Гренландын ойролцоогоос эртний галт уул олджээ
Гренландын Нуук хотоос баруун зүгт далайн ёроолд хийсэн газрын тосны хайгуулын үеэр эртний галт уул олджээ. Эрдэмтэд уг галт уул 95 сая жилийн өмнө Пангей супер тив хуваагдаж, Америк, Африк, Европ, Ази тив үүсэх үед бий болсныг тогтоожээ гэж “Videnskab” сэтгүүлд мэдээлсэн байна.
Эрдэмтдийн энэхүү нээлтийн талаарх тэмдэглэгээг шинжлэх ухааны “Canadian Journal of Earth Sciences” сэтгүүлд нийтэлжээ. Газрын тос хайхдаа эрдэмтэд цооног өрөмдөж, дараа нь чулуулгуудын дээжийг шинжилдэг билээ. Гренландын ойролцоогоос авсан ийм дээжүүдийг геологич Кристиан Кнудсен судалсан байна. Тэрбээр дээжүүдийн заримд цирконий, ниобийн их хэмжээгээр агуулагдаж байсныг олж илрүүлжээ. Эдгээр эрдэс бодис нь тив хуваагдах явцад үүсдэг галт уулын чулуулгуудад агуулагддаг ажээ.
Цаашид хийсэн судалгаагаар дээжүүд нь 95 сая жилийн настай болохыг тогтоожээ. Энэ үед Пангей супер тив одоогийн Хойд болон Өмнөд Америк, Африк, Европ, Ази тив болон хуваагджээ. Ийм үйл явцын үед ихэвчлэн маш олон тооны галт уул үүсэн бий болдог байна. Галт уулууд бүгд усан доор голдуу их гүнд байдаг учраас энэхүү олдвор нь эрдэмтдийн хувьд маш том амжилт гэнэ.
URL: