Иргэний үнэмлэх шинэчлэх нь илүү ажил
Иргэний үнэмлэх дахин шинэчлэх ажил яригдаж иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Өмнөх цахим иргэний үнэмлэх шинэчлэгдээд арван жил ч болоогүй байхад дахин шинэ үнэмлэхтэй болох тухай яригдаж эхэллээ.
УИХ-аас өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан. Ингэснээр шинэчилсэн хуулийг мөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж батлах ёстой болсон тухай албаныхан мэдэгдэв. Тэдний зүгээс иргэний үнэмлэх дээр бичсэн гэрийн хаяг болон регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл гэнэ. Тухайлбал, иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар иргэн хаана төрсөн, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй эсэхийг хүртэл мэдэж болдог. Иймээс эдгээр мэдээллийг агуулдаг регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн чипэн дотор шивдэг болохоор тогтсон тухай мэдэгдэж байна. Мөн шинэ иргэний үнэмлэхээр төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой гэнэ. Шинэчилсэн загвартай үнэмлэхийг анх удаа болон үнэмлэхээ солиулж буй 25, 45 насны болон хаясан, гээсэн иргэдэд олгохоор шийджээ. Судалгаагаар жилд дунджаар 250 мянган иргэн үнэмлэх авдаг байна. Мөн Монгол Улсын 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Цахим гэж нэрлэгдсэн энэ үнэмлэх ихэнх төрийн болон банк санхүүгийн байгууллагуудад нотариатаар баталгаажуулсан хувьтайгаа хүчинтэй. Энэ байдал нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байна.
Тэгвэл шинэ үнэмлэхтэй болсноор төрийн үйлчилгээ илүү ард түмэнд амар ойрхон болох гэнэ. Өмнө ч цахим үнэмлэхний шинэчлэлтийг дээрх зорилгын дор хийсэн. Гэвч цахим гэх нэрийн дагуу үүргээ гүйцэтгэж чадалгүй өнөөдрийг хүрээд байна. Иймээс олон нийт иргэний үнэмлэх шинэчлэх нь илүү ажил хэмээн цахим орчинд шүүмжилж байна. Ямартай ч хууль хэрэгжиж эхэлсэн учраас ирэх намраас Монголчууд хоёр өөр иргэний үнэмлэхтэй болох нь. УБЕГ-ынхан ч өнгөрсөн өдрүүдэд шинэ нь хуучнаасаа илүү гэх мэдэгдлийг хийж эхлэх болов. Гэвч ам ажил хоёр хэрхэн зөрдөг вэ, гэдгийг Монголчууд бид хангалттай харж, мэдэрсэн учир иргэний үнэмлэх шинэчлэх ажил шүүмжлэл дагуулж байна.
П.ГОО
Оллоо.мн
URL: