Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ жилийн цагаан сарыг ууцгүй тэмдэглэе гэж уриалах боллоо. Бараг сонин хэвлэлээс эхлээд телевиз радио хүртэл ийм мэдээ нэвтрүүлэг хийж байна. Үндэслэл нь өнөөх л махны үнэ, ченжүүдийн ашиг олох гэсэн гай л даа. Хэдэн малчид нь малаа жаахан үнэ хүргэж зарах гэж ард иргэдийг цухалдуулчихаж л дээ. Худалдан авагчид ч энэ жил ууцны үнийг дийлэхгүй нь гэх болж.
Тэгээд л цагаан сарыг ууцгүй тэмдэглэе гэж аргаа барахдаа энд тэнд хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байж таарах вэ дээ. Үнэхээр үнэтэй байгаа нь үнэн. Хэл мах 8000 хүрэх нь гэж нэг хэсэг дуу алдаж байсан удаатай. 7000 лав гарч байсан. Тэгэхээр бүтэн хонины мах ямар үнэтэй байх нь тодорхой шүү дээ. Нэг хонь дунджаар 25 хэл гэж бодвол 175 мянган төгрөг болно. Гэхдээ яг гулууз мах худалдаалах дээрээ тулбал ч бага зэрэг хямдрах байх л даа. Юу л шалив гэж.
Манайхан нүүрэн дээрээ ууцны үнэ дийлэхгүй нь, энэ жил ууц тавихгүй гэж ирээд л нэгэндээ ам гардаг зантай. Гэвч яг цагаа тулахаар айл бүр л жижиг ч бай, том ч бай яаж ийгээд л баярын ширээн дээрээ ууц тавьчихсан л байдаг. Чадахгүй нь гэж байсан айлын баярын ширээн дээр тос нь дусалсан сүүлтэй, бандгар том ууц байх нь ч бий.
Эрт дээр үеэсээ уламжлалаа хөөвөл манай Монголчууд эрт үеэсээ л махыг баярын хүндэт зоог болгон энэ өдрүүдэд зооглож ирсэн. Энэ баярын өдрүүдэд л махыг баярын ширээгээрээ дүүрэн засч, идээ будаагаар элбэг дэлбэг тэмдэглэдэг байсан юм. Тэр үед зарим нэг буурлууд маань махыг ‘’Шүүс’’ хэмээн нэрийддэг байсан гэх ч яриа байдаг. Энэ бол ихэс дээдсүүдийн баяр ч гэлцдэг байсан. Эцэстээ бүх ард түмний баяр болж хувирсан гэж ярих нь ч бий. Ер нь аль нь ч байсан Монголын баяруудаас хамгийн элбэг дэлбэг байх ёстой нь Цагаан сар. Шүүс, идээ будаа нь элбэг дэлбэг байх ёстой ганцхан баяр бол Цагаан сар хэмээх баяр юм шүү. Тэрнээс биш тэр наадам ч биш, шинэ жил бүүр ч биш. Таны төрсөн өдөр бол огтхон ч хамаагүй. Ер нь тэгээд Цагаан сараас бусад баяруудаар хамаагүй идээ будаа элбэг дэлбэгээр нь засдаг ёс манай уламжлалд байгаагүй гэлцдэг. Тиймээс ганцхан энэ баяраараа та бид элбэг дэлбэг байх учиртай. Энэ бол ирэх жилийн идээ будаагаа бэлгэдэж, өрх гэрийнхээ өнгийг тодорхойлох Монгол зон олны баяр юм.
Тэрнээс биш ууцны үнийг дийлэхгүй нь гээд ууцгүй баярлана гэж байхгүй. Цагаан сараар хэр элбэг дэлбэг байна тэр ирж буй жилдээ тийм л байна гэж ахмадууд маань бэлгэшээдэг нь ч нэг зүйлийг хэлээд байгаа биз.
Бидний хэлж сурснаар мах, эртний хэллэгээрээ бол Шүүс хэмээх энэ эрхэм идээ цагтаа олддоггүй байсан гэлцдэг. Иймд энэ баярынхаа өдөр л хүмүүс ховор идээгээ баярын ширээндээ залж, мөн элбэг дэлбэг идээ будаагаа хажууд засах учиртай. Элбэг дэлбэг гэдэг маань цагаан идээний төрлийн зүйлийг л хэлж байна л даа. Тэрнээс биш элбэг юм гээд урдаас ирдэг ундаа чихэр тавь гээгүй ээ. Цагаан идээгээ хэлж байна.
Ууц энэ тэрийг халъя гэж худал ухуулахын оронд харин тэр архи гэгч хатуу эдийг халмаар юм. Түүнийхээ оронд айргаа байлгая л даа. Үгүй юм аа гэхэд ядаж Монгол архи хэмээх сайхан идээний дээд маань байхад тэр хатуу хар гэгддэг өндөр градуст архийг хэрэглэхгүй байж яагаад болохгүй гэж. Нэр нь монгол Архи ч биш юм билээ л дээ. Уг нь эрт цагтаа их сайхан нэртэй байсан гэлцдэг. Зарим нэг ахмадуудаасаа сонсож байхад “яншиг шоншиг” гэж нэрийддэг байсан тухайгаа ч ярьдаг. Нутаг нутгаараа хүртэл энэ идээндээ уран чамин нэрийг хайрладаг байсан гэх юм билээ. Харин одоогийн энэ архийг бол хар ус, хатуу хар гэх мэтээр бараан зүйлээр л төсөөлж, нэрлэж байна. Энэ идээгээр бид яах юм бэ. Цагаан сараас ууцаа биш Архийг халья л даа. Яриан дундаа яншиг шогшигдсон шиг ээ, дэмбээдэж байгаад айргаа хүртсэн шигээ сууя л даа. Ийм л баяр байх ёстой биз дээ. Тэрнээс биш хэн нэгнийг гурав татуулж согтоох, гунжиралдаад ирэхээр нь унтуулдаг баяр биш баймаар…
П.Сэхүүн
noyon.mn
URL: