Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа: Энэ байгууллагын хараат бус байдлыг хангаж ажиллах гэж, үүнийг хадгалж үлдэх гэж бид хичээж байгаа

Нийгэмд олон жил бугшсан авлига гэгч амь бөхтэй үзэгдэлтэй, албан тушаалаа хувийн зорилгодоо ашиглаж ашиг хонжоо хайгчидтай тэмцэж,  тэмцэхийнхээ хэрээр янз бүрийн хэл аманд өртөж, олны анхаарлын төвд цаг ямагт байдаг газар бол Авлигатай тэмцэх газар. Шинэ оны эхэнд тус газрын даргатай уулзаж, үйл ажиллагаагаа явуулахад  учирч буй саад бэрхшээлийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонслоо.

-Хууль зөрчсөн, гэм хэрэг үйлдсэн албан тушаалтнуудтай тэмцэж, тэднийг илрүүлж, шалгах хүнд хэцүү ажлыг эрхлэн хийхэд мэдээж саад, бэрхшээл учирдаг байх. Үйл ажиллагаа явуулахад учирч буй бэрхшээл юу байна вэ?
-Авлигатай тэмцэх газрын хамт олон шинэ оны өмнө дөрөвдэх дэх жилийнхээ ажлын тайлангийн хуралаа хийж, алдаа дутагдал, амжилт ололтоо хэлэлцсэн. Манай хамт олон  өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан.

Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх ажил амар хялбар байсангүй. Энэ байгууллагыг хүчгүйдүүлэх гэсэн оролдлого, дайралт, гүтгэлэг ажил хэвийн явуулахад бэрхшээл учруулдгийг нуух юм алга. Амь дүйсэн гэж хэлэгдэхдээ хүрсэн энэ ажил  угаасаа ч амар хялбар байхгүй нь ойлгомжтой. Хүний насаар зүйрлэвэл Авлигатай тэмцэх газар дөрөвхөн настай. Түшээд авбал тэмүүлээд босох, түлхээд унагавал түрүүлгээ хараад унах ийм л насан дээрээ явна. Авлигатай, албан тушаалын хэрэгтнүүдтэй тэмцэх энэ ажил амь насаа ч алдаж мэдэх тийм эрсдэлтэй ажил гэдгийг хэн хүнгүй хэлдэг. Энэ утгаараа Монгол Улсын төлөө амь насаа ч зориулж чадах аавын хүүхдүүдийн хийдэг ажил юм. Энэ хүнд хэцүү ажлыг хийж чадна гэсэн аавын хүү, ээжийн охин энэ байгууллагад өөрийн хүсэлтээр хүрч ирсэн. Ажиллаж чадна гэж тангараг өргөсөн. Авлигатай тэмцэх газрын даргыг хоёр дахиа томилох үед надаас гадна олон хүний нэр яригдаж байсан. Тэгэхэд “Толгой цусдах ажил” гээд татгалзаж байсан генерал ч бий. Энэ утгаараа эр зоригтнууд энэ байгууллагад ирж ажилладаг. Энэ өндөр эрсдэлтэй ажлыг тийм л хүмүүс хийх ёстой. Тийм хүмүүсээс ч манай хамт олон бүрдсэн.

Авлигатай тэмцэх ажил өндөр эрсдэлтэй байдаг нь зөвхөн Монгол Улсад байгаа юм биш. Дэлхийн улс орнуудын Авлигатай тэмцэх байгууллагуудад нь байгаа эрсдэл. Авлигын эрсдэлийг нь арилгаж, тэрэнд нь хүрч ажиллахаар авлигын орчинд өсч бойжсон амьд организмууд  төдий чинээ л арзганана. Бидэнд ирж байгаа энэ их дайралт, доромжлолыг би “Бид хүчтэй байгаа юм байна. Авлигачдын зүрхэнд нь хүрч ажиллаж чадаж байгаа юм байна” гэж ойлгож байгаа.

Авлигатай эрс шийдэмгий тэмцсэн ерөнхийлөгч, сайд, авлигатай тэмцэх байгууллагын удирдлага амь насаараа хохирч байгаа бодит жишээ хүн төрөлхтөний түүхэнд үргэлжилж байна. Авлигын хэргийг шүүсэн шүүгчийг хүртэл хөнөөсөн жишээ байна. Үйл ажиллагаа явуулахад бидэнд учирч буй бэрхшээл хүмүүсийн нүдэн дээр бараг ил байгаа байх гэж би бодож байна. Манай нэг албаны даргыг өнгөрсөн зун хорьсон. Гэвч Монголын төр, хууль тогтоох дээд байгууллага авлигатай тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Авлигатай тэмцэх газарт эрсдэл бий болно гэдгийг урьдчилан харж  төрийн хуулиар энэ байгууллагын албан хаагчдын аюулгүй байдлыг сайн хангаж өгчээ. Ийм хамгаалалт хийж өгөөгүй бол энэ байгууллагад нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө шударгаар ажиллаж буй залуусын зориг зүрх мохох нь гарцаагүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг илрүүлээд, шалгаад явах гэхээр төрийн тэр албан хаагчдыг, авлигатай тэмцэгчдийг барьж хориод байвал эцэстээ юу болж хувирах вэ!

-Энэ дайралт хэзээ дуусч, та бүхэн амар тайван ажлаа  хийх бол. Үүнийг та яаж хардаг вэ?
-Хэзээ дуусахыг би хэлж мэдэхгүй. Ер нь улс орнуудын авлигатай тэмцэх ямар ч байгууллага эрсдэл дунд ажилладаг гэдгийг дээр хэлсэн. Ямар ч шүүмжлэл, эсэргүүцэл, эрсдэлгүй ажилладаг байгууллага хаана ч байхгүй. Яагаад гэвэл авлигатай тэмцэх ажил эрх мэдэлтнүүдийн эрх ашиг, ашиг сонирхлыг ямагт хөндөж байдаг.

-Таны хувьд бүтэн жил гаруйн турш шалгуулж, янз бүрээр хэлүүлж байна. Үүнд шантарч, энэ ажлыг болъё гэж бодох үе байдаг уу?
-Төрийн хууль энэ байгууллагын албан хаагчдыг аливаа эрсдэлээс хамгаалж байхад бидэнд айгаад, янз бүрийн ашиг сонирхолд хөтлөгдөөд, хэн нэг эрх мэдэлтний халаасанд багтаад, бөхөлзөөд байх шаардлага алга. Авлигатай тэмцэх ажлыг айлгүй хий гэж төрийн хууль биднийг амьдрал дээр хамгаалж байна. Айж эмээлгүй хийхийг бас сануулж байна. Тиймээс бид ямар ч бэрхшээл, эрсдэлийн өмнө шантрахгүй. Энэ ч утгаараа энэ байгууллагынхаа бие даасан, хараат бус байдлыг хангаж ажиллах гэж, үүнийг хадгалж үлдэх гэж бид хичээж байгаа. Чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. Хэрэв одоо бид чадахгүй бол өөр хэн ч чадахгүй. Энэ байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хадгалж үлдэх нь төр, түмний өмнө хүлээсэн манай хамт олны түүхэн хариуцлага.

Авлигатай тэмцэх газар руу чиглэсэн дарамт, дайралт ч гэх юм уу энэ бүх сорилт биднийг улам хүчирхэгжүүлж байна гэж би ойлгодог. Бидэн рүү чиглэж байгаа шоу бүхэн товчхондоо бидэнд өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч байж, төрийн хуулийг биелүүлж ажиллахыг дахин дахин сануулсан үнэгүй сайхан сургалт болж байгаа. Энэ байдлаараа Авлигатай тэмцэх газар өдрөөс өдөрт бэхжиж, бяр сууж байна даа.

-Авлигатай тэмцэх ажлыг Авлигатай тэмцэх газар л хийх ёстой гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Оны өмнө АНУ-ын Азийн сангаас гаргасан судалгаагаар ч ингэж гарсан байна лээ. Нийгэм, иргэдийн зүгээс ганц Авлигатай тэмцэх газарт их ачааг үүрүүлж байгаа юм шиг санагддаг уу?
-Төр засаг Авлигын эсрэг хуулийг батлаад, Авлигатай тэмцэх байгууллагыг байгуулаад, энэ байгууллагад ажиллагсдын нийгэм, эдийн засгийн баталгааг гайгүй сайн хангаж өгсөн. Тэр ч утгаараа авлигатай тэмцэх ажлыг бид л манлайлж хийх ёстой. Авлигатай тэмцэх газарт их ачаа үүрүүлж байгаа юм шиг санагддаг уу гэж та асуулаа. Харин би авлигатай тэмцэх ажлыг ганцхан Авлигатай тэмцэх газар биш нийгмээрээ, нийтээрээ хамтарч хийж байж үр дүнд хүрнэ, эрүүл нийгэмд ажиллаж амьдрах ирээдүй ойрхон болно гэж хэлэх байна.

Ер нь авлигатай тэмцэх ажлыг Авлигатай тэмцэх газар тэргүүлж хийх ёстой гэж иргэд үзсээр байгаа нь иргэд, олон нийтийн дунд явуулсан судалгааны дүнгээс харагддаг л даа. АНУ-ын Азийн сангаас хагас жил тутамд явуулдаг судалгаагаар Авлигатай тэмцэх газрын нэр хүнд энэ байгууллагын эсрэг явагддаг шоуны үр дүнд унасан ч энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл алдраагүй гэж гарч ирсэн. Түүнчлэн, “Авлига өгөхгүй” гэсэн иргэд, өрхийн тоо өсч, нийгмийн сэтгэлзүйд өөрчлөлт гарч байна. Нийгмээрээ авлигатай тэмцэх хүсэл, сонирхол жил ирэх тусам өсч байна. Энэ бол авлигатай тэмцэх ажлын  хамгийн том үр дүн. Аливаа юмыг аль талаас нь харах  вэ гэдэг их чухал. Дандаа сүүдэртэй талаас нь биш гэрэл, сүүдэртэй аль аль талаас нь харж байж бодит байдал харагдана. Авлига өгөхгүй гэж үзэх иргэд, өрхийн тоо өсч, авлигын эсрэг зогсох иргэд улам бүр олон болж байгаа нь авлигатай тэмцэх орчинд эерэг өөрчлөлт гарч байгаа үр дүн юм. Ийм байдлаар авлигагүй орчныг бүрдүүлэх ажлыг алхам алхмаар хийх нь авлигатай тэмцэх ажлын тэргүүлэх зорилт юмаа.

Авлигатай тэмцэх газрыг гутаан доромжилж, албан хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэж, авлигатай биш авлигатай тэмцэх ажилтай нь тэмцэж байгаа ч олон улсын байгууллагын судалгаагаар авлигатай тэмцэх ажлыг Авлигатай тэмцэх газар тэргүүлж хийх ёстой гэж нийгэм, олон нийт итгэл хүлээлгэсэн хэвээр байгаад миний хувьд сэтгэл өндөр байгаа. Тиймээс ч бид, их өргөн хүрээнд сэтгэж, нийгэм, иргэдийн хэрэгцээг мэдэрч ажиллахаар зорьж байна. Бид хаана, юу хийж чадах вэ гэдэгт сэтгэлгээний өөрчлөлт дутагдаж байгааг үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэх газрын иргэдэд үзүүлж чадах үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа тал ч бий. Оюуны үйлчилгээ, төрийн үйлчилгээ гэх мэт өөр ямар үйлчилгээг өргөн хүрээг хамарч хийхээр байна гэдгийг урьдчилан харж хийх шаардлага урьд урьдахаас илүү чухлаар тавигдаж байна. Үүнийгээ ч бид ухамсарлаж, ажлаа шинэлэг, эрчимтэй хийхээр албан хаагч бүр өмнөө зорилго тавиад шинэ оны ажилдаа орсон байгаа. Авлигатай тэмцэх газрын хамт олон энэ байгууллагын эсрэг болсон болоогүй гүтгэлэг, доромжлолыг хангалттай их сонсч, амсч байгаа ч үүнд шантраад суух цаг, зав хугацаа ч алга байна.

Шударга ёс алдагдсан түүхийн энэ саарал үед манай хамт олон тэргүүн фронтод ажиллаж байгаа. Энэ үүрэг, зорилгоо ухамсарлаж, үүгээрээ ч бид бахархах ёстой. Албан тушаалдаа дулдуйдсан, элдэв хууль бус зүйлдээ гаршсан эрх мэдэл бүхий хүмүүсийн эсрэг тэмцэх энэ ажлыг хүн бүхэн хийж чаддаггүй. Амаар хийж чадна, хийхэд амархан гэж хэлж байгаа ч бодит ажил дээр чаддаггүй юм. Би үүнийг хэлээд байгаа юм биш. Хүн төрөлхтөний түүх үүнийг харуулж байна.

Авлигатай тэмцэх ажил улс төрчдийн, улстөрийн хүсэл сонирхол их байвал урагшаа явна, байхгүй бол урагшилдаггүй ийм л ярвигтай ажил. Санасныхаа зоргоор, сонгуулиас сонгуулийн хооронд хийх ажил бол энэ ажил биш. Нөхцөл байдал ямар байгааг мэдэрч, мэдэж байж л авлигатай тэмцэх жинхэнэ бодит ажлыг хөрсөн дээр амьдруулах үүргээ бид биелүүлж чадна. Ер нь бол ямар төр байна, авлигатай тэмцэх ажлын өнгө төрх ч тийм л байдаг.

-Улс төрчид хүсэл зоригоо илэрхийлж байж авлигатай тэмцэх ажил урагшлана гэж та түрүүн хэллээ. Харьцангуй улстөрчид танай байгууллагыг дэмжиж байгаа юм биш үү, сүүлийн үед. УИХ-ын дэргэд Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан зэргээс харахад ч гэсэн ийм төсөөлөл бууж байна?
-Авлигатай тэмцэх чиглэлээр нийгэм, иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаагаас гадна улс төрийн хүрээнд ч гэсэн эерэг уур амьсгал эхэлсэн. Авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой улстөрч, УИХ-ын гишүүд тодорхой ажил, алхам хийж байна. Парламентын дэргэд Авлигын эсрэг бүлэг байгуулагдаж, гишүүд авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэргээр ажиллаж байна. Авлигатай тэмцэх газраас Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл өмнөх Ерөнхийлөгчийн үед ч одоогийн Ерөнхийлөгчийн үед ч өргөн бариад үр дүнд хүрч чадахгүй байсан. Өнөөдөр харин УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн гишүүдийн хүчин зүтгэлийн үр дүнд  парламентийн түвшинд төсөл нь бэлэн болоод байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн хэрэгжилт манай байгууллагын өргөн хүрээний ажил байх ёстой ч шалгаад явах гэхээр эрх зүйн орчин байхгүй. Хариуцлага хүлээлгэх гэхэд тийм механизм бүрдээгүй. Хэрэгжүүлэх субъект тодорхойгүй байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төсөл санаачлаад ажиллаж байна.

Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Балдан-очир санаачлан ажиллаж байгаа. Энэ хуулийг баталчихвал хөрөнгө, орлогын мэдүүлгийн эрх зүйн орчинд маш том ахиц гарна. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт нэг нь нөгөөдөө компани, аж ахуйн нэгжээ, авто машинаа ч байдаг юмуу ямар нэг үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн, шилжүүлээгүй гэдэг асуудал үүсэхгүй болно гэсэн үг. Хэн ч байсан ялгаагүй бүгд хөрөнгөө мэдүүлдэг болчихоор хөрөнгө, орлогын мэдүүлэг бүр тодорхой болно. Ийм байдлаар авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулиудыг УИХ-ын гишүүд санаачлаад явж байна гэдэг нь авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрийн орчинд салхи орж, эрх зүйн эрүүл орчин бүрдэх хандлага буй болж байгаагийн илрэл юм. Энэ мэтчилэн нийгмийн шударга ёсны төлөө  тодорхой ажил хийсэн улстөрчдийн судалгааг Авлигатай тэмцэх газраас судлан гаргаж, 2011 онд олон нийтэд мэдээлэх ажил хийгдэж байгаа.

-Транспэрэнси интернэшнл байгууллагын 2010 оны авлигын барометрийн судалгаагаар авлига урьд өмнөхөөсөө илүү их даяарчлагдаж байгааг дурьдсан байсан. Мөн манай улсын авлигын индекс муудаагүй байгаа. Ер нь эерэг, сөрөг олон үзүүлэлт гарсан харагдсан?
-Манай улс эдийн засгийн харилцаанд улс орнуудтай уялдахаас өөр аргагүй. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт урагшилж байж л улс орон хөгжинө. Энэ ч утгаараа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг дэлхийн улс орнууд хангах бодлогын түвшинд манай улс ч нэгдээд явж байна. Авлигатай тэмцэх ажлыг сэтгэлгээний хоосон хөөрлөөр биш олон улсын хэмжээнд бодлогын түвшинд харж байж амжилтад хүрнэ.

Манай улсад урд, хойд хоёр хүчтэй хөрш орон байна. Авлигатай тэмцэх ямар их хүч, механизм энэ хоёр улсад ажиллаж байгаа билээ. Хүчтэй тэмцэж, ажил нь эрчимжиж байгаа. Гэвч авлигын нөхцөл байдал нь сайжрахгүй байна. Ялангуяа ОХУ-д авлигын нөхцөл байдал нь асар хүнд болж байгаа.

Транспэрэнси интернэшнл байгууллагын 2010 оны авлигын барометрийн судалгаагаар 70 гаруй улсад авлигын индекс муудсан байсан. Олон улсын судалгааны байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар дэлхийн улс орнуудын авлигын түвшин сүүлийн гурван жил дараалан өссөн нь харагдаж байгаа. Мөн манай гаригийн хүн амын 80 гаруй хувь нь өөрийн улс орны эрх баригчдыг  авлига хээл хахуульд идэгдсэн гэж үздэг нь судалгаагаар гарсан. Авлига ингэж аюултай нөхцөл байдалд хүрч буй үед хий хоосон яриад авлигатай тэмцэх ажил манай улсад ч амжилтад хүрэхгүй. Авлигатай тэмцэх ажлыг хий хоосон яриа, лоозон болгохгүйн тулд манай хамт олон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авлигатай тэмцэх ажлыг бүх шатанд улсын хэмжээнд эхлүүлсэн. Тодорхой ажил, алхмуудыг хийж, авлигатай тэмцэх практик, хөрс суурийг тавилаа.

Транспэрэнси интернэшнл байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улс энэ онд авлигын индекс ухраагүй.  Харин дөрвөн байраар урагшилсан. Ийм үзүүлэлт гарсан нь ганцхан манай байгууллагын ажил биш, парламентын дэргэд авлигын эсрэг бүлэг байгуулагдаж, улстөрчид авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх болсон. Нийгэм, иргэдийн дунд ч авлигатай нийтээрээ тэмцэх сэтгэлгээний өөрчлөлт бий болсон, олон улсын байгууллагууд манай улсад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа, манай төрийн болон хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд ч гэсэн авлига, хүнд суртлыг халах чиглэлээр олон ажил төлөвлөн хийж байгаа зэрэг олон талын ажлын үр дүн гарч байгаатай холбоотой юм.

-Авлигын хор хөнөөлийг хамгийн тод томруунаар та юу гэж тайлбарлах вэ?
-Авлига бол нийгмийн үзэгдэл. Хүний нийгэм, нийгмийн харилцаа байсан цагт гэмт хэрэг байж л байх нь бодит үзэгдэл. 17 дугаар зуун, Манж чин улсын үед Монголын хаад ноёд алт мөнгө, албан тушаалаас улс орноо худалдсанаас эхлээд авлига, албан тушаалын хэргийн түүх эртнээс улбаатай. 17 дугаар зуунд Монголын эрх мэдэлтэй ноёдын албан тушаал, алт мөнгөний сонирхлоос болж Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж, 300 шахам жил дарлагдан зовсон гашуун түүхийг бид бүгд мэднэ. Энэ мэтээр авлигын хор хөнөөлийг хэлж барахгүй.

-Авлигатай тэмцэх газрын хийсэн ажлын ололт, амжилтаас дурьдвал та ямар ажлыг хэлэх вэ?
-Манай хамт олон богино хугацаанд ч гэсэн авлигатай тэмцэх ажлын таатай хөрс суурийг тавьсан. Төрийн байгууллагын ажил, үйлчилгээ Авлигатай тэмцэх газар байгуулагдахаас өмнө ямар байлаа. Одоо ямар үр дүн харагдаж байгаа билээ гэдгийг бодолцох л учиртай байх. Шинэ оны өмнө би Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу даргатай 2011 онд хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө баталж, гарын үсэг зурлаа. Тэр үед тус холбооны ерөнхийлөгч “Танай газар байгуулагдаагүй бол яанаа” гэж хэлж байсан. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо өнөөдөр хийж байгаа ажлаа хэдэн жилийн өмнөөс хийх гээд яваагүй газар байхгүй юм билээ. Яам тамга, төрийн байгууллага хүлээж авдаггүй байсан гэсэн. Тэр хүний хэлж байгааг төсөөлөхөд өнөөдрийн эхлүүлээд хийж байгаа ажил нь хэдэн жилийн өмнө хэний ч  дэмжлэг авдаггүй, хэн ч дэмждэггүй байж.

Гэтэл одоо нийгмийн бүх шатанд, ялангуяа төрийн албанд авлигатай тэмцэх бодлого эрчимжиж байна. Өнгөрсөн хугацаанд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймгууд гээд төрийн ихэнх шатны байгууллага авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөлт хийж, түүнийгээ хэрэгжүүлж, хэрэгжүүлсэн ажилдаа үнэлгээ хийдэг боллоо. Цаашид энэ ажил улам боловсронгуй болно. Тэр хэрээрээ үр дүн нь гарч, бүх шатанд авлигатай тэмцэх ажил иргэн бүрт бодит байдал дээр мэдэгддэг, хүрдэг болно гэдэгт итгэлтэй байна. Ийм, ийм байдлаар асар том хүрээнд авлигын атар хөрс суурийг хагалаад эрүүл хөрс суулгах ажлыг манай хамт олон хийсэн гэж би хэлнэ. Нэг үгээр хэлбэл, “Авлигатай тэмцэж чадахгүй, дэмий юм яриад бай” гэсэн яриа байсан хэдий ч авлигатай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Авлигатай  ингэж тэгж тэмцэнэ, устгана гэж хий хоосон ярьдаг байснаа бодвол тэр хоосон яриаг бодит ажил болгож хөрсөн дээр буулган, анхны алхмуудыг хийлээ.

Тухайлбал, авлигын эсрэг төрийн бус байгууллагын сүлжээ аймаг бүрт зохион байгуулагдаад байна. Би Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөрүүдэд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед авлигын эсрэг төрийн бус байгууллагын сүлжээ шиг засаг даргыг цочоогоод, шударга, ил тод ажиллахыг албан ёсоор шаарддаг  бүтэц нэгжийг улсын хэмжээнд бий болгож, байгуулж чадаагүй. Харин манай хамт олон үүнийг хийсэн. Энэ бол асар том ажил.

Авлигатай тэмцэх газар аймаг, орон нутагт бүтцийн нэгжгүй ч гэсэн орон нутагт бидний ажлыг сайн мэдэх, авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцах зэргээр манай байгууллагын чиг үүргийг дэмжиж, орон нутагт дуу хоолой болж ажиллах хүмүүстэй болж чадсан. Ер нь авлигатай тэмцэх ажлын чиглэлээр одоо дээр, дооргүй ярьдаг, бас хийдэг болоод байгаа нь том алхам юм.

Авлигатай тэмцэх ажлын гадаад бодлого, харилцаа ч өнгөрсөн дөрвөн жилд эрчимжсэн. Тиймээс ч өнгөрсөн 2010 онд  Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийлгэх анхдагч улсуудын нэг нь Монгол Улс болж, үнэлгээ хийгдэж байна. Авлигатай тэмцэх ажилд Монгол Улс идэвх санаачилгатай оролцож байжээ гэдгийг  бидний хойч үе дэлхийн түүхээс харах боломжтой болж байна.

Мөн Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч шинэ оны өмнө хамтын ажиллагааны баримт бичигт Вашингтон хотноо гарын үсэг зурах урилга ирүүлсэн. Гэх мэтээр манай байгууллагын төдийгүй манай улсын авлигатай тэмцэх ажил олон улсын түвшинд хүртэл өсч байгаа.

Авлигатай тэмцэх ажлыг гэрэл гэгээтэй талаас нь хараад үнэлж дүгнэвэл урьд өмнө хийгдэж байгаагүй томоохон ажлуудыг манай хамт олон төр захиргаа, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, олон улсын байгууллагуудтай хамтарч хийж байна.

-Тэгвэл та бүхний ажилд алдаа, дутагдал  байна уу?
-Ажил хийж байхад алдаа, онооны аль аль нь байдаг. Үүнийг дээр ч хэлсэн. Авлигатай тэмцэх газрын үзүүлж чадах үйлчилгээг бид бүрэн үзүүлж чадахгүй байгаа. Хаана, юу хийж чадах вэ, хаана, юу хиймээр байна гэдгийг урьдчилан харж хийх шаардлага урьд урьдахаас илүү чухлаар тавигдаж байна. Ямар ч ажлыг хийхэд бэрхшээл, саад учрахгүй байна гэж байхгүй. Тэр бэрхшээлийг даван гарч ажиллах шаардлага ч бидний өмнө зүй ёсоор тулгарч байгаа.

80-90 жил ноёрхсон улстөр, эдийн засгийн орчныг тогтолцооны хувьд ч өөрчлөх гээд үндсээр нь өөрчилж чадахгүй байгаа. Эдийн засаг эрс өсөөд байгаа ч ядуурал буурахгүй хэвээр байна. Нийгмийн масс ядуу хэвээр байгаа энэ байдал юуг харуулаад байна вэ гэвэл төрийн байгууллага, нийгэм, эдийн засгийн тогтолцоо шинэчлэгдэж чадахгүй байгаагийн илрэл. Шинэчлэгдэж чадахгүй байгаагаас төрийн механизм иргэндээ жинхэнэ утгаар үйлчлэх үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байна. Энэ дундаас хүнд суртал, хаалттай байдал үүсч байна. Зах зээлийн харилцаанд бизнес, хувийн хэвшил орчхоод байхад төрийн үйлчилгээ иргэнд хүрдэггүй. Үйлчилгээ авч чадахгүй байгаагаас гарах зам нь авлига өгөх. Авлига өгч байж л хийхгүй бол хувийн бизнес нь нурах гээд байдаг.

Авлига хэн нэг хүнд биш, нийгмийн тогтолцоонд, төрийн механизм системд байна. Энэ том хүрээг  мэдэж, мэдэрч төр засгийн зүгээс цогц ажлыг стратеги бодлогын түвшинд хэрэгжүүлж чадвал 100, 1000 хүнийг шийтгэснээс илүү амжилтын орчин бүрдэх учиртай юм. Тиймээс л авлигатай тэмцэх ажлыг маш томоор сэтгэж хийх үүрэг бидэнд төдийгүй өнөөгийн төр засгийн удирдлага, улстөрчид, төрийн албан хаагчдад юуны өмнө оногдож байгаа.

-Авлигатай тэмцэх газар маш их төсөвтэй байна. Энэ жил төсвийг нь бүр нэмээд өгчихлөө гэж зарим хэвлэлээр мэдээлсэн байсан. Энэ тухайд?
-Авлигатай тэмцэх газрын бүх албан хаагчид хоёр хүн зөрөөд гарах боломжгүй шахам, маш жижиг талбайтай өрөө тасалгаанд хоёр гурваараа сууж ажлаа явуулдаг. Ажлаа сайн явуулах нэг хөшүүрэг бол ажлын байрны нөхцөл байдаг. Хэргийн гэрч, хохирогчоор жишээ авахад л тэр хүмүүс ирээд мэдүүлэг, тайлбар өгөхдөө хоёр гурван хүний хажууд ярихыг хүсдэггүй. Нөгөө талаар гэрч, хохирогчийн мэдүүлгийг өөр хэргээр ирсэн хүмүүс ч сонсох боломжтой байдаг. Энэ утгаараа хэргийн нууцлал алдагдахаас эхлээд бэрхшээл их гарна. Тиймээс бид энэ байдлыг арилгахаар 2011 онд  байгууллагынхаа өргөтгөлийг хийх мөнгийг төсөвтөө тусгуулж батлуулсан. Ирэх жил сууриа тавиад, ажлаа эхлүүлээд, санхүүжилт саатахгүй бол ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэхэд зориулагдсан байртай болно. Өргөтгөл барихад зарцуулагдах мөнгийг УИХ баталж өгсөн байгаа нь төсөв нэмэгдсэн харагдаж байгаа.

-Цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөнөөс товч танилцуулахгүй юу?
-Авлигатай тэмцэх ажил бол нэг байгууллага, хэсэг хүмүүсийн ажил биш. Нийгмээрээ нийтээрээ нэгдэж, өргөн хүрээг хамарч хийх ажил.

Авлигын эсрэг хуультай болсон нь энэ ажлын нэг алхам. Гэвч хууль хэрэгжүүлэх төрийн бодлого, үндэсний стратеги манай улсад байхгүй байна.

Энэ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн түвшинд болон олон улсын хамтын ажиллагааны түвшинд их мэдрэгддэг. Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх дунд хугацааны хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ чиглэлээр Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /стратеги/-ийг боловсруулах ажил хийгдэж байна.

Энэ төслийг зохих журмын дагуу явуулж, УИХ-аар батлуулах ажил 2011 оны хамгийн гол ажил. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /стратеги/ батлагдвал үндэсний хэмжээнд хийх ажил төрийн бодлогын түвшинд тодорхой болж, ажил үе шаттайгаар, эрчимтэй өрнөх болно. Энэ мэтээр 2011 онд нийгмийн шударга ёсны төлөө хэлж ярихаас илүү хийх ажил их байна. Олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр төлөвлөгдсөн ажлууд ч их байгаа.

-Бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

У.Мичид /Үндэсний шуудан сонин/


URL:

Сэтгэгдэл бичих