Б.Ганболд: Өмгөөлөгчид хэвлэлийн хурал зарлаж ПОПОРДОГ, иргэдийн тархийг угаадаг болсон

olloo_mn_1537408589_uilyvdal“Шударга байдал ба олон нийтийн итгэл” хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч Б.Ганболдтой өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын асуудлаар ярилцлаа.

-Өмгөөлөгчийн ёс зүйн асуудал өнөөдөр ямар түвшинд байгаа вэ?

-Олон нийтийн итгэлтэй холбоотой асуудалд яах аргагүй өмгөөлөгчийн оролцоо, чиг үүрэг, хариуцлага, ёс зүй чухал. Өмгөөлөгчийн үйл ажиллагаа шударга байх, олон нийтийн итгэлтэй хэрхэн холбогдох вэ гэхээр явж явж өмгөөлөгчийн ёс зүйн асуудалтай холбогдож,  шийдвэрлэгддэг. Энэ нь Монголын хуульчдын холбоо үүсэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хийгдсэн судалгаа, Монголын хуульчдын холбооны үйл ажиллааганы практикаас харагдаж байгаа юм. Тухайн өмгөөлөгч хувь хүнийхээ хувьд ч тэр, хуульчийнхаа хувьд ч тэр цаашид олон нийтэд хандаж байгаа байдлууд нь хэр зэрэг шударга, олон нийтэд өмгөөллийн үйл ажиллагааг хэрхэн хүргэдэг вэ гэдгийг харуулдаг. Өмгөөлөгчдөөс ард иргэд, үйлчлүүлэгчид хэд хэдэн зүйл хүсдэг.

-Ямар зүйлүүд хүсдэг юм бол?

-Голлох дөрвөн зүйл байна.  Нэгдүгээрт,  өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулъя. Хоёрдугаарт, Миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Та сэргээж өгөөч гэдэг. Гуравдугаарт,  шударга ёс алдагдсан байна. Шударга ёсыг тогтоохын төлөө би ямар байгуулагад хэрхэн хандах вэ гэдэг. Дөрөвдүгээрт,  маш олон үйлчлүүлэгч “Та  тууштай ажиллаж чадах уу.  Энэ хэргийг дуустал тууштай байж чадах уу.  Ямарваа нэг сөрөг хүчин зүйлийн нөлөөнд автахгүй биз” гэж асууж байна. Энэ байдлууд практик дээр өмгөөлөгчийн үйл ажиллагаанд гарч байгаа алдаа,  дутагдлын шалтгаан нөхцлийг харуулж байгаа юм. Шударга байдал болон олон нийтийн итгэл өмгөөлөгчдийн дунд алдагдаж байгаа байдал онцлог шинжийг агуулж байна.

-Өмгөөлөгчдийн нэр хүнд унасан гэж та хэлэх гэж байна уу?

-Гэм бурууг бусдаас хайх их амархан. Өмгөөлөгчдөд өөрсдийнхөө үйл ажиллагаанд хяналт тавьдаг, ийм алдаа байгаа юм байна шүү гэж тогоондоо засч сайжруулах зүйл их ховор болсон байна. Өмгөөлөгчдийн нэр хүнд өмнөхөөсөө маш их унасан. Өмгөөлөгч нарт итгэх итгэл их багассан байна. Өмгөөлөгчдөд хариуцлага тооцох асуудал нэлээд суларсан. Аль байгууллагад, хаана харьяалагдаж байгаа нь тодорхойгүй. Энэ нь олон нийтийн өмгөөлөгчдөд итгэх итгэл, цаашлаад шударга ёсны байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

-Өмгөөлөгчдийн нэр хүнд унаад байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Өмгөөлөгчдийн нэр хүнд унаж байгаа шалтгаан нь өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой. Хариуцлагагүй байдлаас болж байна гэж хэлж болно. Өмгөөлөгчдийн болон Хуульчдын холбоонд ирж байгаа гомдлуудаас хамгийн олон тоотой ирж байгаа гомдлууд нь өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагааг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн гомдол байна. Мөнгө нэхээд байдаг. Тэгсэн хэрнээ өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлдэггүй. Дараа нь өмгөөлөгчийн ёс зүйн байдал их доголдолтой байна. Тухайн хувь хүнийх нь зан чанартай холбоотой байдаг юм уу, мэргэжлийнх нь ур чадвартай холбоотой байдаг юм уу иймэрхүү асуудал их яригдаж байна.

-Өмгөөлөгчид үйлчлүүлэгч тал болон эсрэг талаас нь зэрэг мөнгө авч, хоёр талд ажиллаж байна гэх гомдол иргэдээс их гардаг юм билээ?

-Өмгөөлөгч нар маш  ихээр худлаа амлалт өгдөг юм байна. Мөн мөнгө өгсөн үйлчлүүлэгчдээ биш нөгөө талд ажиллаж байна гэх гомдол байдаг. Түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өмгөөлөгч нар маш их мэдээлэл хийдэг болсон. Хаана юу л байна хэвлэлээр хурал зарлаж,  попордог болсон. Иймэрхүү асуудал нь магадгүй  тархи угаалт бий болгодог.

-Өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шалгуулахаар хаана гомдол гаргах ёстой вэ?

-Өмгөөлөгчийн эсрэг хаана гомдол саналаа тавих вэ гэдэг асуудал гараад ирдэг. Гэтэл өмгөөлөгч хүн мэргэжлийн байх ёстой байтал ямар ч цензургүй болсон. Дурын хүн өмгөөлөгч хийдэг. Өмнө нь өмгөөлөгчдөөс мэргэжлийн шалгалт авдаг байсныг үгүй болгочихсон. Хаана ямар удирдлага дор өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах, хараат бус байдлыг хангаж ажиллуулах вэ гэдгийг бүрэн шийдвэрлэж чадаагүй. Энэ бүхэн солигдоод байгаа салбарын сайдуудаас хамааралтай байх. Ийм тогтворгүй байдал нь өөрөө эрхзүйн орчин  гэхээсээ илүү зөв тогтолцоог бий болгоход сөргөөр нөлөөлж байна. Олон улсын стандарт бол тодорхой бүтэцтэй байдаг. НҮБ-ийн 1990 оны конвенцид өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйн дагуу ажиллана гэдгийг заагаад өгчихсөн. Энэ заалт хэрэгжсэнээр тухайн өмгөөлөгчийн цар хүрээ, нэр хүнд, ур чадвар, бусад зүйлс нь хэмжигдээд явдаг. Манайх энэ энгийн ёс зүйн асуудлыг орхичихсон юм шиг байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдлууд нь өмгөөлөгчдийг өөртөө итгэлтэйгээр өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож, олон хүнд хэт их эрх олгоод ирэхээр буруу жишиг хандлага тогтоодог юм байна.

 http://www.zaluu.com/read/40e154b2g


URL:

Сэтгэгдэл бичих