Соёлын өвийг хамгаалах асуудалд сайтар санаа тавина
БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Соёлын өвийг хамгаалах тухай хууль 20041 онд батлагдсанаас хойш Монгол Улс НҮБ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны байгууллагын хэд хэдэн Конвенцид нэгдэн орсон учир соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчноо сайжруулах зайлшгүй шаардлага байгаа билээ.
Хуулийн төсөлд соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, ангилал тогтоох, археологи, палеоантропологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлө, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгаж, шинэ ойлголтууд бий болсонтой холбогдуулан “Соёлын өв”, “Соёлын биет болон биет бус өв”, “Хөдлөх дурсгал”, “Үл хөдлөх дурсгал”, “Дэлхийн өв”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” зэрэг нэр томъёог оруулсан байна. Харин “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дарс, пивонд онцгой албан татварын наалт нааж тэмдэгжүүлэх, хяналтыг сайжруулахаар тусгажээ.
URL: