Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв

olloo_mn_1563597754_shvvhУлсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар цагдаагийн алба хаагчийг автомашинтай чирч амь насанд нь хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцлээ. Хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна.

Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь бүлэглэж 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгасан цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Мөн Б.Энхбаяр нь 2013 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд дангаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472 гаруй сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: Шүүхийн мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих