МАН-д ашигтай, Монголд балагтай томсгосон мажоритар

1140228722471188351_900_x_560

  • Монголын түүхэнд хар өдөр болсон долдугаар сарын 1-ний үймээн сонгуулийн энэ хувилбараар явуулсан санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй
  • Энэ нь жижиг намуудыг улс төрийн тавцангаас шахах гол хүчин зүйл болдог бөгөөд, ийм байдал даамжирч цагаандаа хүрвэл иргэний дайн ч дэгдэхэд хүрч байсан гашуун түүх улс орнуудад бий


Манайд сонгууль бүрийн дараа үр дүнг чамласан улстөрчид хамаг бурууг хуульдаа тохож, шинээр сонгуулийн хууль бүтээх талаар дөрвөн жил үглэн дуулдаг нь хэвшил болсон үзэгдэл. Олонх болсон хэсэг нь энэ нөлөөгөө дахиж хадгалахын тулд өөрт ашигтай шинэ хувилбарын эрэлд гарна. Энэ жишгээр УИХ-д үнэмлэхүй олонх МАН санал болгосон, судалж тандсан хувилбаруудаасаа хамгийн ашигтайг нь томсгосон мажоритар тойрог гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, томсгосон 26 тойрог гэдэг нь нэг аймгийг нэг тойрог гэж үзээд, хүн амын нягтрашилтай газруудыг хуваах байдлаар 26 тойрог бий болгож байна гэсэн үг. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүд хүн ам ихтэй учраас хоёр хуваах байдлаар тойргийн зохицуулалт хийхээр тохиролцжээ. Энэ бол 1992, 2008 оны УИХ-ын сонгуульд хэрэглэсэн олон мандаттай мажоритар систем юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2012 оны сонгуулийг энэ тогтолцоогоор хийсэн гэж мэдэгдсэн. Угтаа 2012 оны сонгуулийн хуулийн дэвшил нь пропорциональ системээр гарсан 26 суудалдаа байсныг дурдах хэрэгтэй. Томсгосон тойрог бүхий мажоритар систем ашигтай нь ашигтай, гэхдээ МАН-д. Харин Монголын түүхэнд хар өдөр гэгдэх 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн энэ хуулиар явуулсан сонгуулийн саналын луйвраас болсныг бас мартаж болохгүй. Томсгосон мажоритар тойрог 2016 оны сонгуулийг зохион байгуулсан жижиг мажоритар тойргоос ямар ялгаатай вэ. Юуны түрүүнд нэг нэр дэвшигчид санал өгөх сонгогчдын тоо 3-4 дахин өсөх учир өртөг өндөртэй. Гэхдээ сонгогчдын саналыг худалдаж авдаг муу хувилбар хэвээрээ. Илүү их мөнгөтэй, эсвэл тодорсон нэр дэвшигчид сонгогдоно гэсэн үг. Намаас дэвшсэн нэр дэвшигчид хоорондоо үзэлцэх зайлшгүй шаардлага гардаг учир энд намын бодлого, нэгдсэн мөрийн хөтөлбөр түй ч хамаагүй.“Манай намын мөрийн хөтөлбөр ийм байна, гэхдээ би ингэж бодож байна…” гээд л хувийн тоглолт хийж, попорно. Орон нутгийн намын байгууллагууд нэр дэвшигчидтэйгээ хуйвалдана, хуваагдана. 2012 онд Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулиар МАН-ын хороо нэр дэвшигч Д.Арвиныг дэмжихгүй, Б.Батзориг (тухай үед Баянзүрхийн Засаг дарга байсан)-т хүчээ өргөнө гэж мэдэгдээд бөөн дуулиан дэгдээж байв. Мөн гишүүд өөрийн жалга руу төсөв чирэх үзэгдэл адилхан. Нэг намын доторх өвөр хоорондын өрсөлдөөн хүчтэй болдог учир намын мөрийн хөтөлбөрөө хэрэгсдэггүйг дээр хэлсэн. Үүнээс болоод ялангуяа голлох хоёр нам МАН, АН-ын хооронд хуйвалдаан үүсэх магадлал маш өндөр. Тойрог дээр нэр дэвшсэн нэг намын хүмүүс нэгнээ жийх, хоорондоо бас л хуваагдсан нөгөө намынхантай тохиролцон гарч ирэх хүмүүсээ урьдчилаад үгсчихдэг зэрэг сул тал манайд болсон сонгуулиудаар батлагдсан.

Гуравдагч хүчин баяртай
Улс төрийн намын институцийг хөгжүүлэхээр зорьж буй улс орнууд МАН-ын сонгосон энэ хувилбараас хамгийн сүүлд татгалзсан орноор Филиппин, Тайландыг нэрлэж байна. Монголын парламентын сонгуульд хэрэглэх гэж буй хувилбар ардчилалд шилжиж буй орны улс төрийн намын төлөвшилд сайнаар нөлөөлдөггүй гэж судлаачид үздэг. Энэ систем зөвхөн МАН болон АН-д ашигтай гэдэг нь өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн сонгууль, түүний үр дүнгээр маш тодорхой нотлогдож ирсэн. Энэ нь жижиг намуудыг улс төрийн тавцангаас шахах гол хүчин зүйл болдог бөгөөд ийм байдал даамжирч, цагаандаа хүрвэл иргэний дайн ч дэгдэхэд хүрч байсан гашуун түүх улс орнуудад бий. Харин манайд саналаа луйвардуулчихлаа гэж уурссан БНН-ын дарга Буянгийн Жагаа, Ногоон намын Д.Энхбат, Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нарын оролцоотой долдугаар сарын 1-ний үймээн болсон билээ. Энэ үймээний бурууг сонгуулийн тогтолцоо руу чихдэг эрх баригчид өнөөдөр уг хувилбараа дахин зүтгүүлж буй.

Гээгдсэн саналаа хэнээс нэхэх вэ
1992 онд энэ хувилбараар сонгууль явуулахад ардчиллын төлөөх намууд сонгогчдын 47, МАХН (одоогийн МАН) 53 хувийн саналыг авч байжээ. Гэтэл парламентын суудлын хуваарилалт нь МАХН 70, ардчиллын төлөөх намууд
дөнгөж зургаан суудал. 2000 онд МАХН нийт сонгогчдын 52 хувийн саналаар л 76 суудлын 72-ыг авч, үлдсэн 47 хувийн санал парламентын гадна үлдэж байв. Парламентаас парламентад сонгогдох гишүүдийн чадвар муудаж, сонгууль мөнгөнд хөлбөрөх болсон нь ч мажоритар тогтолцооны л гажиг. Ийм савлагаагүй, сонгогчдын саналыг гээдэг тогтолцоог МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ард түмэнд таалагдана гэж бодож байна” хэмээн хээв нэг ярьж зогсоно. Улс төрд мөнгө, танигдаж тодорсон байдлаас туршлага, чадвар нь илүү хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр ярьж буй мажоритар тогтолцоо батлагдвал ирэх сонгуулиар Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Э.Оюунболд нарын аваргууд, магадгүй Асашёорюү Д.Дагвадорж, зарим дуучин аймаг орон нутгаасаа сонгогдоод гараад ирэхийг үгүйсгэхгүй. Зарим нь нэр дэвших санаатай яваагаа үг хэлээрээ батлаагүй ч үйл хэргээрээ харуулаад явж байгаа. Тэдэн дээр одоо байгаа А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарыг нэмбэл парламентад бараг бөхчүүдийн бүлэг бай-гуулагдана. Ийм жалгын үзэл өндөртэй алдартнуудыг тохиолдлын, гэнэтийн улстөрч болгох боломжийг мажоритар тогтолцоо бий болгодог. Үүгээрээ мажоритар тогтолцоо парламентын хөгжлийг хойш чирдэг муу талтай юм.

Б.Энхжаргал
ЗГМ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих