Реппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон

7409

Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Хөгжлийнхөө явцад old school, new school, trap урсгалууд ч хүчтэй хөгжиж, Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер залуус хүч түрэн орж ирсэн. Тэдний төлөөлөл бол реппер Wolfizm, Pacrap, Don Dior, 168 нар юм. Тэд энэ баасан /2019.12.06/ гаригт Hawai complex-д 16.00 цагт “Урлаг Монголд хөгжихийн төлөө” нэртэй залуу уран бүтээлчдийн нэгдсэн бүрэн хэмжээний тоглолт хийхээр тун завгүй яваа аж. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг реппер Б.Гэсэр буюу Wolfizm-аас тодрууллаа.


Өчигдөр “Who am I” нэртэй шинэхэн уран бүтээлээ гаргаж, удахгүй тоглолт хийх болсноо дуулгалаа. Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил 80 хувьтай явна. Урилгаар ирэх дуучид, хөгжмийн дуугаралт зэргийг шалгах ажил л үлдсэн. Реппер  Pacrap, Don dior, 168, Loce, 113 нэртэй гол, гол  уран бүтээлчид маань өөр, өөрсдийн уран бүтээлээ нийт зургаан цаг сонсогчдодоо сонордуулна. Тоглолтод мөн урилгаар реппер Mrs.M, Limit King, Mabbertant,  Roockie, OG Mob зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. Энэхүү тоглолт нь зөвхөн нэг удаа зохион байгуулагдаад зогсохгүй цаашид “Урлаг Монголд хөгжихийн төлөө” нэртэй хөдөлгөөн болж, орчин цагийн репперүүдийн уран бүтээлийг ойлгох, тэднийг дэмжих хүлээн зөвшөөрөх шинэ үеийн урлагийг Монголдоо хөгжүүлэх зорилготой. Мэдээж тайзан дээр биднийг ойлгодог, сонсдог, мэдэрдэг хүмүүстэй хамт  нэг өдрийг өнгөрөөнө гэхээс тэсэн ядан хүлээж байна даа.

-Репперүүд мэдээж амьдаар дуулна биз дээ?

Би ер нь хэзээ ч ам барьж үзээгүй. Шууд амьдаар үглэхийг илүүд үздэг. Бэлтгэлээ л сайн хангачихад асуудалгүй. Ам барина гэдэг чинь онцгүй. Тухайн үзэгчид дүр төрхийг нь харах гэж бус тухайн уран бүтээлчийг амьдаар дуулахыг нь сонсох гэж л очиж байгаа шүү дээ.

–“Урлаг Монголд хөгжихийн төлөө” хөдөлгөөн хоёр жилийн өмнө байгуулагдсан гэсэн. Тоглолтоо хийснийхээ дараа дээрх хөдөлгөөн илүү эрчимжих байх гэж бодож байна?

Тийм ээ. Хэрэв нэгдэж чадах л юм бол ямар нэгэн зүйлд хүрч чадна гэдэгт итгээд, үеийн таван залуус нэгдэж, тус хөдөлгөөнийг байгуулсан. Залуу репперүүд хэнээс ч хамааралгүй өөрсдийн бор зүрхээрээ уран бүтээлээ гаргаж байна.

Тэднийг дэмжихгүй юм аа гэхэд доош нь хийж, доромжилж урмыг нь битгий хугалаасай.

Өнөөдөр авьяастай олон залуус нийгмийн хар бараан массаас айж уран бүтээлээ гаргахаас цэрвэж байна. Бид үүнийг зогсоож, нийгмийн хандлагыг өөрчилж, цочроо өгөхийг хүсч байна.

7413 7408

ЗАРИМДАА “ЧИ ЧАДАХГҮЙ, НААДАХАА ОРХИ” ГЭХ Ч ҮЕ БАЙСАН

Нийгэмд чухам ямар цочроо өгөхийг зорьж байгаа вэ?

Ямар ч насны сонсогчид ийм зүйл байдаг юм уу гэж гайхаж хүлээж авахыг л хэлээд байгаа юм. Манай аав, ээж нарын үеийнхэн “Одоогийн залуус биеэрээ дүүрэн шивээстэй болж. Бид нарын үед байсан бол нусаа хацартаа нааж байгаа” гээд л ярьдаг. Бид өөрсдийн сонирхлоороо шивээс хийлгэсэн ч залуусыг шивээс хийлгээрэй гээд уриалаад байгаа юм биш. Уран бүтээлээрээ тэдэнд өгч байгаа мессэж нь шал өөр шүү дээ. Ихэнх масс хип хоп урсгал гэхээр л залууст муу үлгэр дуурайлал үзүүлдэг гэж хардаг. Гэхдээ урлаг талаас нь харвал тэнд олон  гоё зүйлс байгаа. Хип хопын тогоонд хуучин хүмүүс байсаар л байна. Одоо ер нь шинэ цус сэлбээд, урлагт өөрчлөлт хийх цаг нь болсон гэж харж байна.

-Анх уран бүтээлч болоход эцэг эх нь хэрхэн хүлээн авсан бэ? Дургүйцэх тохиолдол байсан уу?

 -Анх оюутан болчхоод, сургалтын төлбөрөөс гадна надад студи байгуулаад түрээсний мөнгөө өгөхөд зардлын мөнгө хэрэгтэй болсон. Оюутны 70 мянгаа цуглуулсаар зарим асуудлаа шийдсэн. Яг тэр үед ээж аав маань “Яг хийж байгаа зүйлээрээ яг мөнгө олж чадах уу” гэж асууж байсан.

Заримдаа “Чи чадахгүй, наадахаа орхи” гэх ч үе байсан. Тухайн үед би ямар ч хариу хэлэлгүй явсаар өнөөг хүртэл хийсээр л байна. Хамгийн гоё зүйл нь гэр бүлийнхэн маань миний анхны цомгийн нээлт дээр ирээд намайг дуулж байх үед ялангуяа аав камераар бичлэг хийгээд, хэмнэлд тааруулан толгой дохин зогсож байхыг хараад баярлаж байлаа.

Wolfizm хувьдаа уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Би дуртай болохоороо л дуугаа гаргаад явдаг. Өөрийгөө бусдад илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлийг дуугаараа илэрхийлдэг. Хэн нэгэнд таалагдах гэж уран бүтээл хийж үзээгүй. Хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Миний дуунуудыг сонсдог нэгэн байхад сонсохыг хүсдэггүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Миний хүрээний сонсогчид намайг, үзэл бодлыг минь ойлгодог, дэмждэг. Тэгээд ч хип хоп бол үнэнийг хэлэх урлаг шүү дээ. Нийгэмд юу болохгүй байна. Тэр бүхнийг уран бүтээлдээ тусгахыг хүсч ирлээ. Үнэн үг хүчтэй гэдэг дээ.

7410

ЭХ СУРВАЛЖ: Э.БУРАМ, NNEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих