Заавал үзэх 10 “Анимэ” кино ба тэдний далд утга…

7354

Япон орон манга, анимэгээрээ маш алдартай. Дэлхий дээр сая сая хүмүүс Япон хүүхэлдэйн кинонуудыг шимтэн үздэг билээ. Зохиол, дүр, уран зөгнөл гээд бүх юм нь гайхширмаар энэ төрлийн хүүхэлдэйн кинонуудаас хамгийн алдартайг нь толилуулж байна. Магадгүй та дийлэнхийг нь үзчихсэн байх. Тэд таныг инээлгэж, гуниглуулж, уйлуулж чаддаг. Кино бүрийн түүх, дамжуулах гэсэн санаа нь ч давтагдашгүй. Энэ жагсаалтад буй бүх цаг үеийн хамгийн алдартай 10 киног дурсъя.

№10) Сүнсээр туугдагсад Spirited away
Орчин цагийн Японы ухамсрыг эртний домог, үлгэрүүдтэй хослуулсан “Spirited Away” буюу “Сүнсэнд туугдагсад” кино бол жинхэнэ урлагийн бүтээл.

2001 онд нээлтээ хийсэн энэ киног алдарт анимэ найруулагч Хаяао Мияазаки хийсэн ба киноны хөгжмийг Юзуру Хисайши (aka Joe Hisaishi) бүтээсэн. Хойд Америкийн кино академийн шагналт анхны анимэгийн хувьд дэлхийн олон оронд одоог хүртэл гарсаар байгаа, сая сая үзэгчдийг байлдан дагуулсан юм байна. Нэрийг нь орон болгонд янз бүрээр орчуулсан байдаг. Чихирогийн адал явдал, Сүнсний оронд, Чихирогийн алга болсон нууцлаг явдал гэх мэт.

Киноны үйл явдал Чихиро ээж, аавтайгаа аялж яваад нэгэн цэцэрлэгт хүрээлэнг сонирхон орж үзсэнээр эхэлдэг. Тэнд аав ээж 2 нь гахайн дүрд хувирч, Чихиро өөрөө сүнсний хотхонд амьдрахаас аргагүйд хүрнэ. Аав, ээжийгээ буцааж авчрах, жинхэнэ нэрээ сэргээх гээд адал явдал үргэлжилдэг. Сэн бол сүнсний орны авхайн түүнд оноож өгсөн нэр, Сэн тэр хотхоны буудлын ажилчид шиг үдшээс өглөө болтол ажиллана. Харин өдрийн цагаар тэд бүгд унтдаг. Тэр шинэ найзууд, бас Хаку – гол, горхины сахиус буюу цагаан луутай нөхөрлөнө.

Чихирогийн урьдын тэнэг эрх зан, сул дорой байдал өөртөө итгэлтэй, зоригтой бас хүчтэй чанараар аажимдаа солигддог. Бүх бэрхшээл өөрийн өмнө тулгарвал ямагт давж гарахын төлөө бүх чадлаа дайчлах ёстой гэдгийг ухаарна. Хүний хүсэл, шунал хязгааргүйг батлан амттан, хоолонд хэт автан дурласнаас гахайн дүрд хувирсан ээж, аавыгаа аврахын төлөө бүхнийг хийж, бас ч үгүй түүний хажуугаар найз нөхрөө аюулаас аврах нинжин сэтгэл, жаахан биеэс гарамгүй хүч чадал гээд Чихирогийн дүрээс та өөрийгөө бас хүүхэд насаа олж харах шиг л болно доо.

Кино тэр чигээрээ зүүд мэт, айдас, аюул, уйтгар гуниг, хөөр баярыг бүгдийг нь мэдрүүлнэ. Шударга үнэн, худал хоосны аль нь үнэтэйг дахин сануулсан болохоор киног хэд ч үзээд уйдамгүй.

Эх сурвалж: Амирлан блог

Энэ киноны ард өөр түүх нуугддаг гэдэг. Эцэг эх нь гахай болон хувирсан нь 80-аад оны Японы эдийн засгийн хямралыг харуулсан гэдэг. Тэр үед бүх хүн өрөнд баригдсан байжээ. Магадгүй Чихирог эцэг эх нь зээлийн төлбөр олохоор халуун усны газарт худалдсан гэсэн таамаг бий. Харин эцэг эх дээрээ эргэн очиж байгаа нь зээлээ төлж барагдуулж дууссаныг харуулсан гэдэг. Эдогийн үед ихэнх халуун усны газрууд эмсийн хүрээлэнгийн үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Мөн түүний ажилладаг газрын эзнийг Юбаба гэдэг билээ. Тэнд ажилладаг бүсгүйчүүдийг юна буюу халуун усны бүсгүйчүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр Юбаба нь халуун усны эмээ гэсэн утгатай юм. Та анзаарсан бол кинон дээр гардаг дийлэнх ажилчид нь эмэгтэйчүүд байх ба бараг бүх үйлчлүүлэгчид нь эрэгтэй байдаг шүү дээ. Мөн Чихиро өөрийн нэрээ Сэн болгон өөрчилдөг. Нэрээ өөрчлөх нь биеэ үнэлэгчдийн дунд маш түгээмэл зүйл. Сэн гэдэг нь 1000 гэсэнтэй ижил ханзаар бичигдэх ба энэ нь түүний үнийг илтгэсэн гэж хэлэх нь бий. Сэний араас гүйх нүүргүй нэгэн сүнс эд баялаг санал болгож, байнга дагадаг. Нүүргүй эрчүүд буюу нэрээ нуусан хүмүүс эмсийн хүрээлэнгээр маш их эргэлддэг байсан ба алт эрдэнэс амлаж байгаа нь Сэний охин биеийг худалдан авах гэж хичээсэн хүнийг дүрсэлсэн гэдэг таамаг бий.
Зохиолч Мияазаки ч PREMIRE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ киног биеэ үнэлэгчдийн амьдралаас санаа авсан гэдгээ хэлж байсан юм.

№9) Миний хөрш Тоторо
Мөн л их мастер Хаяао Мияазакигийн бүтээл. Англи, Оросын хүүхэд багачууд Винни Пухийг хэчнээн хайрладаг билээ Японы хүүхэд багачуудын хувьд Тоторо түүнтэй эн тэнцэхүйц үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм. Хөдөөгийн бяцхан сууринд аав, хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх боловч хүүхдийн аз жаргалтай, цолгиун амьсгал киноны туршид тасалдахгүй, бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэхь хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Мэй, Сацүки хоёр Тоторотой найзалж эхэлснээр олон олон сонирхолтой зүйл тохиолддог билээ.

Адал явдлаар дүүрэн энэ киноны нэг нууц бол Тоторо савдаг үнэндээ Үхлийн бурхан гэдэг түүх юм. Домогт өгүүлснээр үхэх гэж байгаа, эсвэл үхсэн хүн л Тоторог хардаг гэдэг. Мэй алга болоход ойролцоох цөөрмөөс шаахайг нь олжээ. Тэр живж үхсэн байв. Дүү нь хаана байна гэж Сацүкигээс асуухад айсандаа энэ шаахай дүүгийнх нь биш гэж хэлэх ба өөрөө Тоторогийн эрэлд гарч, дүүгээ хайж эхэлдэг аж. Тоторо түүнийг олж, үхэгсдийн ертөнц рүү авч явдаг ба тэндээ дүүтэйгээ уулздаг байна. Киноны төгсгөлд хоёр охин эмнэлэгт хэвтэж байгаа ээжийнхээ хажууханд аварга том модон дээр Тоторогийн хамт байгаагаар гардаг. Үүнийг нь ээж нь олж хардаг билээ. Өөрөөр хэлбэл хоёр охин хэдийнээ үхсэн ба удахгүй тэдний араас нас барж буй эх нь үхлийн бурхныг харсан хэрэг юм. Хэрэв сайн анзаарвал киноны төгсгөл хэсэгт охидод сүүдэр байдаггүй нь тэднийг сүнс байсан гэдгийг баталдаг аж.

Киноны үйл явдал Саяама уулсын орчимд болдог ба түүхэнд Саяамагийн хэрэг гэж алдаршсан аймшигт аллагын хэрэг болж байсан аж. Эгч дүү хоёр охин амиа алдсан байдалтай олдсон бөгөөд охид энэ явдлаас өмнөхөн муур шиг дүрс харсан тухай ярьсан байдаг. Энэ нь “Миний хөрш Тоторо” кинон дээр мууран автобус хэлбэрээр гардаг нь домогт гардаг “үхэл рүү сүнс зөөгч” байсан гэж үздэг байна.

№8) Гэрэлт цохны булш 1998
“Гаатай чихэр!”. Энэ үг олон хүний зүрхэнд хайр болон давхар гуниг төрүүлдэг. Исао Такахатагийн бүтээл “Гэрэлт цохны булш” хэмээх дайны үр дагавар энгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлж, золиосон хүүхдүүд яаж зовдгийг харуулсан энэ киног үзээд уйлдаггүй хүн бараг байхгүй байх. 1967 онд бичигдсэн Акиюки Носакагийн богино зохиолоос санаа авсан энэ бүтээл дайны сэдэвтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг юм. Тус анимэйшн гарсан даруйдаа сая сая хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ.

Өлсгөлөнгөөс болж Сейта хүү Санномия буудалд үхэж байгаагаар кино эхэлдэг. “Гэрэлт цохны булш” анимэйшн дээр Ээж нь агаарын довтолгоонд үрэгдэж, аав нь цэрэгт яваад сураг нь тасардаг тухай гарах ба нагац эгч дээрээ очиж амьдрах болдог. Гэвч дайны улмаас эелдэг байсан эгч нь яваандаа өнчин хоёрыг гадуурхаж эхлэх ба хамт байж тэсэхээ больсон ах дүү хоёр тэднийг орхин өөрсдөө гудамжинд амьдарч эхэлдэг билээ. Өөрсдийн сайхан зан чанар, хайр энэрлийг хадгалж үлдэж, юу ч үгүй болсон ертөнцөд дутуу дутуугаа нөхөн тэмцэж байгаа ах дүү хоёрын тухай эмгэнэлт түүх гарах бөгөөд эцэст нь дайны хохирогч болсон мянга мянган хүүхдийн адилаар хоёулаа амиа алддаг юм.

Зарим эх сурвалжид бичсэнээр энэ киног дэлхийд алдартай фото зургуудын нэг болох нас барсан дүүгээ үүрэн аавыгаа хайж яваа бяцхан хүүгийн зургаас сэдэвлэсэн гэдэг. Тухайлбал, Zone.Mn-д бичсэнээр:

Японы Нагасаки хот дээр унасан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс үүссэн гамшигт сүйрлийг баримтжуулахаар гэрэл зурагчин Joe O’Donnell арлын улсад яаравчлан иржээ. 1945 оны 9-р сараас эхлэн Японы баруун хэсгээр уйгагүй явсан тэрээр гэмгүй иргэд, үхэгсэд, сүйдсэн барилга гээд сэтгэл өвдөм зургуудыг хальснаа буулгасан байна. “Охин дүүгээ үүрсэн, 10 орчим насны жаал хүүр шатаадаг газар руу явж байхтай би тааралдав. Тэр үеийн япон хүүхдүүд дүүгээ үүрээд тоглож явах нь хэвийн үзэгдэл байсан ч энэ хүү бусдаас өөр байлаа. Чухам яагаад энд ирсэн нь царайнаас нь илт. Хөл нүцгэн алхах хүү унтаж буй бололтой толгой нь гилжийчихсэн жаахан дүүгээ нуруундаа үүрчээ. Гэтэл цагаан маск зүүсэн эр өнөөх хүү дээр ирээд дүүг нь тогтоон уясан оосрыг үг дуугүй тайлав. Энэ үед л би бяцхан охиныг аль хэдийн өөд болсныг ойлгосон юм. Нөгөө эр дүүгийнх нь гар, хөлнөөс бариад галд хийх үед хүү галын дөлийг хараад хөдөлгөөнгүй зогсонгоо дээд уруулаасаа цус гартал хазаж байсан сан. Нар жаргах мэт галын дөл доошлоход хүү эргэж хараад чимээгүйхэн явсан даа” хэмээн О’Доннелл хожим нь ярьжээ.

№7) Мононоке гүнж /1997/
Хаяао Мияазакийн ээлжит шилдэг бүтээлд тооцогдох энэ кинонд хүн, байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг сэтгэл хөдөлгөм байдлаар харуулж чаддаг. Хаяао Миязаки өөрийн аниме бүтээх багийнхны хамт эртний ой мод, уул толгодоор аялаж, тэндхийн байдлыг нүдээр үзэж зургандаа буулгасан гэсэн баримт бий. Мөнхүү анимэгийн ихэнх хэсгийг гараар зурсан бөгөөд тун яльгүй хэсэгт компьютер график ашигласан гэнэ. Миязаки тус киног бүтээх явцад зурагдсан 144,000 зургийг нэг бүрчлэн өөрөө шалгаж, 80,000-ыг нь ахин зурсан гэдэг. Онгон дагшин байгалийн сүр хүч, уул усны эзэн савдгуудыг сэтгэлд хоногштол буулгаж чадсан “Мононокэ гүнж” бол Миязакигийн хамгийн оргил бүтээл нь гэж судлаачид үздэг.

Үйл явдлын хувьд Эмиши тосгон уруу Татаригами савдаг (япончуудын бурхан хэмээн дээдэлдэг нэг төрлийн бодон савдаг) дайрах бөгөөд түүнийг Эмишигийн сүүлийн хунтайж Ашитака устгах боловч түүний баруун гарт нь хараал хүрсэн учир түүнийгээ эдгээх арга хайхаар тосгоныг орхин явдаг. Энэхүү хараалыг хүрсэн хүн маш хүчтэй болдог ч мөн эсрэгээрээ үхэлд хүргэдэг аюултай. Ашитака Татаригамийн биен дотроос олдсон төмөр бөмбөгийн учрыг мэдэхээр Татаригамигийн ирсэн өрнөдийг зорин аялалд гардаг бөгөөд тэнд Бурхдыг устгах хүсэлтэй Эбоши авхай болон Чонон савдгуудтай амьдардаг Момоноке гүнжтэй уулзсанаар сонирхолтой адал явдал үргэлжилдэг.

“Мононоке гүнж” киноны хамгийн ил, бүгдэд тодорхой харагддаг утга санаа бол хүний хөгжил хэрхэн дэлхийг өөрчилж байгааг харуулдаг явдал юм. Гэхдээ нөгөө талаас нь харах юм бол байгалийг сүйтгэж буй хүмүүс нь үйлдвэржилтийн үеийнх биш. Харин ч дундад зууны, ядуу тарчиг япончууд байдаг. Тухайн үед Японы газар нутаг ой модоор дүүрэн байх бөгөөд хүмүүс жижиг тосгодод бөөгнөрөн амьдрах ч үүнийг нь савдаг, бурхад эсэргүүцэн дайрч байдаг юм. Бурхдын эсрэг тэмцлийг удирддаг Эбоши авхайн тосгон гэхэд амьдрахын төлөө төмөр олборлох хэрэгтэй байх ч байнга тэднийг алах гэсэн зэрлэг амьтад, бурхдын дайралтад өртдөг. Үнэндээ тэд киноны төгсгөл хүртэлх хугацаанд бурхдыг зориудаар агнахгүй агаад ихэвчлэн өөрсөд рүү нь чиглэсэн дайралтаас хүмүүсээ хамгаалж байдаг юм. Тэгэхээр Эбоши авхай өөрийнхөө хариуцсан хүмүүсийг л амь зуулгах зорилготой бөгөөд үүндээ хүрэхийн төлөө дайснаа дарж байгааг буруутгах аргагүй. Нөгөө талаас байгалийн хамгаалагчид, савдаг, сахиус болон бурхад өөрсдийгөө хамгаалах нь зөв. Тэгэхээр лус, савдагтай зэрэгцэн амьдарч, бие биенээ харж халамжлах Мононоке гүнж шиг харилцан шүтэлцээг дэмжсэн гол санаатай бүтээл билээ.

№6) Кикигийн хүргэлтийн үйлчилгээ /1989/
“Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” бол Хаяао Мияазакийн бас нэг алдартай бүтээл.

Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ. Кикитэй хамт өсөж торнин, хувь хүний хувьд хөгжих нь өсвөр насны хүүхдүүдэд чухал нөлөөтэй юм. Хүүхдээ 14 нас хүрэхээс нь өмнө заавал үзүүлэх кинонуудын нэг болох “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, биеэ даах чадварыг хөгжүүлдэг гэдэг.

Киноны хоёр дахь утга бол уламжлалт хэв маягаас шинэлэг ертөнц рүү шилжиж байгаа явдал юм. Тухайлбал, Кики бусад шулам шиг хар хувцас өмсдөг ч улаан тууз толгойдоо зүүдэг. Шинэчлэлтийг хүсэхийн хажуугаар хуучинсаг арга барилуудаас салж чадахгүй байгаа нь модон зуух, ээжийнхээ хуучин шүүрийг ашиглаж байгаагаас харагддаг. Түүнчлэн нисч чадахаа больдог мөч нь өсвөр үеийн хүүхдүүдэд тулгардаг хямрал болох өөртөө итгэх итгэлээ алдаж, эргэлзэж эхэлсэнтэй холбоотой. Гэвч сул дорой байлаа гээд амжилтгүй байна гэсэн үг биш ба эдгээрээсээ суралцан, өөрийгөө ойлгож сурах хэрэгтэй гэсэн санааг илтгэдэг байна.

№5) Лапута: Тэнгэрийн цайз /1986/
Мөн л Хаяао Мияазакигийн 1986 онд бүтээсэн энэхүү адал явдалт кино Гибли студийн анхны бүтээл. Мөн ондоо Анимэ Гранпри шагнал хүртэж байсан энэ гайхамшигтай бүтээлд Шита нэртэй охин гардаг. Түүнд байдаг нэгэн талст нь олон хүний анхаарлыг татах ба Засгийн газрын агент Мускад баригдан явж байх үед ахмад Долагаар удирдуулсан тэнгэрийн дээрэмчид дайрч, Шита тулааны үеэр унадаг. Шидэт зүүлтийнхээ ачаар аюулгүй газардах ба Пазу гэх хүүтэй танилцан тэнгэрийн цайз Лапутагийн эрэлд гарна.

Лапута гэдэг нэр нь Жонатан Свифтийн бичсэн алдарт “Гуливерын аялал” зохиолоос гаралтай. Уг зохиолд Лапута нь мөн нисдэг арал байдаг билээ. Технологийн хувьд лапутачууд асар дэвшилтэт бөгөөд роботуудаар арчлуулан хамгаалуулдаг Лапута нь нэг талаас нь харахад технологи, байгаль хоёрын зэрэгцэн орших диваажин, нөгөө талаас аймшигт дайны зэвсэг юм.

Түүнчлэн Библи, Хиндугийн домгууд, Европын соёл иргэншлийг харуулсан байдгаараа онцлог. Тухайлбал, дундад зууны үеийн цайз, Готикийн модон байшин болон Уэлсийн уурхайчдын хотхон гардаг юм. Зохиолч Мияазаки эрхэм 1984 онд Уэльст ирж байсан бөгөөд тэндээ уурхайчдыг хэрхэн амьдарч байгааг харсан байна. “Тухайн үед уурхайчдын бослого дөнгөж дуусаад байсан ба эрх ашгийнхаа төлөө эдгээр эгэл хүмүүс төрийн эсрэг хэрхэн тэмцсэнийг хараад энэхүү гайхамшигтай хүч чадлыг нь өөрийнхөө кинонд оруулахыг зорьсон” гэж хэлж байжээ.

Киноны гол санаа нь бол технологи, байгаль хоёр хамт оршин тогтнож чадах ч хүмүүсийн хувьд байгаль нь технологио хөгжүүлэх саад бэрхшээл гэж хардаг хэмээн буруушаасан байдаг юм. Муска нисдэг цайзын цөмд ирэн гол модны үндсийг хараад айн сүрдэж, “Хааны танхимд ийм зүйл байж болохгүй, үүнийг шатаах ёстой” гэж хэлдгээр дээрх санаа илэрдэг юм. Киноны төгсгөлд сувдаг Мускагийн гараас аврахын тулд Шита, Пазу хоёр “устгалын шившлэг” хийх агаад үүний үр дүнд Лапута бүх зэвсэг, технологиосоо салдаг. Гэсэн ч хот бүхэлдээ сүйрдэггүй. Харин ч улам бүр дээш тэнгэр рүү хөөрдөг. Энэ нь хүн бүр Лапута шиг ертөнцийг хэзээ нэг өдөр бий болгохын төлөө амьдрах хэрэгтэй гэсэн мэссэжийг өгч байгаа нь юм. Үгүй бол эцсийн ялагч нь байгаль бөгөөд хүний технологи алга болсон ч дэлхий байдгаараа байсаар байх болно.

№4) Хаулын нүүдэлч шилтгээн /2004/
Мияазакигийн хамгийн алдартай, нөр их хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээлүүдийнх нь нэг бол “Хаулын нүүдэлч шилтгээн” хэмээх анимэ юм. Дайан Уин Жонсын ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кино өдгөө ч Японы хамгийн их ашиг орлого олсон киноны нэгт тооцогддог. Оскарт шилдэг хүүхэлдэйн кино төрлөөр нэр дэвшиж байснаас нь үзэхэд ямархуу чансаатай бүтээл болох нь илт мэдрэгдэнэ.

Залуухан бүсгүйг нэгэн шулам хөгшин эмэгтэй болгон хувиргаснаар ид шидийн нууцыг тайлж, урьдын төрхөндөө орохын тулд аян замд гарна. Тэр хаашаа явах тухай толгой гашилгаж суугаагүй бөгөөд шууд Хаулын цайзыг олохоор явна. Энэ цайз хүн бүхэнтэй тааралдаад байдаггүй билээ. Бүсгүй нэг мануухайтай тааралдан, замчлуулсаар илбэчин Хаул болоод түүний туслах хүү, бас нүд амтай галтай цайзад ирнэ. Өгүүлэмжийн хувьд ойлгоход бэрх ч гэлээ Мияазаки угаас товч тодорхой, бүх утга санаа нь ил байдаг бүтээлд дургүй хүн шиг санагддаг. Үзэгчийн өөрийн уран сэтгэмж киноны үйл явдалтай хосолж чадвал таны бодсоноос илүү төгс бүтээл болох нь ойлгогдох болно.

Энэ кинонд дайн самууны эсрэг утга санаа маш их байдаг. “Сүнсэнд туугдагсад” киногоороо Оскарын шагнал хүртэх үед АНУ-ын Иракт явуулж байсан дайнаас болж ихэд шаналж байжээ. Энэ ч утгаараа тэрбээр Оскарын шагнал авах эсэх тал дээр жаахан тээнэгэлзсэн гэдэг. Ингээд Иракийн дайны үеэр нэг орой сууж байгаад америкчуудад таалагдхааргүй бүтээл хийе гэж шийдсэн аж. Кинонд гардаг Хатагтай Сулиман зөвхөн садист сэдлээр элдэв үймээн самуун үүсгэх бөгөөд киноны төгсгөл үед л дайны цаад муу муухайг ойлгодог юм. Дүрүүдийн хувьд муу бол муу, сайн л бол сайн гэсэн нэг өнцгөөс гардаггүй. Хаул ч гэсэн өөрчлөгдөж чадна гэдгийг харуулсан билээ.

“Хаулын нүүдэлч шилтгээн”-ий бас нэг сонирхолтой зүйл нь гол дүрийн бүсгүйг хөгшин болгосон явдал юм. Ихэвчлэн хүчирхэг, залуу дүрүүдэд дассан үзэгчдэд энэ нь сайн хүлээж авахгүй байх эрсдэл дагуулж байлаа. Настай хүн болон эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг дэмжсэн бүтээл билээ.

№3) Салхит хөндийн Наусика гүнж /1984/
Хаяао Мияазакигийн 1982-1994 оны хугацаанд нийтлэгдсэн Салхит хөндийн Наусика гүнж манганаас сэдэвлэсэн энэ бүтээл дэлхий ертөнцийг сөнөөсөн Долоон өдрийн түймрээс хойших мянган жилийн дараах экологийн систем бүхий дэлхийд байх жижигхэн хаант улсын гүнж Наусика охины тухай гардаг. Долоон өдрийн түймрээс болж үүссэн хорт ойд аварга том шавжууд амьдардаг. Наусикагийн хаант улсыг “Салхит хөндий” гэх ба бусад хаант улстайгаа тэмцэлдэхийн хажуугаар хүн төрөлхтнийг сөнөөх гэж буй байгалийн гамшгийн эсрэг амьд үлдэх гэж хичээдэг.

Толмекиа гэх өөр нэгэн хаант улс эртний зэвсэг ашиглан аварга том мутант шавжуудыг хөнөөхийг хүсдэг ч Наусика тэдний эсрэг тэмцэнэ. Тэрбээр байгалийн амьтадтай эвтэй, нэгдэж амьдрах арга зам байгаа гэж үздэг байна. Кинонд тусгагдсан хоёр үндсэн санаа нь дайны эсрэг болон байгаль орчноо хайрлан хамгаалан явдал юм. Энэ кинонд Буддын шашинд тусгасан бүх гэм нүглийн гурван үндэс буюу шунал тачаал, атаа хорсол, төөрөгдлөөс өөр муу зүйл гардаггүй. Наусика гүнж ой руу тайван байдлаар ороход түүнд аюул заналхийлдэггүй. Энэ нь айдсаас болж үзэн ядалт бий болж, үзэн ядалтаас болж хүчирхийлэл бий болдог ба эдгээргүйгээр бүгд сайхан байх болно гэсэн санаа юм.

№2) Акира /1988/
Кацухиро Отомогийн 1988 оны бүтээл “Акира” нь ижил нэртэй манганаас сэдэвлэн бүтээсэн уран зөгнөлт кино юм. Үйл явдлын хувьд 1988 онд Токио хот сүйрч, Дэлхийн III дайн дэгдэнэ. 2019 он гэхэд Шинэ-Токио хот гэмт хэрэг, төрийн завхралаас болж маш эмх замбараагүй болсон байдаг. Гол дүр болох Шотаро Канеда нь мотоциклтой бүлэглэлийн толгойлогч. Нэг өдөр өрсөлдөгч бүлэглэлтэй хийх тулааны үеэр түүний багын найз Тэцүо Шима осолд ордог. Тэцүо ослоос болоод телекинетик чадвартай болсон байдаг. Алиалагчид бүлгэм болон Засгийн газартай хийх тэмцлийг маш сонирхолтойгоор харуулах энэ кино Японы анимэ салбарт тэсрэлт хийсэн бүтээл болж, бүх цаг үеийн шилдэг анимэний тоонд багтдаг юм.

Киноны эхэнд Токио хотыг бөмбөгдөж байгаа нь Дэлхийн II дайнд Америкчууд Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясан үйл явдлаас сэдэвлэсэн. Энэ явдлын дараа Японы эдийн засаг илүү хөгжиж, барууны соёл илт тархсан байгааг өөрийнхөө бүтээлдээ дүрсэлсэн байдаг. Хөгжлийн үр дүнд хяналт алдагдаж, эмх замбараагүй болж ирнэ. Үүнээс болж хүний хүнлэг шинж чанар, зарим нэг эрх чөлөө хязгаарлагдмал болж байдаг. Аймшигт осолд орсны дараа гэнэт дийлдэшгүй хүчтэй болж байгаа Тэцүогоор дайны дараах Япон орныг төлөөлүүлсэн гэдэг. Харин гол дүр нь энэ системийг эсэргүүцэн, зөв голдиролд нь оруулахын төлөө тэмцдэг. Жинхэнэ өөрчлөлт хийхийн тулд ямар нэг төвшинд бүрэн хэмжээний устгал хийж хэрэгтэй гэсэн санааг зохиолч харуулахыг хичээжээ.

№1) Чиний нэр /2016/
Харьцангуй хожим буюу 2016 онд гарсан “Kimi no Na wa” буюу “Чиний нэр” гэх энэхүү уянгын анимэ киног Макото Шинкай бичиж найруулсан юм. “Анимэ Экспо-2016” үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийсэн тус кино асар их амжилт олж, 355 сая гаруй ам.долларын ашиг олсон бөгөөд Японы хамгийн өндөр ашигтай 4 дэх кино болсноор барахгүй маш олон шагнал хүртсэн юм.

Мицуха нэртэй ахлах сургуулийн охин Итомори тосгонд амьдардаг. Хари Таки хөл хөдөлгөөн ихтэй Токио хотод сурдаг. Мицүгийн хувьд гэр бүл дамжсан нэг чадвартай нь зүүдэндээ ирээдүйд буй өөр хүний биед орж чаддаг явдал юм. Мицү үргэлж Токио хотод амьдардаг царайлаг хүү болохыг мөрөөддөг байв. Иймээс чадвараа ашиглан Такитай солигдож эхэлнэ. Аль аль нь амьдралдаа сэтгэл хангалуун биш байсан тэд бие биенийхээ биед орсноор хийхийг хүссэн зүйлсээ хийж чаддаг. Хоорондоо Мицүхагийн тэмдэглэлийн дэвтэр, Такигийн утсан дээр юм бичиж холбогдож байдаг.

Нэг өдөр Таки өөрийн биедээ сэрэх бөгөөд дахин биеэ сольж чадахаа больсон байна. Ийнхүү Мицүгийн эрэлд гарах бөгөөд төрөлх Итомори тосгон нь солирын улмаас сүйрсэн ба Мицү гурван жилийн өмнө өөд болсон хүнтэй солигдож байснаа мэддэг. Зураг, хөгжмийн гайхалтай зохицол болсон энэ бүтээл үзэгчдийн сэтгэлд хоногшсон кино болсон юм. Зохиолч Макото Шинкайн хувьд энэ бүтээл нь төдийлөн сэтгэлд нь хүрээгүй байна. Тэрбээр цаашид олон зүйл хийж, илүү хөгжүүлэхийг хүсч байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж хэрэгжүүлж чадаагүй аж.
эх сурвалж arav.mn

 чинь оруулъя 


URL:

Сэтгэгдэл бичих