Хагалгаа 50:50 хувьтай дууссан ч хохирогч нас барсан

Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн 11.00 цагийн үед Налайх дүүргийн “Хаан” банканд гэмт этгээд халдаж хоёр хүнийг буудан шархдуулсан хэрэг гарсан. Тодруулбал, Налайх дүүргийн Хаан банкны  тооцооны төвд сурвалжлагч хэмээн хамгаалагчид худал хэлэн захирлын өрөө рүү орсон байна. Налайх дүүргийн Хаан банкны захирал нь Туяа гэх эмэгтэй байдаг аж. Гэмт этгээд захирлын өрөөнд орсны дараа удалгүй нөхөр нь эхнэртэйгээ хамт хот орох гээд өрөө рүү нь ортол эхнэрт нь буу тулгасан байсан байна. Гэмт этгээдийн хамгийн гол зорилго нь мөнгө байсан бөгөөд эхнэрийг нь буудах гэж оролдох тэр үед түүний нөхөр урдуур нь орж хэвлийн тус газраа буудуулсан байна. Гэмт этгээд захирлын өрөөнөөс гарч түүнийг барьж үлдэх гэсэн энгийн иргэд рүү дайрсан бөгөөд энэ үеэр нэг эмэгтэй гарандаа шархадсан байна. Буудуулсан эрэгтэй хэвлий тус газраа буудуулан хүнд шархадсан учир түргэн тусламжийн багийнхан түүнийг Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Тун удалгүй түүнд мэс засал хийхээр Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар нийслэлээс очсон юм. Өдрийн 13.00 цагийн үед мэс засал эхэлсэн бөгөөд бүтэн зургаан цаг буюу 17.50 минутанд дууссан байна. Гэвч хагалгаанаас гарч ирээд 30 минут хүрэхгүй хугацааны дараа нас баржээ. Түүний баруун талын бөөрийг авсан бөгөөд нэлээд хэд хэдэн эрхтэн гэмтсэн байжээ. Тус хагалгааг хийхэд нарийн мэргэжлийн таван эмч ажиллаж хийж чадах бүхнээ хийсэн хэмээн хэллээ.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б. Өлзийсайхан:

-Өвчтөн яг хэдэн цагийн үед нас барсан бэ?
-Халдлага болсны дараа Түргэн тусламжийн багийнхан шуурхай ажиллаж халдлагад өртсөн хүнийг Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт аваачиж анхны тусламжийг үзүүлсэн. Үүний дараа түүнд яаралтай хагалгаа хийхээр болсон. Улаанбаатар хотоос Цэргийн нэгдсэн эмнэлгийн арван хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг ирж 13.00 цагийн үед хагалгаанд орсон. Зургаа орчим цаг мэс засал үргэлжилсэн. Хагалгаа 17.50 цагт 50:50 хувьтай дууссан ч, хохирогч 18.30 минутын үед нас барсан.

-Гарандаа буудуулан шархадсан эмэгтэйн хувьд?
-Түүний хувьд биеийн байдал дажгүй байгаа. Эрхий хуруундаа шарх авсан. Өөр зүйл байхгүй хэмээн тэрбээр ярилаа.

Харин гэмт халддага үйлдсэн этгээд энэ хэргийг үйлдэх гэж олон хоног бэлдсэн нь нотлоглсон. Тэрбээр олон хоног амар хялбар аргаар мөнгө олох тухай бодож нийслэлээс алслагдсан Налайх дүүргийг сонгон гэмт хэргийнхээ бай болгосон нь энэ юм. Нэг хүний аминд хүрсэн этгээдийг Н.Бат-Ялалт гэдэг бөгөөд 26 настай, 2008 онд ХААИС-ийг Механик инженерийн мэргэжлээр төгссөн нэгэн юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй аж. Тэрбээр хэрэг болдог өдрийн өглөө Налайх -Улаанбаатар хотын чиглэлийн автобусанд сууж банкны байдлыг ажиглан хот руу орж ирсэн байна.

Удалгүй зэвсгээ бэддэж Нарантуул захын хажуугаас такси хөлслөн хэргийн газарт очсон байна. Хоёр ч хүн буудан шархдуулсан гэмт этгээд ажил нь бүтэлгүйтсэн учир хэргийн газраас зугтаасан бөгөөд сууж явсан таксины жолоочоо сүрдүүлэн буу тулгаж хот руу явсан байна. Тэрбээр зугтах үедээ Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаа замдаа хаяад Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчим жалганд нуугдаж байхад нь баривчилсан байна. Түүнийг баривчилсан даруйдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд одоогоор “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд хорьжээ.

Гэмт этгээд мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ “Хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх дүүрэг рүү такси хөлсөлж явсан. Өмнөх өдөр буюу өчигдөр буугаа бэлдсэн” хэмээн хэргээ хүлээжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2 буюу шунахай болон танхайн зорилготой хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3 буюу онц аюултай гэмт хэрэгтэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээнии хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, хүний амь насанд халдсан гэх үндэслэлээр ял оноох юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал:

-Хэргийн үйл явцын талаар?
-Хэрэг үйлдсэн гэмт этгээдийг тухайн өдөр нь барьсан. Хэрэгтэн эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн. Хэрэгтэн хэд хоногийн турш хэрэг үйлдэхдээ бэлдсэн. Ангийн буу худалдан авч эд ангийг нь өөрөө янзалж жижиг буу болгосон юм билээ. Захирлын өрөөнд орохдоо “сэтгүүлч байна” гэж ороод түүнээс мөнгө шаардан буу тулгасан байна. Тэр үеэр захирал эмэгтэйн нөхөр болох 44 настай Б орж ирсэн бөгөөд эхнэрийнхээ өмнөөс буудуулан нас барсан. Одоогоор гэмт хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

-Налайх дүүргийн “Хаан” банканд өмнө нь хулгайч орж байсан. Тэр хүнийг мөн энэ хэрэгтэй холбоотой гэж таамаглаж байгаа гэсэн?
-2010 оны нэгдүгээр сард Налайх дүүргийн Хаан банкинд хулгай орж байсан. Гэхдээ энэ удаагийн хэрэгтэй холбоогүй хэмээн ярилаа.

Г.Түмэнтогос


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих