“Facebook” компанийн ажилтнуудын мэдээлэл хулгайд алдагджээ
“Facebook” компанийн 29 мянган ажилтны хувийн мэдээлэл бүхий хэд хэдэн хатуу дискийг үл таних этгээд хулгайлсан тухай “Bloomberg” агентлаг тус компанийн удирдлагаас ажилтнуудынхаа дунд тараасан захидлаас иш татан мэдээлжээ.
Дээрх хэрэг 11 дүгээр сарын 17-нд гарсан боловч чухам хаана гарсан нь тодорхойгүй байна. Үл таних этгээд дискүүдийг “Facebook”-ийн нэгэн ажилтны машинаас хулгайлжээ. Хулгайлагдсан дискүүдэд 2018 онд тус компанид ажиллаж байсан 29 мянган хүний нэр, мөн хэдий хэмжээний цалин авдаг байсан талаарх мэдээлэл байсан байна. Үүнээс гадна, тэдний банкны дансны дугаар, нийгмийн даатгалын картын дугаарын сүүлийн дөрвөн тоог хадгалсан байжээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, мэдээллүүд нууцлалгүй байсан байна. Эдгээр мэдээллийг хэн нэгэн ашигласан гэх нотолгоо одоогоор байхгүй байна гэж “Facebook” компанийн төлөөлөгч мэдээлжээ. Үл таних этгээд дискүүдийг бус харин ажилтнуудын хувийн мэдээллийг сонирхсон гэж үзэх үндэслэл одоогийн байдлаар байхгүй байгаа аж.
Хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Facebook”-ийн ажилтан хатуу дискүүдийг оффисоос авч явах ёсгүй байжээ. Түүнд сахилгын арга хэмжээ авсан гэж тус компани мэдэгдсэн байна.
URL: