Т.Мөнхсайхан тендер зувчуулагч уу, аль эсвэл…

5deef5990e3caЭрүүлийг бус эд баялгийг эрхэмлэгч даргыг хэзээ шалгах вэ АТГ-ынхаан

Монгол Улсын томоохон эмнэлгүүдийг толгойлж, түрийвчээ зузаатгаж яваа Т.Мөнхсайхан эмчийг АТГ-ынхан, хууль хяналтын байгууллагынхан яагаад шалгадаггүй юм бол. Уг нь түүнтэй холбоотой элдэв янзын тендерийн асуудлыг нэг мөр шалгаж эцэслээч хэмээн хэвлэлүүд олонтаа дурдаж байсан. Гэтэл түүнтэй холбоотой энэхүү асуудлыг шалгахын оронд том, том эмнэлэгийн даргаар тохоон томилон ажилуулах болсон нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайханыг гэнэт л өнгөрсөн долоодугаар сард улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилсон нь удаан жил ажилласан эмч нарын эгдүүцлийг хүргэж байсан ч аажимдаа намжсан. Тэгвэл түүнтэй холбоотой дахин нэг асуудал өчигдөр дэлгэгдлээ. Тухайлбал, Гэмтэл согог, судлалын үндэсний төвөөс зарлагдсан тендер нь Тендерийн хууль зөрчсөн, энэ нь иргэдийн эрх ашгийг хохироож байгаа төдийгүй үүний цаанаа нөгөө алдарт Т.Мөнхсайхан захирал байгааг “Ази фарм” ХХК-ийн удирдлагууд дуулгасан юм.

Өөрөөр хэлбэл, ГССҮТ-ийн өндөр өртөгтэй үйлчилгээнд шаардлагатай имплант, протез буюу хиймэл үе худалдан авах 2019 оны нээлттэй тендер шударга явагдаагүй аж. Энэ тендерт хаана ч давуу эрх эдэлж явдаг Т.Мөнсайхан захирлын компани шалгарч авчээ. Уг нь тус тендерт  “Ази фарма” ХХК оролцсон ч харамсалтай нь тэдэнд ГССҮТ-ийн албан тоотоор гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн байна. Тиймээс “Ази фарм” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд тендер шалгаруулалтыг хянуулахаар гомдол гаргаж, Сангийн яам ч шалгаж үзээд 2019.03.25-ны өдөр 6-1/630 тоотоор ГССҮТ-ийн тендрийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй байна, дахин хянаж үзнэ үү гэсэн албан бичгийг илгээж, шаардлага тавьжээ. Гэвч үүнийг үл ойшоож, тендерийн сонгон шалгаруулах журамд огт байхгүй заалтууд оруулж ирээд  оролцож байгаа байгууллагуудад ижил тэгш шаардлага тавихгүй, эрх ашиг бүхий байгууллагадаа шударга бус үнэлгээг хийсэн тухайг гомдол гаргагч тал хэлж байв.  Уг нь тус тендерт “Мед Монгол” болон “Агь фарма” компани шалгарсан байдаг. Гэтэл “Агь фарма” компанийн үүсгэн байгуулагч нь тендер шалгаруулалтын үед ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайхан гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээс авсан аж. Үндсэндээ Т.Мөнхсайхан тендер шалгаруулалтад оролцох ёстой хүмүүсийг нь оролцуулалгүй, тендерийг өөрийн компанид авсан гэсэн үг.

Ямартай ч ар өврийн хаалга хэрэглэж авсан энэхүү тендерийн муу тал нь гэвэл  ГССҮТ-д өвдөг, түнхний үе солихдоо чанарын шаардлага хангахгүй үйлдвэрийн бүтээгдэхүүн ашиглаж, монголчуудыг эрүүл мэндээр нь хохироож байгаа явдал.

Тиймээс л захирал болсон цагаасаа эхэлж тендерийн асуудалд нэр холбогдсоор ирсэн Т.Мөнхсайханы энэ мэт үйлдлүүдийг олон нийтэд баримт нотолгоотойгоо ил болчихоод байхад хуулийнхан яагаад энэ асуудлыг шалгахгүй байна вэ. Олон жил ажилласан мундаг эмч нарын урдуур хөндөлсөн орж ирээд ямар ч асуудалгүйгээр шууд л захирлын суудалд залардаг Т.Мөнсайханд хэн гэгч эрхэм, хэн гэгч хатагтай нар ийнхүү хошуу дэвсэн түүнийг захирал гэх албан тушаалд сэлгүүлэн суулгасаар байна вэ.

Түүнчлэн Т.Мөнхсайхан энгийн нэг эмнэлгийн дарга гэхэд итгэхийн аргагүй их хөрөнгө мөнгөтэй нэгэн. 2017 онд л гэхэд ХОМ-тээ өөрийн жилийн орлого 207.7 сая, харин гэр бүлийнх нь 528.4 сая төгрөг, 647.5 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бол 80 сая төгрөгийн машин нэг, 800 саяын газар нэжгээдтэй гэжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байлаа. Тэгвэл түүний ингэтлээ хөрөнгө зоорьтой болоод байгаагийн нарийн учир нь хэл ам дагуулсан тендер гэж харагдаж байна.

Тиймээс энэ эрхмийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан шалгаж тендерээр хөлжигч үү, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч яваа эгэл жирийн залуу эмч үү гэдгийг эцэслэн тогтоох цаг нь болжээ.

http://erennews.mn/article/27790


URL:

Нэр: Туул Огноо: 10 December 2019

олон хүний амьдралаар эмч хүн тэгж тоглож болохгүй шүү дээ холбогдох байгуулллага нь шалгамаар юмаа

Сэтгэгдэл бичих