Нийгмийн сэтгэл зүйгээр тоглох манипуляци

7384

АЛИВАА улс үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал мэдээ, мэдээллийг тусгайлан бэлтгэж, боловсруулан ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой бүлэг, хүмүүст ташаа мэдээлэл, ойлголт өгч, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах үндэс болж буй тусгайлан бэлтгэсэн мэдээ баримтыг хуурамч мэдээ, мэдээлэл буюу fake news гэж нэрлэдэг болоод байна. Хуурамч мэдээ, мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талаар өөрийн талдаа ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүй байхад оршдог.

Collins Dictionary толь бичгийн газраас 2017 оны шилдэг үгээр fake news-ийг шалгаруулж, Худал, ихэнхдээ дуулиан тарих зорилготой, албан ёсны мэдээ хэлбэрээр тархдаг мэдээ, мэдээллийг хэлнэ” гэсэн тодорхойлолтыг өгсөн байдаг. Иймээс хуурамч мэдээ, мэдээлэл гэх энэхүү үгийн агуулга, үүсэл гарвал, бодит амьдрал дээрх жишээ, үүнээс үүдэж нийгэм, улс төр, эдийн засагт гарч буй өөрчлөлт, хор уршгийн талаар судлахыг зорив.

Хуурамч мэдээ, мэдээлэл буюу хуурч төөрөгдүүлэх ажиллагааны технологи

ХУУРАМЧ мэдээ мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талаар өөрт ашигтай шийдвэрийг нөгөө талаар гаргуулах, эсвэл өөрт ашиггүй шийдвэрийг гаргуулахгүй байхад оршино. Хуурамч мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагаа нь хуурамч мэдээ бэлтгэх, эсрэг талд хүргэх гэсэн хоёр хэсгээс бүрдэг.

Мөн шийдвэрлэх гэж буй асуудлын хэмжээнээс хамаарч хуурамч мэдээ нь стратегийн, тактикийн гэсэн хоёр төрөлтэй. Үүнд:

  • Стратегийн – нийгэм, улс төрийн бодлого, цэрэг, эдийн засгийн байдал, ШУТ-ийн ололт, тусгай албадын үйл ажиллагааны тодорхой зарим асуудлаар эсрэг талаа төөрөгдүүлэх;
  • Тактикийн – стратегийн зорилгоос урган гарсан зорилтыг шийдвэрлэхэд ашиглана. Тактикийн хуурамч мэдээ нь бусад этгээдийг гэмт үйлдэл, бусад зорилтот үйл ажиллагаа, төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэх нөхцөл бүрдүүлэхэд тустайгаас гадна эсрэг талыг төөрөгдүүлэх зэрэг болно.

Хуурамч мэдээ, мэдээллийг хэрхэн бэлтгэж гаргадаг вэ?

Холбогдох субъект,  хүмүүсийн сонирхож буй тодорхой асуудлыг бүхэлд нь буруу зүйлийг тусгаж “тархи угаалт”-ын аргаар боловсруулсан хийсвэр нотолгоотой мэдээ, мэдээллийг бэлтгэдэг. Мэдээж хэрэг уг мэдээ, мэдээллийг эсрэг тал шалгаж чадахгүй гэж тооцоолсон тохиолдолд ингэж бэлддэг байна.

“Хуурамч мэдээ мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талаар өөрт ашигтай шийдвэрийг нөгөө талаар гаргуулах, эсвэл өөрт ашиггүй шийдвэрийг гаргуулахгүй байхад оршино.

Мөн хуурамч мэдээ, мэдээллийг бэлдэхэд “хэсэгчилсэн үнэн”-ий зарчмыг ашиглах, өөрөөр хэлбэл, мэдээ, мэдээллийн зарим хэсэг нь үнэн, бусад нь худал байж болох юм. Ийм мэдээ, мэдээлэл нь эсрэг талд нэгэнт тодорхой болсон зүйл үнэн болохыг нотолж, ингэснээрээ уг мэдээ, мэдээлэл бүхэлдээ үнэн гэж тэднийг итгүүлдэг сайн талтай.

Хуурамч мэдээ, мэдээлэл бэлтгэхдээ  дараах зүйлүүдийг голлон ашигладаг:

  • Тухайн үйл явдлын мөн чанар, болж өнгөрсөн нөхцөл байдлын талаар огт худал, эсвэл дутуу тусгасан мэдээ бэлтгэхийн тулд зарим тоон үзүүлэлтийг нэмэх, хасах, үйл явдлыг нь өөрчлөх, болж өнгөрсөн нөхцөл байдлыг гуйвуулах;
  • Үйл явдлын өнгөрсөн, одоо, ирээдүйн цаг хугацааг өөрчлөх. Ийм мэдээ нь эсрэг талыг үйл явдлын цаг хугацааны хувьд төдийгүй түүнээс гарах үр дагаврын талаар төөрөгдүүлэх;
  • Үйл явдал болж өнгөрсөн газар орныг өөрчлөх. Эсрэг тал шалгах боломжгүй үед ийм мэдээг бэлтгэн ашиглаж болно.

Хуурамч мэдээ, мэдээллээр хуурч төөрөгдүүлэх ажиллагааны хэлбэр, хэрэгсэл

Хуурамч мэдээлэл нь бичгийн, аман болон үзүүлэх гэсэн гурван хэлбэрээр явуулдаг. Хуурамч мэдээ, мэдээллийг бичгийн хэлбэрээр бэлтгэн эсрэг талд хүргэхийг бичгийн хэлбэрээр, цуурхал тараах, албан тушаалтан, хувь хүн үзэл бодлоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлэхийг аман хэлбэрээр, эсрэг талд буруу ойлголт, төсөөлөл өгөх зүйлийг холбогдох этгээдэд үзүүлэхийг үзүүлэх хэлбэрээр гэж ялган ангилдаг.

Хуурамч мэдээллээр хуурч төөрөгдүүлэх ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх нөхцөл

Үндсэн зарчмууд:

  • Хуурамч мэдээ, мэдээлэл бэлтгэх аргуудыг оновчтой хослуулах, бодит зорилгоо чанд нууцлах, үнэмшилтэй халхавч хэрэглэх;
  • Хуурамч мэдээ, мэдээллийг эсрэг талд олон сувгаар хүргэх (радио, телевиз, сонин, сэтгүүл, олон нийтийн сүлжээ гэх мэт);
  • Хуурамч мэдээ, мэдээлэл бэлтгэх, хүргэх, эсрэг талын хариу үйлдлийг хянах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах гэсэн зарчимтай.

Хуурамч мэдээ, мэдээллээр дамжуулан хуурч төөрөгдүүлэх аргыг нягт нямбай төлөвлөдөг. Төлөвлөгөөнд арга хэмжээний зорилго, хуурамч мэдээ, мэдээлэлд дурдах асуудлыг эсрэг тал мэдэх эсэх, хэр зэрэг сонирхож буй, тэд уг мэдээ, мэдээллийг шалгах боломж, уг арга хэмжээг зохиосноор эсрэг тал ямар ойлголттой болж, ямар шийдвэр гаргах, арга хэмжээнд ашиглах хэрэгсэл, үргэлжлэх хугацаа, хуурамч мэдээ, мэдээллийг хүргэх зам суваг гэх мэтийг тодорхой тусгана.

Хуурамч мэдээ, мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх зарим нөхцөл:

  • Эсрэг талын үйл ажиллагааны талаар үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх;
  • Хуурамч мэдээ, мэдээллийг эсрэг талын шалгалтыг давж гарахуйцаар нягт, нямбай боловсруулах;
  • Уг хуурамч мэдээ, мэдээллийг хүлээн аваад эсрэг тал түүнд хэрхэн хандахыг урьдчилан тооцсон байх зэрэг болно.

“Хуурамч мэдээ, мэдээлэл нь аливаа улс орны шийдвэр гаргагч нарт нөлөөлөх хүчтэй хэрэгсэл болсон ба түүний нийгэмд үзүүлэх  сөрөг үр дагаврыг  бууруулах тал дээр улс орнууд ихээхэн анхаарч байна.

Хуурамч мэдээ, мэдээллийг өнөө цагт хэрхэн ашиглаж байна вэ?

ХУУРАМЧ мэдээ (fake news)-г 2016 оны АНУ-ын улс төрийн сонгуулийн үеэр улс төрчид, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ болон бусад зам сувгуудаар өмнө нь байгаагүйгээр ихээр ашиглаж эхэлсэн. Тухайлбал, нийгмийн сүлжээ хэрэглэгчийн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийдэг Их Британид төвтэй Cambridge Analytica хэмээх зөвлөх компанийн зүгээс судалгааны дата мэдээллийг ашиглаж, олон нийтэд хуурамч мэдээ, мэдээллийг ямар нэг шүүлтүүргүйгээр хэдхэн минутын хугацаанд түгээх боломжтойг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр туршсан байна. Сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон уламжлалт арга болох мэдээллийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон улсын сурталчилгааны агентлагуудтай хамтарч ажилласан. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп фэйсбүүк, твиттер болон нийгмийн сүлжээг илүү ашигласан бөгөөд ямар ч мэдээллийг богино хугацаанд шүүлтүүргүйгээр тараах боломжтой байсныг түүний сонгуулийн штаб мэдэж байсан юм. Тиймээс нийгмийн сүлжээг ашиглаж хуурамч мэдээлэл тарааж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн байх магадлалтай. Үүнээс хойш нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээллийг түгээж, өөрсдөө хэрэгтэй, шийдвэр гаргахад хэрэглэдэг маркетингийн шинэ хэлбэрийг бодитоор бий болгосон байна.

Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэж буй улс орнуудын туршлага

ХУУРАМЧ мэдээ, мэдээлэл нь аливаа улс орны шийдвэр гаргагч нарт нөлөөлөх нөлөөллийн хүчтэй хэрэгсэл болсон. Хуурамч мэдээ, мэдээлэл нь нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах тал дээр улс орнууд ихээхэн анхаарч байна.

Сингапур: Ерөнхий сайд Ли Сянь Лун хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх хуулийн төсөл өргөн барьж батлуулсан. Уг хуулийн гол агуулга нь хуурамч мэдээ, мэдээлэл бичиж, түгээсэн цахим сайтуудад хариуцлага хүлээлгэх явдал. Тухайлбал, хуурамч мэдээ, мэдээлэл цацсан иргэн, аж ахуй нэгж, сайтууд зайлшгүй залруулга гаргах ба шаардлагатай бол тус мэдээллийг устгах хүртэл арга хэмжээ авах замаар ард иргэдэд хуурамч мэдээллийг ялгаж салгахад зориулагдсан.

ОХУ: Ерөнхийлөгч В.Путин fake news-ийн талаарх хатуу хуулийг гуравдугаар сарын 18-нд баталсан. Хатуу хууль гэж хэлэгдэж байгаа шалтгаан нь ОХУ-ын ерөнхий прокурорын газар ямар агуулгатай мэдээллийг хуурамч ангилалд оруулахыг шүүхийн шийдвэргүйгээр тогтоох эрхтэй болж байгаатай холбоотой. Улмаар ОХУ-ын Харилцаа, мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа холбооны хяналтын алба (Роскомнадзор) нь сайтууд болон сошиал хуудаснуудыг хаах эрх эдлэх юм.

Мөн хуурамч мэдээ, мэдээлэл түгээсэн хувь хүмүүс 100,000 хүртэл рубль(1,525 ам.доллар)-ийн торгууль хүлээх бол төрийн албан хаагчид 200,000, хуулийн этгээд 500,000 рублийн торгуультай болж байна.  Мөн албан ёсны бүртгэлтэй онлайн эх үүсвэрүүдэд fake news нийтлэгдсэн бол Роскомнадзор байгууллага эхлээд устгахыг шаардах бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сайт, хуудсыг хаах эрхтэй талаар тус хуульд тусгасан байна.

Малайз: Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг 2018 онд баталсан. Энэ хууль нь иргэн болон хуулийн итгээд хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээсэн тохиолдолд 500,000 ринггит(123,000 ам.доллар)-ийн торгууль ногдуулах ба 6 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр заажээ.

“Хуурамч мэдээ мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны нөлөө өнөө үед улам ихээр нэмэгдэж байгаа тул түүнийг хянах, эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай болж байна.

БНХАУ: Нийгмийн сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгсэлд ихээхэн цэнзүртэй ханддаг бөгөөд хуурамч мэдээ, мэдээлэл тараах боломж хомс юм. Хуулийн үүднээс хуурамч мэдээнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Хэдхэн улс орнуудын жишээнд тулгуурлаж үзэхэд хуурамч мэдээ, мэдээлэлтэй хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар тууштай тэмцэж байна.

Дүгнэлт

МАНАЙ улсын хувьд цахим хэрэглээ, мэдээллийн хэрэгслийнхээ тоогоор (хүн амыг тоон үзүүлэлтээр харьцуулахад) Aзид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим болон мэдээллийн хэрэглээ хэрхэн өргөжсөнийг харуулж байна. Цахим хэрэглээ, олон нийтийн сүлжээг даган хууль бус үйлдлүүд тухайлбал, бусдын нэр хүндийг санаатайгаар, үндэслэлгүйгээр гутаан доромжлох, хуурамч мэдээ, мэдээлэл ашиглан олон нийтийг хуурч төөрөгдүүлэх, хууран мэхлэх зэрэг далд санаа зорилготой үйлдэл идэвхжиж байна.

Энэ байдал нь нийгэм улс төрийн аливаа үйл явц, сонгуулийн үеэр хурцаар ажиглагдан, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхөд чиглэсэн зохиомол үйл ажиллагааг явуулж хэвших хандлагатай болжээ. Мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй цаг үеийн мэдээллийн дийлэнх хувь нь нийгэмд үзэн ядалт, талцал, бухимдал, гутрал төрүүлэх эх сурвалж болсоор ирсэн.

Дэлхийн хүчирхэг орнууд өөрийн нөлөө ашиг сонирхлоо шаардлагатай гэж үзсэн улс орон, бүс нутгуудад бий болгох, нөлөөлөх оролдлогод тухайн технологийг ашигладаг нь нууц биш юм. Нэгэн цагт асар их хүч нөлөөтэй байсан улс орнуудад гарсан олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, иргэний дайн, “өнгөт хувьсгал” зэрэгт хуурамч мэдээ, мэдээлэл буюу хуурч төөрөгдүүлэх үйл ажиллагааны технологийг ашигласан баримт мэдээллүүд ил тод болсоор байна.

Иймд хуурамч мэдээ мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны нөлөө өнөө үед улам ихээр нэмэгдэж байгаа тул түүнийг хянах, эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай болж байна.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн


URL:

Сэтгэгдэл бичих