МАН-ын ил далд цууралт
Нэг гэрт гурван жил гаруй хамтран амьдарсан улстөрийн хоёр намын зөрүүд, хэцүү хүүхдүүдээсээ болоод хатуу, халуун үг олныг дуулж байгаа. АН-ынхан сөрөг хүчин болохоор шийдэж сайд нараа чимхэлсээр байгаад засгаас гаргасан.
Дараа нь зөрүүд хэсэг нь холбоо байгуулж анхны хурлаа хийж фракциа албан ёсоор байгуулж зарлалаа. АН-ын асуудал намжаагүй байхад МАН-ын хэсэг гишүүн намаасаа гарах уу гэсэн дуулиан залгаж байна. Сүүлийн хэд хоног Төрийн ордны хонгилоор хэрэн нисэх энэ бор шувуунд итгэхэд бэрх.
Учир нь МАН-ын гишүүд энэ шуум үнэн байлаа ч үнэхээр ийм зүйл болж байгаа талаар зориглоод дуугарчих нь тун цөөн. Нүдээ эргэлдүүлэн “ёстой мэдэхгүй, дуулаагүй юм байна” гэсэн мянган үгний таглааг ашиглан сэтгүүлчдийн амыг таглана. Ингэх тусам энэ намын цоожтой хаалганы цаана юу болж байгааг сонирхох, ил болгох гэсэн хүсэл өдөөгдөнө.
Өчигдөр орой тус намын УИХ дахь бүлгийн Н.Ганбямба, Д.Балдан-Очир нарын хэсэг гишүүн намаасаа гарах гэж байна гэсэн дуулиантай давхцан МАН-ын бүлэг оройхон эргэн хуралдав. Энэ нь тодорхой бус магадлалыг бататгах мэт. Бүлгийн хуралдаан дуусахад гишүүд нь үнийн өсөлт гээд цаг үеийн баахан юм ярилаа хэмээн хөмсөгөө зангидаж зугтаах шах нь.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас ирж суух вэ гэсэн мэргэн үг бий. Үнэхээр овоо босгосон л байж. Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд хэсэг гишүүд нь намынхаа удирдлагыг шүүмжилж, олигархиудын нам гэж нэрлэгдэж явахаасаа ичиж, эмээж байгаа тухайгаа хэлэх болж. Гэтэл МАН-ын дангаар байгуулах Засгийн газрын гишүүдийг томилох үеэр энэ байдал ширүүссэн байна.
Хоёр долоо хоногийн өмнөх бүлгийн хуралдаанд Н.Ганбямба гишүүн орж ирээд “Олигархиудаа нам буцааж өг. Энэ олигархиудыг хананд жагсааж байгаад буугаар, шүршчих юмсан” гэж хэлсэн аж. Байж байгаад л Засгийн газрын гишүүнийг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурж эсэргүү гэгдэх нөхдийг ч намаасаа гарахыг үгүйгэсэхгүй байгаа. Ингээд хуралдаад хэл амаа ололцож чадахгүй гишүүдийг намын дарга нь өрөөндөө нэг нэгээр нь дуудаж хүлээн авч уулзаж байна.
Намын дарга ч бүлгийн гишүүдээ хэт шүүмжилж байгаад анхаарах, ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг нарийн гаргах гээд байгаа бололтой. Мөн эсэргүү гэгдээд байгаа гишүүд бухимдахдаа намаасаа гарсан ч яахав гэсэн өнгө аястай үгийг хэлж байж. Гэхдээ тэд хэнийг дагах вэ гэдэг содон таавар хэвээр үлдэж байна. Эндээс МАН-ын намын дотоод зөрчил, хаграл шүрүүхэн болсон гэдгийг харж болно.
URL: