Сайншандыг Монголын хөгжлийн зүтгүүр болно гэв
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ АЖИЛЛАЛАА-
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн баасан, бямба гаригт Дорноговийн Замын Үүд, Сайншанд, Говьсүмбэрийн Чойрт ажиллалаа. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа хугацаандаа бүх аймгуудад очиж, ард иргэдийнх нь амьдрал ахуй, асуудалтай нь танилцаж ажиллахаар төлөвлөснөөрөө яваад өндөрлөж байгаа ажээ. Энэ удаагийн газрууд нь төмөр зам дагасан, хилийн, бас сүүлийн үед яригдаад байгаа аж үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулах газар учраас ярьж хэлэлцэх асуудал ихтэй газрууд байлаа. Тэрбээр томилолтоо Замын-Үүдээс эхэлсэн юм.
ЗАМЫН-ҮҮД
Замын-Үүдэд буусан даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд очиж байдалтай газар дээр нь танилцсан юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар яриад чамгүй олон жил өнгөрчээ. Гэхдээ тэнд нэг байшингаас өөр зүйл босоогүй талаар хүмүүс их ярьдаг. Харин энэ томилолтын үеэр Замын-Үүдийн чөлөөт бүс цуу яриа, мөрөөдөл биш бодит ажил болох замдаа орсон гэдгийг хүмүүс хэлж байлаа. Одоогоор 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хашаа хамгаалалт, цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц, хөрсний инженер геологийн болон хот төлөвлөлтийн тойм судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, усны хайгуул, усан хангамжийн судалгаа хийгээд байгаа талаараа ярьж байв. Ямартай ч төрийн тэргүүнээ ирэхэд хэлсэн энэ үгээр бол хоёрхон жилийн дараагаас он удтал яригдсан Замын-Үүдийн чөлөөт бүс үйл ажиллагаагаа явуулаад эхлэх нь бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Нэг үеэ бодвол урагшилсан байгаа нь сайн хэрэг. Газар дээр нь байдлыг харж ажилд нь дэмжлэг урам өгч, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилготой ирсэн” гэдгээ хэлж байсан. Улс орныхоо өмнөд хаалганд ирсэн төрийн тэргүүн чөлөөт бүсээс гадна гааль хилийн үйл ажиллагаа, гадаадын иргэн харьяат, төмөр замын үйл ажиллагаатай танилцсан. Тэр дундаа хил гаалиар хар тамхи, алт биедээ нууж авч гарч байгаа байдал бас гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хэрхэн анхаарч байгааг нэлээд нухацтай асууж байсныг хэлэх хэрэгтэй.
Ерөнхийлөгч Замын-Үүдийн иргэдтэй уулзахдаа “Хөдөө орон нутагт ажиллаж байхдаа төрийн тэргүүний хувьд хийж байгаа ажил, төр засгаас хийж байгаа ажлуудаа ярьж танилцуулаад явдаг ч Замын-Үүдэд энэ газар оронтой холбоотой асуудлыг хөндөж ярих нь зүйтэй гэж үзэж байна. Замын-Үүд түүнээс хэдхэн метрийн зайтай байгаа Эрээний хөгжлийг байнга харьцуулж ярьсаар ирсэн. Ийм зөрүүтэй ялгаатай байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь өдий олон жилийн хугацаанд Замын-Үүдийг төмөр замын нэг өртөө гэж харж тооцож ирсэнтэй холбоотой. Одоо энэ газар өртөө биш 20 гаруй мянган хүнтэй хот болж байна. Төмөр замын байгууллага энэ олон жилийн хугацаанд ачааны хүндийг үүрч ирсэнд бид баярлалаа гэж хэлэх ёстой. Одоо төр засаг энэ үүргээ хүлээн авч ажиллах цаг болсон. Ердөө 2010 онд л Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө гэж батлагдлаа шүү дээ. Замын-Үүдэд усны асуудал, гэрэл цахилгаан, цэвэрлэх байгууламж гээд шийдэх зүйл олон байна. Газар олголтын асуудалд эхнээс нь ил тод, тодорхой зарчмаар ажиллах шаардлагатай. Хилийн цаана салхин сэнс олноороо ажиллаж байна. Говийн нар, салхийг хэрэглэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, усаа эргүүлэн ашиглах тухайд эхнээс нь анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эндхийн бас нэг тулгамдсан асуудал бол цаад талаас найман урсгалаар автозамын урсгал орж ирж байхад энд хоёр замаар л хүлээж авч байгаа явдал. Өөрөөр хэлбэл нөгөө тал 80 литрийн бидоноор ус зөөвөрлөхөд бид хорьтын бидонтой очиж байгаатай адил байна. Энэ бол Замын-Үүдийн хамгийн том тулгамдсан асуудал мөн. Одоо эхний шатанд 40 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байна. Үүнийг ямар хөрөнгө оруулалтаар олж болох талаар хамтдаа ярьж, шийдэцгээе” хэмээж байсан. Замын-Үүдийнхэн ч Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр өөр өөрийн харж байгаа өнцгөөрөө асуудлаа тавьж, бас зарим нь хувийн хүсэлт бодлоо ч хэлээд авч байлаа. Хилээр хуучны орос машинуудыг гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан нь олон хүний эрхийг зөрчиж байгаа, Монголын нүүрс, төмрийн хүдрийг урагшаа зөөгөөд дууслаа, Японы тусламжаар баригдсан 60 айлын сууцанд амьдран суудаг хүмүүс хэзээ байраа хувьчилж авах вэ, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд болдог байдлыг болиулмаар байна, хүнд өвчин туссан ой гаруй настай хүүд тусалмаар байна, Японы сургуулиас урилга авсан хүүхдийг Засгийн газрын тэтгэлэгт хамруулж туслаач, Засаг дарга М.Баянмөнх шударга ажиллахгүй байна гээд хүмүүс өөр өөрийнхөөрөө л чухал хэмээсэн асуудлууд дэлгэн тавьж байлаа. Тэр дундаас иргэн н.Цэрэндорж Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлсэн үгнүүдийг нь нэгбүрчлэн ишилж та ингэж хэлсэн, үүнийхээ хэрэгжилтэд хэрхэн анхаарч байна гэж ирээд л асууж байлаа. Ялангуяа “Та төрийн албан хаагчдад ардаа алагчлан үзэхгүй байхыг анхааруулж байсан. Бас төрийн албыг өөрийн алба болгож байгааг шүүмжлэн хэлж байсан. Үүнийг үнэхээр анхааруулж ажилламаар байна” гэсэн юм. Замын Үүдийнхэнтэй үг солиход нэлээд хүний амнаас Засаг дарга М.Баянмөнхтэй холбоотой газрын асуудал, Мэргэжлийн хяналтын газрын даргынхаа дөрвөн шүдийг булгалж цаадах нь шүүхэд өгсөн, хуурамч дипломын хэрэг, Замын-Үүд сангийн буруу зарцуулалт энэ тэр гэсэн яриа гарч байсныг хэлэх хэрэгтэй байх. Залуу Засаг дарга ч цаашдынхаа хэрэгт анхаарч ажиллах биз ээ. Ер нь манайхан шударга улсууд. Даргаа Ерөнхийлөгчтэй зэрэгцээд сууж байхад л улалзтал хэлээд орхидог. Тэнд үг хэлсэн олон хүн Монгол төрийн тэргүүн бол ард түмнийхээ аав нь учраас хэлэх үгээ хэлмээр байна гэж тодотгосоор санал бодлоо хуваалцаж байна лээ. Тэдний хувьд “аав”-ынх нь гаргасан архи биш сүү өргөж амьдрах уриалга нь хамгийн сэтгэлд ойр санаачилга байсан гэдгийг хэлж байсан. Дарга томчуудтай хийж буй уулзалт дээр хорь гаруйхан настай залуучууд ирж, “Таны архигүй Монгол уриалгыг бид дэмжиж байгаа. Бид шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэсэн. Ийм уриалга гаргасан танд баярлалаа” гэж хэлэхийг харахад аятай санагдаж байсныг хэлэх хэрэгтэй байх аа. Замын-Үүдийнхэн лав сард гурван ч удаа архи зардаггүй өдөртэй болсон гэнэ. Сарын эхний өдөр, бас дунд талын хоёр баасан гариг гэсэн. Бас биднийг очдог өдөр сарын эхний баасан байсан ч гэсэн Ерөнхийлөгчийг ирсэн болоод тэр үү дэлгүүрүүд нь архи зардаггүй өдөр гээд бичиг хадаж шилтэй цэнхрүүдийг бүгдийг нь бүтээчихсэн байна лээ.
Ерөнхийлөгч ч “Архиар нэгийгээ шахдаг нь гэмт хэрэгт тооцогдох хэмжээнд бид үздэг болох хэрэгтэй гээд төсвийн мөнгөөр ганц шил архи ч худалдан авч болохгүй” хэмээн үзэж байгаагаа хэлсэн.
САЙНШАНД
Замын-Үүдээс Сайншандад ирсэн даруйдаа Ерөнхийлөгч шинээр ашиглалтад орсон засмал зам, өмнөд бүсний шинэ төмөр замын барилгын явц, мэргэжлийн сургалт үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, “Аж үйлдвэрийн парк”-ийн талаар мэдээлэл авч, танилцав. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцэн гаргаж, их бүтээн байгуулалтыг эхлүүлээд буйгаа ярьж байсан билээ. Гадаадад сургууль соёл төгсч ирсэн дарга нь боловсролтой залуу эрч хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлж, томоохон зорилго тавиад ажиллаж байгаа юм болов уу хэмээн анзаарагдсаныг хэлэх хэрэгтэй байх. Бас Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гарсан нь тэднийг хийх шийдэх их ажилтай болгожээ гэдэг нь харагдаж байсан. Аймгийнхаа төвийн салхин дор байгуулах аж үйлдвэрийн парктайгаа зэрэгцүүлээд эко таун буюу байгаль орчинд ээлтэй хотхоныг байгуулахаар төлөвлөжээ. Газрын гүний дулаан, салхи, нарны эрчим хүчээр цахилгаан дулаанаа шийдээд явахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлж байсан. Ер нь хийнэ бүтээнэ, ийм төлөвлөгөө байна гэсэн ажил хэрэгч яриа энэ үеэр олонтоо сонстсон шүү.
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа ч ингэж ярьж байсан. Монголчууд дангаараа хариуцах энэ төмөр замын байгууллага анх байгуулагдах 2009 онд 13 сая, 2010 онд 975 сая, 2011 онд 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байгаа юм. 5600 км төмөр замыг гурван үе шаттай барьж эхлэх бөгөөд ТЭЗҮ нь бэлэн болоод хөрөнгө оруулалтын асуудлаа хараад сууж байгаа аж. Б.Батзаяа захирлын хэлснээр дэлхийд нэр хүндтэй 12 банк энэ төсөлд оролцоход бэлэн буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч түүнээс хөрөнгө оруулалт хэзээнээс хойш хүлээгдэж байгааг лавласан бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хойш мөнгөө хүлээж байгаа, Хөгжлийн банкинд өнгөрсөн арванхоёрдугаар сард 20 сая ам.доллар орж ирсэн ч одоогоор уг төсөлд мөнгө гаргаагүй байгаа гэсэн хариултыг авсан. Ерөнхийлөгчийг дагалдан яваа албаны хүмүүсийн бүрэлдэхүүнд Дорноговиос сонгогдсон хоёр Батсуурь гишүүн, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Улаанбаатар Төмөр замын дарга Г.Очирхүү гээд олон албаны хүмүүс явсан нь харилцан ойлголцож шийдэл олоход дөхөм байсан. Аж үйлдвэрийн парк байгуулах талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун танилцуулсан бөгөөд зэс хайлуулах, нүүрс шингэрүүлэх гээд бүхий л үйлдвэрүүдийн техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргахдаа урьд нь энэ чиглэлээр ажиллаж байсан хувийн хэвшлийнхний гаргасан судалгаан дээр үндэслэх бодолтой байгаагаа хэлж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Төмөртэйн уул хилийн цаана нүүгээд гарах нь хэмээн анхааруулсан бөгөөд усаа дахин ашиглах зэргээр анхнаас нь ашигтай боломжтой хувилбаруудыг авч хэрэглэхийг сануулж байсан юм. Мөн Монголдоо хамгийн томд тооцогдох Мэргэжлийн сургалт үйлчилгээний төвийг энд байгуулж, томоохон машин техникийг ажиллуулах, засварлах боловсон хүчнээ энд бэлдэх болсныг сайшааж байлаа.
Тэрбээр иргэдтэй уулзсан уулзалт дээрээ ч хийж бүтээнэ гэсэн бүхий л зөв санаачилгыг төрийн тэргүүний хувьд дэмжихэд бэлэн байгаа гэдгээ дахин дахин хэлж байсан. Өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт гэгдэх Эрдэнэт бол ганц зэс баяжуулдаг бол энд бүхий л төрлийн үйлдвэр байгуулагдах гэж байна. Мөн монголчууд өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ авч хил даваад, хүний хэлсэн үнээр биш өөрсдөө эндээ суугаад хүссэн үнээрээ өгөх цаг болсон гэж байв. Тэрбээр “Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдсэн нь учиртай. Далайд гарцтай байна гэдэг нь дэлхийн зах зээлд гарцтай байхыг хэлж байгаа хэрэг юм. Тэгвэл дэлхийн хамгийн том зах зээл бол манай өмнөд хөрш боллоо. Дэлхийн хамгийн том зах зээлд ойрхон ийм байршилтай учраас Сайншандад аж үйлдвэрийн цогцолборыг барих болсон. Сайншандаар хуучин вагоны зүтгүүр л өнгөрдөг байсан бол одоо Монголын хөгжлийн зүтгүүр өнгөрнө гэж ойлгоорой. Говьд хүн болж төрснөөс гээд элдэв янзаар хэлдэг үг сонстдог байсан. Тэгвэл одоо говьд хүн болж төрсөндөө баярлаж, бахархах цаг ирж байна. Ер нь ажил хэргээ бүтээхийн тулд ярилцаж ойлголцох нь чухал. Хэрлэн говь төсөл нэг хэсэг яригдаж байсан. Уг нь тэр бол чухал төсөл байсан. Гэхдээ хоорондоо ярьж ойлголцоогүйгээс Хэрлэн голыг үгүй хийх нь гэсэн буруу ойлголт яваад бүтээгүй. Уг нь ярьж ойлголцох л хэрэгтэй байгаа юм.
Энэ бүс нутагт хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг амин чухал асуудал болсныг орхиж болохгүй. Иргэд та бүгдийн яриаг сонсоод би хөдөө орон нутагт ажилласан талаараа чиглэл гаргаж, Засгийн газар хүргүүлнэ” хэмээж байсан. Сайншандын иргэдийн хувьд төмөр зам гэж хязгааргүй эрх мэдэлтэй газар байдаг, уг нь нэг аж ахуйн нэгж биш юм уу гэж, орон нутгийн зам орон нутгийн зам биш боллоо, уурхайн нүүрсний зам боллоо гэж, “Саран хөхөө” чуулгынхан шинэ жилээ архигүй тэмдэглэж, архигүй хамт олон болсон гэж, бэлчээрийг ашиглах, өмчлөх тал дээр тодорхой хууль тогтоомж гаргаж өгөөч гэж, цаазын ялаас татгалзуулсан нь цагаа олсон явдал мөн үү гэж, хүнсний үйлдвэр хувьчлагдсанаас хүнсний аюулгүй байдал хэцүүхэн боллоо гэж, аймгийн дулааны цахилгаан станц Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхдаа гаргаж өгсөн 100 сая төгрөгөөр овоо явж ирсэн ч одоо хэзээ мөдгүй гал алдахад бэлэн аваарын дохиотой ажиллаж байгааг анхаараач гэж маш олон асуулт хүсэлтийг хүмүүс тавьж байсан. Бас гучин хэдтэй эмэгтэйг хөгшин гээд ажилд авахгүй байгаа нь шударга явдал уу гэж асуух ч ээж байлаа.
ГОВЬСҮМБЭР
Ерөнхийлөгч Говьсүмбэр аймагт ажиллах үед иргэдийн тавьж байсан санал хүсэлт дунд энэ аймагт МАН-ын гишүүн л бол хүнд тооцогддог хэцүүхэн он жилүүд өнгөрсөн тухай ярьж, хүнийг үзэл бодлоор нь алагчилдаг энэ байдал, шүүх цагдаагийнхны шударга бус байдал хэзээ алга болохыг асууж байсан юм. Бас “Ж.Баянмөнх Засаг дарга буруутай нь нотлогдоод явж байх шиг байна. Оронд нь хэнийг тавибал дээр гэж та хэлэх вэ, “Цагаан сараар ууц, боов тавих нь зөв үү, нэг сая төгрөгөө цагаан сараас өмнө авч болох нь уу” гээд асуухгүй асуулт хөндөхгүй сэдэв гэж үгүй байв. Засаг даргын тухайд асуудлыг шийддэг хүн нь би биш ээ, тэр хүн тийм байсан одоо тэр нь зүгээр гэж би хэлэх боломжгүй, бас ийм идээ ундаа тавь гэхэд хэцүү. Би хувьдаа зочин ирэхэд сайхан аарцаа буцалгаад өгдөг. Заавал ууц гээд байхгүй боломжоороо идээ ундаагаа тавьж, ааруул цагаан идээгээрээ тавгаа засч болно шүү дээ. Манай гэр бүлийн хувьд цагаан сараар гарын бэлгээ дандаа Монголын бараа бүтээгдэхүүн авдаг. Хэрэв та бүхэн сая төгрөгөө аваад л урагшаа явах юм бол энд байгаа охиноо л ажилгүй болгож байна гэж бодох хэрэгтэй. Тэр мөнгө Монголдоо байж гэмээнэ л тус нь ирнэ шүү дээ гээд асуудлыг жижиг гэлтгүй хариулж байсан. Бас томоохон агуулахууд, зарим агентлагуудыг хотоос гаргаж, Чойрт ирүүлэхэд болохгүй зүйлгүй гэж ярихад тэндхийнхэн талархалтайгаар алга ташиж байв. Бас иргэнээ сонсдог Иргэний танхимтай болгосонд нь талархаад орон нутагтаа ч салбарыг нь байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ашиг тусыг нь Ерөнхийлөгчөөр тайлбарлуулан хэлүүлэх хүсэлтэй хүн ч байсан. Монгол төрийн тэргүүнийн Говьсүмбэр аймгийн Чойр хотноо иргэдэд хандан хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. Хэлсэн үгийг XX, XXI нүүрээс хүлээн авч уншина уу.
Э.ЭНЭРЭЛ
URL: