Монгол дипломатчид Истанбулын хар тамхины мафийг задалж чадах уу
- Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын мэдүүлгээс хамаарч, тэдний гэр бүлийг хамгаалалтад авах эсэхийг шийдэх гэж байна
Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Германы Дрезден хотноо Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамт 70 кг героин тусгай эрхтэй албаны машинаар тээвэрлэж яваад баригдсан ноцтой хэрэг гарсан. Гурван сая еврогийн үнэ хүрэх ийм хориотой барааг томоохон бүлэглэлийн наймаанд л борлуулагддаг аж.
Тиймээс тэднийг шалгахдаа Туркийн мафиудын аль нэгний сүлжээг задална гэсэн хүлээлт байгаа юм. 1970-аад оноос эхтэй Туркийн мафиудаас Ойрх Дорнодод үйл ажиллагаа явуулдаг нь улс төрийн зорилготой, терроризмд чиглэдэг бол Баруун Европ дахь урсгал нь хар тамхины наймаа эрхэлдэг. Тэд ядуу буурай орнуудын дипломат ажилтнуудыг элсүүлэн, бохир наймаагаа хийдэг аж. Дрезден хотын шүүх 11 дүгээр сарын 25-наас эхлэн Монголын дипломатчдын хэргийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ сарын 18-нд эцсийн шийдвэр гаргахыг тус хотын Прокурорын газраас мэдээлж байсан.
Шүүх ажиллагааны явцад Б.Баттүшиг Монголын тагнуулын шугамаар хар тамхины сүлжээний гүнд орж ажиллаж, хэрэг мөрлдөж байсан гэх ойлголтыг төрүүлэхийг оролдсон ч Дрездений шүүх итгээгүй юм. Урьдчилсан байдлаар тэдэнд есөн жилийн ял төлөвлөсөн юм.Харин хэрэг гарсны дараа Монголын ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ ярихдаа “Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамхи нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байна. Б.Баттүшиг өмнө нь тагнуулд ажиллаж байсан.
ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага хангаж яамнаас томилогдсон ажилтан. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой хэрэг. Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм хүнд гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт мон гол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа” гэж байсан юм.
Яллагдагч хоёр манай улсын нэртэй хуульч, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ал-банд ажиллаж байсан хүмүүсийн хүүхдүүд. Тэднийг ямар сэдлээр дэлхийн хэмжээний томоохон хар тамхины сүлжээнд “зарагдах” болсныг мэдэхгүй ч хэрэв зүтгэж буй мафийн бүлэглэлийн мэдээллүүдийг задруулбал энд байгаа гэр бүлийн гишүүдэд нь аюул учирч болзошгүй гэдгийг учир мэдэх дипломат албаны хүн анхааруулсан юм.
Туркээс Монгол руу шууд нислэгтэй, хяналт сул өнөө үед хэдийд хэн ч нисэж ирээд гэмт хэрэг үйлдэх магадлалтай тул сэрэмжлэх хэрэгтэйг онцолсон. Хэдийгээр Монголын нэрийг муугаар гаргаж, дипломат албаны нэр хүндийг унагасан ч иргэний хувиар тэдний гэр бүлийг хамгаалалтад авах асуудал яригдаж байгаа бололтой. Хэргийн явцын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Уг хэргийн талаар бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан мэдээлэл авч байгаа.
Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. ГХЯ консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл ач ажиллаж байна” гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
URL: