Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томиллоо
Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн багш нар захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ өнгөрсөн сарын 21-ий өдөр олон нийтэд мэдээлсэн.
Ингэх болсон шалтгаанаа “Өнгөрсөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд сурагчдын үдийн цайнд гарал үүслийн баталгаагүй, чанаргүй хүнс нийлүүлснээс үүдсэн. Хүүхдүүдэд чанаргүй хүнс өгснөөс зарим сурагчийн бие эвгүйрхсэн төдийгүй сургуулийн захирал энэ асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн багшийг ажлаас нь халж ёс зүйгүй үйлдэл гаргасан” хэмээн мэдээлж байсан юм. Мөн энэ үеэр багш нар “Бид энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нартай уулзсан. Тэгэхэд сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлнө гэж байсан” хэмээн ярьж байв.
Тэгвэл хотын удирдлагууд Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлаар тус сургуульд 20 жил математикийн багшаар ажиллаж буй, Олон улсын Математикийн Олимпиад (ОУМО)-ын 10 медальт, Улсын математикийн Олимпиад(УМО)-ын 14 аварга шавь төрүүлж сургуулийнхаа төдийгүй Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ.
Тус сургуулийн хамт олон болон сурагчдын эцэг эхийн зүгээс энэ томилгоог нүдээ оллоо хэмээн таатайгаар хүлээн авч байна. З.Бат-Эрдэнэ захирал өнөөдөр үүрэгт ажилдаа оржээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.