МАН-д юу болоод байна вэ?

Ху намынхан хувьсгалт гэдэг нэрнээсээ ичиж МАН болж өөрчлөгдсөнөөс хойш барцад ихтэй байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсангүй гэж намдаа гомдсон Н.Энхбаяр голоод хаясан нэрийг нь сэргээж, МАХН-ыг МАН-ын өөдөөс “ирлэж” тавилаа. Эндээс одоогийн МАН-д өрнөөд байгаа “үймээн” эхтэй. Нэр хүнд нь ч газарт уналаа. С.Баярын халааг авсан намын дарга нь үлбэгэр сулбагараараа дуудуулах нь энгийн үзэгдэл болов. Намын нөхөд нь ч даргаа бүлгийн хурал дээрээ ингэж загнадаг болоод удаж байгаа юм билээ.

Удирдлагуудынхаа өө сэвийг андахгүй, юм л бол намаа орхиж Н.Энхбаяр руу гүйчих гээд байгаа гишүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдээд буй тул С.Батболд дарга байнгын түгшүүртэй өдий хүрсэн гэх. МАН-ынхан Н.Энхбаярын МАХН-ыг дээрэлхэж, сонин хэвлэлээр баруун солгойгүй балбаж байхад нь МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн тэднийг өмөөрч дарга нартаа захиа илгээж байлаа. Тэр үеэс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нарыг дөрвийн бүлэг хэмээн нэрийдэж, МАХН руу явах магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд бичих болсон юм. Үнэндээ энэ явдлаас хойш МАН-ын гишүүдийн дунд МАХН руу очих тухай яриа тасраагүй гэхэд болно.

Харин сүүлийн үед энэ яриа хүчээ авч байна. МАН-ын гишүүд хэсэг хэсгээрээ сэм сэм уулзаж, нууц тохироо хийгээд удсан сурагтай. Жишээ нь өчигдөр гэхэд л МАН-ын арав гаруй гишүүн бүлгийн хуралдаа суулгүй нэгийнхээ өрөөнд уулзсан байна. Намынхаа болохгүй бүтэхгүй байгааг ярилцаж, цаашид хэрхэхээ зөвшилцсөн тухай эх сурвалж хэллээ. Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраа дангаараа бүрдүүлэхдээ хийсэн томилгоо гэх нэртэй даажигнал гишүүдийнх нь гомдлыг төрүүлж, дургүйг нь хүргэсэн бололтой. Тиймээс тэд идэвхжиж, цаашид хэрхэхээ ярилцан төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн гэнэ. Эхний ээлжинд одоогийн байдлаар намдаа гомдчихоод яваа эсвэл намынхаа одоогийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргасан дуулдана.

Мэдээж сая сайдын суудал руу зүтгээд бараагүй, С.Батболдын “тоглоом” болж хоцорсондоо шаралхаж байгаа хэсэг хүний нэр бий. Батлан хамгаалахын сайдад үзээд алдсан ч чадаагүй УИХ-ын гишүүн Н.Ганбямбаас авахуулаад Х.Бадамсүрэн, Ц.Цэнгэл, Ц.Батбаяр гээд цааш хөвөрнө. МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд, Д.Дондог нарын гишүүд ч сая болсон сайдын томилгоонд тун сэтгэл гонсгор үлдсэн гэнэ. Н.Ганбямба гишүүн сайдын суудалд очоогүй бухимдлаа саяхны нэг бүлгийн хурал дээрээ тайлж, намын даргаа олигархиар нь дуудаад авсан гэж байгаа. Үүнээс болоод удирдлагуудаасаа багагүй зэмлэл хүртсэн тэрээр намаасаа гарсан ч яахав гэсэн бодол тээж, шазруун загнаж байх талтай гэнэ. Гэхдээ түүнйй сонголт МАХН биш.

Харин Ц.Шинэбаяр гишүүний намд элсч магадгүй. Учир нь ойрын үед Н.Ганбямба гишүүн Ц.Шинэбаяр гишүүний өрөөнөөс салахаа байж, ном хаялцах нь нэмэгдсэн гэх. Тэгээд ч Н.Ганбямба гишүүний олигархиудыг элдвээр цоллодог хурц ширүүн үгийн санааг “Хамуг Монголын хөдөлмөрийн нам”-ын дарга С.Молор-Эрдэнэ зөвлөдөг байж мэдэх гэнэ лээ.

Гомдогсдын араас нэр нь бичигдэх хүмүүс бол анхнаасаа МАХН-д элэгтэй нэг хэсэг юм. Тэднийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар ахлах нь ойлгомжтой.

Дээр н ьД.Загджав, Р.Раш, Д.Арвин, Э.Мөнх-Очир, С.Бямбацогт нарын гишүүд нэмэгдэж байгаа. Д.Загджав гишүүний хувьд сая сайд болчих бүтэлгүй мөрөөдөл тээж явсан нь тодорхой. Хэзээний Н.Энхбаярын хүн гэгддэг байсан ч даргыгаа жаахан уруудахад нь нүүрээ буруулж, нүнжиггүй зан гаргасан гэдэг юм билээ. Харин одоо тэрээр алдаагаа засахын тулд үе үе Н.Энхбаяр дарга руугаа утасдаж, аргадах болсон сурагтай. Бүлгийн хурал дээрээ “МАХН-тай хамтарч ажиллабал яасан юм” гэдэг санал хэлсэн цөөхөн гишүүний нэг нь Д.Загджав гишүүн гэж байгаа. Тиймээс тэрээр намаа орхиж МАХН-д орох магадлал өндөртэй нэгэн.

Р.Раш гишүүн МАХН-д талтай яваа. Үүнийгээ ч бүлгийн хурал дээрээ илэрхийлэх болсон гэдэг. Д.Арвин гишүүн ч угийн Н.Энхбаярын хүн гэж яригддаг учраас тийшээ явчихаж мэдэх л нэгэн гэнэ. Харин С.Бямбацогт гишүүн МАХН руу явна, намаа орхино гэж яриагүй ч намынхаа одоогийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа юм байна. Тиймдээ ч сүүлийн үед Н.Ганбямба гишүүнтэй санал нийлэх болсон сурагтай. Э.Мөнх-Очир гишүүний хувьд өчигдрийн намын бүлгийн хурал дээр хэсэг гишүүнд хандан “Фракц байгуулъя” хэмээн уриалсан байна. Хэрэв тойрог олдохгүй байвал, дургүйгээ хүрвэл МАХН руу явах шийдвэрийг ядах юмгүй гаргаж мэдэх хүмүүсийн нэг нь тэр.

Нам дотор ийм асуудлууд өрнөөд байгаа учраас Ерөнхий сайд С.Батболд, генсек У.Хүрэлсүхээ дагуулан гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаад “Нэр дэвших үү, хаана дэвших вэ, дэвшихгүй бол яах вэ” гэсэн гурван асуултаар саналыг нь сонсоод эхэлжээ. Энэ дагуу нь уулзаад тэдэнтэй хэрэлдээд гарсан ганц хүн нь Н.Ганбямба гишүүн гэнэ. “МАН бол Увсын бүлэглэлийн эрхшээлээр ажлаа явуулдаг болсон. Бүх томилгоо Увсын бүлэглэлийнхний дохиогоор явж байна” гэж хэлээд хаалгыг нь савсан бололтой.

Сонгууль ойртсон энэ үед МАН-ын дарга нар нэг л буруу алхам хийвэл УИХ-д МАХН-ын бүлэг мэндэлж, МАН-ынхан цөөрөхөд бэлэн байгаа бололтой. Н.Энхбаяр дарга ч хааяа үдэш оройн цагаар Төрийн ордонд үзэгдэх болсон нь цаанаа нэг учиртай биз ээ. Өнгөрсөн баасан гаригийн орой тэрээр ямар ч бие хамгаалагчгүй ганцаараа Төрийн ордонд явж харагдсан юм. Хуучин байсан “Дөрвийн бүлэг”-ийг наймын бүлэг болгоход ядах зүйлгүй болсныг гишүүд нууцхан ярилцаж байгаа юм байна. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд юу ч болж байсан МАН-ыг орхиод дэмий гэж үзэж байгаа сурагтай. Байдал ийм эгзэгтэй болсон учир асуудлыг цэгцэлж, юун түрүүн намаасаа дайжих гээд байгаа хүмүүсээ сонгуулийн тойргоор ч болов уяж торгоох төлөвлөгөөг МАН-ын удирдлагууд боловсруулж байгаа бололтой. Ямартай ч өчигдөр Удирдах зөвлөл нь үдэш оройн цагаар хуралдав.

М.Ивээл

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих