Зам ашигласны төлбөрийг нэмж нийтийн тээврийг шинэчилнэ

bf0f5c3e5216348d9a840b131383ae6d951bc3cd“Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 3/47 тогтоолоор баталсан.  Ингэснээр Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2015 оны 1 сарын 1-нээс авч эхэлсэн.

 2015 оноос өмнө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам байнга оролцож элэгдэл үүсгэн эвдэж, сүйтгэдэг боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлдөг байв. Тиймээс Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авахаар тогтоол батлагдсан.

Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч жилд нэг удаа авто зам ашигласны төлбөрт 10-70 мянган төгрөг төлдөг болсон. Үүнээс хойш зам ашигласны төлбөр хураамж нэмэгдээгүй. Харин ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, жолооч нар жилд нэг удаа 50-120 мянган төгрөг төлөх саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Ингэснээр ирэх жил зам ашигласны төлбөрөөс нийслэлийн төсөвт 50 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарчээ. Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай. Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд мөн нийтийн тээврийн парк шинэчлэлт хөрөнгө оруулалт хийх гэнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан энэхүү шийдвэрийг олон нийт эсэргүүцэж байна. Өнөөдөр НИТХ-ын даргад шаардлага хүргүүлэх жагсаал болох аж.

 Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр Монгол Улс 2019 оны эхний 9 сард 943.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. Энэ тоог 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 9.4 сая ам.доллараар буюу 1.0 хувиар нэмэгдсэн байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 862.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 179.7 сая ам.доллараар өсчээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар суудлын автомашин  55503, ачааны автомашин 18279 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8886-аар, ачааны автомашины импорт 1431-ээр тус тус нэмэгджээ.

Харин АТҮТ-ийн мэдээллээр нэг өдрийн дотор багадаа 200, ихдээ 500 автомашиныг улсын бүртгэлд шинээр бүртгэж дугаар олгодог байна. Харин он гарснаас хойш есөн сарын хугацаанд /2019.09.24-ны байдлаар/ импортоор орж ирж, шинээр улсад бүртгэгдсэн автомашины тоо 76,539-д хүрчээ. Ердөө зургаан сарын хугацаанд 76 мянган автомашин улсад шинээр нэмэгдсэн гэсэн үг.

Импортоор орж ирэх автомашины тоо буурахгүй, жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Улмаар түгжрэлийн шалтгаан болж буйг албаныхан хэлдэг. Тэгвэл түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой санаачилга нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах юм. Тиймээс зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж нийтийн тээврийн автобуснуудыг шинэчилж, үйлчилгээг сайжруулахаар зэхжээ.

 http://www.shuud.mn/a/514852

Б.Итгэл


URL:

Сэтгэгдэл бичих