Амгалан өдрүүдэд хөтлөх “Зэнгийн сургаалиуд”
“Ертөнц өөрөө хов хоосон. Сайхан, муухай, сайн, муу, хэрэгтэй, хэрэггүй гэх юу ч үгүй. Эцсийн эцэст юуг ч надаас битгий хүс. Ертөнц гэдэг чинь хоосон. Бурхан гэж байдаг бол тэр нь чи өөрөө.”
“Аз жаргалд хүрэх зам гэж үгүй. Зам өөрөө аз жаргал юм”, “Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг өөрөө өөрөөрөө байхыг л хэлнэ. Хэнээр ч хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй бөгөөд өөрөө өөрийгөө л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэх мэт Зэн буддизмын сургааль, түүхүүдийг уншихад бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авах нь л амар амгаланд хүргэдэг гэдгийг ойлгоно. Амар амгалан бол аз жаргал юм.
Зэн гэдэг үгийг ерөнхийлөн орчуулбал “Бясалгах төлөвт орших” гэсэн утга илэрхийлдэг бөгөөд аливаа нэгэн судар ном, үзэл баримтлалд автдаггүйгээрээ онцлог. 6-р зууны үед анх Зэнгийн сургууль Хятадад баригдаж байжээ. Зэн гэдэг нь 禪 үгний Япон дуудлага бөгөөд “Өөртөө сонирхуулан татах, өөртөө шимтүүлэх” гэсэн утгатай Хятад үг юм. Хятадаар “Cha’n”, Японоор “Zen”, Вьетнамаар “Thien”, харин Солонгосоор “Seon” гэж нэрлэдэг. Анх үүсэн цагаасаа эхлэн Шаолины сургуульд заагддаг байжээ. Эрт үеэс өвлөгдөн ирсэн эдгээр сургаалиуд нь хүний өдөр тутмын амьдралыг сайн сайхан байлгах ба сайн сайхан гэж чухам юуг хэлээд байгааг тодотгох учиртай.
Жишээ нь:
1. Хэзээ нэгэн өдөр үхнэ гэдгээ ихэнх хүн умартдаг. Хэзээ ч нас нөгчиж мэднэ гэдгээ ухаарсан хүн л хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.
2. Хүмүүс цаг хугацааг аз жаргал авчирна гэж итгэн, ирээдүйд найдсаар жинхэнэ аз жаргалыг олж мэдэрч чаддаггүй.
3. Бүгдийг уучил. Гэхдээ тэд үүнийг хүртэх эрхтэй учраас биш, та амар тайван байх эрхтэй учраас уучил.
4. Эрт цаг нэгэн эмгэн үргэлж л модны доор суугаад уйлж харагддаг байв. Тэгтэл нэгэн лам ирж түүнээс яагаад уйлаад байгааг нь асууж л дээ. Гэтэл эмгэн: Том охин маань борооны шүхэр хийж, бага охин маань жимс хатааж зардаг юм. Нартай өдөр том охины маань хийсэн шүхрийг хэн ч авахгүй, яана даа? гэж, харин бороотой өдөр бага охин маань жимсээ хатааж чадахгүй, яана даа? гэж санаа зовоод уйлдаг юм гэтэл лам хариуд нь:
Би танд туслая. Бороо ороход та баярлах хэрэгтэй. Учир нь том охины чинь шүхэр сайн зарагдана. Нартай өдөр болоход ч гэсэн та баярла. Бага охин чинь жимснүүдээ маш сайн хатааж амжина шүү дээ гэж хэлжээ. Үүнийг сонссон эмгэн инээмсэглэж амар сайхандаа жаргаж гэнэ ээ.
Хүмүүс байгальтай харьцах гүн, бат холбоогоо мартах үед тэдэнд сүм хийд илүү ач холбогдолтой болж ирдэг.
5. Айдастайгаа бүү тулалд. Оронд нь түүнээс сур, ойлго, ажигла.
6. Чанга базах тусам чамд үлдэх нь бага.
7. Аз жаргалыг хүсэх нь огт буруу биш. Гагцхүү дотроо буй аз жаргалыг гаднаас эрэх нь л буруу юм.
Нарны гэрлийг л жинхэнэ аз жаргал гэж боддог нэгэн бороонд бүжиглэж үзээгүй нь лавтай.
8. Амьдрал бол амьдрах цор ганц шалтгаан юм.
9. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт ач холбогдол өгвөөс та үргэлж тэдний хоригдол байх болно.
10. Бие биенээ тэврэх үед хүмүүс бидний зүрх сэтгэл холбогдон, бид салангид биш гэдгээ ойлгодог. Чин сэтгэлээсээ тэврэлдэх нь биднийг нэгтгэж, анагаан тайтгаруулж, илүү их аз жаргал бий болгодог шидтэй.
11. Бүү гуниж гашуудагтун. Таны алдсан бүхэн өөр хэлбэр байдлаар заавал эргэж ирэх болно.
12. Модны тухай бод доо.Мөчир дээр нь ирж суусан шувуудыг явуулахгүй гэх эсвэл нисч яваа шувуудыг өөр дээрээ урин дуудах хүсэл түүнд огтхон ч байхгүй. Хүн зүрх сэтгэлээ мод лугаа адил байлгавал зохино.
13. Зэн бол бяцхан хүүхэд лугаа сэтгэж, тэдний нүдээр ертөнцийг харах юм.
14. Маргааш юу ч болохгүй. Тэгээд л болоо.
15. Хүмүүс сүүдрийнхээ дор зогсчихоод яагаад харанхуй байгаад байгааг гайхдаг.
16. Чамайг суух үед бүх зүйл чамтай хамт суудаг.
17. Нэгэн шавь багшаасаа “Гэгээрэл гэж юу юм бэ?” гэж асуужээ.
Харин багш нь “Өлссөн үедээ идэх, ядарсан үедээ унтах чинь л гэгээрэл юм шүү дээ” хэмээн хариулжээ.
18. Шударга ариун амьдралаараа тосгоныхондоо сайшаагдсан Зэн багш Хакуин гэгч байж гэнэ. Мөн тэдний гэрийн ойролцоо хүнсний дэлгүүрийн эзэн эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байсан ба үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн охинтой байв. Гэтэл гэнэтхэн ээж аав хоёр нь охиноо жирэмсэн гэдгийг олж мэдээд эцэг нь хэн болохыг уурсан асуув. Охин хэн гэдгийг нь огт хэлэхгүй байсан боловч удаан хугацааны дарамт шахалтын дараа Хакуин багшийг нэрлэж гэнэ. Эцэг эх нь маш ихээр уурлаж Хакуин багш дээр ирэн хэлтэл тэрээр “Тийм гэж үү?” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Хүүхдийг төрсний дараа охины ээж аав нэгэнт таны хүүхэд учраас та хариуцлага хүлээх ёстой хэмээн хүүхдийг авчирч өгсөнд Хакуин багш “Тийм гэж үү?” гэдгээс өөр зүйл хэлэлгүй хүүхдийг тайван хүлээж аваад, бүх зүйлээр нь тэтгэж, хайрлан өсгөжээ.
Нэг жилийн дараа охин бүх зүйлийг нууж төвдөлгүй хүүхдийн эцэг үнэндээ загасны зах дээр ажилладаг нэгэн залуу болохыг ээж аавдаа үнэнээр нь хэлжээ. Бүх үнэнийг мэдсэн дэлгүүрийн эзэд Хакуин багш дээр очин уучлал гуйж, хүүхдийг эргүүлэн авч явахыг хүсэхэд “Тийм гэж үү?” хэмээгээд өгөөд явуулжээ.
19. Эртээ урьдын цагт өөрийн гэсэн ганц морьтой тариачин амьдардаг байж гэнэ. Гэтэл ганц морь нь нэг өдөр давхиад явчихсан ба үүнийг сонссон хөршүүд нь түүн дээр ирж “Ямар харамсалтай хэрэг вэ?” хэмээсэнд тариачин “Магадгүй ээ” хэмээн хариулав.
Дараа өглөө нь өнөөх морь нь гурван өөр зэрлэг морьдыг дагуулан буцаад хүрээд ирэв. Хөршүүд үүнийг сонсоод тариачинд хандан “Ямар азтай хэрэг вэ?” хэмээн баяр хүргэсэнд мөн л “Магадгүй ээ” гэж хариулав. Дараагийн өдөр нь тариачины хүү зэрлэг морьдын нэгийг унаж үзэхээр оролдож байгаад хөлөө хугалчихаж гэнэ. Үүнийг сонссоон хөршүүд нь мөн л хүрч ирээд “Ямар азгүй хэрэг вэ?” хэмээн халагласанд тариачин “Магадгүй ээ” хэмээлээ. Хоёр хоногийн дараа цэрэг татлагын хүмүүс тосгонд ирж бүх залуу хөвгүүдийг цэрэгт татсан ч тариачины ганц хүүг хөлөө хугалсан байхыг хараад орхиод явчихав гэнэ. Үүнийг сонссон хөршүүд нь тариачинд хандан мөн л “Ямар азтай юм бэ?” гэтэл “Магадгүй ээ” хэмээх хариултаа л хэлсэн гэдэг.
URL: