Луугийн хүчнээс эмээхийн учир

5425101572670445506_900_x_634

  • Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй
  • Зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх нь чухал
  • Дотоодын банкуудын активтай нь харьцуулбал жилийн 1,04-2 хувийн ашигтай. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 8-9 хувийн л ашигтай ажиллаж байна шүү дээ
  • Үнэндээ гадаадын банкууд эрсдэл багатай том аж ахуйн нэгжид зээл олгодог нь судалгаагаар нотлогдсон. Үр дүнд нь жижиг, дунд аж ахуйн нэгжид зээлийн хүү буурна гэж юу л бол
  • Хэдийгээр өнөөдөр Хятадын төрийн банк хэн нэгний хүсэл мөрөөдлөөр ороод ирчихгүй ч их гүрний бодлого Монголд хүч түрэн хэрэгжихгүй гэх баталгаа алга
  • Газар, лиценз гээд амин чухал зүйлсийг барьцаалах эрхтэй гаднын банкийг оруулахыг манай улс хойшлуулсаар ирсэн нь нэг талаар Монгол төрийн зөв бодлого
  • “Эцэстээ үндэсний эдийн засгийн бодлогоо өөрөө удирдах уу, эсвэл хараат болох уу гэдгээ муугаар шийдэхдээ тулах хувилбар юм”
  • Энэтхэг, Индонезид энэ үзэгдэл бүр хүчтэй илрэв. Өөрчлөлт дотоодынх нь том банкуудын ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөв. Жижиг, дунд гэхээс илүүтэй том компани, аж ахуйн нэгж, байгуул­лагуудад зээл олгох нь бүр хэтийдсэн асуудал болсон байна

“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээг­дэнэ”. Мэргэдийн ийм нэгэн сургаалыг зорин байж сануулж,  бодон байж сэрээхийг хүссэнд минь учир бий. Аюулгүйн эхний алхмыг бол­гоомж хэмээн оношилдог. Тэгвэл чухам юунаас, яагаад бол­гоомжлох ёстой вэ? Бидний өмнө аюул тийм ойрхон байгаа гэж үү? Асуултын хариултыг, болгоомж хүсэн учирласан шалтгаанаа Танд ойлгомжтой хэлбэрээр, тайлбар­лан хүргэхийг хичээлээ, Та мэр­гэн оюундаа тунгаана уу! 

Ирээдүйн нөлөө ба тусгал

Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх хүчтэй салбар юу вэ? Мэдээж Гадаадын банкны салбар (ГБС) манай улсад үйл ажиллагаа явуулах, эсэх тухай юм. Тэр тусмаа хаяа зэргэлдээ хэт хүчирхэг хөрш улсын банкны салбар орж ирвэл зөв зохистой биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой гэдгийг юун түрүүнд бодоорой. Богино хугацаанд биш юм гэхэд алс хэтдээ. Таагүй үр дагаврыг товч дурдъя. Нэгдүгээрт, манай үндэсний банкууд томоохон хэмжээнд өрсөлдөх чадваргүй байна. Хоёрдугаарт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын чанартай зээл олгодог. Энэ ч утгаараа “сорчлох ажиллагаа” шууд өрнөнө. “Сорчилно” гэдэг нь, манай жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихээсээ илүүтэй тухайн улсын санхүүжилтээр өндийж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрөхийг хэлээд буй хэрэг. Гуравдугаарт, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан автоматаар өснө. Дөрөвдүгээрт, энэ бүгдийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байна. Ийм таагүй дүгнэлтээр угтвар ивж, хардан болгоомжлоод буйд минь олон шалтгаан бий. Монгол Улс ГБС­ыг оруулж ирэхэд бэлэн биш байна, өнөөдөр. Юуны өмнө банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодитой бодлого хэрэгжүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай байна. Зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх нь чухал. Монгол Улсын банктай хол­боотой 55 гаруй хуулийг энд заавал дурдмаар байна. Өө сэв ихтэй, дутуу дулимаг хуулиудыг Төв банкны болон бусад холбогдох яам, агентлагийн үе үеийн чадваргүй гэхээсээ илүүтэй улс орноо сэтгэл зүрхнээсээ хөгжүүлье гэсэн бодолгүй, сэтгэл муутай, онол муу мэддэг гэхээсээ хүнд сурталд автагдсан, бодит амьдрал дээр бизнес яаж хийдгийг ойлгодоггүй, туршлагагүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид тухайн үеийнхээ УИХ­ын хол­богдох гишүүдтэй нийлж, хамтран боловсруулж баталснаас үүдэлтэй. Үнэндээ бидний тулгамдсан асуудлын нэг нь энэ. Харж, сэрэх, шийдвэрлэх учиртай асуудал нэг бус байна. Жишээлэхэд, өнөөдөр Монголд 13 арилжааны банк нэг салбарт яг ижил бизнесээр өрсөлдөж байна. Ингэснээр аль алинаа хоосруулж (олсон нэг төгрөгийн орлогоо 13 хуваана гэсэн үг), хүчээ тарамдуулахаас цаашгүй. Гэтэл үүнийг бодлогоор зохицуулж, цөөлөх талд ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Угтаа “Манай банкны салбарын бодит төрх мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогчид буюу удирдагчдын маань толины тусгал” юм.

Хамаарал

Юун түрүүнд, гаднын банкны Төлөөлөгчийн газрыг, салбарыг нь оруулж ирэх, эсвэл охин компанийн хэлбэрээр үйл ажил­лагааг нь дотоодод ажиллуулах гэдгийн ялгааг тайлбарлая. Төлөөлөгчийн газар бол толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй. Тодорхой судалгааны шинжтэй, Төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаанд төвлөрдөг. Салбар банк нь Монголд байрлаж байгаа ч гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөц, удирдамж, чиглэл, бодлогоор шууд өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, манай хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсынхаа холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. (Бидэнд тун осолтой хэлбэр) Охин компани гэдэг нь дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн дагуу өрсөлдөнө. Бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдана. Эндээс харахад бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдэг тодорхой байгаа биз. Монголд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар охин компаниа байгуулсан банк гэвэл “Чингис хаан”, “Кредит”. Охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад хүртэл төрийн өмчлөлтэй банк уу, хувийнх уу, бүр цаашлаад хөрш улсынх уу, гуравдагч улсынх уу гээд олон зүйлийг хоршуулан тунгаан бодолцох ёстой. Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд бусад аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид хийдгээ л хийнэ. Түүнээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох бүү хэл нөлөөлөх ч боломж бага. Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна бүгдийг онилж чадна. Тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт гэх мэт олон зүйл дээр дэмжих эсэх, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийдэг. Жишээ татъя. Уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд улирлын ажлууд байна. Тэнгэр цаг агаарт тааруулан тохируулж, шийдэл шийдвэрээ даруй гаргахгүй бол шууд жил алддаг бизнес. Ийм бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлтээс гадна банкнаас зээл олгох уу, үгүй гэдэг шийдвэр хамааралтай. Банк хэн нэгний зээлийг хатуу шаардлагаар ганц долоо хоног уяхад л дотоодын аж ахуйн бизнесийн үйл ажиллагааны горим алдагдаж, төлөвлөгөөнд нь эрсдэл үүсдэг. Энэ бол аливаа бизнест чөдөр болдог нэг жишээ. Газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарын аж ахуйн нэгжүүдийн бизнес давтамжийг хоёр, гурван жил чөдөрлөж түвэг удахад л бүх зүйл ганхана. Барьцаагаа алдахаас эхлээд ар араасаа ханарна гэсэн үг.

Гинжин хэлхээ

Сүүлийн дөрөв, тавхан жилд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн цаана найман хувийн зээлээр байртай болсон өрх хэдийнээ 100 мянгад хүрсэн. Энэ том ажилбарын маш чухал ач холбогдлыг иргэд үнэндээ мартчихдаг. Барилгын салбар дахь мэргэжлийн болоод бусад үйлчилгээ, электрон бараа, мебель тавилгаас эхлээд л худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ энд хамаатай. Бүх үйл ажиллагаа мөнөөх найман хувийн зээл гэх том хүчин зүйл дээр босож өндийж, амьсгалж байна. Төрийн бодлогоор нэгнийгээ дэмжих том, шинэ орон зайг банкныхан ийнхүү бий болгосон юм. Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Хүмүүс зээл авах бололцоо байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт юм. Монгол Улсын энэ үзүүлэлт муугүй. Бодоод үз дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгж Танд олдох болов уу. Хүртээмж сайн, боломж бололцоотой байгаагийн илрэл энэ. Гэтэл үүнийг сөрөг талаас нь харж, “зээлгүй хүн алга” хэмээн толгой сэгсрэн шогширдог нь харамсалтай. Нөгөө талыг харвал, зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн том асуудал байдаг нь гарцаагүй үнэн. Уг нь төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд, түргэн шийдвэрлэх шийдэл хангалттай бий.

Өрсөлдөөн

Зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах ямар шийдлүүд байж болох вэ. Нэн тэргүүнд, Арилжааны банкууд иргэдийн хугацаатай хадгаламжид жилийн 11­-14 хувийн хүү төлдөг. Үүнийг УИХ, Монголбанкнаас буулгах бүрэн боломжтой. Мөн өдөртөө, маргаашдаа, богино хугацаанд мөнгө нь гардаг харилцах дансанд буюу урсгал дансанд банкууд тав хүртэл хувийн хүү төлдөг явдлыг хориглох гээд шийдлүүд байна.

Үнэ цэнэ

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын лиценз эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог. Тухайн банк нь барьцаалсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй. Эндээс харахад, гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах эрх нээлттэй. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн заалтаас сөхье. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүрэн төлөөгүй, мөн барьцааны зүйлийг аль нэг этгээд дуудлага худалдаагаар аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөрт тооцож, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх боломжтойг уг хуулийн заалтаас харж болно. Модун Шанью хаан “Газар бол улсын үндэс” хэмээсэн. Ухан ойлговоос, үнэ цэнийг нь шууд үнэлж боломгүй, огтоос ондоо амин чухал хөрөнгө гэж байдаг. Манай үндэсний компаниуд, банкууд төлөвшиж, томроогүй байна. Чухам ийм үед газар, лиценз гээд амин чухал зүйлсийг барьцаалах эрхтэй гаднын банкийг оруулахыг манай улс хойшлуулсаар ирсэн нь нэг талаар Монгол төрийн зөв бодлого. Энэ ч утгаараа нөхцөл бүрдэж, бэлэн болсон цагт л үйлдэл хийх нь зүйтэй. Гадаадын банкны салбарыг оруулах бол урт хугацааны бодлогын асуудал. Туршиж үздэг ч зүйл биш. Больж, сольдог зүйл бүр ч биш. Ийн болгоомжлоод буй олон шалтгааны бас нэг нь барьцаа хөрөнгө. Учир нь хэн нэгний хувийн аж ахуй гэлтгүй их хэмжээний зээл авсан томоохон төсөл, бизнесийн барьцаа хөрөнгө гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжих бололцоо нээлттэй байна, өнөөдрийн хуулиар. Тэд хураан авснаа өөрийн улсын компани, эсвэл иргэнд ямар үнээр шил­жүүлэх нь тэдний бүрэн эрхийн асуудал болчихож байгаа юм. Тэрчлэн, Монгол Улсын Газрын тухай хуулийг сөхөөд нэг хараарай. Гаднын банк газар эзэмших эрхийг ч барьцаалах боломж нээлттэй. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай өнөөгийн хуулиар ч тэр гадаадын банк нь зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.

Хандлага

Дахиад нэг эрсдэл. Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар гадаадын банк нь Монголд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд зээлдэгч иргэн, хуулийн этгээдийн зээл, түүнтэй холбоотой мэдээлэл, лавлагааг онлайн болон бичгээр авах бүрэн эрхтэй. Тус хуулийн 6 дугаар зүйлд “Зээлийн мэдээлэл” гэдэгт яг юу байдгийг тодорхой заачихсан байгаа. Товчхондоо бол санхүүгийн салбарын, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх эрсдэл энэ биш гэж үү. Муугаар бодоход, гаднын банк, аль нэг ажилтан нь шударга бус үйлдэл хийхээр шийдвэл харилцагчдын талаарх мэдээллийг өөрт ашигтай ямар ч хувилбараар эргэлдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Хэрэв иймдээ тулбал, манай улсын хуульд шууд захирагдахгүй. Гаднын иргэн, хувь хүний үйлдэлд үзүүлэх хүч мөхөсдөнө. Бид яах ёстой вэ? Гаднын банк, ямар нэг зээлдүүлэгч, хөрөнгийн эх үүсвэр хэмээхээс илүүтэй эхлээд байдлаа бодитойгоор харах нь чухал. Монголоор овоглосон байгууллага бүр ажилтнууддаа яаж боломжийн цалин олгох, зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр боломжит бүх талаас нь тунгаан бодож, ямар нэг арга хэмжээ авмаар байна. Гол нь үүнд төрийн бодлого үгүйлэгдэж байна. Өнгөрсөн 29 жилд, тодруулбал, 1990 оноос хойш Монголын төр зээлийн хүүг бууруулах талаар юу хийв. Банкны салбараа бусад улс орон шиг санхүүгийн талаар дэмжсэн дорвитой, учир утгатай бодлого хэрэгжүүлсэн билүү? Шуудхан хэлэхэд ҮГҮЙ. Тэрчлэн, дотоодын банкуудаа хагартлаа баяжигсад, мөнгө хүүлэгчид, ард түмнээ тоногсод хэмээн адлан буруутгадаг популист хандлага улам бүр батажсаар байна. Үнэндээ Та бидний боловсролын түвшин муу, хандлага буруу байгаа цагт энэ хандлага өөрчлөгдөхгүй. Банктай холбоотой хоёрхон тоо хэлье. Дотоодын банкуудыг активтай нь харьцуулбал, жилийн 1.04­2 хувийн ашигтай. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 8­-9 хувийн л ашигтай ажиллаж байна шүү дээ.

Хомсдолд дөрөөлсөн бодлого

Гаднын банкны зорилготой үйл ажиллагаанаас эмээхийн учир юу вэ? Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хямралтай, буурай хөгжилтэй байгаа нь гаднынхан дөрөөлөх таатай хөрсийг бүрдүүлж буй хэрэг. Ашиг шимтэй бүхнийг зээлээр дамжуулаад эзэмшигчдээс нь авах, бидний эдийн засгийг мөнгө болоод зээлийн хомсдолоор ганхуулах, зээлдэгчдэд бодлоготой, ялгаатай хандах гээд ойлгочхож (Хөгжихгүй байгаа Ази, Африк, Латин Америкийн орнуудын туршлагаас харахад) болно. Жишээлэхэд, алтны лицензтэй ижил хоёр компанийн үзүүлэлт яг адил байлаа ч зээлээр аль нэгийг нь дэмжихээс л босох, сэхэх нь эхэлнэ. Түүнчлэн, “амыг нь мөнгөөр таглах” явдал гарвал яах вэ, бид. Өнөөдөр хуучин социалист зүүн Европын орныхон зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парисыг зорьж байна. Үүнтэй адил монголчууд Бээжинг “хүсдэг” болж ч магад. Зүүн Европын орнууд банкуудаа барууныханд алдсан. Энэ нь бид  хэзээ ч туршиж байгаагүй зүйл болох Гадаадын банкны салбар байгуулахад гарах эрсдэлийг ухан ойлгож, урьдчилан сэргийлэхийг сануулсан тод жишээ, үйл явдал мөн. “Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улс үүндээ хэдий харамсан гундуу байх ч, эргэж буцах тал дээр хэрхэхээ мэдэхгүй бухимдаж сууна”. Яагаад заавал Бээжин гэж …? Чухам Бээжин рүү мордох уу, Лондонг зорих уу гэдэг тухайн банк хаанахын өмчлөл, харьяалалтайгаас шалтгаална. Хуучин социалист орнуудын дийлэнх нь өөрийн үндэсний арилжааны банкгүй болсон. Яагаад гэвэл зах зээлд ороод учраа мэдэхгүй мунгинаж байх хооронд баян бөгөөд хөгжчихсөн өөр улс орнууд банкуудыг нь худалдаад авчихсан. Ийм Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улс үүндээ хэдий харамсан гундуу байх ч (бандан пад), эргэж буцах тал дээр хэрхэхээ мэдэхгүй бухимдаж сууна. Унгар, Болгар, Чех, Румын, Польш зэрэг улсын банкируудтай уулзаж, ярилцаж явахдаа үүнийг мэдсэн, харсан, харамссан. Хямрал болох ахуйд барууны банкууд нь зээлээ зогсоочихно. Хэдхэн жилийн өмнө Унгар улсын тухайн үеийн Засгийн газар барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй хэмээн “ёс зүйгүй үйлдэл” хийж байв. Арга ядахдаа л ийн гэдийхэд хүрсэн нь тодорхой. Нэгэнт мөнгө өгсөн бол банкууд зээлээ, хүүтэй нь буцаан авч л таарна. Олон улсад баталгаажсан, мөрддөг хууль дүрэм гэж бий.

Үзэн ядалт

Монгол Улс олон арван жил хөршүүдтэйгээ энхтайванч, найрамдалт харилцаатай явсаар өдгөөг хүрсэн. Энгийнээр хэлбэл, бидний хооронд зарим нэг асуудлыг эс тооцвол өөр ямар нэг улс төрийн болон бизнес, аж ахуйн хэрүүл алга. Энэ нь бидэн шиг цөөхүүлээ, буурай орны хувьд маш чухал үнэлгээ. Тэр ч утгаараа ялангуяа, их гүрнүүд болох хөрш улсын төрийн өмчлөлтэй банкны салбарыг оруулж ирээд цагийн явцад хүндрэлтэй асуудал үүсвэл үр дагавар нь тун онцгүй байхыг олон олон жишээ, тайлбараас ойлгож буй биз ээ. Хэтдээ “Монголын төр мөнгө хүүлэгчдийн аманд иргэдээ, улсаа өглөө” гэсэн үзэн ядалт нийгэмд үүсвэл яах вэ? Хоорондоо дайтах уу, үүнээс хэн хожих билээ… “Хятадын төрийн банк ороод ирвэл ажил жигдрээд, амьдрал сайжраад, улсаараа хөгжинө” хэмээн хээвнэг ярьж суух хүмүүс ч байх юм. Ийм бодлогогүй, мэдлэггүй, богино бодолтой хүмүүс бидний дунд байгаа нь эмгэнэл биш гэж үү. Хэдийгээр өнөөдөр Хятадын төрийн банк хэн нэгний хүсэл мөрөөд лөөр ороод ирчихгүй ч их гүрний бодлого Монголд хүч түрэн хэрэгжихгүй гэх баталгаа алга. Ер нь бол гаднын банк манайд хаалгаа нээж болно. Харин тэднийг өрхөө татаж, үүдээ нээхээс нь өмнө бид тулгын чулуу, хана, баганаа өөрсдөө тун сайн бэхэлсэн байх учиртай. Зохицуулалт, хязгаарлалт, учир утгатай болзол, нөхцөлөө хууль, журам, гэрээндээ тодорхой тусгаж өгөх ёстой. Мэдээж улс орон бүр эдийн засгийн багтаамж, улсын хэмжээний чадамж буюу потенциал, газар зүйн байршил гээд хамааралтай бүгдийг тооцож, судалж, бодон байж хариу үйлдэл үзүүлдэг байж таараа.

Хүний хүн

Судалгаанаас харахад, гадаадын банкуудын үйл ажиллагааны зорилго, арга барил, хамрах хүрээ харилцан адилгүй байна. Зүүн Европын орнуудад гадаадын банкууд тухайн улсын дотоодын банкуудын дүрмийн санд хөрөнгө оруулах, худалдаж авах, нэгтгэх замаар нэвтэрсэн тохиолдол давамгайлжээ. Харин Зүүн Азийн орнуудад охин компани, салбар байгуулах замаар үйл ажиллагаа явуулах нь хэвшил болсон байна. БНСУ­ын жишээг харъя. ГБС орж ирснээр өрсөл­дөөн нэмэгдэж, дотоодын банкуудын зардлын үр ашигтай байдал сайжирчээ. Харамсалтай нь, аж ахуйн нэгжүүд дэх зээл олголтын хандлага жижиг, дундчуудад илүү хүндрэлтэй болсон байна. Энэтхэг, Индонезид энэ үзэгдэл бүр хүчтэй илрэв. Өөрчлөлт дотоодынх нь том банкуудын ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөв. Жижиг, дунд гэхээс илүүтэй том компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад зээл олгох нь бүр хэтийдсэн асуудал болсон байна. Мьянмар улс (54 сая хүн амтай)­ын Төв банк гаднын банк салбараа байгуулахыг зөвшөөрсөн. Сонирхол татах хэд хэдэн болзол тэд тавьжээ. Нэгдүгээрт, улс даяар ердөө ганцхан салбар банк үйл ажиллагаа явуулна. Ингэснээр цаг хугацааны эрхээр тухайн банкны үйл ажиллагаа ханасан хэмжээнд, тодорхой хязгаарт баригдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, гаднын банкны салбар Мьянмарын жижиглэнгийн салбарт орол­ цохгүй. Гагцхүү том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь Мьянмарын улсаа хөгжүүлэх өөрийн үндэсний бодлоготой нийцэж байгаа юм. Гуравдугаарт, валютаар зээл олгож болно. Харин үндэсний мөнгөн тэмдэгтээр болохгүй. Дөрөвдүгээрт, өөрийнх нь Төв банканд 20 тэрбум ам.долларыг жилийн нэг хүртэл хувийн хүүтэй, 30­-40 жилийн хугацаатай зээлдүүлсэн цагт л зөвшөөрнө. Мьянмарын Төв банк нь энэхүү зээлдүүлсэн мөнгийг өөрийн рейтингээр дотоодынхоо арилжааны банкууддаа хуваа­рилан (дотоодын банкуудаа санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоох зорилгоор) зээлдүүлнэ гэсэн болзол тавьсан байна. Эндээс харахад, алсаа бодсон зөв бодлого байж ч болно. Үүнийг цаг хугацаа харуулна. Гэхдээ бидэнд одоо зөв, буруугаар талцан цаг алдах эрх алга. Монголд л ашигтай хувилбараар, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байхаар гаднын банкуудтай зөв зүйтэй, илэн далангүй хэлэлцэх чадамжтай, бэлэн байх нь чухал. “Харамсалтай нь, манай удирдагчид гадаадын Төрийн өмчит банкийг шууд урьж залах хандлагатай байна”. Хүний хүн шиг бус, өөриймсөг сэтгэлгээ, үнэнч сэтгэл дутагдаж байна, бидэнд…

Төсөөлөл

Харин одоо гаднын банк орж ирвэл гайхалтай хөнгөлөлт үзүүлж, зээлийн хүү буурна гэх нийтэд нэлээд түгсэн ул суурьгүй ярианд анхаарал хандуулъя. Яг бодит байдлыг анзаарч нэг хар даа. Хөрөнгө оруулагчид бидэнд бага хүү амлаагүй байна. Амлах ч үгүй. Гадаадын 63.7 хувийн хөрөнгө оруулалттай “ХААН банк”, 77.9 хувийн хөрөнгө оруулалттай “ХасБанк”­ны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхтай адил байгаа. Тэрчлэн, манай улсад гадаадын банк орж ирснээр дунд болоод урт хугацаанд зээлийн хүү өнөөгийнхөөс 4­-5 нэгж хувиар буурах юм гэнэ. Ингэснээр хөгжиж буй орнуудын дундаж түвшин болох 13.3 хувь руу орох боломжтой гэсэн таамаглалыг зарим мэргэжилтэн тооцоолжээ. Манай судлаачдын авсан жишээнээс харвал, Энэтхэгийн хувьд гадаадын банкуудаас олгосон нийт зээлийн 80 хувь нь аж үйлдвэр болон том аж ахуйн нэгжүүдэд хуваарилагджээ. Нийт зээл нь Энэтхэг улсад өндөр ашигтай ажилладаг аж ахуйн нэгжүүдийн 10 хувь дээр эергээр нөлөөлсөн. Харин бусдынх нь зээл авах боломж найман хувь буурсан байна. Үүнийг дагаад дотоодынх нь банкуудаас жижиг аж ахуйн нэгжүүдэд олгох зээл буурсан үзүүлэлт гарчээ. Банк харилцагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчдоос хадгаламж, харилцах данс, бонд зэргээр хөрөнгө мөнгө цуглуулна. Ямар нэг төлбөрийг түргэн гүйцэтгэхэд шаардагдах буюу байгаа хөрөнгийнхөө 40 орчим хувийг нь бэлэн хадгалж, 60 орчмыг нь өөрт ашигтайгаар хүүтэй зээлдүүлнэ. Тиймээс мөнгөө 100 хувь зээлд гаргахгүй. Харилцагчдын нэг нь өнөөдөр ч, маргааш ч ирээд авч магадгүй мөнгөнд төлдөг хүүгээ олоод, үйл ажиллагаагаа санхүүжүүлээд, ажилтнуудаа цалинжуулаад, хүмүүсийн хөрөнгө мөнгийг бүрэн бүтэн бариулж, санхүүгийн зуучлал хийдэг. Мөнгөний илүүдэлтэй нэг нь банканд хадгалуулж хүү авна, хэрэгцээтэй нөгөө нь зээл авч ажлаа, бизнесээ бүтээгээд ашигласан хугацааныхаа хүүг нэмж төлнө. Тус хоёрын дунд зуучилсан банк үйл ажиллагааныхаа зардлыг давуулж ашиг олдог гуравдагч тал мөн биз. Энэ жишгийн дагуу зээлийн хүүг банк зүгээр тогтоочихдоггүй юм. Зөвхөн зах зээлийн хандлагад л баригддаг. Банкны зээлийн хүүг тогтоодог олон хүчин зүйл бий. Хамгийн чухал нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл. Дээр нь, эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын түвшин, ханшийн хэлбэлзэл, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, санхүүгийн зуучлалын зардал, татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, Төв банкны бодлогын хүү зэрэг хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө. Гадаадын ямар ч банк энэ л зарчмаар хүүгээ тогтооно. Тэгэхээр манай өнөөгийн нөхцөлд гаднын ямар ч банкийг оруулж ирэхээс үл хамаарч зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах боломж хязгаарлагдмал байгаа юм.

Шийдэл

Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хөдөлнө гэвэл бололцоот ажил олон бий. АТМ, карт уншигч машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг Свифт сүлжээ, Зээлийн мэдээллийн сан зэргийг банкууд дундаа хамтран ашиглах дээр хүч төвлөрүүлбэл гээд давхардсан зардлыг багасгаж чадна. Свифт сүлжээг л гэхэд банк бүр тус тусдаа жилийн 150 мянган ам.долларын өндөр төлбөр, хураамжийг гаднын байгууллагад өгч байхаар дундаа ашиглаж яагаад болохгүй гэж, тэгээд ч Свифт сүлжээг Монголын банкууд 24 цаг 100 хувь ашигладаггүй. Хойд хөрш Орос ийм банк дундын Свифт бюро буюу товчоог байгуулж ажиллуулаад зардлаа хэмнээд болж л байна. Ингэхэд ийм бололцоот ажлууд яагаад хийгдэхгүй байна вэ? Төв банкандаа ийм эрх, үүргийг нь хуулиар нь олгочих, ингээд л болоо. ОХУ энэ асуудлыг Төв банкандаа хуулиар нь эрхийг нь олгочихсон, Төв банк нь энэ асуудлаа хариуцаад, зохион байгуулаад явж байна. Эцсийн дүндээ иргэддээ ашигтай байх зохицуулалт хийгээд болоод л байна. Саад үүгээр дуусахгүй. Зээл төлүүлэлт хүнд, удаашралтай, өртөг өндөр гээд банкнаас шалтгаалахгүй хүчин зүйлс бий. Хэрэв зээлээ жижиг сажиг чирэгдэл, зардалгүй, хугацаа багатай төлүүлэх боломжийг бид өөрсдөө бий болговол хүү тодорхой хэмжээгээр буурна. Эдгээр илүү уян хатан шийдлийг эс тооцвол манай дотоодын банкууд зээлийн хүүг бага байлгах тал дээр сүүлийн 20 гаруй жил боломжтой бүх хүчээ дайчилсан. Харин төр, засаг дорвитой дэмжлэг үзүүлээгүй юм, мэддэг хүмүүс нь бухимдмаар.

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих