Тэнсэх ялтай 4 этгээд хар тамхи хэрэглэж, биедээ хадгалж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Манай улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн хоёрдугаар заалтанд багтсан каннабис буюу өвс гэх нэршилтэй ургамал ургадаг. Энэхүү сэтгэцэд нөлөөт ургамлыг залуус түүж боловсруулан хэрэглэж, бусдад худалдах, суртчилан таниулах, уруу татаж бусдыг хэрэглүүлэх зэргээр ашиглаж олноороо хар тамхичин гэх нэр зүүн торны цаана суусаар байна.
-ӨМНӨ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ТЭНСЭХ ХАРГАЛЗАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН Ч ДАХИН ХЭРЭГЛЭСЭН-
Хар тамхины хэргээр шалгагдаж буй С нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээд бөгөөд хар тамхины эсрэг сургалтанд суухаар ирэхэд нь дахин шинжилгээнд хамруулахад хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Тэрээр 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Од кино театрын орчмоос өвс түүж хэрэглээд үлдсэнийг нь өөртөө хадгалж байснаа хүлээн зөвшөөрчээ. Дээрх этгээдийг одоогоор цагдан хорьж шалгаж байгаа юм байна.
Хамгийн харамсалтай нь өмнө нь хар тамхины хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд дахин хэрэглэсээр байна. Энэ байдлыг хуулийн байгууллагынхан хамтарсан сургалтын үеэр мэджээ.
Учир нь хар тамхины хэргээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулж. Үүнээс 26 хүн дээрх бодисыг дахин хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Улмаар тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг явуулж байгаа ажээ.
Мөн хар тамхины хэргээр тэнсэх ял шийтгэлтэй этгээдүүдээс 26 хүн нь дахин хэрэглэсэн байсан бол үүнээс дөрвөн хүн биедээ хар тамхи авч явсан нь нэгжлэгийн үеэр илэрсэн байна.
Гэнэтийн шалгалтын үеэр хар тамхи хэрэглээд зогсохгүй биедээ хууль бусаар хадгалж байсан дөрвөн этгээдийг тэнсэх ялыг хүчингүй болгож улмаар цагдан хорьсон аж. Дээрх хар тамхины хэргээр хөнгөн ял шийтгэл эдэлсэн этгээдүүд эрх чөлөөт байдлаа буруугаар ашиглан дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь прокуророос шүүхийн шатанд шилжүүлээд байгаа ажээ.
Эх сурвалж: isee.mn
|
URL: