Л.Энх-Амгалан: 50:26 бол Монгол улсын эрх ашгийг бодсон хувилбар
Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга
Л.ЭНХ-АМГАЛАНТАЙ ярилцлаа.
-Сонгуулийн тогтолцоог холимог буюу 50:26 байхаар боловсруулж өргөн барьсан. Гэтэл дийлэнх гишүүн энэ хувилбарыг дэмжихгүй гэж байна. Бүлэг энэ тухайд байр сууриа нэгтгээгүй гэсэн үг үү?
-Хууль санаачлах эрх УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь бий. Тиймээс бүлгийн хуралдаанаар байр сууриа нэгтгээгүй гэх ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, бид бүлгийн хуралдаанаар энэ хуулийг олон талаас нь ярилцсан. Үүний үндсэн дээр өнгөрсөн хавар гэхэд Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг өргөн барихаар ярилцаад Засгийн газраас хүртэл санал авч байсан. Харин одоогийн хувилбар нь 50:26. Энэ нь Монгол Улс нэг тойрог гээд 26 хүнийг нэр дэвшүүлнэ. Үлдсэн 50 нь жижиглэсэн тойрогт өрсөлдөнө гэсэн үг. Үүнд ойлголтын зөрүү гарсан зүйл байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн бүр өөрийн итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Бидний баримтлах гол зарчим бол Монгол Улсын эрх ашгийг л бодолцоно. Улс төрийн төдийгүй Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалахад аль хувилбар нь оновчтой вэ гэдгийг ярилцаж байгаа юм.
-Улсын том тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлэх нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг зөрчинө гэж зарим хүн тайлбарлаад байх юм. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Зөрчилдөхгүй. Яагаад гэвэл, хуучнаар буюу 2008, 2012 онд сонгогчид намыг дугуйлж байсан шүү дээ. Харин одоогийнхоор нам тус бүр улсын том тойрогт 26 хүнээ нэр дэвшүүлнэ. Тэднээс ард түмэн сонголтоо хийж, улстөрчийг эрэмбэлнэ гэсэн үг
-Хамгийн гол нь иргэдээс олонхийн санал авсан 26 хүн бус тэдний авсан саналд үндэслэн хувь тэнцүүлснээр намын гишүүд орж ирнэ гэж ойлгосон.Тэгэхээр яг мажоритар тогтолцоо биш болчих юм биш үү?
-Тогтолцоо нь мажоритар. Сонгуулийн дүнг гаргах аргачлал нь хувь тэнцүүлэх зарчим гэсэн үг. Нам болгон 26 хүнээ нэр дэвшүүлнэ. Түүнээс хамгийн олон санал авсан эхний 26 хүн гарч ирнэ биз дээ. Жишээлбэл, МАН-аас гарч ирсэн 26 хүний авсан саналын нийлбэрийг тооцоод энэ нам нийт сонгогчийн 50 хувийн саналыг авчээ гэж үзнэ гэсэн үг. Монгол Улс сонгуулийн насны хоёр сая хүнтэй. Үүнээс сонгуулийн ирц 70 хувьтай байна гэж үзвэл сая 600 гаруй хүн санал өгч таарна. Эдгээрээс МАН-ын дэвшүүлсэн 26 хүн ард түмнээс хамгийн өндөр санал авсан хүмүүсээ эрэмбэлэхээр нийлбэр дүн гарна биз. Ойролцоогоор нийлбэр санал нь 800 мянга байна гэвэл улсын том тойрогт нэр дэвшсэн нийт хүмүүсийн 13 суудлыг МАН-д хуваарилна гэсэн үг. Ингэхдээ яг авсан саналаар нь эрэмбэлнэ. Хуучнаар иргэд нам дугуйлдаг байсан. Үүний өмнө нам хаалттай жагсаалт гаргаж, хүнээ эрэмбэлж байсан. Одоогийн хувилбараар ард түмэн саналаа өгч хүнээ эрэмбэлэх юм. Үүнд Үндсэн хуулийн зарчим ямар нэгэн байдлаар зөрчигдөх тухай ойлголт огт байхгүй.
-Хувь тэнцүүлчихээр хамгийн олон санал авсан хүн УИХ-д орж чадахгүй юм биш үү гэдэг нэг ойлголт байна?
-Улс төрийн намуудад босго тавьж байгаа. Нийт сонгогчийн таваас доошгүй хувийн санал авах ёстой гэж үзэж байгаа юм. Ингэж байж УИХ-д суудал хуваарилагдах эрх тухайн улс төрийн намд үүсэх юм. Харин бие даагчдын хувьд том, жижиг аль ч тойрогт нэр дэвших боломжтой.
-Нэг нэр дэвшигч үнэмлэхүй олонхын санал авчихсан байлаа гэхэд тухайн хүний саналд үндэслээд бага санал авсан нэр дэвшигч УИХ-д ороод ирэх магадлалтай биш үү?
-Жишээлбэл, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд нийт 500 мянган хүний санал цугларлаа гэж бодъё. Дээрээс нь нийт сонгогчийн 50 хувийн саналыг МАН авлаа гэж үзвэл манайд УИХ-ын 13 суудал оногдоно гэсэн үг. Энэ тохиолдолд 13 дахь хүн ердөө мянган хүний санал авсан байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хувь тэнцүүлсэн аргаар тооцож байна шүү дээ. Гэтэл нөгөө намаас нэр дэвшээд хоёр, гурван мянган сонгогчийн санал авсан хүн орж чадахгүй нь гэж яриад байгаа. Хүнээ дугуйлсан мажоритар тогтолцооны аргачлал нь хувь тэнцүүлэх юм. Үүнээс өөр байхгүй.
-Эцсийн дүндээ намын юм уу хүний нэр дугуйлахад чанарын ялгаагүй болчихож байгаа юм биш үү?
-Сая бид Үндсэн хуулиа өөрчлөхдөө “Ард иргэд төлөөллөө чөлөөтэй, шууд сонгоно” гэж заасан. Тийм учраас иргэд хоёр санал өгнө. Ингэхдээ улс даяар нэр дэвшсэн 26 дотроос өөрт хамгийн таалагдсан нэг улстөрчийг сонгоно. Энэ хүн бол улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой. Би энэ хүнээр улсаа удирдуулмаар байна гэж үзвэл саналаа өгнө гэсэн үг. Үүний зэрэгцээ өөрийн оршин суудаг жижиг тойргоос нэр дэвшиж буй хүнд саналаа өгөх юм.
-50:26 хувилбар гишүүдийн тэгш байдлыг алдагдуулахгүй юу?
-Одоогийн жижиг 76-гийн хамгийн сул тал нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 76 жижиг тойрог руу татаж байна гэх шүүмжлэл шүү дээ. Тиймээс цаашдаа улс орны хөгжил, том бодлого ярьдаг төлөөлөлтэй болъё гэдэг үүднээс л 50:26 хувилбарыг оруулж ирсэн.
Хүн бүрэн 76 жалга яриад байж болохгүй биз дээ. Ийм байдлаар явбал хэн улс эх орны том бодлого ярих юм бэ. Монгол Улсын нийт ард түмнийг төлөөлдөг, урт хугацааны бодлого, төлөвлөгөө ярьдаг хэсэг зайлшгүй байх ёстой. Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал л чухал.
-Хэнийг, аль тойрогт нэр дэвшүүлэхээ жишээлбэл, танай нам хэрхэн тодруулах вэ?
-Улстөрчдийн рейтингийн судалгаагаар тодруулна. Рейтинг өндөр байгаа хүн бол ард түмний итгэлийг хүлээсэн гэсэн үг. Бидний баримтлах гол дүрэм энэ. Мэдээж нам болгон өөрийн нүүр царай болсон шилдэг улстөрчөө нэр дэвшүүлэхийг бодно. Олны итгэлийг хүлээсэн, цаашдаа улс орныг удирдаад явах потенциальтай хүмүүс л том тойрогт сонгогдох болов уу гэж бодож байна.
-Нөгөө талаас улсын том тойрогт өрсөлдөж гарч ирсэн 26 хүн Ерөнхийлөгчийн дайтай болно гэсэн үг биш үү. Төрийн тэргүүнийг сонгодогтой адил зарчмаар буюу нийт ард түмнээс сонгогдоно гэхээр эргээд хэнд ажлаа тайлагнах юм бэ?
-Ард түмэндээ л тайлагнана шүү дээ. Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй, болж бүтэхгүй бол эгүүлэн татах заалтыг хуульд оруулчихсан. Тэгэхээр ард түмнээс сонгогдсон хүн ард түмэндээ ажлаа тайлагнаад явах хамгийн ойлгомжтой хувилбар гэж би хувьдаа бодоод байгаа юм.
-Хэрвээ 50:26-г дэмжээд хуулиа баталчихвал саналын хуудсаа ямар байдлаар боловсруулах нь ойлгомжгүй байна л даа. Улс төрийн нэг нам 26 хүн нэр дэвшүүлнэ гэж үзвэл саналын хуудсанд 600-700 хүний нэр бичих болчихоод байна шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам байна. Нам тус бүр 26 хүнээ нэр дэвшүүллээ гэж бодоход 700 гаруй хүний нэр гарч таарна. Хууль боловсруулах явцад бид үүнийг тооцож үзсэн. СЕХ-ныхонтой сууж байгаад саналын хуудсанд хэрхэн бичих талаар ярилцсан. Технологийн хувьд боломжтой юм билээ. Хамгийн гол нь сонгуулийн дүн гарах үед болон тоолоход тодорхой хүндрэл гарахыг үгүйсгэхгүй.
-Ирэх оны улсын төсвийг батлаад бараг сар болох гэж байна. Гэтэл Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавилаа. Хэр үндэслэлтэй хориг вэ?
-Өнөөөглөө сонслоо. Гэтэл бид 2016 онд ОУВС-гийн хамтарсан хөтөлбөрт орсон шүү дээ.
НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэнд хориг тавьсан юм билээ. ОУВС-гийн хөтөлбөрт гурван жилийн өмнө орохдоо НДШ-ийг үе шаттайгаар буюу таван хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байсан. Ингэснээр 2018 онд хоёр хувиар нэмэгдүүлсэн. Энэ онд нэг, ирэх онд хоёр хувиар нэмэгдүүлэх гэж байгаа нь энэ. Энэ бол татвар нэмсэн тухай ойлголт биш.
НДШ-ийг тэтгэврийн сангийн хуримтлал болгодог юм. Ерөнхийлөгчийг хориг бол ОУВС-гийн хөтөлбөрт хандсан л хориг гэж ойлгосон. Тиймээс би хувьдаа хүлээж авах боломжгүй гэж харж байгаа. Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээж болохгүй биз дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: