Хар тамхины хэргээр шүүгдэж буй Стивен Ричфиелд English school of Mongolia-ын сургалтын албаны даргаар ажиллаж байжээ
- Хувийн сургуулиудад багшилдаг гадаад иргэдээс шээс, цусны шинжилгээг тогтмол авч урьдчилан сэргийлье
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан дэлхийн хамгийн том хар тамхины сүлжээ Монголд нэвтрэх гэж байсныг таслан зогсоосон талаар манай сонин мэдээлж байсан бөгөөд хэрэгт холбогдогч нь Тольт сургууль болон гадаад хэлний Upline сургалтын төвд багшилдаг байсан нь сэтгэл сэртхийлгэм мэдээ байв. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 16-нд хар тамхи хэрэглэсэн үед нь баривчилсан DJ Steve /Стивен Жеймс РичфиелдУайт/ гэгчийг нэгжихэд мансууруулах бодис, бэлгийн чадавх сайжруулах эм бэлдмэл авч явсан нь тогтоогдсон. Түүнийг өдгөө гадуур байцааж байгаа юм. Тэрбээр олон жилийн өмнөөс Монголтой холбоотой байсан ба баривчлагдахын өмнөхөн аяллын визээр дахин орж ирээд удаагүй байсан ба “Рояал” академийн шинээр байгуулсан “Тэрэлж боардинг” сургуульд багшлахаар гэрээ байгуулах гэж байв. Тиймээс шүүхээс Стивен Ричфиелдийн хэргийг шийдвэрлэтэл “Рояал” академид Монголд байрлах байраар хангах үүргийг өгсөн юм. Одоо тэрээр “Их засаг” их сургуулийн гадаад багш нарын байранд амьдарч байна. Тэгвэл Стивен Ричфиелдтэй холбоотой шинэ баримт гарч ирлээ. Тэрбээр “И Эс Эи” буюу The English school of Mongolia олон улсын дунд сургуульд 2012-2015 онуудад сургалтын албаны даргаар ажиллаж байжээ. Ази дахь Их Британийн олон улсын дунд сургуулиудын холбоо FOBISIAгийн 2016-2017 оны гишүүдийн гарын авлага дахь багш нарын танилцуулга дунд Стивен Ричфиелдийн нэр, хаяг байдаг. The English school of Mongolia ч тус байгууллагын гишүүн гэдгээ албан ёсны сайт дээрээ бахархалтайгаар зарладаг билээ. Харин багшлах боловсон хүчнээ сонгохдоо алдаа гаргадаг бололтой. Стивен Ричфиелдийг сургалтын албаны даргаар ажиллаж байх үед сургуулийн ажилтан болон багш нар түүнтэй холбоотой олон гомдол, шүүмжлэл хэлдэг байсан ч захирал Грэм Хилл үл тоомсорлодог байжээ. Мөн эх сурвалжийн өгүүлснээр тус сургуульд багшилж байсан Жак Мэйдовс нь өнгөрсөн зун насанд хүрээгүй эрэгтэй хүүхдэд бэлгийн дарамт учруулах гэж байгаад баригдсан байна. Улмаар хэрэг нь илрэх үед Монголоос зугтааж гарсан аж. Монголчууд хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд өгөхдөө ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байна гэж үздэг. Гадаад багштай тул багаасаа унаган англи хэлтэй болсон хүүхдүүд нь дэлхийн иргэн болно гэж найддаг. Харамсалтай нь энэ мэт мансуурагч, хүчирхийлэгчдийн гарт үр хүүхдээ даатгаж байгаагаа мэддэггүй. Гадаадын иргэн харъяатын газар, цагдаа, тагнуул, боловсролын байгууллага, мэргэжлийн хяналт гээд холбогдох бүх газар энэ асуудалд хяналт тавьж, шалгуураа өндөржүүлэх цаг болжээ. Хар тамхичид өндөр төлбөртэй хувийн сургуулийн багш гэсэн нэрээр халхавч хийн, санхүүгийн боломжтой айлын хүүхдүүдийг уруу татахыг санаархдаг юм биш биз гэж сэжиглэхэд хүрч байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хар тамхитай холбоотой хэрэг үйлдсэн нь тогтоогдвол 1220 жил эсвэл, бүх насаар нь хорих ял оноохоор тусгаж буй. Гэхдээ нийгмийн аюул болсон хар тамхины хэргийг үйлдсэн хойно нь шуугиж, ялын бодлого ярьж суухын оронд ядаж хувийн сургуулиудад багшилдаг гадаад иргэдээс шээс, цусны шинжилгээг тогтмол авч байвал урьдчилан сэргийлэх бодит ажил болно.
Б.Энхжаргал
ЗГМ
URL: