Гурилаа импортлох уу, улаан буудайгаа гаднаас авах уу
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Монгол Улс хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар будаа хурааж авсан. 400 гаруй мянган тонн ургац хурааж авсан учраас үрийн будаа асуудалгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж байгаа ч МХЕГ-ын байцаагч нар огт өөр тайлбар хэлж байна. Манай улс энэ жил элдэв хорогдол энэ тэрээ хасаад цэврээр нь тооцвол 200 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай хурааж авсан. Ирэх хавар шаардлагатай гэгдэж буй 56 мянган тонн үрийн будаанаас лав л 40 мянган тонн будаа сох дутна гэсэн мэдээллийг улсын байцаагч онцлов. Тодотгож хэлэхэд, сайдын мэдээлсэнчлэн Монгол Улсад 400 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай байхгүй, 200 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай л хурааж авсан юм байна. Хүнсний улаанбуудай өөрөөр хэлбэл, гурил болох будаа 200 мянган тонн хүрэхтэй үгүйтэй байгаа гэж тариалангийн салбарын учир мэдэх улсууд ч хэлж байна. Хатуухан хэлэхэд, манай улс гурилаа импортлох уу, улаанбуудайгаа импортлох уу гэдэгтээ тулаад байгаа аж.
Салбарын яамныхан яг өдийд хойд хөрш рүү үрийн будаа авах яриа хөөрөө хийхээр явчихсан байгаа аж. Сангийн яам төсөвт туссан ч зарцуулж амжаагүй мөнгийг он дуусахаас өмнө татдаг. ХХААХҮЯ-ныхан тэр хугацаанаас өмнө үрийн будаа авах хэлцэл хийхээр ОХУ руу явсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгсөн юм. Улсаараа үрийн будаагүй сууж байгаа гэх мэдээлэл бодитой эсэхийг сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт “Блю скай”-д болсон үйл ажиллагааг зорилоо. Хөдөө аж ахуй, газар тариалан руу чиглэсэн тус хуралд аймгуудын мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагчид оролцсон юм. Байцаагчдаас үрийн будааны нөөц хэр байгаа талаар сонирхоход Төв, Сэлэнгэ зэрэг тариалангийн гол бүсийн байцаагчид таагүй хариу хэлцгээв.
Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын ахлах байцаагч А.Бямбадорж “Энэ жилийн цаг уураас болж аймгийн хэмжээнд чанар муутай ургац хурааж авсан. Манай аймагт жилд 19-21 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатай байдаг. Хяналт шалгалтаар шаардлага хангасан үр гэвэл ТЭДС-д 1062 тонн үр л нөөцөлсөн. Энэ бол гурав, дөрвөн аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн нөөцийн хэмжээ. ТЭДС-гийн Сэлэнгэ салбарт үр нөөцөлж чадаагүй. Тэнцэх үр гараагүй юм. ОБЕГ-ын Орхонтуул салбарт 450 тонн үр бий. Гэхдээ энэ өнгөрсөн жилээс нөөцөлсөн үр. Мандал сумын агуулах хоосон байна. Аж ахуйн нэгжүүдийн өөрсдөө тарьсан үрийн тухайд яг хэчнээн тонн нөөцөлсөн нь ирэх хавар тодорхой болно” хэмээн сонирхууллаа.
Аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн үрийн хэмжээ хавар тариалалтын өмнө тодорхой болдог гэж ярьсан нь цаанаа нарийн учиртай юм байна. Намар ургац хураасны дараа аж ахуйн нэгжүүд нөөцөлсөн үрийн будаагаа мэдээлдэг ч тэдний өгсөн мэдээлэл бодитой биш байдаг аж. Өр зээлээ дарах, хэрэгцээндээ нэмэрлэх гэх мэт олон шалтгаанаар нөөцөлсөн үрийн будаагаа гурилын үйлдвэрүүдэд зарчихаад, хавар тариалалт эхлэхийн өмнө үргүй суух тохиолдол газар тариалангийн салбарт нийтлэг үзэгдэл болжээ.
Тариаланчдын үр гэж нөөцөлсөн будааны хувьд гадны ургамлын гэх мэт элдэв хольц байдаг гэнэ. Үр цэвэрлэдэг зориулалтын машинтай тариаланчид ховор учраас тэдний нөөцөлсөн будаа цэвэрлэгээн дээрээ тэнцэхгүй гэх асуудал дагуулдаг байна. Энэ тухай А.Бямбадорж байцаагч “Үр цэвэрлэх машинтай тариаланч байлаа гэхэд яамны зүгээс үр худалдан авалт хийх процесс нь маш удаан. Үрийг таваарын будаанаас түрүүлж авъя гэж дөнгөж энэ жил л ярилаа. Ингэж ярьж шийдлээ гээд авах үр нь алга байна, өнөө жил. Өнгөрсөн жил манай байгууллагаас үрийн будаагаа хүнсний улаан будаанаас түрүүлж аваач гэсэн саналыг яаманд удаа дараа тавьсан. Гэлээ гээд яамнаас шийдвэр гараагүй. Ер нь ийм шаардлага, саналд хурдан хариу өгч хугацаа алдалгүй шийдвэр гаргах тал дээрээ салбарын яам тун хойрго. Хүнсний улаанбудаагаа л аваад байдаг. Хамгийн чанартай сайн улаан буудай гурилын үйлдвэр рүү л явдаг. Эцэст нь чанаргүй нь үлдэж таарна аа даа. Чанаргүй будаа үрийн нөөцөд тэнцэхгүй нь тодорхой” гэж ярьсан юм. Ийм шалтгаанаар чанартай улаанбуудай гурилын үйлдвэр рүү ачигддаг гэсэн тайлбарыг мэргэжлийн хяналтын байцаагчид ам нэгтэй хэлж байлаа.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам “Тариаланчид сайн чанарын үрийн будаагаа гурилын үйлдвэр рүү ачуулдаг нь харамсалтай санагддаг. Мөнгө байхгүй, зээл төлөх шаардлагатай гэх мэт шалтгаанаар яах аргагүй ингэдэг л дээ. Дотоодын аж ахуйн нэгжүүд сайн чанарын үрийг зуун хувь үйлдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь чанартай будаагаа мөнгөний хэрэгцээнээс болоод гурилын үйлдвэрүүдэд өгөөд байна. Энэ бол яамны бодлогын гол алдаа. Тариаланчид үрэнд будаагаа өгөх гэхээр ТЭДС-д худалдаж авах мөнгө нь байдаггүй. Үрийн будааг өрөндөө л авна гэдэг. Мөнгөний хэрэгцээ ихтэй тариаланчдад энэ нь давах аргагүй шаардлага байдаг. тийм учраас л тариаланчид гурилын үйлдвэрт чанартай будаагаа өгөхөөс аргагүй болдог юм” гэж онцоллоо.
Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын ахлах байцаагч А.Бямбадоржоос яам үр бэлдэх талд хэр анхаарч ажилладгийг сонирхоход “Улсын хэмжээнд жилд 50-60 мянган тонн үр хэрэгтэй гэж ярьдаг л даа. 30 мянган тонныг нь буюу 50 хувийг нь тариаланчид өөрсдийнхөө үрнээс аваад үлдчих хэрэгтэй. 50 хувийг нь улс бэлдье гэж тооцъё. 30 мянган тонн үрийн нөөцийн 10 мянгыг нь Сэлэнгээс, 10 мянгыг нь Төв аймгаас гэж хуваарилж, бүр эртнээс үр нөөцлөх асуудлаа ярих ёстой. Гэтэл тийм бодлого алга. Жилийн өмнөөс төлөвлөж ярихгүй явсаар яг цаг нь тулаад ирэхээр ямар ч нутагшаагүй, ганц хоёрхон жил тарьсан үр ашигладаг. Манайд шинэ сорт их орж ирж байна. Алтайский 70, 110, 530 гээд өчнөөн үр орж ирснээс шалгарч үлдсэн нь Алтай 75, Алтай 325. Бусад нь зах зээл, цаг уур, бүс нутагт тохирохгүй гэх мэт шалтгаанаар алга болсон. Тохирохгүй сортын үрээс чанар муутай улаанбуудай ургана аа даа. Чанар муутай буудайг заазлаад, гурилын үйлдвэрт өгөхөөс өөр арга байдаггүй. Энэ мэт асуудлуудын уг шалтгаан нь яамны бодлоготой холбоотой байдаг. Гэтэл эцэс сүүлд нь Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт шалгалтаа муу хийлээ гэсэн шүүмжлэл дуулддаг” гэсэн хариу өгсөн юм.
Д.Цэрэндулам: Монгол Улс ирэх хавар тарих үрээ нөөцөлж чадсангүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Цэрэндуламтай ярилцсанаа хүргэе.
-Танай байгууллага үрийн будаан дээр ямар хяналт шалгалт хийдэг вэ?
-Манайх жилд гурван удаа үрийн чанарыг хянаж шалгадаг. Эхнийх нь урьдчилан сэргийлэх хяналт, шалтгалт. Тухайн үр чанартай үрээр тариалагдаж байна уу гэдгийг шалгадаг. Дараа нь босоо тариан дээрээ хянан баталгаа гэж хийдэг. Гуравдугаарт нь, шинжилгээт хяналт шалгалт хийдэг. Үтрэм дээр ямар чанартай будаа буусан бэ гэдгийг шалгадаг юм.
-Энэ намар үрийн будааг шалгахад ямархуу үр дүн гарав, ургац ямархуу байв?
-Энэ намар Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дарханд хяналт, шалгалт хийсэн. Өнөө жилийн хувьд цаг агаарын хүчин зүйлсээс ургацын чанар их шалтгааллаа. Тарилтын дараа тав, зургадугаар сард хур тунадас огт ороогүй. Найм, есдүгээр сард бороо их орсон. Энэ мэт шалтгаан ургацад муугаар нөлөөлсөн.
-Ч.Улаан сайд 400 гаруй мянган тонн хүнсний улаан буудай хурааж авсан, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж мэдээлсэн. Ачир дээрээ 200 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай л хураасан гэх юм. Хэр бодитой мэдээлэл вэ?
-Бидэнд хэмжээ биш чанар л чухал. Сайд тэгж мэдээлсэн л дээ. Гэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол буудайн чанар. Бүс бүсээр нь шинжлээд харахаар, гурилын үйлдвэрт авч байгаа будаа гэхэд л 10-15 хувийн хорогдолтой байна. Жишээ нь, 15 хувийн тарианы хольцтой улаанбуудайг гурилын үйлдвэр хүлээгээд авлаа гэж бодъё. Гэтэл Монголын стандарт 5 хувь байдаг. Гурилын үйлдвэр тарианаас гадна чийгийн хорогдол гэж тооцдог. Бас хогийн хорогдол гэж бий. Энэ олон хорогдлыг хасахаар 1000 тонн будаа дор хаяж 900 тонн болж багасна. Энэ жилийн хувьд их хэмжээний будаа тэжээлд шилжсэн. Ургац алдсан учраас шууд ногоон тэжээл болгож боосон будаа их. Эрдэнэсантад гэхэд их хэмжээний будааг тэжээл болгож боосон. Төв аймагт бас тэгсэн. Дарханд ингэж боосон. Ингээд тооцохоор хүнсэнд хэрэглэх будаа маань 410 мянган тоннд хүрэхгүй. 200 мянга орчим тонн л болно.
-Үрээ нөөцөлж чадаагүй газрууд гэвэл ямар аймгууд байна?
-Үрийн чанарын талаар маш олон арга хэмжээ авч ажилладаг ганц байгууллага нь манайх. Сорт дээр нь ч өндөр хяналт тавьдаг. Энэ жилийн хувьд 2020 онд тариалах үрийн нөөц бүрдээгүй. Миний явсан аймгууд гээд яривал, Өвөрхангай үрээ нөөцөлж чадаагүй. Хоёрдугаарт, чанартай үр нөөцөлсөн аж ахуйн нэгж тэнд байгаагүй. Өвөрхангайн Хархорин тариалангийн бүс нутгийн нэг. Тэндэхийн ТЭДС-д 420-хон тонн будааны үрийн нөөц байна. Улсын нөөцийнх нь салбарт 70-хан тонн будаа байна. Аж ахуйн нэгжүүд нь үр нөөцөлж чадаагүй. Булган Монголын хэмжээнд будааны чанараараа сайн байсан. 60 мянгыг хураана гэсэн төлөвлөгөөө гаргаад 56 мянган тонныг хурааж авсан. Булган үрээ нөөцлөөд 100 хувь авлаа ч гэсэн массаараа маш бага хувь эзэлдэг. Сэлэнгэ аймаг Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн үр тарианы 65 хувийг эзэлдэг. Сэлэнгэ аймаг гэхэд л ургац алдсан.
Үтрэм дүүрэн будаа хурааж авсан ч чанаргүй ургац авсан. Ийм шалтгаанаар аж ахуйн нэгжүүд нь үрээ нөөцөлж чадаагүй. Номгон, Ерөө тал руугаа дажгүй нөөцөлсөн ч эзлэх масс нь бага. Сэлэнгийн хэмжээнд 140 гаруй мянга га газарт тариалалт хийдэг. Тариалалт хийж байгаа газарт 23-24 мянган тонн будааны үрийн нөөц хэрэгтэй. 30-хан хувийн үрийн нөөцтэй байна. Сэлэнгэ аймагт ТЭДС-ийн хоёр том салбар, улсын үрийн нөөцийн хоёр том цэг бий. Тэдгээрт үр нөөцөлж чадаагүй. ТЭДС 1000 гаруйхан тонн-ын нөөцтэй байгаа. Улсын нөөцөд багахан хэмжээний нөөц байна. Товчхондоо Монгол Улс 2020 онд тариалах үрийн нөөцөө бүрдүүлж чадаагүй.
-Дөчин мянган тонн үрийн будаа дутна гэж та хэлсэн. Их хэмжээний үр дутах нь ээ?
-Тэгнэ. Арван мянган тонн будаа дутахад л барьц алддаг гээд бодохоор үрийн будааны нөөцийн хомсдол үнэхээр санаа зовоож байна.
-Үрийн нөөцөө дотоодоосоо бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?
-Дотоодоосоо чанартай үр нөөцлөх бүрэн боломжтой. 2017 онд маш гоё шийдвэр гарч байсныг онцолъё. Үрийнхээ будааг эхэлж авъя гээд мөнгийг нь шийдээд өгчихсөн. Тэр жил дотоодоосоо 26 мянган тонн чанартай үр бүрдүүлсэн. Заавал импортоор үр авч валют үрэхгүйгээр шийдэх бололцоо уг нь бий.
-Таны ярианаас анзаарахад, ирэх хавар лав л 40 мянган тонн үрийн будаа импортлох юм байна. Импортын будааны чанар гэж том асуудал яригддаг байх шүү…?
-Импортын будаан дээр олон асуудал яригддаг. Бид импортын будаан дээр хяналт тавина. Гэхдээ тариалалттай тулгаж оруулж ирээд шавдуулдаг тал бий. Бидний хувьд хорио цээртэй хачиг хог ургамал өвчнийг нь үзэх ёстой, тэр дагуугаа л ажиллана. Улсынхаа хөрсөнд хог тариулахыг хэн ч хүсэхгүй. Хар хөгц өвчин импортын үрээр орж ирээд манайд тархсан. Бид хянаж, ариутгуулсны хүчинд хар хөгц өвчин буурсан. 12 хувиас 4 хувь болтлоо багасаад байгаа энэ өвчин ирэх хавар дахиад дэгдэж, нэмэгдвэл яах вэ. Хойд хөрш хар хөгцийг асуудал биш гэж үздэг. Учир нь тэд үрээ ариутгачихдаг юм. Манайхан ариутгалын тоног төхөөрөмж байхгүй учраас энэ өвчин асуудал болдог.
Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын тармиал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч Э.Ганболд:
-Төв аймгийн хувьд 91 мянган тонн ургац авсан. Цаг агаарын онцлогоос болоод зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20 хүртэл бороо ороогүй. Соёололтын хувьд нийт талбайн 70 гаруй хувь сайн, 20 гаруй нь дунд, 10 орчим нь муу үнэлгээтэй. Ургацын хувьд оройтож байгаад долдугаар сарын 20-доос хойш бороо орсон. Авсан ургацын хэмжээ гайгүй ч чанар нь муу гэсэн асуудал бий. Жаргалант, Цээлийн улсын нөөцөд тэнцэх будаа таараагүй. Сая би ААН-үүдийн мэдээ авсан. Аж ахуйн нэгжүүд урьдчилсан байдлаар 9100 тнн үр авсан байна. 9100 гэсэн хэмжээний хувьд цэвэрлэх гэх мэт процессоор явахад тоо, хэмжээ нь хорогдоно.
Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч н.Долгорсүрэн:
-Манай аймаг 20 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Энэ жил дөрвөн сортын 2150 орчим тонн үрийн будаа нөөцөлсөн. 16 мянган га-гийн 80 орчим хувийг хангахаар байна. Гэхдээ энэ харьцангуй ойлголт л доо. Ирэх жил улаанбуудай тариалах аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэх хандлага бий. Тэгэхээр үрийн буудай багагүй хэмжээнд дутагдах нь тодорхой байна.
Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал хорио цээрийн байцаагч Б.Долгоржав:
-Манай аймаг 40 гаруй мянган га-д үр тариа тарьсан. 60 мянга гаруйг хураана гэж тооцсон ч 1000 гаруй га-г мөндөрт цохиулаад 56 мянга гаруйг хураасан. 2020 оны улсын нөөцөд гэж яривал ТЭДС 1500 гаруй тонн үрийн будаа нөөцөлсөн. Сэлэнгэ сумын улсын нөөцийн цэг 400 гаруй тонныг нөөцөллөө. Нийтдээ 2400 гаруй тонн үрийн буудай нөөцлөөд байна.
URL: