэхээр хамгийн ихдээ л 45 тэрбум доллар болж байна, 50 тэрбум биш шүү дээ” гэлээ.

“Үг дуугүй бууж өгсөн нь”

50 тэрбум долларын худалдан авалт бодит зүйл боллоо ч гэсэн АНУ-ын хувьд энэ нь худалдааны дайнаас хүлээсэн алдагдлынх нь тодорхой хэсгийг л нөхөж байгаа, түүнээс биш тус улс гол зорилгодоо ойртож ч очоогүй гэж Ардчилсан намын улс төрийн өрсөлдөгчид нь Трампыг буруутгаж байна. Гэхдээ тэд худалдааг ивээх бодлого /протекционизм/ ба Хятадтай сөргөлдөх бодлогыг ерөнхийд нь дэмждэг боловч Трампын хувьд түүнд хориглолтоос давшилтанд шилжих стратегийн бодлого ч алга, чадвар ч алга гэж шүүмжилсээр.

“Хятадтай хийсэн тохиролцоо бол үг дуугүй бууж өгсөнтэй адил гэж бид үзэж байна. Худалдааны дайны улмаас Америкт 300 мянган ажлын байр үгүй болж, харин Хятад улс үүний хариуд бүтцийн өөрчлөлт хийх талаар ямар ч хатуу үүрэг амлалт авсангүй. Жинхэнэ бүтэлгүйтэл гэдэг бол энэ” хэмээн Ардчилсан намаас сонгогдсон Сенатын гишүүн Крис Мерфи бичжээ.

Тэрбээр салфеткан дээр нэгэн тоо бодсоноо үзүүллээ: Гэрээ хийснээр фермерүүд 29 тэрбумын орлого олно, харин худалдааны дайнаас тэдний хүлээсэн алдагдал 11 тэрбум, хөдөө аж ахуйд олгосон нөхөн төлбөр нь татвар төлөгчдийн 28 тэрбум доллар. Тэгэхээд бидний алдагдал ба зардал 39 тэрбум доллар, орлого нь 29 тэрбум болж байна. Гайхамшигтай үр дүн байгаа биз” гэж сенатч егөөджээ.

Ардчилсан намынхны хувьд, тэд бүгд найрамдахчуудын сэдсэн тулааны тактик ба удирдлагыг шүүмжилж болох юм. Гэхдээ Ардчилсан нам энэ тулааны туйлын зорилгод хэзээ ч эргэн тээнэгэлзэж байгаагүй билээ. Гол зорилго бол Хятадтай хийж буй худалдаанд гарч байгаа гажуудлыг арилгах, өөрийн дотоодын асар том зээл дэх тоглоомын дүрмийг шударга болгохыг Бээжингээс шаардах, оюуны өмчийн хулгайг таслан зогсох явдал билээ.

Энэ бүхнийг хийхгүй бол АНУ технологийн ба эдийн засгийн давуу талуудаа алдана. Эл тохиолдолд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үл хамааран сөргөлдөөн үргэлжлэх нь тодорхой. “Блүүмбэрг” агентлагийн үзэж байгаагаар, Трамп засгийн эрхэнд байсан хугацаанд америкчуудын ухамсарт Хятад улс дайсан мэтээр дүрслэгдэх нь улам гүнзгийрчээ. Ерөнхийлөгчид өрсөлдөж буй Ардчилсан намын нэр дэвшигчдийн хувьд тэдний хэн нь ч “хэрвээ ялбал Хятадын бараанд ногдуулсан татварыг цуцлах” талаар ганц ч үг ганхийхгүй байна.

Хятад бол АНУ-ын хамгийн том худалдааны түнш 

 Маш хэцүү байх болно

“Эхний үе шатны жижигхэн тохиролцоо /мини-хэлцэл/ нь түр зуур амьсгаа авах боломжийг олгож байгаа болохоос биш худалдааны дайны ерөнхий дүр зурагт ямар ч өөрчлөлт гарсангүй. Учир нь, гол маргаантай асуудлууд огт хөндөгдөөгүй үлджээ. Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Вашингтоны зүгээс Хятадаар бүтцийн өөрчлөлт хийлгэх ёстой болно. Хэрвээ ингэхгүй бол хэлцлийн “хоёрдахь үе шат”-ыг эхлүүлэх, дайны ялалтаар дуусгах боломжгүй юм

Хятад ч мөн адил алдагдал хүлээж, эдийн засгийн өсөлт нь саарч байна. Гэвч тус улс өнөөдрийг хүртэл ямар нэгэн томоохон буулт хийгээгүй ба тэсч үлдэж чадна гэдгээ харуулсаар. АНУ-д төр засаг солигдож магадгүй байгаа үед Бээжингийн эрх баригчид Трампын санаанд нийцүүлэн өргөн хэмжээний шинэчлэл хийнэ гэдэгт итгэж буй хүн тун цөөхөн. Эвлэрлээс энхийн гэрээнд хүрэх зам маш хүнд хэцүү байх болно гэдгийг Цагаан ордон хүлээн зөвшөөрч байгаа.

 “Тун хүнд хэцүү байх болно. Хоёр улс өөр өөр тогтолцоотой. АНУ-д одоогийнхоос илүү ашигтай байлгахын тулд эдгээр тогтолцоог хооронд нь уялдуулах арга замыг хайхаас аргагүй” гэж Лайтхайзер хэлэлцээний дараагийн үе шатны талаар дүгнэн хэллээ.

Ирээдүйн энхийн хэлэлцээнд тавьж буй итгэл найдвар ч гэсэн, худалдааны дайны одоогийн эвлэрэлд тавьж буй итгэл найдварын аль аль нь хэврэгхэн хэвээр байгааг Төрийн Департаментад зөвлөхөөр ажиллаж байсан Чарльз Идел сануулан дурдсан байна.

“Үйл явц яаж ч төгслөө гэсэн Хятад, АНУ-ын хооронд үүссэн түгшүүрт байдал намжих нь юу л бол” хэмээн тэрбээр завсрын хэлэлцээрийн тухай зарлан мэдэгдэхээс өмнө дүгнэн бичиж байв. “Вашингтон, Бээжин хоёрын зорилго нь зарчмын хувьд эсрэг тэсрэг төдийгүй хоорондоо огт таарч нийцдэггүй байж ч магадгүй. Тэгэхээр тэдний хооронд хийгдэх аливаа хэлцэл нь түр зуурын шинжтэй, хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд, хэсэгчилсэн тохиролцоо байх болно”.

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-50795523


URL:

Сэтгэгдэл бичих