Нийслэлээ нүүлгэ, эсвэл гэр хорооллоо зайлуул
-Утаатай тэмцэх арга барилаа өөрчилж, тал талаас нь боорлох биш хүчээ нэгтгэж зоригтой хөдлөх хэрэгтэй байна- Барагтай л бол нээлттэй хуралддаггүй Засгийн газар өнгөрөгч баасан гарагт харин шал өөрөөр хуралдлаа. Бүр тодруулбал, гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ удаад хурлаа өргөтгөж байгаад Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээ, хүрсэн үр дүнг олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор хурлаа зохион байгуулсан гэсэн үг. Энэ хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдолттой тэмцэх үүрэг, зорилго бүхий байгууллагуудын бүх төлөөлөл оролцсон байна. Утаатай дээр доргүй л тэмцэж байна. Гэхдээ тэмцэж байгаа арга барил нь буруу байна гэдгийг эрхэм дээдсүүд та нар ч харж байна, бид ч бие махбодиороо мэдэрч байна. Хэчнээн тэрбум зарлагадаад ч нэмэргүй гэдэг нь энэ жил бүр тодорхой болчихлоо. Утаагүй түлш, утаагүй зуух, монгол гэрийн дулаалга, цахилгаан халаагуур, шал ханын дулаалга, халаалт гээд юу эсийг туршиж үзэв дээ. Даанч үр дүн алга. Утаагүй зуух авсан гэр хорооллын нэг гудамжны айл өрхүүдийн дээгүүр л утаагүй, агаар нь цэвэрхэн байгаагүй юм бол Улаанбаатар утаанаасаа салах янз алга. Одоо бидэнд хоёрхон гарц л үлдэж. Нэг нь гэр хорооллоо гаргуунд гарган хаяж Улаанбаатарыг нүүлгэх, нөгөөх нь гэр хорооллынхныг Улаанбаатараас хөөж гаргах. Хамгийн амархан нь аягүй бол Улаанбаатарыг нүүлгэн шилжүүлэх арга байж магадгүй. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарыг Өвөрхангайн Хархорин руу нүүлгэх тухай яриа гарч байсан. Тэр үед нь л шийдчихдэг байж, мөн үү. Эсвэл хотын даргын яриад байгаа шиг хөдөөнөөс ганц ч айл өрхийг хот руу оруулахгүй байсан ч болохгүй юмгүй. Гэхдээ энэ санаа одоо нэгэнт хожимдсон биз.
Утаагүй Улаанбаатарын төлөө энэ жил л гэхэд 15 мянган өрхийн цахилгааны толбөрийг хөнгөлж, түүхий нүүрсний хэрэглээг 117 мянган тонноор багасгасан, утаанд “зохих хувь нэмэр” оруулдаг 800 гаруй том оврын автобусны тэн хагасыг нь дизель түлш болон газын хосолсон хөдөлгүүртэй болгосон, 49 мянган айлд бүрэн шаталтат зуух өгсөн, 12 мянган өрхөд гэрийн дулаалга хандивласан. Мөн ч их юм хийж, хайран ч их хөрөнгө урсгасан байгаа биз. Гэвч утаа багассангүй. Албаны хүмүүс 15 хувиар буурсан л гэнэ. Амьдран суудаг харш, хаус хавиар нь багассан байж магадгүй л дээ. Гэхдээ 100 айл, Баянбүрд, III-IV хороолол, “Өнөр хороолол”, Сансар орчмоор бол үгүй.
Өргөтгөсөн хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ганц үнэн үг хэлсэн байна лээ. Утаа руу тал талаас нь дайраад байхаар нэгдмэл нэгэн хүчээр давшаач гэж. Энэ үг Улаанбаатараа нүүлгэ, эсвэл гэр хорооллоо зайлуул гэж сонсогдсон шүү. Хэрэв үгүй бол уучлал хүсье, сайдаас. Улаанбаатарыг утаагүй болгох гээд байгаа юм бол байшин барилгаа нийслэлийнхээ урд зүгт биш хойд зүгт бариач гэдэг нь бас л зөв санаа. Дэнжийн мянга, 32-ын тойрог, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа гээд хамгийн их утаа “үйлдвэрлэдэг” гэр хорооллуудаа цөөлөх бодлого барьж, орон сууцжуулах арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Гэвч бас л хожимдсон. Одоо машин явах нь байтугай, явган хүн ч зөрөхөд хэцүүхэн болсон нийслэлийн гудамж, хорооллуудад дээр нь давхарладаггүй л юм бол шавар амбаар ч босгох зай алга. Тиймээс л нийслэлээ өөр газарт шилжүүлье, эсвэл гэр хорооллоо хотоос гаргая. Түүнээс биш экологийн цагдаа, хийн түлшний хэрэглээ аль нь ч нэмэргүй. Дэмий л мөнгө үрсэн хэрэг болно. Экологийн цагдаа нь хуйвалдаанд суралчихна, хийн түлш нь дэлбэрээд амар заяа үзүүлэхгүй.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль баталж болсон юм чинь аль алиныг нь нүүлгэн шилжүүлэх тухай хууль баталчихгүй юу, болохгүй бол. Иргэн хэн ч бай, хотын төвийн хашаанаасаа нүүхгүй гэх байх л даа. Хангалттай мөнгө өгөөд хотоос гар гээд төр төмөр нүүрээ харуулчих. Хүний эрх гэж тэмцэлдэх л байх. Гэхдээ л эрүүл мэнд, ирээдүй хойч удам угсаа, үр хүүхдээ бодоод гарахгүй, явахгүй гээд яах юм бэ. Явтал нь хөө, зарлигд, тушаа. Тэгээд болохгүй бол нийслэлээ Хархорин руу ч юм уу, хаа нэгтээ яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байна. Ямаанд, нөөцийн махаңц, ноосонд, зууханд, түлшиңц, дулаалганд зориулаад байгаа тэр олон тэрбумаараа нийслэлээ нүүлгэн шилжүүлбэл яасан юм бэ. Эхний ээлжинд Засгийн газар нь найман ханатад хуралдаж, яамд нь банагт байрласан ч яадаг юм. Нэг хэсэгтээ л зовно биз. Нэгэн үеийнхнээ аврахын тулд энэ зовлонг давж гарах л хэрэгтэй. Тийм санал санаачилга, эр зориг гаргах улстөрд захаас аваад олон байгаа гэдэгт итгэж байна. Гэвч хүсэхгүйд л хамаг учир байгаа юм.
С.Хэрлэн
URL: