Цагдаагийн дарга нар “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүүгийн хэргийг нам дарах үүрэг өгсөн үү

Сэтгүүлчид заримдаа барим тавим нотлох баримтгүй ч бодит үнэнийг бичихэд хүрдэг. Эзэн биегүй, хэн нэгний зүрхэлж ярьдаггүй үнэнийг ил болгох гэж тэр л дээ. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаах газраар орлоо. Таньдаг ах хүү таараад “Яриа байгаа шүү дүү, нэг завандаа ороод ирээрэй” гэлээ. Уулзахыг хүссэн хүн маань он солигдох үеэр гарсан нэг хэргийн талаар ярьж өгөв. “Петровис” компанийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гэдэг залуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр “Метрополис” бааранд зодоон хийж, хүний нүд сохолжээ. Хохирогч нь Эрүүл мэндийн сайд асан Н.Нямдаваагийн хүү аж. Болсон явдал их энгийн, үүдээ барих ёстой 00.00 цаг нь өнгөрөөд шөнө дөл хүргэж байсан “Метрополис” баарны үүдээр нэг нь орж, нөгөө нь гарч явж таарч л дээ. Залуус зүгээр нэг зөрөөд өнгөрөхийг хүссэнгүй бие биедээ аархаж, мөр мөрөөрөө шүргэлцжээ.  Үүнээс болж чи, би дээ хүрч, зодолдож, савчиж, эвдэлж, сүйтгэж, эцэст нь нэгнийхээ хорвоог харах мэлмийг шилээр зүсчээ.  Цагдаа нар гэмтнийг тэр дор нь баривчилж чадаагүй аж. Хэргийн газрыг орхиж, хохирогчид эмнэлгийн тусламж дуудалгүй зугтаасан Б.Дөлгөөн дөрөв хоногийн дараа өмгөөлөгчтэйгээ цагдаагийн газар очсоноор сэжигтнийг ШШГЕГ-ын харъяа Хорих 461 дүгээр ангид хорьжээ. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гэвч энэ хэрэг дээр “мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй” гэсэн орчин цагийн бичигдээгүй хууль үйлчилж эхэлжээ. Учир нь, хэргийн гардан шалгаж байгаа мөрдөн байцаагчид “дээр”-ээс маш их дарамт ирж байгаа аж. Гэхдээ бүр дотроосоо буюу цагдаагийн дарга нар,  дээгүүр албаны прокурорууд хүртэл утас цохиж, Ж.Оюунгэрэлийн хүүд холбогдох хэргийг нам дарах үүргийг өгч эхэлжээ. Эхний ээлжид Б.Дөлгөөний хорих хугацааг сунгахгүй байх талаар шүүх, прокурорын төвшинд хэлэлцсэн юм байх /энэ яриа болж байхад буюу өнгөрсөн баасан гаригт Б.Дөлгөөнийг батлан даалтад гаргасан талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай хэвлэлийхэнд албан ёсоор мэдээлсэн байсан/. Үүнд цагдаа, прокурорын газрын хангалтын албаныхны нөлөө ч багагүй байгаа бололтой. Учир нь, “Петровис” компани цагдаа болон прокурорын байгууллагад гэрээгээр бензин, түлш нийлүүлдэг юм байна. Бензин, түлш ховордох, үнэ өсөх бүрийд хэтэвч нимгэн зовлонтой цагдаа, прокурорынхон “Петровис”-оо царайчилж,  хошуу дэвсч байж хэдэн литр шатахуун “алаг тэрэг”-нийхээ банкинд хийлгэдэг нь нууц биш.  Энэ харилцаа холбоогоо бодсон ч юм уу, эсвэл бизнесийн ертөнцөд нөлөөтэй, бас шагагүй улстөрч ээжийнх нь нэр сүрээс сүрдсэндээ ч юм хуулийнхан ганц хүүгийнх нь тарьсан хэргийг аргалахаар дор бүрнээ хөдөлж эхэлжээ. Бид цагдаа прокурорыг  мөнгөтэй хүнд үйлчилж, мөнгөгүй нэгнийг юман чинээ боддоггүй гэж шүүмжилдэг. Гэвч бүгд тийм биш ажээ. Цөөн ч гэсэн шударга цагдаа, прокурорууд  ажлаа хуулийн хүрээнд хийхийг хичээж л байна. Харин цаана нь дарга сэтэр зүүсэн нөхөд л мөнгөтэй, нэр нөлөөтэй хүмүүсийн талд үйлчилж, хуулийнхний нэр төрийг гутааж явдаг бололтой. Хүний нүд сохолно гэдэг “хохирогч тал нь гомдолгүй” гэсэн ч ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн тохирох хэсгээр  эрүүгийн хэрэг үүсгэдэг. Хэрэв  шүүх гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэм буруутай гэж үзвэл  5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг бөгөөд энэ хэрэг нь хүнд ангилалын хэрэг  юм. Нэг жишээ татахад, саяхан Японд улсад амьдарч байхдаа нутаг нэгтнээ зодож, нүдийг нь сохолсон хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн залууд шүүхээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Х.Түвшинтөгс Эх сурвалж inet.mn


URL:

Сэтгэгдэл бичих