Ял эдэлж байсан ч хэргийг нь цагаатгасан бол сонгуульд нэр дэвших эрхтэй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим орчин дахь сурталчилгааны саналтай холбогдуулан нэрээ нуусан хаяг болон утас тагнаж, чагнаж сонгуулиар ил болгодог асуудлыг зохицуулж байгаа эсэхийг тодрууллаа. Мөн ялын тогтоолтой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт шаардлагатайг хэлж байв. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир “Хуулийн төсөлд цахим орчин ашиглаж, сурталчилгаа явуулах, үүнийг цагдаагийн байгууллага хянах зохицуулалтыг тусгаж байгаа” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ял эдэлсэн ч хэргийг цагаатгасан бол нэр дэвших боломжтойг хэлж байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүчин, авлига, албан тушаал, улс орны эрх ашгийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг ШИНЭ нам болон парламентад суудалгүй намууд гаргаж байгааг хэлээд энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураалгахыг хүсэв.
Eagle.mn
URL: