Хүчирхийллийн үүр болсон ТАНСАГ сууцнаас насжилт нь дууссан УМГАР өрөөнд тэд илүү жаргалтай

gbceg

Чих дэлдийлгэм таагүй явдал, эсрэгээрээ магнай тэнийм баярт мөч аль аль нь сүлэлдсэн, өнгө алаг нийгэмд бид амьдарч буй. Их хотын амьдрал өнгөц харахад тайван мэт санагдавч хүмүүний эрх зөрчигдсөөр л байгаа. Хүчирхийллээс улбаалж хэний ч өмнө хийсэн гэмгүй бага насны хүүхдүүд очих гэр, оочих аягагүй болон үлдэж, нөхрийн хатуу гараас дайжих эхнэр, эх хүн түр хамгаалах байрыг зорьж буй. Бодит байдал ямар байгааг уншигчдадаа хүргэхээр бид Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харъяа Түр хамгаалах байрыг зорилоо.

Тус байрыг гаднаас нь харвал хар өнгийн сараалжин төмрөөр хашаалсан цагаан байшин. Байшин руу ормогц жижүүрийн цагдаа биднийг хүлээн авч, бичиг баримт шалгасныхаа дараа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн IV зүйл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчмыг баримтлан Түр хамгаалах байрны байршил, үйл ажиллагаа, үйлчлүүлэгч, хохирогчийн хувийн нууц мэдээллийн талаар бусдад залруулахгүй байх үүргийг хүлээж баталгаа гаргаж байна” гэх бичиг танилцуулж, гарын үсэг зуруулав. Ийн хоёр талын эрх үүрэг, итгэлцлийн дор тус байрны үйл ажиллагаатай танилцахаар боллоо. Хамгаалах байрны байршлын мэдээлэл ил, тодорхой байвал хохирогчийг хүчирхийлж, дарамтлах нь ихсэх, хүчирхийлэгч ирж халдлага үйлдэх магадлал өндөр байдаг тул баталгааны хуудсанд гарын үсэг зуруулдаг гэнэ.
Одоогийн байдлаар уг байранд таван өрхийн 13 эх, хүүхдийг  түр хамгаалалтад аваад байгаа аж. Нэг өрөөнд 2-3 ор, хөргөгч, шүүгээ, аль хэдийнэ тохижсоныг нь илтгэх хүүхдийн ном, хувцас эдлэл, ахуйн хэрэгсэл энд тэнд дэл сул харагдав. Ийн тэдний өрөөгөөр түр саатах хооронд эх хүүхэд болон тус байрны ажилчид үдийн цайгаа ууж байлаа. Цайлж дууссан  бололтой гурав орчим настай охин хоолны өрөөнөөс гарч ирэв. Хаана буйгаа, ямар шалтгааны улмаас энд байгаагаа мэдэх нь бүү хэл аавын хатуу гарыг мартаж орхисон гэмээр гэнэн цайлган инээмсэглэлийг түүнээс олж харлаа. “Сайн уу” хэмээн гараа даллахад, нүдээ ирмэн өөдөөс нь инээхэд, хийсэн үйлдэл бүрийг минь яг таг алдалгүй дуурайв. Хоолны газраас ээж нь гарч ирэн, түүнийг өрөө рүүгээ хөтлөн явахад эргэн, эргэн сониучхан харсаар байлаа. Хүүхэд ийм л хайр татам, гэгээлэг. Тэд бол хар толбо тогтоогүй цагаан цаас юм. Гэтэл томчууäын өмнө хийсэн буруугүй хэр нь тэд хар бараан асуудлын золиос болон, хохирч, өнөөх цагаан цаасанд хэзээ ч арилшгүй хар толбо үүсэж буйд харамсаад баршгүй.

Б.ГАН-ЭРДЭНЭ: УДАА ДАРАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ, АМИА АЛДСАН ТОХИОЛДОЛД Ч БИЙ

Түр хамгаалах байранд 2014 оноос хойш өдийг хүртэл нийт 1875 хохирогч хүлээн авчээ. Үүнээс насанд хүрсэн эрэгтэй 12, эмэгтэй 670, эрэгтэй хүүхэд 596, эмэгтэй хүүхэд 597 байна. Харин энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 112 гэр бүлийн 255 хохирогч хүлээн авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт аж. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл жил өнгөрөх тусам өсөн нэмэгдэж байгааг харж болох юм.  “Өвлийн улиралд, дайрч, давшилж байгаа эр нөхрөөсөө яарч сандран зугтаахдаа хүүхдээ хувцас өмсүүлж амжих бүү нүцгэн шахуу тэврээд, гүйгээд ирдэг” хэмээн ярих хүн бол Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ. Тэрбээр “Гэр бүлийн таарамжгүй харилцаа, санхүүгийн боогдмол байдал, архидан согтууралт зэргээс шалтгаалан хүчирхийлэл ãàðäàã. Мөн гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон маргаан хүчирхийллийн гол шалтгаан болж байна. Хамгийн гол нь ёс суртахуун, суурь хүмүүжлийн асуудал их чухал. Түр хамгаалах байранд нэг хүн хэд хэдэн удаа ирэх тохиолдол бий. 2014-2019 онд нийт 256 иргэн давтан ирсэн. Үүнээс 175 нь тав болон түүнээс дээш удаа ирсэн. Удаа дараа хүчирхийлэлд өртөж, амиа алдсан тохиолдол ч бий. Хүчирхийлэл үйлдэгч цагдаагийн байгууллагад дуудагдахдаа эхнэртээ уурлаж, улам өс санадаг. Өнгөрсөн оны сүүлчээр хүчирхийлэлд өртсөн иргэн олон удаа дуудлага мэдээлэл өгдөг байсан. Нэг удаа дуудлага өгөхөд нь нөхрийг нь эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад эгчийндээ хоносон. Өглөө нь гарахдаа хутга авч яваад гэртээ очиж эхнэрээ алсан тохиолдол сонсож байсан. Алах алахдаа эрүүг нь зааж, заналтайгаар хөнөөсөн” хэмээв.

А: ААВЫГ ЧАНГА ХАШХИРАХАД ЗӨНДӨӨ АЙДАГ

Энд орон нутгаас ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ирдэг бөгөөд одоогийн байдлаар нэг гэр бүлийн гурван хүн байна. Бүрэн хамгаалалтад буй эмэгтэйчүүд бүгд хоёр хүүхэдтэй бөгөөд олонх нь бага насных байв. Тэдний нэг болох А “Би найман настай. Одоо гуравдугаар ангид сурдаг. Энд зөндөө олон найзтай болсон. Бас гоё тоглоомоор тоглодог. Манай найзыг Маралаа гэдэг. Энд байх илүү гоё байна. Аавыг чанга хашхирахад зөндөө айдаг” хэмээсэн. Энд буй хүүхдүүдийн тав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй. Учраа мэдэхгүй жаахан үрс энд төрсөн гэртээ байдгаасаа илүү сэтгэл хангалуун, жаргалтай байна. Хүчирхийллийн үүр болсон тансаг орон сууцнаас, насжилт нь дууссан умгар өрөө тэдэнд илүү жаргалтай аж. Гэвч тэд Түр хамгаалах байрны түр оршин суугчид.
Долдугаар өрөөнд байрлаж буй,  “Би үүнээс өөр өмсөх хувцасгүй ирсэн. Энд арав гаруй хонож байна” гэх эмэгтэй бол 30 гаруй насны иргэн М. Тэрбээр “Нөхөр маань намайг үг яриагаар доромжилж, дарамталдаг.  Хаашаа ч явсан үргэлж хардана. Энэ нь сэтгэл зүйн гүн дарамтад оруулдаг юм байна. Биед халдаж, зодож нүдэхийг хүчирхийлэх гэж ойлгодог байсан. Гэтэл үгүй юм байна. Үг яриагаараа нийгмээс тусгаарлаж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж, кино үзэх боломж олгох бүү хэл, дотнын хүмүүстэй минь уулзуулдаггүй. Тэр хүний бодлоор, би гэртээ хоол хийгээд, хог шүүрдээд байж байх ёстой бололтой. Би тийм амьдрал сонгомооргүй байна. Хүүхдийнхээ төлөө зүтгэхгүй бол энэ хоёр маань эрэгтэй хүн хараад айдаг болбол яах юм. Надад хүртэл эрэгтэй хүнийг хараад жийрхэж, үзэн ядах сэтгэл төрж байна. Тэгэхээр эмэгтэй хүн сонголтоо зөв хийх ёстой. Хэрвээ хүчирхийлэлд өртөж байгаа бол хурдан хугацаанд 102, 107 утсанд хандан зөвлөгөө авч, өөрийгөө хамгаалуулах хэрэгтэй” гэв. Түүний бага хүү энд ирээд гурван найзтай болсон гэнэ. Түр хамгаалах байрны нарийн бичгийн ажилчид энд буй хүүхдүүдийг сургууль руу нь зөөж, хичээл тарах цагт нь очиж авдаг гэнэ. Мөн энд ирээд хоёр хонож буй эмэгтэй “Хоёр хүүхэдтэйгээ хамт ирсэн. Өнгөрсөн амралтын өдөр нөхөр минь надад гар хүрсэн. Тэр өдөр би цагдаад дуудлага өгч, хоёр хоног эгчийндээ байхаар болсон. Дараа нь хоёр хүүхдээ дагуулаад гэртээ ортол дахиад зодсон. Эхнийх нь шийдэгдээгүй байхад дахин гар хүрэхээр нь энд ирсэн. Хүчирхийллийн хохирогчийн асуудлыг энд хурдан шийдэж өгдөг гэж сонссон. Урьд нь нялх биетэй байхад зоддог байсан. Үг хэлээр доромжилж, цохиж, зодоход нь “Зүгээр болох байх” гэж найдаад юм хэлдэггүй байсан. Эхэндээ намайг зоддог байсан бол сүүлдээ охинд минь гар хүрдэг болсон. Нэг өдөр охиныг минь алгадсаныхаа дараа “Муухай хараад байна уу” гээд өшиглөсөн. Тэгэхээр нь гэр бүлийн хүчирхийлэл даамжирч байгааг ойлгоод, хүүхдүүд минь хичээл сургуулиа хаяж магадгүй, ер нь учирч болох эрсдэлээс хамгаалъя гэсэндээ энд ирсэн. Нөхөртөө хууль дүрэм байдгийг мэдрүүлье гэж бодсон. Хүүхэд төрүүлснээсээ хойш таван жил гэрт суусан, ажил хийе гэхээр хийлгэдэггүй. Сургалт, семинарт сууж өөрийгөө хөгжүүлье гэхээр “Хүүхдээ хараад байж бай” гээд нийгмийн ажилд огт оролцуулдаггүй. Үүнийгээ миний эрх чөлөөнд халдаж байгаа явдал гэдгээ мэддэггүй. Ерөөсөө л гэр орноо цэвэрлээд, хоол унд хийгээд гэртээ байх ёстой гээд ойлгочихсон. Урьд нь түр хамгаалах байрны талаар хэвлэлээр сонсож байсан ч өөрөө ирэх юм гэж санасангүй. Энд доод тал нь хоёр, цаашлаад 5-6 хүүхэдтэй хүн ирж байна. Том охины минь хичээл түр завсардсан” гэв. Мөн “Эндээс гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд ихсэж, газар авч байгаа нь харагдахаар байна. Үүнийг төр, засаг анхааралдаа авч хуулиа чангатгаасай. Торгууль, баривчилгаа төдий биш, дахин хүчирхийлэл үйлдэхгүй болгох талаас нь ажил хийгээсэй. Энд байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь гараад салах өргөдлөө өгнө гэж ярьж байна. Гэтэл цаана нь хүүхдийн ирээдүй бий. Тэгэхээр эхнэр, нөхөр хоёуланд нь хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхөр нь архи уудаг бол эмчилгээнд явуулах, эхнэрийг нь нөхөртэйгөө яаж харицах талаар сэтгэл зүйн хувьд бэлдэх зэргээр тулж ажиллаасай. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл бага ч болов буурах болов уу” хэмээн ярилаа.

ХОХИРОГЧДЫН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ АМИА ХОРЛОХ ТУХАЙ БОДСОН БАЙДАГ

Гэр бүлийн хүчирхийлэл нь нэг нэгэндээ гар хүрч, зодох хэмээх ойлголт нийгэмд давамгайлдаг. Хэн нэгэнд уурлан бухимдаж, элдвээр хэлэх, эсвэл ялгаварлан гадуурхах нь сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж буй хэрэг аж. Харин иргэд үүнийг тэр бүр мэддэггүй гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ төрлийн хүчирхийлэл өнгөц харахад сүртэй зүйл биш байж болох ч хүний сэтгэл зүйд дарамт учруулж, улмаар сэтгэл гутралд хүргэдэг аж. Харин сэтгэл гутралд орсон хүний биеийн байдал өөрчлөгдөж, ядарч сульдах, хоолны дуршилгүй болох, хорт зуршилд автах, улмаар амиа хорлох тухай боддог гэнэ. Нэг үгээр тоомжиргүй хэлсэн үгс хүний амийг авч одох аюултай юм. Энэ талаар болон үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн байдлын тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалдах байрны жижүүрийн сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Ц.Тогос “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд сэтгэл санаа, бие махбод, бэлгийн, эдийн засгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэрийг заасан байдаг. Энэ дөрвөн хүчирхийлэл дангаараа байна гэж байхгүй. Дандаа хавсардаг. Тухайлбал, эхнэрийнхээ биед гар хүрдэггүй мөртлөө элдвээр доромжилж сэтгэл санааны дарамтад оруулж, мөнгө төгрөг захиран зарцуулах эрхийг нь боогдуулдаг бол эдийн засгийн хүчирхийлэл давхар явагдаж байна гэсэн үг. Хохирогч нар сэтгэл санааны том өөрчлөлттөй, шоконд орсон байдалтай ирдэг. Нийгэм даяар эмэгтэй хүн хохирогч гэсэн хандлага давамгайлдаг. Гэтэл эрэгтэй хүн бие махбод гэхээсээ илүү ихэвчлэн сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг учраас айж түгшихээс илүү ичиж, санаа нь зовсон, нэр төрөө хамгаалсан байдалтай байдаг. Эмэгтэй хүний хувьд айдас түгшүүрт автаж, сэтгэл гутралд ордог. Мөн хүчирхийлэлд өртөж байх хугацаандаа амиа хорлох үйлдэл хийдэг. Ээжүүдтэй хамт хүүхдүүд дагаж ирдэг. 12-оос дээш насны хүүхдүүд ээжтэйгээ адил айдас түгшүүртэй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, нүдэнд нь айдас хургасан, чангахан дуу чимээнээс цочирддог болсон байдаг. Зарим нь эрэгтэй хүн харж чадахгүй болтлоо айдас, түгшүүрт автсан байх нь бий. Мөн хүчирхийлэл хүүхдийн нүдний өмнө үйлдэгддэг учир ээжийг минь ингэчих болов уу гэсэн зовнилтой, ээжийнхээ өмнөөс хариуцлага үүрэх гэдэг. Тухайлбал, намайг буруу зүйл хийвэл ээжийг минь зодчих болов уу гэсэн санаа зовнилтой байдаг. Нийт хохирогчийн 80 гаруй хувь нь амиа хорлох тухай бодсон, оролдлого хийсэн байдалтай ирдэг” гэв. Мөн “107 тусгай дугаарын утсанд нэг шөнө 50-60 хүчирхийллийн дуудлага ирдэг. Үүний 30 гаруй хувь хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг. Эрэгтэй хүн хааяа нэг залгана. Дийлэнх нь эмэгтэй хүмүүс тусламж эрдэг. Сүүлийн үед гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй хүчирхийллийн дуудлага их ирж байгаа” хэмээн ярилаа. Түр хамгаалах байранд ирсэн 155 эмэгтэйгээс гэр бүлийн хүчирхийллийг яагаад удаан хугацаагаар нуун, тэвчдэг талаар судалгаа авахад хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй 41, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд засарна гэдэгт найддаг 44, сүрдүүлэлт, заналхийллээс болж нуудаг 29, эдийн засгийн хувьд бие даан амьдарч чадахгүй 22, хайртай бол хартай байдаг гэсэн ойлголттой 28 гэсэн үзүүлэлт гарчээ. Эндээс эмэгтэйчүүд хэчнээн их зүйлийг нуруундаа үүрч, ямар их тэвчээр заадаг болохыг харж болно. Гэвч энэ нь бахархаж, сайшаамаар зүйл огт биш юм.

114 ДЭХ ЖИЛИЙНХЭЭ НҮҮРИЙГ ҮЗЭЖ БУЙ БАЙР

ХЗДХ-ийн сайдын 2014 оны А/12 тоот тушаал, ЦЕГ-ын 71 дүгээр тушаалаар Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулж, түүний харьяанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг Түр хамгаалах байрыг байгуулсан. Урьд нь уг байранд тэнэмэл хүүхдүүдийг байрлуулдаг байсан гэлцдэг. Барилгын хувьд Дондогдулам хатны ядуусыг тэтгэдэг байсан, 100 жилийн насжилттай байр юм. Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ  “Байрны нөхцөл байдал их хүнд. 2016 онд мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах нөхцөлгүй гэсэн дүгнэлт гаргасан. 100 жилийн настай барилга шүү дээ. Түүхийн дурсгалт барилга учраас засвар хийж болохгүй. Мөн өргөтгөл хийх гэхээр нурж, унах гээд байдаг. Одоогийн байдлаар байрныхаа нөхцөл байдалд тааруулаад найман өрөөнд 30 үйлчлүүлэгч байрлуулах хүчин чадалтай байна” гэв. Иргэд болон байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хашаа барьж өгөх, дээвэр будах, хэрэглээний зүйлс өгөх зэрэг тусламж, дэмжлэг үзүүлдэг аж. Мөн тус байранд байрлаж буй хүмүүсийг өдөрт таван удаа хоолонд оруулдаг бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газар хоол хүнсний хангамжийг нь бүрэн хариуцдаг гэнэ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих