Монгол БРАЙЛЬ үсгийн стандарттай боллоо
Дэлхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Монгол брайль бичгийн стандарт” батлагджээ.
Энэ нь хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд нийгэмд тэгш оролцох эрхийг нь хамгаалахад чиглэсэн юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан.
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт брайль үсгийн стандартыг боловсруулж, батлуулах гэж заалт бий.
Манай улсад өнөөг хүртэл монгол брайль бичгийн стандарт буюу тогтоосон хэм хэмжээс байхгүй, орос брайль бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оны үед шууд авч хэрэглэснээс хойш сайжруулан шинэчлэх ажил хийгээгүй байсан юм.
Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Монгол брайль үсгийн стандарт”-ын төслийг 2018 онд боловсруулан хэлэлцүүлж, сайжруулан ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд туршсаны эцэст өнөөдөр ийнхүү батлуулсан байна.
“Монгол брайль бичгийн стандарт” цагаан толгойн үсгийн хэрэглээг журамлан сайжруулж, баталгаажуулсанаар дараах үр дүн гарах болно. Үүнд:
- Үсгийн хэвлэмэл тэмдэгт нэг бүрийг хоёрдмол утгагүй брайль тэмдэгтээр харгалзуулснаар хэвлэмэл эх, брайль эх хооронд хөрвүүлэхэд хялбар болно.
- Брайль номын эх бэлтгэлийг хямд, хялбар аргаар хийх.
- Шинжлэх ухааны хичээлийн нэгдсэн тэмдэг тэмдэглэгээтэй болох.
- Брайль электрон төхөөрөмжийн хэрэглээг дэмжинэ.
- Брайль бичгээс хэвлэмэл эх рүү алдаагүй хөрвүүлэх бололцоо нэмэгдэнэ.
- Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд дэлхийн аль ч улсад сурч боловсроход дөхөм болох
- Их, дээд сургуульд суралцагч хараагүй буюу харааны бэрхшээлтэй оюутнууд Монгол брайль бичгээр курсын ажлаа хийж, кирилээр хялбархан хэвлэдэг болно.
- Улсын хэмжнээнд нэгдсэн брайль бичгийн тэмдэг, тэмдэглэгээтэй болох юм.
Эх сурвалж: БСШУСЯ
URL: