С.Билэгсайхан: Төрд гарч байгаа хүмүүс толгойгоо өөрлчөх ёстой

Энэ удаагийн “Toп ярилцлага” буландаа Монгол-Европын холбооны төвийн тэргүүн С.Билэгсайханыг урьж ярилцлаа.

-Улстөрөөс холдохоор шийдээ юу. Сүүлийн үед үйл явдал өрнүүн байгаа ч харагдахгүй байгаа. Юу хийгээд байна даа?

-Улсөтрөөс ангижраагүй ш дээ. Улстөр намайг оролдоод байгаа юм чинь улстөртэй заавал хамт байхгүй бол болохгүй байна. Амьдрах гэхээр амьсгалах аргагүй болгоод байна. Энэ чинь ултөрийн шийдэл. Оролцоод л явж байна.

-Танай намын тухайд “атаархмаар” олон фракцтай нам. Саяхан бас нэг фракц байгуулагдлаа гэж зарлаж байна лээ. Таны хувьд МоАХ-ных байх аа?

-Анхнаасаа л МоАХ-д байсан, одоо ч МоАХ-ндоо л байгаа.

-Өнөөдрийн байдлаар АН дотор Алтангадасын фракц арай хүчирхэг байх шиг байгаа юм. Ингэхэд нам дотор заавал фракц байх ёстой юу. Фракцлахгүйгээр нам оршин тогтнох хэцүү байдаг юм уу. Аливаа шийдэлд хүрэхдээ хэн нэгнийхээ эрх ашгийн төлөө гар өргөж дундаас нь ашиг унагадаг байдал ажиглагддаг учраас асууж байна л даа?

-Угаасаа фракц гэдэг ашиг сонирхлын групп. Ашиг сонирхлоороо нэгдцэг. Дэлхийн намуудыг харахад ч фракцалдаг. Японд гэхэд л либераль ардчилсан нам гээд байж л байна. Би Монголын улс төрд анх 1991 онд фракц гэдэг ойлголтыг оруулж ирж байсан. АН-ын анхны фракц бол Иргэний ардчилсан жигүүр фракц. Монголын АН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд гээд фракц гэдэг ойлголтыг дүрмэнд нь суулгаж өгсөн хүн нь би.

Тэгэхэд Улсын зөвлөлдөх төвийн нарийн бичгийн дарга гэж байсан юм. АН анх дүрмээ боловсруулахдаа барууны орнуудын жишгээр хийсэн. Нэлээд олон орны туршлагыг судалсан. Фракцгүй бол нам дотор байгаа ашиг сонирхлын группуудын учир нь олддоггүй. Тодорхой жигүүрүүд бий болчихоор гайгүй болдог. Гэхдээ одоо АН дотор хэдэн фракц байдгийг нь сайн хэлж мэдэхгүй юм байна.

-Яагаад?

-Би чинь саяхнаас л ҮЗХ-ны гишүүн болсон шүү дээ. Миний мэдэхээр МоАХ-ны фракц байгаа. Хуучин ардчилсан холбооноос угшилтай хүмүүсээс бүрддэг. Кроун, Алтангадас, МҮДН, бас хэсэг залуус нэг фракц зарлаж байна гэж яриад л байна. Ер нь бол би энэ бүхнийг эрүүл үзэгдэл гэж боддог. Мэдээж аль нь нам дотор хүчтэй байх вэ гэдэг нь яах аргагүй асуудал л даа. МоАХ-ны тухайд АН-ын гишүүдийн олон хувийг эзэлдэг.

Гишүүнчлэлтэй нийт 10-аад мянган хүн байгаа. Тэгсэн атлаа ҮЗХ дээр цөөнх байдаг. Уг нь бол МоАХ-ны гишүүд АН-ын гишүүдийн массыг бүрдүүлдэг гэсэн үг. Харамсалтай нь ҮЗХ дээр 10 мянган гишүүнийхээ төлөөлөл болж чаддаггүй. Их цөөхөн, 4/1 орчим л байдаг. Нөгөөтэйгүүр нам доторх фракцууд асуудлыг цэгцтэй байлгадаг.

Олон хүн учраа олохгүй тэмцэж байхын оронд хэсэг бүлгээрээ ярилцаж байгаад саналаа багцлаад товч тодорхой илэрхийлэх боломж нь фракц гэсэн үг. Тэр хэрээр тухайн намын доторх эрх ашиг товч тодорхой, ойлгомжтой байна л гэсэн үг. Манай С.Зоригийн хэлсэн үг байдаг ш дээ. Улс үндэстнийхээ эрх ашгийг эн тэргүүнд бодьё.

Дараа нь намын эрх ашиг, дараа нь фракц, тэгээд хувийн эрх ашгаа бодъё гэж… Ийм л байх ёстой. Энэ эрэмбэ алдагдчихаар байдал өөр болоод байгаа юм.

-Тэгвэл манай Монголд наад эрэмбэ чинь аль хэдийнээ алдагдчихсан юм байна даа. Анзаарч байгаа эсэх нь л гэхээс..?

-Таны дүгнэлт л дээ.

-Таныхаар бол?

-Үндсэн хуульд заасан байгаа. Хамгийн түрүүнд Монгол Улсын үндэстний буюу тусгаар тогнолын асуудал чухаг гээд… Туурга тусгаар улс байна гэдэг улс орны хувьд хамгийн том асуудал. Дараа нь эрх чөлөөтэй байх, гадныхны нөлөөгүй байх асуудал гэх мэтчлэн эрэмбэлэгдэнэ. Гэтэл тэр эрэмбэ алдагдаад байна. Бидний өвөг дээдэс хэдэн зуун жилийн турш хэр чадлаараа тэмцэж, газар нутгаа хамгаалан халуун цус, залуу насаа золиослон байж өнөөдрийн бидний оршин тогтнох үндсийг тавьж өгсөн.

Өвөг дээдэс маань хэдэн мянган жилийн турш газар нутгаа хамгаалж туурга тусгаар улс байлгаж, өнөөдрийн бидэнд хүргэсэн. Тэр эрх ашиг алдагдчихаар хамгийн том эрх ашиг нь алга болчихно. Өөрөөр хэлбэл, эрэмбэ алдагдана гэдэг нь үндэсний эрх ашигт харшлаад байна л гэсэн үг. Хэдэн зууны тэртээгээс энэ газар нутгийн алга дарам газрын төлөө эх орончид амиа өгсөн атал тэр эрх ашиг алдагдчихаар ямар байдалд орох уу.

Бодоод үз дээ. Одоо бол хэн дуртай нь Монголд ирээд газар авч байна. Цэргээр дайрах хэрэггүй болчихож. Зүгээр л мөнгөөр худалдаж аваад хүссэнээ хийчихдэг. Өнөөдөр Монголын газар нутгийн хэдэн хувь нь гадныхны мэдэлд байна. Баялаг нь зүв зүгээр л гадагшаа гарч байна. Тийм биз. Хамгийн том эрх ашиг бол энэ.

Зүй нь энэ эрэмбэ алдагдахгүй байх ёстой юм. Хүн болгон энэ асуудал дээр тогтнож, нэгдэж бодож үзэх л ёстой.

-Нэгэнт алдагдсан эрэмбийг өнөөгийн улстөрчид буцааж эрэмбэнд нь оруулж чадахгүй. Яагад гэвэл эрэмбэ алдагдуулагч учраас гэх үл итгэсэн байдал нийгэмд бий болчихлоо. Зарим нь хувьсгал хийж эднийг нэг мөр зайлуулъя гэх хэмжээний л юм ярьж байна шүү дээ. Монголчууд төрийн сүлдэндээ залбирахаа больчихлоо. Энэ тохиолдолд нэгэнт алдагдсан эрэмбийг цэгцэнд нь оруулахын тулд бид яах ёстой юм бэ. Хэн хийж чадах бол?

-Асуудлууд их эгзэгтэй болоод байна. Женийн коэффицент гэж байдаг юм. Тодруулбал, баян ядуугийн ялгаа ихсэх тусам хувьсгал гарах нөхцөл ойр болдог. Гэтэл манайд олон улсын байгууллагын тогтоосон, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэр хэм хэмжүүр алдагдчихсан. Нийт хүн амын 40 хувь нь ядуурлын түвшинд байна. Таван хүний хоёр, 10 хүний дөрөв нь ядуу байна гэсэн үг.

Ерөөсөө нийгмийг бүрдүүлдэг, нийгмийн тогтвортой байдал, нийгмийн эрүүл сайхан байх орчин нь дундаж давхарга байдаг. Гэтэл манай Монголын хувьд баян нь хэтэрхий баян. Нийт баялгийн 95 хувийг бидний хэлдгээр олигархи гэгддэг хүмүүс эзэмшдэг. Харин нийт баялгийн таван хувь дээр бүхэл бүтэн Монгол Улсын хүн амын 95 хувь буюу бараг л бүх монголчууд амьдарч байна. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл хувьсгал эхлэх аюул тулгараад байгаа юм.

-Асуудлыг аядуу бас шударга зохицуулахын тулд яах ёстой вэ. Иргэдийн “төрд” итгэх итгэл их л муу байна шүү дээ?

-Улс төрийн ажил эрхэлдэг, өөрсдийгөө улс төрч гэдэг хүмүүс ухаарах цаг болсон. Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт нийгмийн тогтворгүй байдал руу хөтөлж байна. Асуудал их байна. Идэж уух асуудал хязгаартай байх ёстой. Тийм үү… Би хувьдаа ингэж л боддог. 90 онд бид дээд эрэмбийнхээ төлөө явсан. Тусгаар тогтнол эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн. Оросоос хараат бус болохыг хүссэн. 1992 онд ардчилсан хувьсгал хийгээд Үндсэн хуулиа баталгаажуулсан.

Нарийндаа бол Монгол Улс сүүлийн 300 жилийн турш гадны хараат байсан. 1911 оны хувьсгал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал, 1946 оны бүх нийтийн санал асуулга, 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ бүх хувьсгалын үр дүнд, бараг зуун дамжсан тэмцлийн үр дүнд бид туурга тусгаар улс болсон. Туурга тусгаар улс байх нь нийт монголчуудын хүсэл эрмэлзэл.

Өөрөөр хэлбэл, дээд эрэмбийн төлөө зүтгэсэн байна.  Нэг үг байдаг юм, Хувьсгалыг ухаантнууд санаачилж, зоригтнууд хийж, бэртэгчингүүд завшдаг гэж. Монголын тухайд ухаантнууд 100 жил дамжсан хувьсгалыг санаачилсан байна. Зоригтнууд золиослогдож байж тусгаар тогтнолоо баталгаажуулсан байгаа биз. Товчхондоо хувьсгал санаачлагдсан, зоригтнууд хийчихсэн ч бэртэгчингүүд завшиж байна.

Бэртэгчингүүдэд эрэмбэ ерөөсөө хамаагүй байдаг юм байна. Ямар нэгэн аргаар өөртөө л мөнгө авч, өөрөө л баяжиж байвал бусад нь падгүй. Энэ байдал хэрээс хэтэрчихсэн. Уг нь бид ардчилсан хувьсгал хийхдээ хүмүүсийг баяжихыг дэмжсэн. Анхны Үндсэн хуулиар хүний эрх чөлөөг дээдэлнэ гэж зааж өгсөн. Үндсэн хуулиар төр, иргэн хоёр яг нэг түвшинд, нэг ижил гараан дээр байгаа.

Гэтэл одоо бодит байдал дээр 7:1-ийн харьцаатай. Төр нь долоо, хувь хүн нэг хувь… Өнөө 1:1 гэсэн харьцаа долоо дахин зөрчигдчихсөн. Тэртээ тэргүй төрийн дарангуйлал гэж байдаггүй юм. Хууль төрийн дарангуйллаас хүнийг хамгаалдаг. Бид иргэдээ хувийн өмчтэй болгох гэж тэмцсэн. 90 онд малыг хувьчилж байж тэр хүнд үеийг давсан. 1996 онд ардчилсан хүчин ялаад, орон сууцыг хувьчилсан. Иргэд тодорхой хэмжээний өмчтэй болсон.

Дараа нь газрын төлөө тэмцсэн. Одоо газар хувьчлагдаж байна. Энэ бүх процессыг хөрөнгийн хуваарилалтын нэгдүгээр үе гэж үзэж болно. Тэртээ тэргүй мал хувийнх байснаа нийгэмчлэгдсэн. 1996 онд орон сууцыг хувьчилснаар 400-гаад сая төгрөгийн хөрөнгө эргэлтэнд орсон. Мэдээж баялгийн хуваарилалтын нэгдүгээр үед үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг оруулах ёстой. Ягаан цэнхэр тасалбараар…

Энэ бүхнийг бүхэлд нь баялгийн хуваарилалтын нэгдүгээр үе гэж үзэж болно.

-Баялаг хуваарилалтын нэгдүгээр үеийн үр дүнгийн тухайд юу хэлэх вэ. Ягаан, цэнхэр тасалбарын учрыг иргэдийн олонх мэдээгүй алдсан шүү дээ?

-Гомдол бий. Тухайн үед хувьсгалт намын хүмүүс ихийг идсэн, нэгдлийн дарга нар их мал авсан, үйлдвэрийн дарга коммунистууд ихийг авлаа гээд хүмүүс маргаан хийсэн. Тэр яахав. Хамгийн гол нь бүгд л Монгол хүнийх болсон. Монголчууд хөрөнгөжсөн. Одоо хөрөнгөтэй коммунист хүн гэж байхгүй ш дээ. Ямар ч байсан хөрөнгийн нэг, хоёрдугаар хуваарилалт дууссан.

-Хоёр дахь хуваарилалтанд юу орох вэ?

-Төрийн эрх мэдэл барьж байгаа хүмүүс нийлээд төсвийн баячуудыг бий болгосон. Бид олигархи гэж нэрлээд байна. Сүүлийн 20 гаран жилийн хугацаанд үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг хувийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн. Эдэн дунд насаараа шорон орон, хардлага сэрдлэг, төрийн дарамттай нүүр тулсан ч бизнесээ босгож ирсэн цөөнх бий. Тэдний тухай би ярихгүй. Тэдний хажуугаар цөм цохиод орж ирсэн, төрийн өмчөөр хэдэн миллиардаар яригдах мөнгө босгоод орж ирсэн улсууд байна. Тэднийг л олигархи гэж нэрлээд байгаа юм.

Төсвийн мөнгөөр угжихгүй л бол алга болчихно, тэд. Үүнийг би баялгийн хоёр дахь хуваарилалт гэж нэрлээд байгаа юм. Олигархиуд их хортой. Би 1992 оноос хойш олон жил бизнес хийсэн. Төрийн бух дарамтыг үзсэн. Цагдаа, тагнуул, эдийн засгийн алба, бүх шатны татварын алба гээд хүнийг дарамтална шүү дээ, рекетлэнэ. Гэхдээ тэр бүхнийг давж, сугараад хардалт сэрдэлтийг давсан үндэстний хөрөнгөтнүүд бий болчихлоо.

Хажуугаар нь маш том газар аваад, зараад, лиценз аваад гадна дотныхонд зараад баяжчихсан хүн олон байна. Нэг сая ам. доллар бол юу ч биш. 500 мянган ам.доллараар хурдны морь авах асуудал юу ч биш болчихож. Өдрийн орлого нь 300 мянган ам.доллар гээд зарлаж байна. Монголоор 420 сая төгрөг. Нэг өдрийн орлого нь шүү дээ. Гэтэл сард 420 мянган төгрөгийн цалин авдаг хүн хэр олон байдаг билээ. Хэт их ялгаа байгаа биз.

Хэтэрхий шударга бус байдал үүсчихлээ, Монголын нийгэмд. Олигархиуд өөрсдийгөө Үндсэн хууль, авлигын хууль гэхчлэн органик хуулиар хамгаалчихсан. Олигархиуд хүчээ аваад амьдраад байна гэдэг чинь тэр хүмүүсийг өмгөөлсөн хууль эрх зүйн орчин бий болсны илрэл. Ерөнхийдөө бид хууль эрх зүйн орчиндоо тийм улсыг амьдрах нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн байна. Тэд нийт хүн амын тавхан хувийг эзэлдэг. Тэгсэн мөртлөө нийт баялгийн 95 хувийг эзэмшдэг.

Гадаадын улс орнуудад Монгол таун бий болоод эхэлчихсэн байна. Бүхэл бүтэн арал дээр усан онгоц, нисэх онгоцтой л сууж байдаг болж. Бээжин, Лондон гээд хаа сайгүй Монгол таун байгуулагдаад эхэлчихлээ. Мөнгө Монголд шингэхгүй гадагшаа урсаад байна. Тэгсэн атлаа их дүр эсгэнээ. Хүн харахад хуучин костюмтай, төсвийн мөнгөөр амьдраад л их ядуу, өрөвдмөөр байгаа юм.

4500-хан ам.доллараар байр түрээслээд их ядуу, өрөвдөлтэй амьдарч байгаа биз /инээв/. Асар том ялгаа… Үнэхээр олигархиуд бий болчихлоо. Би монголчуудыг баяжаасай, тэрбумтнууд төрөөсэй л гэж боддог. Энэ бүхнийг би хөрөнгийн хоёрдугаар хуваарилалт гэж нэрлэж байна. Одоо хөрөнгийн гуравдугаар хуваарилалт эхлээд, ид явагдаж байна.

Гуравдугаар хуваарилалтаас юу ажиглагдаж байна гэвэл, олигархиуд ханаж цаддаггүй юм байна. Чиний, миний үр хүүхдийг мөнгөгүй, хоосон амьдрах бололцоог бий болгох гэж байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд шунаад эргэн тойрон, бусдыгаа бодохоо больчихож. Эрэмбэ энэ тэр бол бур сураггүй шүү дээ. Их олз олохыг л бодохоос биш эрэмбийн тухай бодохгүй. Гадаад руу маш их байгалийн баялаг зөөж байна.

Өнгөрсөн онд гэхэд л 16 сая тонн нүүрс экспортоллоо. Гаалийн татвар гээд улсад нэг ч төгрөг оруулаагуй. 16 сая тонн нүүрс экспортлоод нэг төгрөг ч татварт төлөөгүй. Бод л доо, нэг тоннд 10-хан ам.долларын татвар тогтооход л 160 сая, 20 ам долларын татвар тогтоовол 320 сая ам доллар болно. Өөрөөр хэлбэл 420-иод тэрбум төгрөг. Тэр мөнгөөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих фонд байгуулж, хүмүүсийг ажлын байртай болгох ёстой.

Би хэт хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Сая төгрөг тараах нь хүний итгэл үнэмшилд хөндий байдаг байхгүй юу. 21 мянган төгрөг өгнө гэхээр өдөржин оочерлодог мөртлөө нэг метр куб шороо ухуулж таван мянган төгрөг өгье гэхээр ажил хийх хүн ирэхгүй байна. Зөөлөн хөрстэй бол хүн өдөрт 4-5 куб метр газар ухчихна шүү дээ. Тэгсэн атлаа бүтэн сард 21 мянган төгрөг авахаар өдөржин оочерлож чадаж байна. Аймшигтай эмгэнэлтэй байдал.

21 мянган төгрөгт амьдралаа зориулж байна шүү дээ. Энэ маягаараа хөрөнгийн гуравдугаар хуваарилалт 21 мянган төгрөг, сая төгрөгөөрөө л үлдэнэ. Чамд сая төгрөг өгье. Юу ч болохгүй. Байр худалдаж авч чадахгүй. Брэндийн ганц цүнх л 10 хэдэн мянган ам.долларын үнэтэй байна шүү дээ. Тиймээс улс төрч, сэхээтнүүд, ялангуяа сэтгүүлчид энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой болчихоод байгаа юм.

Монголын баялаг гадныханд худалдагдаад байна. Би зуун адуутай байлаа гэж бодоход чамд 30-ыг нь зээлээр өгчихөөд, ашгийг нь дараа нь хувааж авъя гэж гуйхтай л адил. Энэ байдал даамжирвал зогсооход хэцүү. Уучлаарай их даамжирвал хувьсгал гараад ч засагдахгүй. Энэ байдлыг 2012 оны сонгуулиар л өөрчлөх ёстой. Төрд гарч байгаа хүмүүс толгойгоо өөрчлөх ёстой. Үндэсний дээд эрэмбэд аюул учирч эхэллээ гэдгийг ойлгох цаг болчихоод байна.

Энэ маягаараа яваад байвал гурав дахь хөрөнгө хуваарилалтын дараа монголчууд хов хоосон хоцорно. Ажаад байхад цалинг нэмэгдүүлж, ард түмэндээ баялгийн хувиас хүртээх юм яриад байна. Дундаж цалин үсрээд л 500 мянган төгрөг болно. Араас нь ам.долларын ханш, инфляци өснө. Авсан цалин юу ч биш болно. Бас байгалийн баялаг маань дуусна. Хөрөнгийн зах зээл дээр IPO-д хийгээд хувьцаагаа дэлхийгээр нэг зарна. Хувьцаа эзэмшигч дэлхийгээр нэг болно.

Чамд болон чиний үр хүүхдэд юу ч үлдэхгүй. Баялаг нь байж л байдаг. Ухаад л яваад байна. Эцэст нь бэлчээр усгүй, хэдэн тэрбум, триллион доллараар үнэлэгдэх байгаль ч үгүй, юу ч үгүй хов хоосон үлдэнэ. Хүнд наалдах юм байхгүй. Дэлхийгээр нэг тараад явчихна. Глобал бодлого гэдэг чинь тэр шүү дээ.

Тэрэнд л зохицсон хууль байна ш дээ манайд. Тиймээс Монголчууд хууль эрх зүйн орчингоо сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж, шийдвэртэй алхмаа хийх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр өөрийгөө хамгаалах эрхтэй гээд заачихсан байгаа биз дээ. Яагаад миний болон үр хүүхдийн маань эдийн засгийн эрхэнд халдаад байгаа юм бэ. Яагаад миний ач, гучийн эдийн засгийн эрх хумигдах ёстой гэж. Яг л ийм заагийн торгон ирмэг дээр бид зогсож байна.

-Одоо тэгээд яах вэ?

-Унана, эсвэл тогтоод эргээд явна. Асуудал ийм л байна. Манайхан ойлгохгүй байгаа юм. IPO гаргалаа, хэдэн зуун мянган ам.доллар оллоо гээд л хөөрөөд дэгдээд, инээгээд гүйгээд байна. Нарийндаа бол тэр чинь хүний мөнгө. Өөрсдийнхөө баялгийг бид хүнд зүтээр өгч байна. Тиймээс тогтвортой байдлын гэрээ, энэ тэрийг бүгдийг нь хүчингүй болгох ёстой. Үндсэн хуулийн 6.2-т газрын хэвлий дэх баялаг, төр ард түмний өмч гээд заачихсан байгаа биз дээ.

Тэр заалтыг харж, тэрнийхээ дагуу бүх хуулиа өөрчилж эрэмбэлэх ёстой. Асуудал аймаар байгаа байхгүй юу. Энэнийгээ зогсоож чадахгүй бол насаараа гуйлгачин байх хувь заяатайгаа эвлэрэх болно. Монголчууд үеийн үед гуйлгачин болно. Биднийг энд маанайгаад сууж байхад Шинь Шинь гэдэг компани хэдэн тонн цалин цагаан мөнгө гаргаж байна.

Баригдсан нь л тэр болохоос баригдахгүй хэдэн зуун тонныг ч гаргасан юм бүү мэд. Мэдээж хил дээр байгаа нэг хүн л хахууль аваад гаргаж байгаа ш дээ. Зүгээр гаргана гэж байхгүй. Тэр их мөнгийг Монголбанкаар дамжуулаад зарсан бол улсын санд хэдэн төгрөг орох вэ. Авлига гэдэг асуудал эргээд их томоор гарч ирж байна. Өнөөдөр Монголд авлига, олигархиудад үйлчилсан хууль л байдаг болсон. Авлигын тухай хуульд ганц л заалт оруулах хэрэгтэй байгаа юм.

-Ямар?

-Авлига өгч ажлаа бүтээсэн хүн авлига өгснөө хэлбэл ажлыг нь хэвээр үлдээгээд, авлига авсан хүнийг нь насаараа төрийн алба хаших эрхгүй болгож, шоронд хорих, авсан авлигын хэмжээг нь хэд дахин нугалсан төлбөр төлүүлэх заалт оруулах хэрэгтэй. Авлига өгсөн хүнийг шийтгэж ерөөсөө болохгүй. Тэгж байж л авлига өгч ажлаа бүтээчихээд нөгөө хүнээ эргээд матдаг жишиг тогтох ёстой. Тэгж байж л авлигаас ангижирч, нийгэм цэвэршинэ. Олон нийтийн анхаарлыг тийш нь төвлөрүүлэх ёстой. Хэдэн үе дамжаад гуйлгачин болох гэж байгааг олон нийтэд анхааруулах ёстой.

-Гарах арга зам гэвэл юу хэлэх вэ. Таны бодлоор тэр шүү дээ?

-Хүн болгоныг орон сууцжуулах ёстой. Өнөөдрийнх шиг нэг гэр өгчихөөд молигдоод байж болохгүй. Гэр өгөөдяах юм бэ, утааны үйлдвэрлэл л нэмэгдэнэ.биз. Монголд нийт 700 гаруй мянган өрх байдаг, 100 мянга нь угаасаа тохилог орон сууцанд амьдардаг. Үлдсэн 600 мянган өрхийг яаралтай орон сууцжуулах ёстой. Засаг даргын ажлыг хэдэн метр урт жагсаасан жагсаалтаар дүгнэдэг юм байна лээ.

Тухайлбал Г.Мөнхбаярын ажлын дүгнэлтийг нь уншихад л хэдэн өдөр зарцуулмаар урт. Уг нь хотын болон аймгийн Засаг даргын ажлыг хоёр гуравхан юмаар дүтнэхэд л хангалттай.

-Тухайлбал?

-Хэдэн хүн ажилтай бас байртай болгов гэсэн үзүүлэлт. Тэгсэн тохиолдолд хүмүүсийг орон сууцжуулах төсөлд мөнгө зооно, улс тэр чигт анхаарлаа хандуулна. Анх 40 мянган айлын орон сууц хөтөлбөр яригдаж байх үед 100 мянга гээд байхад тоогоогүй. Амжихгүй байх гээд л байсан. Би Орон сууцны багцхуулийг УИХ-аар батлуулж байсан хүн. Их амархан энгийн логик схемтэй хууль. Тодруулбал, эхлээд хүмүүст газрыг нь хувьчлаад өгчихнө.

Нэг гэр бүлд нэг га газар. Одоо Улаанбаатарт нэг га газар 30 сая орчим төгрөг, далдуур бол сая ам.доллар хүрч байна. Өрхийн хувьчилсан газрыг барьцаалаад газрыг нь үнэт цаас болгочих хэрэгтэй. Тэгээд хөрөнгийн бирж дээр дипозит хийгээд байрьшуулчихна. Газар бол бодит. Монгол Улс иргэндээ хувьчилсан газрыг үнэтэй болгож байна. Баталгаатай үнэлгээтэй, бодитой, дээр нь Засгийн газар баталгаажуулсан газрыг дэлхийд зарж болно.

Тэгэхийн тулд орон сууцны олон корпораци байгуулах хэрэгтэй. Иргэдэд зээлээ төлөх боломж олгохын тулд цалинг нь хоёр дахин нэмэх ёстой. Мэдээж гар дээр нь олговол инфляци өсчихнө. Тиймээс шууд зээлийн дансанд нь хийх ёстой. Ингэсэн тохиолдолд инфляци үүсэхгүй. Орох оронтой болох нөхцөл бүрдчихээд байхад архидаад байхаар ажил хийсэн дээр гэж олон хүн бодно.

Ингэж л нийгмээрээ ажилгүйдлээс ангижирна. Ер нь орон сууцанд оруулсан нэг төгрөг эргээд эдийн засагт дөрөв дахин үрждэг юм. Орон сууц бариад эхлэхээр цемент, арматурын үйлдвэрлэл дагаад хөшиг, дотоод засал, тавилга хийх гэхчлэн олон ажлын байр бий болно. үнээс гадна сүүлийн үед Э.Бат-Үүл уул уурхайгаас орох баялгийг энд төвлөрүүлэх ёстой гэж яриад байгаа.

Бас л зөв гарц. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас олсон орлогоо Орон сууц санхүүжүүлтийн корпорацид оруулах ёстой. Гэхдээ орон сууцны хөдөлгөөнийг хатуу хийх ёстой шүү. Хоёр, гурван өрөө барихад илүү анхаарах учиртай. Товчхондоо дамжин өнгөрүүлэх орон сууцанд иргэдээ хүчээр хамруулах ёстой гэх гээд байна л даа.

-Түүнээс гадна таныг хотын хөгжилд ихээхэн анхаарч, олон төсөл дээр ажиллаж байсан гэж дуулсан?

-Би 1993 онд утаагүй түлшний тухай санал хэлж байсан юм. Тухайн үед хүн бүхэн гайхаж байсан. Энэ ямар тэнэг амьтан бэ, Улаанбаатар утаатай болно гэж юугаа яриад байгаа юм бэ гээд л байсан. 22 сая ам.долларын л төсөл. Одоо ч надад төсөл нь байж байгаа. Би долоо найман жил хөөцөлдөөд бараагүй. Арай гэж Засгийн газрын хөтөлбөрт оруулсан.

Хаа байсан 1993 онд Улаанбаатарыг утаатай болно гэж мэдээд хэлээд байхад муу ёрлоод гээд л байсан. Би, та нар гэрийн бүрээс хийж, зуух солиод бүтэхгүй ээ. Тэрний оронд утаагүй түлш хий гэж анхнаас нь сануулсан. Тэр ч утгаараа гэр хорооллыг орон сууцжуулах дэд бүтцүүдийг хий гэж хэлсэн ч нэг ч хүн сонсоогүй. Хамгийн сүүлд би Г.Мөнхбаярт орж хэлсэн. Экологийн ийм асуудлууд байна. Хогноос салах суваг тавих технологи гээд янз янзын асуудлуудыг л ярьж байсан.

10-аад жил явсан. Үнэхээр залхаж байна. Бид нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжиж байгаа учраас утааны асуудал босох нь мэдээж. Тиймээс дэд бүтцээ хурдан шийдэх ёстой. Одоо манайд бохир, дэвэр ус, цахилгааны шугам татах ёстой. Дулааны шугам татчихсан. Одоо бохирын шугам хийж байгаа. Цэвэр усны шугамыг нь татчих юм бол дулааны асуудлыг яаж ч шийдэж болно.

Хүмүүс ep нь өсөлтийн маягаар л яваад байна. Өнөөдөр хөшгөө, дараа нь ханын цаасаа солино гэх маягаар. Уг нь бол цогцоор нь шийдчих хэрэгтэй. Юмыг цогцоор нь хийхээр хамаагүй хямд тусдаг байхгүй юу. Утаагүй зуух гээд яриад л байна. Хүн бүхэн арван жилдээ химийн хичээл үзсэн. Нүүрснээс С02 хий гарна гэдгийг мэднэ. Тэгсэн байж утаагүй зуух гээд солиороод байгаа байхгүй юу. Гарц нь энэ.

Амархан байгаа биз дээ. Харин утаагүй түлш бол байж болно.

Үнэндээ олон жилийн өмнө ил байсан зүйлийг одоо хүртэл яриад л байгаа хэрнээ хийхгүй байна шүү дээ. Хийгээгүйн улмаас үүссэн хор уршгийг хэн амсаж байна вэ гэвэл хүүхэд. Орон сууцжуулах асуудлыг зохих түвшинд нь хийхгүй л бол энэ асуудал байсаар л байх болно. Үүссэн нөхцөл байддаас гарах арга өчнөөн байна. Харамсалтай нь бүгд яриад хэн нь ч хийдэггүй. Яагаад ч юм бэ, боломжтой алхмуудыг хийхгүй юм.

Зүгээр л өдөр хоногоо аргацаасан, ойрын бодолтой яваад байна. Ойрын бодол холын шуналтай гэж томьёолох юм уу даа. Баахан мөнгө олж аваад, гадаадад байр авч өвлийн утаанаас зугтаж, сайхан амарч байгаад л ирдэг. Нэг үгээр манайханд мөнгөний мэдрэмж байхгүй болчихсон. Тэнд хүн ядарч байна гэж ойлгохгүй байгаа юм. Тэр хүнд 21000 төгрөг ямар их мөнгө гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Зүгээр тараагаад байхаар ажил хийж мөнгө олно гэдэг философи байхгүй болчихоод байгаа юм. Нөгөөтэйгүүр, хөдөлбөл хөлс гэдэг үгийг тас цохиод ядуугаар нь байлгаад байх сонирхол байна. Хүмүүс ном, сонин уншиж зурагт үзэхгүй байна. Ингэхээр чинь нийгэм маань хордож хоцрогдохгүй яах юм бэ. Хамгийн ойрын жишээ татахад, нефтийн асуудал. 600-650 сая ам.доллар байхад л зохицуулах зүйл. Үйлдвэр барихгүй атлаа жилд гаднаас 700-900 сая ам.долларын шатахуун худалдаж авдаг.

Бид нэг жил бензин худалдаж авах мөнгөөрөө л үйлдвэр барих боломжтой байгаа биз. Эцэст нь хэлэхэд одоо биднийг аливаа асуудлыг цогцоор нь харж, цогцоор нь хийхийг цаг үе шаардаад эхэлчихлээ. Нэг зүйлийн төлөө нэгдэж сурмаар байна. Яахав, баяжих нэг нь баяжна л биз. Хамгийн гол нь баялгаа нийтэд хүртээмжтэй байлгах хэрэгтэй байна даа.

З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих