Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Р.Энхболд халсан ажилтандаа НАЙМАН САЯ төгрөг өгөхөөр болжээ
Засаг солигдох бүрт төрийн албан хаагчид халагдаж, солигддог. Халагдсан ажилтан нь Захиргааны хэргийн шүүхээр заргалдаж, ажилдаа эргэж ороод, ажилгүй байсан үеийн цалингаа улсын төсвөөс буюу түмний татварт төлсөн мөнгөнөөс авдаг байсан.
Харин Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ байдал харьцангуй багасч, цэгцрэх боломжтой болж, түмний татварт төлсөн мөнгөөр дарга нарын алдааг засдаг байдал үгүй болж байна.
Өөрөөр хэлбэл дарга нарт таалагдаагүй, ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүсийн ажилгүй үеийн цалин гэж жилдээ хэдэн тэмбумаар нь өгдөг байсан үе түүх болж байна. Саяхны түүхийг эргэн санахад албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас улсын төсвөөс 2014-2015 онд буюу хоёр жилийн хугацаанд төрийн байгууллагаас гаргуулахаар шүүхээр шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээ нийт 2 тэрбум 055 сая 019 мянга 834 төгрөг болсон байна. Мөн 2015 оны төсвийн тодотголд 5 тэрбум 378 сая гаруй төгрөгийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсний тэтгэмжид тусгасан байна. Энэ тоо жилээс жилд өссөөр байсан.
Харин Төрийн албаны шинэ хууль энэ жилээс хэрэгжиж эхэлснээр албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас халагдсан хүний хүний ажилгүй байх үеийн цалинг төрийн байгууллагаас гаргуулахгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан хүнээс гаргуулахаар болсон. Энэ ажлыг Төрийн албаны зөвлөл гардан хийх болов. Энэ ажлын эхлэл нь өчигдөр амжилттай тавигдлаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Р.Энхболд гэгч нь иргэн н.Ганбаатарыг ажлаас үндэслэлгүй халсан болох нь шүүхээр тогтоогдсон байна. Тиймээс иргэн н.Ганбаатарын ажилгүй байсан үеийн цалин болох 8 000 000 гаруй төгрөгийг төсвөөс бус Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Р.Энхболдоос гаргуулах шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд боллоо. Шүүх хуралд нэхэмжлэгчээр Төрийн албаны зөвлөл, хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Р.Энхболд орох байв. Харин Р.Энхболд өөрөө ирээгүй өмгөөлөгчөө “илгээсэн” юм. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн н.Ганбаатарын ажилгүй байх үеийн цалин болох 8 000 000 гаруй төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Р.Энхболдоос гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Төрийн албан хаагчийг үзэмжээрээ халдаг дарга нарт энэ нь сургамж болж байгаа хэрэг бөгөөд татварт төлсөн та бидний мөнгө хэдэн тэрбум төгрөгөөр хэмнэгдэж байгаа юм.
URL: