Ор хүрэлцэхгүйгээс коридорт хэвтэн эмчлүүлж байна

7537

Ханиад, томуугийн дэгдэлт эхлэхтэй зэрэгцэн эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал эрс нэмэгддэг. Тэр дундаа эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо энгийн үеийнхээс 2 дахин өсдөг юм. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний хүртээмж, орны хүрэлцээний асуудал иргэдэд хүндрэл учруулсаар байна.

Ор хүрэлцэхгүйгээс коридорт хэвтэн эмчлүүлж байна

Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд арваннэгдүгээр сарын ачаалал харьцангуй бага байсан ч сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэд хүүхдээ үзүүлэх байдал ихэсжээ. Тэр дундаа оройн цагаар эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж байна. Зарим тохиолдолд оргил ачааллын үед 100-200 хүүхэд хүлээн авч байна. Гэнэт ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг эмнэлгийн коридорт хүлээн авах тохиолдол ч гарч байгаа юм. Иргэдийн хувьд ачаалал их, орны хүрэлцээ бага байгааг мөн хэлж байна.

Зарим дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт өдөрт 100-200 иргэн хандаж байна

Ор хүрэлцэхгүйгээс коридорт хэвтэн эмчлүүлж байна

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ “Манайд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд орны ачаалалдаа таараад явж байна. Гэхдээ оройн цагаар хэт олноороо ирэх юм бол коридорт аваад өглөө хүүхэд гарахаар тасагт оруулахыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдлууд их ачааллын үед гарах байх. Саяхан цас ороход амралтын өдрүүдэд шөнийн цагаар 200 хүүхэд манайд хандсан Түүнээс 56 хүүхэд хэвтсэн. Гэнэтийн ачааллын үед коридорт хүүхэд хүлээн авах асуудлууд гарах байх. Манай эцэг, эхчүүд үүнийг ойлгон бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаа” гэлээ.

Эмнэлгийн хүүхдийн тасагт ачаалал ихтэй нярай хүүхэд коридорт хэвтэн хөнжил, гудас нь хүрэхгүй байгаа талаар иргэд ярьсан юм.

Нийслэлийн эмнэлгүүдэд 1555 ор нэмж байрлуулахаар төлөвлөжээ

Тэгвэл нийслэлийн эрүүл мэндийн газраас ачаалал нэмэгдэхтэй холбоотойгоор нийслэлийн дүүргийн болон харьяа эмнэлгүүдэд 1555 ор нэмж байрлуулахаар төлөвлөсөн байна. Мөн насанд хүрэгчдийн тасгаас хүүхдийн тасаг руу ор шилжүүлж эхэлсэн гэдгийг хэлж байна.

Ор хүрэлцэхгүйгээс коридорт хэвтэн эмчлүүлж байна

НЭМГ-ын албаны дарга Б.Баатарсүх “Бид томуугийн улирлыг угтаад дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд орны нэмэлт зохицуулалтыг хийж байгаа. Эхний ээлжинд 200 орыг нэмэлт зохицуулалтаар гаргаад нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн төвд байрлуулсан. Мөн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн орыг хүүхдийн оронд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 208 ор гаргасан. Эмнэлгүүд дотоод бололцоогоороо нөөц орон зайнд 120 ор байрлуулах, дэлгэсэн. Нийтдээ нэмэлтээр 530 орыг нэмэлтээр байршуулсан”

Хэдийгээр орны хүрэлцээг нэмэгдүүлж байгаа ч томуугийн дэгдэлтийн идэвхитэй үе арванхоёр, нэгдүгээр сар байдаг. Гэвч одооноос зарим дүүргийн эмнэлгүүдэд ачаалал ихэсч коридорт хэвтэж байна. Холбогдох байгууллагууд үүнийг анхааралдаа авч нэмэлт ор гаргах, өөр эмнэлгүүдэд шилжүүлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

EAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих