“ЖДҮЧИН” гишүүн Л.Энхболд шоронд орохынхоо өмнө солиорч эхэллээ
ЖДҮХС-гаас нууцаар зээл авсан УИХ-ын гишүүдээс дээлээ нөмрөх нь тодорхой болоод байгаа таван гишүүний талаар сошиал ертөнц, сонин, зурагтаар ид шуугиж байна. Тэд бол УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар ажээ. Энэ таван гишүүн ЖДҮХС-аас зүгээр ч нэг хөнгөлөлттэй нөхцөл, бага хүүтэй зээл авч баялаг бүтээж, ариун цагаан бизнес эрхлээгүй нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Дээрх таван гишүүн ЖДҮ-гээс зээл тоншчихоод мөнгө угааж, өр ширээ дарж, ББСБ руугаа оруулан жирийн ард түмэнд өндөр хүүтэй мөнгө зээлэн хөлжиж байсан нь тогтоогджээ. “Шударга ёс”-ны төлөө дайн зарласан ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны сонгуулиар намаа ялалтанд хүргэхийн тулд ЖДҮ-чин гишүүдийг үг дуугүй шорон луу ачих нь гарцаагүй. Дараа нь ерөнхий сайд “Би ийм л шударга хүн дээ. Хүний өөрийн гишүүд хамаагүй шийтгэсэн” гэж пиараа эхлүүлнэ. Тиймээс дээрх таван гишүүний хувьд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, хувь заяа нь үнэхээр бүрхэг явна. Таван гишүүний дөрөв нь түмнээс дөлөн хийсэн хэрэгтээ гэмшиж, магадгүй шоронд орох хоногоо хүлээж хөнжил дотроо уйлж яваа бол Л.Энхболд гишүүн нийгэмд шившгээ тарьж явна. Тэрбээр ЖДҮХС-ээс гурван удаа нийт 3,2 тэрбум төгрөгийн зээл авч өр ширээ дарж, амин хувьдаа зориулан, бусдад ББСБ-аараа дамжуулан өндөр хүүтэй зээлүүлж, мөнгө хүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Гэхдээ Л.Энхболд ЖДҮ-ээс хуссан мөнгөө булзааруулахын тулд “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” гэх маягийн өрөвдүүлэх тактик хэрэглэх гээд хөгөө хөлдөө чирж явна. Тэрбээр ЖДҮ-гийн хэргээрээ шоронгийн хаалга татах өдөр хоног ойртох тусам ичих нүүрээ элгэндээ тэврэн гүтгэлгээ улам гааруулж явааг нь харсан Өмнийн говийн ард түмэн толгой сэгсрэн “Манай говь нутгийн эрчүүд чинь хүнлэг, тусч, даруу төлөв, хүлээцтэй хүмүүс байдаг. Гэтэл Л.Энхболд гэж нутгийн нэр хөөдсөн арчаагүй амьтан бушуухан шорон луугаа зайлаасай!” хэмээн халаглаж сууна. Түүний гүжирдлэг, гүтгэлэг, популизмаас болж орон нутгийн Тавантолгой ХК өчнөөн тэрбумын алдагдал хүлээсэн байдаг. Уурхай зогссоноос болоод олон тэрбумын алдагдлаас болоод Монгол Улс болон Өмнөговь аймаг хохирсон. Өнгөрсөн жил Тавантолгойн уурхай аймгийнхаа төсөвт ноогдол ашиг гэж 70 тэрбум төгрөг өгч байсан гэж бодохоор нутаг орныхоо хөгжил дэвшилд ямар гол үүрэгтэй, хэрэгтэй компани гэдэг нь харагдаж байна. Гишүүн Л.Энхболдын гүтгэлгийн мөрөөр АТГ, хууль хяналт, татвар, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийгээд “Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш” гэдгийг нь тогтоочихсон. Харин “дээлээ нөмрөх” өдрийн тоо нь дөхөж яваа гишүүн Л.Энхболд нүүрээ барзайлган “Нүүрсний хулгай, 3000 машин нүүрс ачаад Хятад, Монголын хилээр гараад явчихсан” гэж боож үхэх гэж байгаа борлон шиг бахирч байгаа нь инээдэмтэй. Монгол улсын хил, гаалиар ийм олон машин нүүрс ачаад шөнө дөлөөр гараад явах ямар ч боломжгүйг арван настай хүүхэд ч ойлгоно. Монгол улсын гааль, хилийн цэрэг, татвар, тагнуулын байгууллага гэж байгаа. Монголын хилийг даваад Хятадын хил, гаалиар ороход цаадуул нь бас л нүдээ аниад өнгөрнө гэж юу байх вэ? Л.Энхболд гишүүн бол шоронд орохынхоо өмнө арчаагүй царайлж, нутгийнхаа хөгжил дэвшил руу нулимж байгаа нь тэртээ гучин хэдэн онд гэм зэмгүй олон хүнийг гүжирдэн гүтгэж шоронд хийлгэж, цаазлуулсан Бүргэдэйн Лосолын амилсан дүр гэлтэй.
Бүргэдэйн Лосол гэж хэн бэ?
Б.Лосол бол шоронд орохгүйн тулд хайран сайхан нөхдөө хуу матсан Аюулаас хамгаалахын том дарга, чекист байжээ. Тэрбээр шоронд орохгүй тулд лам нар эсэргүүчүүдийг хайр найргүй До яаманд матав. Өвөрхангайн зэвсэгт бослого, Ж.Лхүмбийн хэрэг, Жамъяанжав, Өлгий, Егүзэр хийдийн лам нарын хэрэг гэгч зохиомол хэрэг үүсгэн гэмгүй хүмүүсийг үй олноор нь устгаж, итгэл олж хэсэг амьдрав. Б.Лосол онцгой бүрэн эрхтэй комиссын хуралд найман маршал Х.Чойбалсанг орлон сууж 4510 хүний хэргийг тасалж, 3926 хүнд цааз өгч, 584 хүнийг олон жил шоронд хатаажээ. Тэрбээр өчнөөн сүм хийд, бурхан тахил, ном судар галдан шатааж, үнэнчээ онцгой харуулахаар улангассан авч “нүгэл нүдээрээ” гэдгийн үлгэрээр 1938 онд түүнийг баривчлагджээ. Шоронд байхдаа хүртэл Б.Лосол До яамны нөхөд, цэргийн журмын нөхдөө эсэргүү бүлгийн гишүүн гэж гүтгэн цаазлуулаад өөрөө амь мултрах гэтэл харамсалтай нь түүнд цаазын ял оноожээ. Орос сургагч нар түүнийг тусгай өрөөнд ганцааранг нь оруулж, сайн чанарын хоол, тамхи зэргээр хангаж, алах ял гүйцэтгэх өдрийг хойшлуулав. Энэ хооронд Б.Лосол 300 хүнийг матсанаар тэдний дунд П.Гэндэн, А.Амар, Д.Догсом, Г.Дэмид, Б.Баасанжав, Ш.Аюуш гэх мэт шилдгүүд бүгд цаазлагджээ. Түүнийг цаазлахаар До яамны цэрэг орж ирэхэд Б.Лосол шоронгийн төмөр хаалганаас зуурчихаад “Намайг хэдхэн хоног амьд байлгаад өгөөч. Би ахиад 150 эсэргүүний нэрийг зарлая” хэмээн бахирч байсан гэдэг. Тэгвэл шинэ цагийн Лосолыг Лувсангийн Энхболд гишүүнтэй зүйрлэж болмоор. Тэрбээр анх хоёр компаний хооронд нүүрсний хулгайн хэрэг гэгчийг гаргаж ирээд тэр нь гүтгэлэг байсан болохоор газар аваагүй. Дараа нь 3000 орчим машин коксжсон нүүрс ачаад Монгол Улс, Хятад улсын хил гаалиар сүнс сүүдэр шиг сэмхэн гараад явсан гэв. Энэ гүжирдлэг бас цаашаа хол явсангүй. Тэгтэл Л.Энхболд гишүүн саяхнаас “900 мянган тонн нүүрс хулгайлсан” гэж цоо шинэ баримт гаргаж ирээд байгаа нь яах аргагүй л шинэ цагийн Б.Лосол гэхээс өөр юу гэх вэ?
Эх сурвалж: Түмэн.мн
URL: