МАН, АН байгаа цагт шударга ёс хэзээ ч тогтож, хэн ч хэзээ ч хариуцлага хүлээхгүй

3(310)“Эв нэгдлийн төлөө” улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн тавьсан илтгэлийг хүргэж байна.

Эрхэм нөхөд өө, Улс төрчид өө,
Монголын Улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнд оролцож байгаа Улс төрийн намын удирдлагууд та бүхэндээ өөрсдийн үзэл баримтлал, бодлого, зорилгоос үл хамааран би-гээ даран байж, нэг нэгнээ хүлцэн сонсох, нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах, улмаар үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн, хүсэл зорилгоо нэгтгэх нэгэн чигийг баримжаа болгож хуран цугласан явдалд Монгол Үндэсний Ардчилсан Намын гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр. Баярын өдөр. 95 жилийн өмнө Бүгд Найрамдах улсаа тунхаглан шинэ Үндсэн хуулиа баталж социалист хөгжлийн замыг сонгосон. Алдаа, оноотой ч 70 орчим жилд энэ системийн ололтыг бусад социалист системийн орнуудаас хамгийн их хүртэж, хамгийн их дэвшсэн нь Монгол Улс билээ. Гэвч өнөөдөр бидэнд баярлах шалтгаан бий билүү.
Гучин жилийн өмнө Дэлхий даяар өрнөсөн коммунизмын эсрэг хөдөлгөөний үр нөлөөгөөр улс төр, эдийн засгийн хос шилжилт хийсэн Азийн загвар улс бол Монгол Улс. Үнэн хэрэгтээ хүйтэн дайны хоёр фронтын нэгээс нөгөөд шилжсэн орон юм.
Тэр үед, одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1989 оны 11 сард Монголын дэвшилтэт үзэлтнүүд нийгмээ хэрхэн өөрчлөх, ЗХУ-ын нөлөөнөөс хэрхэн ангижрах талаар байгууллага, албан газар, үйлдвэр, үйлчилгээний газар төдийгүй хөдөө хотгүй дор бүрнээ хэлэлцэн ярилцаж, дэмжин түгээж байсан билээ. Тал нутагт дэгдсэн энэ их салхи тайван хувьсгалд хүргэж, улмаар Шинэ Үндсэн хуультай золгосон юм.
Шинэ Үндсэн хууль ба Монгол хүсэл, тэмүүлэл
Төрийн дээр гарсан нэг намын тогтолцоог устгахыг хүссэн, харамсалтай нь коммунист бүтэцтэй намаа хэвээр үлдээж, шинэ тутам байгуулагдсан намууд ижил бүтцийг бий болгохын төлөө ажиллаж ирсэн. Өнөөдөр “МАНАН” гэсэн коммунист бүтэцтэй хоёр нам нийгмийг бүхэлд нь хэрсэн төдийгүй төрийн дээр гаран сандайлжээ. Тухайн үеийн нам төрийн удирдлагыг хөрөнгөжиж хэмээн шүүмжилсэн. Тэр үеийн удирдагчид 3 ээлжийн костюмтай байсан бол өнөөгийн удирдагчид 3 ээлжийн байр, машин, олон тэрбумын хадгаламжтай болжээ.
 
Мардайн уран, Заамарын алт, Эрдэнэтийн зэс, Асгатын мөнгийг Оросууд өдөр шөнөгүй зөөж байгааг зогсоохын төлөө тэмцсэн. Мардайн уранд лиценз олгосныхоо төлөө Монгол улс хэдэн арван сая долларын төлбөр төлөв.  Заамараас олон арван тонн алт ил далд ухаж, гадагш дотогш цувуулаад дуусч байна. Олсон орлогын нэлээд нь Сингапур, Гонгконг, Солонгосын казинод оржээ. Заамарын хөндийд олон арван мянган хүн эрүүл мэнд, амь амьдралаа золиослон, хүнээ алдаж байна. Эрдэнэтийн зэс чиглэлээ өөрчлөн Орос руу бус Хятад руу урсаж, ашгийнх нь тодорхой хэсэг үе үеийн удирдлагууд, улс төрчдийн оффшор данс, “МАНАН”-ын улс төрийн зориулалтаар ашиглагдаж байна.
Харилцан нээнтэгэнд орсон “МАНАН” ба улс төрчдөөс өөдрөг сайныг хүлээх хэрэггүй
Өнгөрсөн гучин жилд Монгол улс хоёр нартай мэт, МАН ялвал Түмнээ ядуурлаас гаргах мэт, АН ялвал өрнөөс мултарч Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих  мэт итгэж найдаж иржээ.Олон жилийн дараа “МАНАН” хоёр нам мөн чанартаа харилцан нээнтэгэнд орсон олигархиудын орогнодог, нуувч болжээ. Тэд 60 тэрбум, ирэх сонгуульд 100 тэрбум зэргээр төрийн албыг сонгуулийн өмнө, хойно зарж, Түмний хөрөнгөөр хүүдэгнэж, Төрийн сонгууль луйвардаж ирсэн юм. Тэд 5 хүний амийг авч 5 яамаар тохиролцсон нээнтэгтэй, тэд зам, утаатай тэмцэх мөнгө, цахилгаан шугамын мөнгийг хувааж идсэн нээнтэгтэй, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын санг хоосолсон нээнтэгтэй, тэд гадаадын зээл тусламжийг 30-аад жил хувааж идсэн нээнтэгтэй, 10 банкыг дампууруулж өөрсдийнхөө идсэн хөрөнгийг зувчуулсан нээнтэгтэй.
Тэд Оюу Толгойг хуваан зарж, улсаа худалдсан нээнтэгтэй, тэд яамдуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хуучнаа нуун далдалдаг нээнтэгтэй, тэд газар, лиценз тусгай эрхүүд зарж баяжсан нээнтэгтэй,тэд цүнх баригчдаа дипломат албанд шургуулж, архи, тамхи, хар тамхины наймаа цэцэглүүлсэн нээнтэгтэй. Тэд Эрдэнэт, Таван Толгой, Төмөр зам, Монголрос, Станцууд, Уурхайн мөнгийг хувааж идсэн нээнтэгтэй. Тэд улс төрч Зоригийн аллага, СЗХ-ны Бадраагийн аллагын нээнтэгтэй.
Тэдний үед хэзээ ч шударга ёс тогтохгүй. Төрийн мөнгө, санхүү, гадаадын хөрөнгө оруулалт, ЖДҮ болон бусад 29 сангийн хөрөнгөөр гараа угааж, төрийн авлигыг төгөлдөржүүлсэн “МАНАН”-ын үед далд эдийн засаг хэзээ ч ил гарахгүй. Гааль, татвар дахь авлига улам төгөлдөржих болно.
Авлигыг нуун дарагдуулж, нууц казино, хар тамхи, лицензийн наймаа, алтны хулгай, хууль бусаар гадаадынхныг орогнуулах ажлыг цэцэглүүлсэн хууль бусын ертөнцийн хамгаалагч, далд эдийн засгийн ил эзэн “МАНАН”-ын архагуудын үед шударга ёс хэзээ ч тогтож хэн ч хэзээ ч хариуцлага хүлээхгүй.  Харин дээрх эрхэмүүд мэдээлэл, хэлхээ холбоо, нээнтэгээ ашиглан дахин сонгогдоно.
Хэрвээ тэд эх оронч байсан бол Монгол Улс 30 тэрбум долларын өрөнд орохгүй, эдийн засаг Хятадын нөлөөнд орохгүй байлаа.
Хэрвээ тэд Эх Оронч байсан бол дэлхий даяар нүүрснээс татгалзаж байхад бид утаагүй түлш ярьж суухгүй байлаа, Хэрвээ тэд эх оронч байсан бол дэлхий цахилгаан машин ярьж байхад бид нефтийн үйлдвэр ч үгүй суухгүй байлаа. Хэрвээ тэд эх оронч байсан бол бид бүх улс өндөр хурдны төмөр замтай болж байхад өргөн, нарийн цариг ярьж маргаж суухгүй байлаа. Хэрвээ тэд эх оронч байсан бол технологийн 4 дэх эрин эхэлж нано технологи, хиймэл оюун ухаан ярьж буй цаг дор төмрийн үйлдвэрч үгүй суухгүй байлаа. Хэрвээ тэд эх оронч байсан бол дэлхийн хамгийн баян оронд ядуурал гэдэг үг үгсийн санд байхгүй байх байлаа. Дэлхий даяар мэдлэгийн эдийн засаг ярьж байгаа үед бид ойд төөрсөн хүүхдүүд шиг одоо хаашаа явах вэ гэж төөрөлдөхгүй байлаа.
Монголын нийгэм, эдийн засаг, улс төр 30 жилд 
“МАНАН”-д торлогдсон Монгол улс, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн орноос хөдөө аж ахуй наймааны орон болж ухарлаа.
Өнгөрсөн 30-аад жил “МАНАН” хоёр яаж Монгол төрийг самрах вэ, яаж үйлдвэр барихгүй байх вэ, яавал иргэд аж ахуйн нэгжүүд илүү хүү төлж, инфляцад дарагдах бол, яавал илүү түгжрэх вэ, яаж станц барихгүй байж  илүү утаатай байх вэ, яаж төмөр зам барихгүй байх вэ, яавал хийж бүтээхгүйгээр, олсноо цацаж, хураасныг нь хурал, цуглаан, найр, наадамд үрдэг болох вэ?, яавал сонгогчид ядуурч, хэдэн төгрөгөөр угжуулдаг болгож сургах вэ, гэсэн юм шиг л өнгөрч.
Үр дүнд 30 тэрбум долларын өртэй, 30 эргэм насных нь баранд, эсвэл баруунд, хэдэн хөгшчүүл нь мал дээр, бизнес эрхлэгчид нь мөлийж, гөлийгөөд банкуудынхаа барлаг болчихсон бүхнээс татгалзсан маягтай, үлдсэн хэд нь төрөөс зүүгдэж амьдардаг, түүний дээр цүнх бариачид, ул долоогчид, авлигын зуучлагчид, оройд нь авлигын загалмайлсан эцгүүд.
Дайнозаврыг толгой нь биш, ходоод нь удирддаг гэдэг. “МАНАН” хоёр бол үнэхээр Дино намууд юм. Ажиллах чадваргүй жижигхэн толгойтой, идэх уухын хүслэн болсон их том гүзээтэй том биетэй намууд.
Чехийн улс төр судлаач Михайл Клима хойд европт улс төрийн намууд картел үүсгэдэг тухай, төв европын намууд клиентелист шинжтэй болсон, зүүн европын орнууд олигархуудад эзлэгдсэн тухай номондоо дурьдсан байдаг. Манайд энэ бүх шинжүүд хавсарсан хам шинж МАН”АН-д нэгэнт хэлбэршиж, төлөвшсөн байгаа нь цаашид “МАНАН” -ыг өөрчлөхгүйгээр масс, коммунист намуудыг бодлогын нам болгож хувиргахгүйгээр Монголын нийгэм өөрчлөгдөхгүй гэдэг нь 7 сонгууль дамжин нотлогдлоо.
Бид юуг хийж чадсан, юуг хийж чадаагүй вэ
Олон намын тогтолцоог зөвшөөрдөг ч “МАНАН”-ыг сэлгээнд суулгаж чадах улс төрийн хүчнийг бойжуулж чадсангүй. Намуудыг сөрж тэнцвэржүүлж чадах, Монгол төрийг улс төрчдийн довтолгооноос хамгаалж чадах, намаас хараат бусаар хөгжиж чадах бизнесийн орчныг өмгөөлөх иргэний нийгмийн байгууллагуудыг төрүүлж чадсангүй.
Монголын эрдэс баялаг, мал аж ахуйн түүхий эдийг үнэ цэнэтэй болгох, хүмүүсээ Аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлж чадсангүй, боловсрол эрүүл мэндийн салбараа арилжааны хэрэгсэл болголоо. “МАНАН”-ын аль нэг нь ялахаараа төрийн бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчнийг бүхэлд нь самардаг, өөрсдийн 20, 30 мянган цэргээр ээлжлэн солидог байдал Монгол төрийг сулруулж, Монгол төрийн албанд дайсагнаж ирлээ.
Үр дүнд нь бид 30 жилд 30 гаруй станцын төсөл ярьсан ч нэгийг ч барьж чадсангүй, олон чиглэлд төмөр зам ярьсан ч нэг ч тн ачаа тээх замгүй л байсаар.
Харин чаддаг байсан олон зүйлээ устгажээ. 1989 онд 30 жилийн өмнө бүс нутаг, аймаг, хотууд төлөвлөлттэйгээр жигд хөгжиж, үйлдвэр, аж ахуйн газрууд, соёл үйлчилгээний цогцолборууд, урлаг үзвэрийн газрууд, эмнэлэг, сургууль нарийн тооцоо уялдаатай барьж байгуулагдаж байлаа. Одоо Улсынхаа түүхийн музейг ч барьж дийлэхгүй 10 гаруй жилийг үзэж байна. Нэг ч театр, соёл үйлчилгээний төв баригдсангүй. Боловсролын стандарт маш өндөр байж, шатлан сурах, сурлага, сахилга бат, сонирхол, ур чадвараараа дэвшин суралцдаг, дэгжин хөгждөг системт тогтолцоотой байв. Одоо зөв бичиж сураагүй, хүрд цээжлээгүй хүүхдүүд дээд сургууль төгсөж байна.
Улсынхаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ноос, ноолуур, сүү, тос, дайвар бүтээгдэхүүн мах, арьс шир, ясыг бэлтгэн чанарын хамгаалалт хийж, нийлүүлдэг, ангилан ялгадаг, шат шатны боловсруулалт хийдэг өнөөгийн бидний ярьдаг, мөрөөддөг кластер, аж үйлдвэрийн паркуудыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байв.  Одоо гадаад, дотоодын ченжүүдийн гарт хяналтаа алдсан байна.10-30 хувийг л дотооддоо боловсруулж байна. Газар тариалангийн 60 гаруй САА-г эрчимжүүлэн, төрөлжүүлж, шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлж, усалгаатай 90000 га талбайд ургац тариалдаг байв. Одоо 10 гаруйхан мянган га-д у усалгаатай тариалалт эрхлэж байна. Мод бэлтгэлийн ангиуд бүхий модны үйлдвэрийн цогцолборууд Эрдэнэт, Дархан, УБ-т ажиллаж байлаа. Энэ салбар бүрэн устсан байна.
Хөдөө орон нутгийн 400 гаруй чиглэлд онгоц нисдэг байлаа. Одоо 40 гаруй чиглэлд хагас дутуу нисч байх шиг байна. Энэ бүгдийг бид үгүй хийжээ.
“МАНАН”-д найдаж, горьдож, саймширч хандив өгөөгүй компани, дэмжээгүй өрх айл, хүмүүс үгүй л болов уу. Тэдэнд дарамтлуулж, шахуулж авлига, хахууль өгөөгүй бизнес эрхлэгч үлдээгүй. Тэд чухамдаа бидний Монголчуудын 3 жил цуглуулсан, бий болгосон баялгийг 4 дэх жилд нь үрэн таран хийж сонгуульдаж, төрийн эрхийг авч ирсэн. Гэвч бидний хүсэн хүлээсэн бүхэн талаар болжээ.
Бидний өгсөн татвар, хандив багадаагүй. 30 жилийн дараа ажил хийсэн бүгд нуруугаа авч, шалдаа буун олон зуун компани дампуурч, олон үйлдвэр хаалгаа барьж, олон санаа санаачилга агуулахад дарагдаж, харин МАН”АН-ын нэрээр гул барьж, олон мянган гишүүдээр хамгаалуулсан авлигачдын бүхэл бүтэн арми бий болсон байна. Оффшорчид, гарын үсэгчид, мөнгө хүүлэгчид л энэ нийгмийг сорон мөлжиж амьдарч байна.
1992 оны Үндсэн хуулийн Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, Төрт ёс түүх соёлоо нандигнан дээдлэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох нийтлэг зорилтууд үнэн чанартаа хэрэгжсэнгүй.
Юу хийх ёстой вэ?
Бид Төр шиг төртэй болж байж л далайцтай үсрэлтийг эхлүүлнэ.
Монгол Үндэсний Ардчилсан нам бол Үндэсний үзэл, Ардчилсан үзэл, Шударга ёсны үзлийг тулгын 3 чулуу болгон Их Монгол Улс байгуулагдсаны 800 дахь жилээр байгуулагдсан нам билээ.  Үндэсний үзлээр шүүн тунгааж Монгол Төрийг түвшитгэн цогцлоох, Намчирхлыг саармагжуулах үүднээс сум, дүүргийг намгүй болгох, Үйлдвэржилтийн хувьсгал хийх, Монгол хүний үүрэг хариуцлагын тунхаг, Үндэсний үзлийн 13 зарчим, нийгмийн харилцааны баялаг, Хөгжлийн хүрд, Боловсролын Монгол тогтолцоог мөрдүүлэх зэрэг олон санааг дэвшүүлж ирсэн.
Манай намын удаа дараагийн сонгуульд оролцохдоо дэвшүүлж байсан, ирэх сонгуульд амжилт олвол санал болгох хөгжлийн урт дунд хугацааны бодлого, Мөнгөний бодлогын эргэлт, “Тэгд тэмүүлэх” зээл хүүгийн бодлого, Олдогтоо оруулдаг төсвийн бодлогын шинэчлэл, “1 in, 2 out” импорт-экспортын бодлого, Өргүй Монгол, Утаагүй орон сууцны “Түрээс-өмчлөл” хөтөлбөр,  Дундардаг баялгийн орлогоороо Ундардаг баялгаа тэтгэж Үйлдвэржилтийн тэсрэлт хийх Хөгжлийн хүрдийг түрэх,
үйлдвэрүүдийг төрүүлэн бойжуулдаг “21 ээж” үйлдвэр, Ахуйгаа тэтгэх 10 зам, Монгол хүн бүрийг Оргилд хүргэх Боловсролын Монгол тогтолцоо, Шударгаар олоогүй бүхэн нийтийн байх, хариуцлага зайлшгүй байх зэрэг шударга дэг журам,
“Эрүүл уураг –Эрүүл аж төрөх ёсон” эрүүл мэндийн тогтолцоо, насан туршдаа хүртдэг НД тогтолцоо, ханшны тэгштгэлээр хөвөгч цалингийн тогтолцоо зэрэг хөтөлбөр зорилтууд байдаг. Та бүхэн заримыг нь нийгмийн сүлжээгээр харсан байх.
Улс төрийн бүх л намуудад өөр өөрөөр томъёологдсон нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, хүн ардаа аз жаргалтай байлгах зорилтууд байгаа. Харин зорилго, зорилтоо хэрэгжүүлэх тухайд бол бид эвлэлдэн, нэгдэж чадваас 20,30 жилд бэхжсэн “МАНАН” дахь хөрөнгө мөнгө, ураг төрлийн фракцуудын хонгилуудаас бүрдсэн масс намуудаас харьцуулашгүй давуу талтай гэж болно.
Хоорондоо эвлэлдэн, бодлогоо нэгтгэсэн, улс төрчдийн баг илүү хүчтэй, илүү нягт байж чадна гэдэгт итгэх хэрэгтэй, бас зүтгэх ч хэрэгтэй гэж хэлмээр байна.
Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэж хэлц үг байдаг. Бид өнөөг хүртэл Барын сүүл байхаар Батганы толгой байя гэсэн бодлоор явж ирсэн байж магад. Энэтхэг, Хятадад хагас жилийн дараа заазлуулах “тахианы толгой байх уу,  тогосны өд байх уу” гэсэн утгатай үг байдаг. Олон намууд саналаа саринуулна гэдэг нь МАН, АН хоёроо байнга оройдоо залахад туслаж байгаатай адил юм. Хагас жилийн дараа гудманд явах уу, хамтдаа бодлого зорилтоо гүйцэлдүүлэх боломжийн төлөө зүтгэх үү гэдэг сорилт бидний өмнө тулж ирээд байна.
Ирэх сонгууль бол Монгол Улсын олон салбарын хувьд Орших уу Эс Орших уу гэсэн сонгууль болно.
Бор гэртээ Богд байх уу, Боол байх уу?
Монголчууд нийгмээрээ Үндсэн хуулиа шинэчлэхийг хүссэн. Энд цугларсан намууд саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр өөр өөр байр суурийг баримталж байгаа. Мэдээж хэрэг санаанд хүрээгүй зүйлс цөөнгүй байгаа ч  биднээс үл хамаараад шинэчлэгдэж, өөрчлөгдсөн Үндсэн хууль үйлчилж эхлэх нь тодорхой байна.  Үүнийг бид нийгмээ өөрчлөх боломж, шинэлэг хандлага, цэгцтэй бодлого, Шинэ Төр, Шинэ дэг журам түүнийг тогтоож чадах МАН”АН-аас өөр улс төрийн хүчин, өөр хүмүүс гэж харах хэрэгтэй юм. Нийгмийн бүхий л судалгаагаар сонгогчдын 70 хувь нь “МАНАН”-ыг хүсэхгүй байна, солихыг хүсч байна.
Ард түмэн өөрөөр амьдрахыг хүсч байна.  Өөр улс төрийн хүчнийг хүсч байна. Бид түмний хүслийг ёсоор болгож “МАНАН”-аас ангижруулж туслах ёстой. Эх орондоо эрүүл, тайван орчинд сэтгэл тэнүүн ажил хөдөлмөр эрхлэж, хангалттай орлоготой, Аз жаргалтай амьдрах боломж өгье. Тийм боломж, гарцыг би, бид харж байна.
Улс төрийн намууд хамтдаа 70 хувийн төлөө зүтгэж чадах уу
Монгол Төр Хятад, Оросын дунд яг л өндөгний шар шиг геополитикийн орон зайд аугаа дээдэс шигээ уужуу харж, ой тогтоолтын мастерууд шигээ ой санамжтай, шатрын их мастерууд шигээ стратегич, 3:3 сагсан бөмбөгийн багийнхан шиг хурдтай, маневрлаг, хүчний спортын тамирчид шиг тэсвэр тэвчээртэй, малчин Монголчууд шигээ шаргуу хөдөлмөрч байж тэсч гарч, дэгжиж хөгжих нь дамжиггүй.
Ард Түмэн “МАНАН” -д бүрэн итгэлээ алджээ.
Тэгвэл бид Улсынхаа Шилдэг Зуут, Шилмэл мянгатаа цуглуулая. Ард түмэндээ Өөр Сонголт хийхэд нь, өөрөөр амьдрахад нь туслая.  Төрийн албаны мэргэшсэн, туршлагатай ТҮМТдээ тулгуурлая.
Дуслыг хураавал далай гэдгийн адил, нам намын ганц, хоёр хувийн дэмжлэгээ нэмэрлээд 20, 30 болгоё, нийлсэн их хүчээр 50, 60 хувьд хүргэе. “МАНАН”-ын брэнд нэрээр гул барьж, олон мянган гишүүдийнх нь хүч, хөдөлмөр, хүсэл тэмүүллийг 30 жил сорсон хэдэн хувалзнуудаас салая,  цүнх барьж, ул долоосон хачигнуудаас нь тэдний хорон торон сүлжээнээс салая.
“МАНАН”-д NO гэж хэлэхийг залуусдаа уриалъя. /Слайд/ Ард түмнээ, “МАНАН”-ын олон мянган гишүүдийг цөөхөн олигархиудынх нь барьцаанаас суллая.
Иймийн тулд сөрөг хүчний бид нам намынхаа өнгөтэй сайнаа тодруулан харж, сүүдэртэй бараанаа мартаж явахыг хичээх нь юу юунаас илүү чухал юм.
Монголчууд бидний, улс төрийн намуудын тэмцэж дарах ёстой дайснууд бол нийгэмд байгаа авилга, хахууль, шударга бус байдал, ядуурал, ажилгүйдэл, архидалт, хар тамхи, өвчлөл, юм. Үүнийг дарахын тулд ухаалаг, чадварлаг, шударга, эрүүл, Төр шиг Төр хэрэгтэй.  Монгол Төрийг чадваржуулахад “МАНАН” нь өөрөө хамгийн том асуудал болоод байгаа билээ.
Улс төрийн намуудад итгэлээ алдсан нийгмийн зүтгэлтнүүд аргаа барахдаа бие даасан улс төр хийж эхэлж байна. Бие даагчдыг дэмжих Электорат, Түмний 76, Onemongolia зэрэг санаачилгууд гарч байгаа нь зүйн хэрэг юм.
Харин сөрөг хүчний намууд блок байгуулж Монгол төрд зүтгэх чин эрмэлзэлтэй, олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн шударга, хөдөлмөрч, чадварлаг хүмүүст төрд зүтгэх шат гишгүүр нь болж, гүүр болох учиртай. Бидэнд гурван түвшний зорилт байна гэж харж байна.
Нэгд: Ирэх 30 жилийг харсан хэтийн бодлогод суурилсан үндэсний зөвшилцөл, улс төрийн намуудын ойлголцлыг бий болгох,
Хоёрт: бодлого, зорилтоороо нэгдсэн намуудын хатуу, зөөлөн нэгдлүүдийг бий болгох замаар сөрөг хүчний намуудын улс төрийн түншлэлийг бодит болгодог, нэгдсэн байр суурь илэрхийлэх, нийтлэг эрх ашгаа хамгаалдаг байнгын механизм бий болгох
Гуравт: Сонгуульд оролцох субъектыг цөөлөн, сонгогчдод сонголт хийх боломжийг хялбаршуулах замаар “МАНАН”-г амрааж Монгол Төрд шинэ хүч сэлбэх, шинэ агаар оруулах явдал мөн.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн үйл ажиллагаа явуулах, бодлого зорилтуудаа уялдуулах, хүн хүчээ зохистой хуваарилах, улс төрийн капиталаа нэгтгэх замаар Сонгуулиийн хувьсгалд бэлтгэхийг бүх намуудад уриалж  байна.
МОНГОЛЫН ДЭВШИЛТЭТ ҮЗЭЛТНҮҮД НЭГДЭГТҮН
Б.Цогтгэрэл

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих