Шүүгч асан С.Төмөрбатыг АТГ-ынхан АНУ-аас авчирна
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан. Уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаагийн дотор түүний хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат байсан юм. Тодруулбал, Салхитын ордын хэрэг болон хөрөнгөө нуусан гэх үндэслэл тогтоогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш таван сар өнгөрч буй.
Харин саяхнаас шүүгч асан С.Төмөрбатыг хэзээ Монголд авчрах вэ гэдэг асуудал босч ирлээ. Гадаад харилцааны яам энэ тал дээр тодорхой зүйл хэлж чадахгүй байгаа юм. Тус яамны эх сурвалж “… С.Төмөрбат АНУ-д саатуулагдсан тухай мэдээлэл тодорхойгүй байгаа. Учир нь АНУ-ын хуулиар гэмт хэрэгт холбогдсон иргэн болон түүний ар гэрийнхэн хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг нууцалдаг. Гэхдээ С.Төмөрбат энэ хуулийн дагуу нууцлагдаж байгаа гэсэн үг биш. Үүнийг бид мэдэх ч боломжгүй” гэсэн “дипломат” тайлбар өгсөн байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 11 улстай ялтан шилжүүлэх гэрээтэй. Харин АНУ-тай ялтан солилцох гэрээ байдаггүй байна. Энэ асуудал одоо л ид яригдаж байгаа гэхэд болно. 2019 оны есдүгээр сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм байна.
Тиймээс шүүгч асан С.Төмөрбатыг шилжүүлэн авах ажлыг АТГ гардан хариуцан ажиллаж байна. АТГ-ынхан С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулагдсанаас хойш шилжүүлэн авахаар ажиллаж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, С.Төмөрбатыг авчрахаар хоёр улсын харилцаан дахь өөр бусад “арга”-аар буюу шилжүүлэн авах нөхцөл, мэдээлэл, хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, АНУ-аас шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх эсэхийг судлах зэргээр нэлээд цаг хугацаа орсон ажлууд шат дараалан явагдаж байгаа ажээ. Уг ажил нь дуусч байгаа бөгөөд удахгүй түүнийг Монголд авчрах юм байна. Харин хэзээ авчрахыг эх сурвалж нууцалж байгаа юм. Юутай ч энэ нь АНУ-аас гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу “ялтан” шилжүүлэн авч байгаа анхны тохиолдол болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: